Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/608

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Б.Хурц,

шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч П.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уншаа овогт Бат-Ирээдүйн Өөд холбогдох эрүүгийн 2210000000613 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Уншаа овогт Бат-Ирээдүйн Ө /РД:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ө нь хадам ээжийн эмчилгээнд зарцуулна гэж зохиомол байдлыг зориуд бий болгон Б.Гийг хуурч, 2021 оны 9 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт түүнээс 4,000,000 төгрөг шилжүүлэн авсан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Гт 4,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

А.Мөнхжаргалтай хамтарч БНХАУ-аас гэр ахуйн бараа захиалан худалдан борлуулах бизнес хийе гэж түүнд итгэл төрүүлэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Юби сити” зочид буудалд түүнээс 16,900,000 төгрөгийг Хаан банкны 5019492950 дугаартай өөрийн дансаар шилжүүлэн авч А.Мөнхжаргалд 16,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

Машин худалдаж авахад мөнгө хэрэгтэй гэж Т.Баасанбямбыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Голомт банкны 1715100462 тоот дансаар 500,000 төгрөг шилжүүлэн авч, Т.Баасанбямбад 500,000 төгрөгийн хохирол учруулсан буюу залилах гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Б.Өийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

          2.Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн уурхайд Ө таараад, уйлаад байхаар нь би “яасан бэ миний дүү” гээд асуухад “хадам ээж хорт хавдар тусаад хамаг биеэр нь тархсан байна, үхэх гээд байна, Г ахаа яаралтай 3,000,000 төгрөг зээлээч, дүү нь 10 дугаар сарын 05-ны цалин буухаар мөнгийг чинь буцаад өгье” гэж хэлэхээр нь би “үнэхээр тийм бол тусалъя, надад бэлэн мөнгө байхгүй, мөн интернет банкаар шилжүүлэг хийдэг учраас надад Хаан банкны карт байна, чи миний картыг авч яваад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Хаан банкны салбарт очоод миний картаас мөнгө шилжүүлж ав” гэж хэлээд би өөрийнхөө Хаан банкны 5022314653 тоот данстай картаа нууц кодын хамтаар өгөөд явуулсан. Орой 19 цагийн орчимд Хаан банкны картыг авчирч өгөөд “ахаа данснаас чинь мөнгө авсан шүү баярлалаа” гэж хэлсэн. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах ажил дээр мөн адил “хадам ээж дахиад шинжилгээнд орох гэсэн чинь мөнгө дутаад байна, та надад 2,000,000 төгрөг өгөөч, 10 дугаар сарын 05-ны өдөр өгье” гэж хэлэхээр нь би “надад бас мөнгөний хэрэг байна, чамд 1.000.000 төгрөг өгч болно” гэж хэлэхэд “болно болно, бусдыг нь би өөрөө зохицуулна” гэж хэлээд миний картыг аваад Цогтцэций сум руу явсан. Орой 19 цагийн орчимд Хаан банкны картыг маань надад өгөөд “баярлалаа” гэж хэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай ажил дээр ковид өвчин гарсан байсан учраас эхний бууя гэсэн хүмүүсийг хот руу буцааж байсан чинь Ө “бууя” гээд хүсэлт өгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатарт хот руу буцсан. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн цалин буухаар нь би Өийн 88029012 дугаар луу нь залгахад утсаа огт авахгүй байсан. Би хүний нөөцийн ажилтнаас “Өтэй холбоо барих утас байгаа юу” гээд асуухад надад Өийн эхнэрийн дугаар болох 99960530 дугаарыг надад өгсөн. Би энэ дугаар луу залгаж “Өтэй ярих гэсэн юм, чиний нөхөр чинь надаас хадам ээжийн бие муу байна гээд надаас мөнгө авсан одоо болтол утсаа авахгүй байна” гэж хэлэхэд эхнэр нь “нөхөр маань ойрын хэдэн өдөр гэртээ ирээгүй, би нялх хүүхэдтэйгээ байна, надад аймар хэцүү байна, та дахиж битгий над руу залгаач” гэж хэлсэн. Ингээд дахиж залгаагүй. 2021 оны 10 дугаар сарын сүүлээр Ө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах ажилдаа огт ирээгүй. Ажилдаа ирэхгүй болохоор нь 2021 оны 11 дүгээр сард Өийг ажлаас нь халсан гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дахь тал)

            3.Хохирогч Б.Гийн “Хаан банк”-ны дансны хуулга (хавтаст хэргийн 35 дахь тал)

            4.Шүүгдэгч Б.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Гийг сайн таньж мэдэхгүй. 2021 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлалтай “Эрдэнэс таван толгой” ХХК-нд хамт ажилладаг болоод бие биеийгээ таньдаг болсон. ...Б.Г гэдэг хүнээс “хадам ээжийн бие муу байна, яаралтай шинжилгээнд хамруулах хэрэгтэй байна” гэж хэлээд 4,000,000 төгрөгийг өөрийнхөө 5019492950 тоот дансаар 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг 2 хувааж, нийт 4,000,000 төгрөгийг авсан. Хамт ажилладаг Чимэддулам гэдэг хүнээс бас худлаа хэлж мөнгө аваад онлайн мөрийтэй тоглоом тоглосон. Чимэддулам надаас мөнгөө нэхээд байхаар нь би Гоос авсан 4,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг нь өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33 дахь тал)

            5.Хохирогч Т.Баасанбямбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлалтай “Эрдэнэс Таван Толгой” ХХК-д хамт ажиллаж байсан Бат-Ирээдүй овогтой Ө нь 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр над руу утсаар яриад “яаралтай машин авах гээд мөнгөний хэрэг гараад байна” гэхээр нь би тэр үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Яармагийн гүүрнээс хотын төв рүү явах замд өөрийн гар утасны интернет банкаар Өийн хэлсэн Голомт банкны 1715100462 тоот данс руу 500,000 төгрөгийг би өөрийн Голомт банкны 1605157545 тоот данснаас шилжүүлсэн. Ингээд “мөнгөө авъя” гэж хэлэх гээд залгасан чинь утсаа авахгүй байж байгаад миний гар утасны дугаарыг блок хийсэн байсан. Би 2021 оны 10 дугаар сард би ажил дээрээ очиход Ө ажилдаа ирээгүй байсан. Би хүний нөөц болон хамт ажилладаг хүмүүсээс асуухад “Ө ажлаас гарсан” гэж хэлэхээр нь би залилуулсан гэдгээ мэдсэн. Түүнээс хойш хэд хэдэн утас руу нь залгахаар ярьж байгаа дохио өгөөд миний гар утсыг блок хийсэн. Ө хамт ажиллаж байсан хэд хэдэн хүнээс мөнгө авсан гэдгийг сүүлд мэдээд мөнгө шилжүүлсэн газрын Цагдаагийн хэлтэст өргөдөл бичиж өгөхөөр болоод танай цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал)

6.Шүүгдэгч Б.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хамт ажилладаг байсан Тэмүүжин, Билгээ нартай хамт архи ууж байгаад хамт ажилладаг байсан Баасанбямбаас “автомашин авах гэсэн юм” гэж хэлээд 500,000 төгрөгийг өөрийн Голомт банкны 1715100462 тоот дансаар авсан. Би Баасанбямбаас авсан мөнгөөрөө архи уугаад дуусгасан. Надаас Баасанбямба “мөнгөө авъя” гэж удаа дараа залгадаг байсан. Би тэр үед мөнгө байхгүй байсан учраас утсыг нь авч чаддаггүй байсан. Би 88029012 дугаарыг барьдаг байж байгаад утсаа 2021 оны 11 дүгээр сард сольсон. Яагаад гэхээр хүмүүс мөнгөө асууж залгаад байдаг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал)

7.“Голомт банк”-ны гүйлгээний хуулга (хавтаст хэргийн 67 дахь тал)

8.Хохирогч А.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Эрдэнэс Таван Толгой” ХК-д хилийн тээврийн мэргэжилтнээр ажиллаж байхад хамт ажилладаг Ө нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “надад хамтарч бизнес хийе” гэж санал тавьсан. Би тэр үед “мөнгө байхгүй” гэж хэлэхэд “цалингийн зээл авчих, 2-уулаа БНХАУ-аас гэр ахуйн бараа авч наймаа хийе” гэж хэлсэн. Би урьд өмнө Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст хамт ажиллаж байсан болохоор итгээд тэр өдрөө 17,000,000 төгрөг аваад Өийн хамтаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юби сити” зочид буудал руу орсон. Би орой нь өөр хүмүүстэй уулзах гэж байсан чинь Ө “чи мөнгөө над руу шилжүүлчих, үрж магадгүй, 2-уулаа маргааш уулзаад бизнесээ эхэлье, БНХАУ-аас бараагаа захиалъя” гэж хэлэхээр нь би өөрийнхөө данснаас Өийн банкны 5019492950 тоот данс руу 16,900,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр өдрөө би өөр газар хоноод маргааш нь Өтэй утсаар яриад “хаана байгаа юм” гээд асуусан чинь Ө “Юби Сити зочид буудалд байна, чи хүрээд ирээч” гэхээр нь би яваад очсон чинь Ө байхгүй байсан. Би тэр үед ярьж байсан 88029012 дугаар луу залгаад “хаана байгаа юм бэ” гээд асуухад “би явсан, чиний мөнгөөр мөрийтэй тоглоом тоглоод алдсан” гэж хэлэхээр нь “2-уулаа уулзъя” гэж хэлсэн чинь надаас зугтаагаад утсаа салгасан. Ө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Эрдэнэс Таван Толгой” ХК-д ажиллаж байхдаа хамт ажиллаж байсан хүмүүсээс мөнгө аваад ажилдаа ирэхгүй байна гэж манай байгууллагын ажилтан Насанжаргал надад хэлэхээр нь би “Өөд цалингийн зээл аваад 16,900,000 төгрөг өгсөн” гэж хэлсэн чинь Насанжаргал “яаж байгаа юм бэ, Ө чамаас гадна хэд хэдэн хүнээс мөнгө авсан байна ш дээ” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 78-80 дахь тал)

9.Шүүгдэгч Б.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Мөнхжаргалтай “хамтарч бизнес хийе, БНХАУ-аас гэр ахуйн бараа оруулж ирээд зарна, Табао нэртэй сайтаас бараа захиална” гэж ярилцсан. Хэрэг гардаг өдөр А.Мөнхжаргал бид 2 Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цэцэг” төвийн ар талын “Голомт банк”-наас А.Мөнхжаргал 20,000,000 төгрөгийн зээл авсан. Бид 2 Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юби Сити” зочид буудлын 5 давхрын өрөөнд архи уугаад, хоол идээд байж байхад “чи бид 2 энэ мөнгөөр бизнес хийх гэхээр хаанаа ч хүрэхгүй юм байна, энэ мөнгөө өсгөх үү” гэж ярилцаад А.Мөнхжаргал намайг мөрийтэй тоглоом мэддэг учраас тоглож болно гэж хэлсэн. Тэгээд тоглож байсан чинь Мөнхжаргал “багадаад байвал нэмж болно шүү” гэж хэлэхээр нь би “за” гээд А.Мөнхжаргал цалингийн зээл аваад, миний Хаан банкны 5019492950 гэсэн тоод данс руу шилжүүлсэн. 16.900.000 төгрөгөөс би буудлын тооцоо болон хоол ундыг нь аваад тооцоо хийсэн. Ингээд тэр шөнөдөө тоглоом тоглоод мөнгийг нь дуусгасан. Үүрээр А.Мөнхжаргал надаас 250,000 төгрөг аваад өөр хүмүүстэй уулзана гээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 99-101 дэх тал)

10.Шүүгдэгч Б.Өийн “Хаан банк”, “Голомт банк”-ны дансны хуулга (хавтаст хэргийн 103-118 дахь тал)

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 125 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 127 дахь тал), шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гаргаж өгсөн хохирол төлсөн баримт (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө нь 3 удаагийн үйлдлээр “хадам эх хүнд өвчтэй” нэрээр Б.Гийг хуурч, 2021 оны 9 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 4,000,000 төгрөг, “хамтарч бизнес хийх” нэрээр А.Мөнхжаргалыг хуурч, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Юби сити” зочид буудалд 16,900,000 төгрөг, “машин худалдаж авах” нэрээр Т.Баасанбямбыг хуурч, 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдлоо.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой.

 

            Шүүгдэгч Б.Өийн 3 удаагийн үйлдлээр бусдыг залилсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.Г, Т.Баасанбямба, А.Мөнхжаргал нарын мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын банкны дансны хуулга, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Өийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

  Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

   Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Өийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гт 4,000,000 төгрөгийн, хохирогч Т.Баасанбямбад 500,000 төгрөгийн, А.Мөнхжаргалд 16,900,000 төгрөгийн тус тус хохирол учирсан бөгөөд өмгөөлөх талаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн Б.Гийн данс руу 4,000,000 төгрөг, Т.Баасанбямбын данс руу 500,000 төгрөг тус тус шилжүүлсэн, мөн А.Мөнхжаргалын “...хохирлоо барагдуулж авсан, гомдол саналгүй...” гэсэн гар бичвэрийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Б.Өийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

             

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, 32 настай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Өийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Б.Өөд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Уншаа овогт Бат-Ирээдүйн Өийг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Өийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Өөд оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4.Шүүгдэгч Б.Ө цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Өөд сануулсугай.

            6.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.  

            8.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Өөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР