| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/05070/И |
| Дугаар | 2903 |
| Огноо | 2018-09-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2903
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.Ж-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 12,000,000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, хариуцагчийн өмнөөс бусдад төлсөн 5,353,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэн М.Ж миний бие нь Т ХХК-д 2015 онд ерөнхий менежерийн албан тушаалыг хашиж байсан. Тухайн үед харилцан тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээнд 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай, нэг сарын үндсэн цалинг 1,500,000 төгрөг байхаар тохиролцон байгуулсан. Гэвч 2015 оны 11 сарын 11-ний өдөр гаргасан “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” тушаал гарсан бөгөөд тус тушаалд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1 буюу ‘'талууд харилцан тохиролцсон, мөн хуулийн 38.1.2 “ажил олгогч санаачилсан” гэх үндэслэлээр цуцалсан нь хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэж ажлаас халсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2-р зүйлийг баримталсан бол тус хуулийн 40.1 дэх аль нэг үндэслэлийг авах ёстой байсан боловч алийг нь ч аваагүй нь тус тушаал дээр харагдаж байна.
Мөн 2015 оны 09 сарын 13-ны өдөр манай компани “Мэргэн хангал” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан тээврийн хэрэгсэл түрээсэлсэн бөгөөд тус түрээсийн төлбөрийг манай компани төлөөгүй бөгөөд миний бие “Т” ХХК-ийн өмнөөс 2015 оны 10 сарын 13-ны өдөр төлж дуусгасан байдаг. Түүнчлэн 2015 оны 10 сарын 03-ны өдөр “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал болох П.Цэрэнбаатар компанийнхаа өмнөөс “Бренд электрод” ХХК-иас усан тенийг 1,400,000 төгрөгөөр мөн тус компаниас 2015 оны 10 сарын 04-ний өдөр шахалтын насосыг 140,000 төгрөгөөр нийт 1,540,000 төгрөгөөр нэг өдрийн дараа худалдаж авах нөхцөлтэйгээр худалдаж авсан байдаг. Бараа бүтээгдэхүүнийг тухайн үед би даргын тушаалын дагуу ажил уруугаа авч явсан юм. Тус компаниас барааны төлбөр болох мөнгийг удаа дараа “Т” ХХК руу залгаж байсан боловч тухайн үед манай компанийн утас холбогдохгүй байсны улмаас дээрх барааг авч явсан түүнчлэн ерөнхий менежерийн алба хашиж байсан гэдэг утгаар тухайн барааны төлбөрийг би хувиасаа гаргасан. Дээрх өр төлбөрийн асуудал гарч ирснээс үүдэн “Т” ХХК надад нийт 5,353,000 төгрөгийн өртэй болсон боловч энэхүү мөнгийг төлөхөөс зайлсхийн мөн намайг ажлаас халсан болно. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халагдсанаас хойш 24 сарын хугацаанд сард 500,000 төгрөг болгож багасгаад нийт 12,000,000 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах, “Т” ХХК-ийн өмнөөс “Мэргэн хангал конкрет” ХХК-д төлсөн 3,813,000 төгрөг, “Брэнд электрод” ХХК-д төлсөн 1,540,000 төгрөг, нийт 5,353,000 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна.
Брэнд электрод” ХХК-д 1,540,000 төгрөгийг бэлнээр төлсөн. “Мэргэн хангал конкрет” ХХК-ийн үйлдвэрийн дарга Б.Хишигмаа надаас зээлсэн мөнгөндөө “Т” ХХК-ийн өр 3,813,000 төгрөгийг суутгаж авсан ...” гэв.
Хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмж шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж компанийн удирдлагын зүгээс цаашид сунгах шаардлагагүй гэж үзсэн. Нэхэмжлэгч тухайн үед буюу Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 30 хоногийн хугацаанд шүүхэд болон бусад эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй нь өөрөө хүсэл зоригоо илэрхийлж хөдөлмөрийн харилцааг дуусгасан үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан шаардлага гаргах хугацаандаа шүүх болон бусад эрх бүхий байгууллагад ажлаас үндэслэлгүй халагдсан, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосонд гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
“Т” ХХК нь “Брэнд электрод” ХХК, “Мэргэн хангал конкрит” ХХК-тай тус тус ямар нэгэн түрээсийн болон эд хөрөнгө зээлээр худалдан авах харилцаанд оролцож байсан талаарх нотлох баримтыг хангалттай гаргаж өгөөгүй. Энэ харилцаанд оролцож байгаагүй гэдгээ өмнөх удаа дараагийн шүүх хуралдаануудад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Иймд нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ж хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан “ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин 12,000,000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, хариуцагчийн өмнөөс бусдад төлсөн 5,353,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч тал “ажлаас халсан гэх маргаанаа хуульд зааснаар 30 хоногийн дотор шүүхэд гаргаагүй, бусдад 5,353,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэггүй байсан” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
М.Ж 2015 оны 1 сарын 05-ны өдрөөс “Т” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанийн ерөнхий менежерээр томилогдон ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай тушаалаар ерөнхий менежерийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015.11.19-ний өдрийн 01 дугаартай тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
М.Ж “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалыг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч мэдсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба уг тушаалыг мэдээгүй талаар маргаагүй.
М.Ж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн талаарх ажил олгогчийн гаргасан шийдвэрийг 2015 оны 11 сарын 20-ны өдөр мэдсэнээс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу 1 сарын дотор гаргаагүй, 2017 оны 10 сарын 31-ний өдөр гаргасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасан боловч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болон баримтгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч М.Жын хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гаргасан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 12,000,000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ... “Т” ХХК-ийн ерөнхий менежерийн ажилтай байхад захирал П.Цэрэнбаатарын даалгасны дагуу “Брэнд электрод” ХХК-иас 1,400,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг усан тень, 140,000 төгрөгийн үнэ бүхий шахалтын насос 1 ширхэг, нийт 1,540,000 төгрөгийн 2 ширхэг барааг худалдан авч “Т” ХХК-ийн үйлдвэрт хүлээлгэн өгсөн, надаас уг 1,540,000 төгрөгийг нэхээд байхаар нь бэлнээр өгсөн, мөн “Мэргэнхангал конкрит” ХХК-иас “Т” ХХК тээврийн хэрэгсэл түрээсэлсэн бөгөөд төлбөрийг нь төлөхгүй байсан. Мэргэнхангал конкрит” ХХК-ийн үйлдвэрийн дарга Б.Хишигмаа миний бараа авахаар шилжүүлсэн мөнгөнд “Түмэннаст конкрит” ХХК-ийн төлөх ёстой 3,813,000 төгрөгийг суутгасан гэх үндэслэлүүдээр 5,353,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна.
М.Ж “Т” ХХК-ийн ерөнхий менежерийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа захирал П.Цэрэнбаатарын даалгасны дагуу “Брэнд электрод” ХХК-иас 1,400,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг усан тень, 140,000 төгрөгийн үнэ бүхий шахалтын насос 1 ширхэг, нийт 1,540,000 төгрөгийн 2 ширхэг барааг худалдан авч “Т” ХХК-ийн үйлдвэрт хүлээлгэн өгсөн, “Брэнд электрод” ХХК-иас 1,540,000 төгрөгийг нэхээд байхаар нь бэлнээр нь өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зарлагын баримт, гэрч “Брэнд электрод” ХХК-ийн захирал Х.Баттөрийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба ерөнхий менежер нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах ажил үүргийнхээ хүрээнд захирлын даалгаснаар бараа материалыг авсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч тал “нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Х.Баттөрийн мэдүүлэг, зарлагын баримт зэргийг няцаасан баримтыг хэрэгт өгөөгүй, татгалзлаа нотлоогүй болно.
“Мэргэнхангал конкрит” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд тээврийн хэрэгсэл түрээсэлсэн талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй, ямар тээврийн хэрэгслийг ямар хугацаатай, ямар үнээр түрээсэлсэн, талууд ямар үүрэг хүлээсэн нь тодорхой бус, тус 2 байгууллагын санхүү нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу өглөг, авлагаа баталгаажуулсан баримт байхгүй байхад М.Жыг “Т” ХХК-ийн “Мэргэнхангал конкрит” ХХК-д төлөх ёстой өр төлбөр 3,813,000 төгрөгийг төлж, Т” ХХК-ийг үүргээс чөлөөлсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн ... миний бараа авахаар шилжүүлсэн мөнгөнөөс “Түмэннаст конкрит” ХХК-ийн төлөх ёстой 3,813,000 төгрөгийг Б.Хишигмаа суутгаж авсан... гэх, гэрч “Мэргэнхангал конкрит” ХХК-ийн үйлдвэрийн дарга Б.Хишигмаагийн ... М.Жаас бэлэн мөнгө зээлж авсан байсан, түүндээ “Т” ХХК-ийн “Мэргэнхангал конкрит” ХХК-д төлөх ёстой 3,813,000 төгрөгийг суутгасан.. гэх тайлбарыг тус тус хүлээн авах боломжгүй, эдгээр тайлбаруудаар “Т” ХХК-ийн “Мэргэнхангал конкрит” ХХК-д төлөх ёстой өр төлбөр 3,813,000 төгрөгийг төлж, “Т” ХХК-ийг үүргээс чөлөөлсөн гэж үзэхгүй ба Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д нийцэхгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр “Т” ХХК-иас 1,540,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Жт олгож, “Мэргэнхангал конкрит” ХХК-д төлсөн 3,813,000 төгрөгийг гаргуулах” гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
“Мэргэнхангал конкрит” ХХК түрээсийн төлбөрөө “Түмэннаст конкрит” ХХК-иас, М.Ж нь 3,813,000 төгрөгийн талаарх шаардлагаа “Мэргэнхангал конкрит” ХХК, Б.Хишигмаагаас тус тус нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй.
“Т” ХХК ерөнхий менежер М.Жыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.5-д заасан үндэслэлийг баримтлаагүй нь хууль зөрчсөн байх боловч нэхэмжлэгчийг гомдлоо хуульд заасан хугацааны дотор гаргаагүй гэж дүгнэсэн тул тушаалд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Жын хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гаргасан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 12,000,000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас 1,540,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Жт олгож, “Мэргэн хангал конкрит” ХХК-д төлсөн 3,813,000 төгрөгийг гаргуулах” гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн төлсөн 100,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас 39,590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Жд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ