| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2022/0067/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/70 |
| Огноо | 2022-06-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Л.******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Дорнод аймгийн Сайншанд суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Хар сүлд хамгаалалтын албанд харуул хамгаалалтын ажилтай, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Гандангийн 77 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан бүрэн, Дорд овогт *******ын ******* /РД:ЕС*******/
Холбогдсон хэргийн талаар:
Л.******* нь 2022 оны 05 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг "Түнхэл туур” амралтын газрын хашааны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.*******тай маргалдан улмаар нуруу хэсэгт 2 удаа, хүзүү хэсэгт 1 удаа тус тус хутгаар хатгаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв тул ахин мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс:
Шүүгдэгч Л.******* нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний шөнө 04 цагийн үед “Түнхэл туур” амралтын газар ажлаа хийж байхад мотоциклтой 3 хүүхэд ирээд амралтад амарч байгаа хүмүүстэй уулзана гэж ирсэн. Тухайн хүмүүс нь архи уучихсан байсан болохоор нь би оруулахгүй гэхэд надтай маргалдсан. Тэгэхээр нь би өөрт байсан жижигхэн хутгаар ******* гэх хүүхдийн нуруу хэсэгт 2 удаа зүссэн чинь надтай маргалдаж байсан 3 хүүхэд зугтаагаад явсан. Би бага зэрэг уучихсан байсан. Гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/
Хохирогч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2022 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 04 цагийн орчимд Түнхэл туур амралтын газраас Бөкөөнөө, ******* нарын хамт гараад гэртээ харих гэж байсан чинь тус амралтын газрын хамгаалагч ах согтуу над руу дайраад үл мэдэх зүйлээр намайг 3 хатгасан байсан. Тухайн үед намайг хатгасныг мэдээгүй байсан бөгөөд гэнэт цус алдаад бие сульдаад амралтын газрын үүдэнд ухаан балартаж унасан байсан. 07 цагийн орчимд эмнэлэг дээр ирэхэд миний биеийн ар нуруунд 2 удаа хатгасан байсан бөгөөд тус бүр 1 оёдол. хүзүү хэсэгт 1 удаа хатгасан байсан бөгөөд 4 оёдол тус бүр хийлгэж тариа тариулж, дусал залгуулаад унтаад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,
Гэрч К.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2022 оны 05 дугаар сарын 22-ны шөнө ******* мотоциклынхоо хажууд хэвтэж байхаар нь гайхаж очоод асуухад намайг амралтын газрын манаач ах хутгалчихлаа гээд хэвтээд байхаар нь биеийг нь үзэхэд ар нуруу хэсэгт нь үл мэдэх зүйлээр хатгачихсан цус гарч байсан ба ******* эмнэлэг дуудаарай гээд байсан. ...Эмнэлэг дуудах гээд зогсож байсан чинь тус амралтын газрын манаач гэх ах путек нь дээрээ зогсож байсан бөгөөд “Наадах чинь юм ярьж байвал амьд үлдэнэ, үхэхгүй байх” гэх утгатай зүйл яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
Гэрч Ө.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шөнө ******* мотоциклынхоо хажууд газар уначихсан хэвтэж байхаар нь яасан бэ, юу болсон зүгээр үү гэж асуусан чинь ******* “Түнхэл амралтын манаач ах намайг хутгалчих шиг боллоо” гэхээр нь харсан чинь биеийнх нь ар нуруу хэсэгт үл мэдэх зүйлээр хатгачихсан байсан бөгөөд цус гараад байхаар нь хатгуулчихсан юм байна гэж бодсон. Тухайн үед тэр манаач ах харуулын путек дээрээ гарч ирчхээд “наадах чинь юм ярьж байвал үхэхгүй” гээд байсан бөгөөд хэсэг хугацааны дараа тус амралтын газрын зохион байгуулагч хариуцан ажилдаг ах гарч ирсэн бөгөөд өөрийнхөө хувийн машинд суулгаад эмнэлэг дээр хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,
Гэрч Р.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шөнө 03 цаг 45 минутын орчимд хамгаалагч Л.*******а нь үл таних 3 залуутай зодолдоод байсан. Тэгээд би дундуур нь ороод харуул хамгаалалтын ажилтан *******аг салгаж аваад амралтын харуулын путек рүү оруулж өгөөд буцаад буугаад ирсэн чинь нөгөө 3 залуугийн нэг нь ирээд танай харуул хамгаалалтын ажилтан манай найзыг хутгалчихлаа гэж хэлэхээр нь хашаанаас гараад харахад нэг залуу нь газар хэвтчихсэн байсан. Тухайн үед амралтын газрын эмчийг дуудах гэж амралтын өрөө рүү гүйж очоод эмчийг дуудсан боловч цаг хожимдож магадгүй гэж бодоод эмнэлэг рүү хувийн тээврийн хэрэгслээр хүргэж өгсөн. Тэр залуу унаж явсан мотоциклынхоо хажууд газар хэвтсэн байдалтай бага зэргийн цус алдсан байсан бөгөөд тэр залуу миний ар нуруу руу хутгалчихлаа гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,
Шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 94 дугаартай “...Б.*******ийн биед хүзүү, нуруунд шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31-р тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8-р тал/, Л.*******агийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3 дугаар баг, Гандангийн 77 тоотод оршин суудаг хаягийн лавлагаа /ХХ-ийн 46 дугаар хуудас/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /ХХ-ийн 43 дугаар хуудас/, Шүүгдэгч Л.*******агийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 47 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Л.*******аг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 05 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг "Түнхэл туур” амралтын газрын хашааны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.*******тай маргалдан улмаар нуруу хэсэгт 2 удаа, хүзүү хэсэгт 1 удаа тус тус хутгаар хатгаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Хохирогч Б.*******ийн мэдүүлэг /ХХ-ийн 13-р тал/, Гэрч К.*******гийн мэдүүлэг /ХХ-ийн 16-17-р тал/, Гэрч Ө.*******ын мэдүүлэг /ХХ-ийн 19-20-р тал/, Гэрч Р.*******ын мэдүүлэг /ХХ-ийн 25-26-р тал/, Шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 94 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 30-31-р тал/, Л.******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 39-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Л.*******аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:Хохирогч Б.******* нь эмчилгээний зардалд шүүгдэгч Л.*******ас 200000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан байна. Хохирогч Б.******* нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна. Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Гурав.Шүүгдэгч Л.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 05 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг "Түнхэл туур” амралтын газрын хашааны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.*******тай маргалдан улмаар нуруу хэсэгт 2 удаа, хүзүү хэсэгт 1 удаа тус тус хутгаар хатгаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Л.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 /гурав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариул нь хар өнгийн 10 см урттай, мөнгөлөг, төмөр, ажлын хэсэг 9 см урттай хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Дорд овогт *******ын *******аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******аг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.*******агийн торгох ялыг 03 /гурав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Л.******* торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт Л.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариул нь хар өнгийн 10 см урттай, мөнгөлөг, төмөр, ажлын хэсэг 9 см урттай хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.