Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2024/0215

 

 

 

 

 

 

 

         Ж.М*******ийн нэхэмжлэлтэй

             захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.М*******

Хариуцагч: Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Б.Г*******

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/01 дүгээр “Ээлжит 6 дугаар хуралдаанд үйлчлэх ажлын алба, хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дахь хэсэг, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/06 дугаар “Сумын Засаг дарга Ж.М*******ийг огцруулах тухай” тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 6/08 дугаар “Сумын Засаг даргад Б.Г*******ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр “Цэцэг сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/36 дугаар “Б.Г*******ыг ажилд томилох тухай” захирамжийг  тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.М*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Э*******

Хариуцагч Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 125/2022/0028/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.М*******оос Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн Засаг дарга нарт холбогдуулан “Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/01 дүгээр “Ээлжит 6 дугаар хуралдаанд үйлчлэх ажлын алба, хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дахь хэсэг, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/06 дугаар “Сумын Засаг дарга Ж.М*******ийг огцруулах тухай” тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 6/08 дугаар “Сумын Засаг даргад Б.Г*******ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр “Цэцэг сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/36 дугаар “Б.Г*******ыг ажилд томилох тухай” захирамжийг  тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 42 шийдвэрийн: 

“1 дэх заалтаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35.1.7 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.2  дахь хэсэг, 64 дүгээр зүйлийн 64.2.3 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.М*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/01 дүгээр “Ээлжит 6 дугаар хуралдаанд үйлчлэх ажлын алба, хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дахь хэсэг, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/06 дугаар “Сумын Засаг дарга Ж.М*******ийг огцруулах тухай” тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6/08 дугаар “Сумын Засаг даргад Б.Г*******ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр “Цэцэг сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/36 дугаар “Б.Г*******ыг ажилд томилох тухай” захирамжийг  тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.М*******ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг,101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэг, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгохыг, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/01 дугаар "Ээлжит 6 дугаар хуралдаанд үйлчлэх ажлын алба, хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай" тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дугаар хэсэг, 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн "Сумын Засаг даргад Б.Г*******ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай" хуралдааны тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн Б/36 дугаартай "Б.Г*******ыг ажилд томилох тухай" захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага нь хууль, журмын дагуу гарсан захиргааны актууд бөгөөд Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд олонхийн саналаар шийдвэрлэсэн. Мөн дээрх шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй захиргааны акт юм.

Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан "Сумын Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай", "Ажилд томилох тухай" шийдвэрүүд нь Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах улс төрийн шийдвэр бөгөөд Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаас хойш гарсан захиргааны акт юм. 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа болон 11 дүгээр сарын 4-ний өдрийн Ховд аймгийн Засаг даргын шийдвэр нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын 2 өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан ба хуулийн дээрх зохицуулалт, Цэцэг сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ байнгын дэгийн 9.4 дэх заалт болон дээрх заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Учир нь дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хуралдаан болохоос ажлын 2 хоногийн өмнө холбогдох тооцоо судалгаа, гарах шийдвэрийн төслийг Хурлын Төлөөлөгчдөд тараана гэсэн нь хамгийн багадаа ажлын 2 хоногийн өмнө буюу түүнээс ч өмнө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарах шийдвэрийн төслийг үндэслэлийн хамт Хурлын Төлөөлөгчдөд мэдэгдэж тарааж болохоор байгааг ойлгоно.

Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга Ж.М*******ийг огцруулах талаар өмнөх ээлжит хуралдаан дээр Хурлын Төлөөлөгч нарт үндэслэлийн хамт танилцуулж мэдэгдсэн байгаа энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан шаардлагыг хангаж байгаа гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл хэлэлцүүлэх асуудлын талаарх тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж тараана гэдгийг хууль тогтоогчийн хүсэл зоригийн үүднээс захиргааны хуулийн зарчимд үндэслэн тайлбарлавал дээрх 4 баримтын аль нэг нь байхад хуулийн шаардлагыг хангахаар ойлгогдох бөгөөд Засаг дарга Ж.М*******ийг ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн талаарх судалгaar тухайн хурал дээр болон өмнөх хурал дээр санал оруулж байсныг баримтаар тогтоож болно. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 125/ШШ2023/0042 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална”, 47 дугаар зүйлийн 47.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус заажээ.

Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаар захирамжаар тогтоосон ээлжит 6 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад анх Засаг даргын асуудал тусгагдаагүй, гэвч товлосон 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах явцад Хурлын Төлөөлөгч Б.Л*******ээс Засаг дарга Ж.М*******ийг огцруулах санал гаргаж, улмаар Хурлын Төлөөлөгчдийн олонхийн саналаар энэхүү саналыг дэмжсэн талаарх үйл баримтыг шүүхийн шийдвэрт дүгнэсэн атлаа дээрх хуулийн 47.2-т заасан хугацаа зөрчигдсөн, мөн Хурлын дэгийн 9.4-т заасны дагуу “холбогдох тооцоо судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж Төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэсэн шаардлагыг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу.

2.Тухайлбал иргэдийн Төлөөлөгчдийн Хурал уг хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасны дагуу “хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайдад санал тавих” эрхтэй, иймд шүүхээс энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ зөвхөн процессын зөрчил гаргасан эсэх, магадгүй гаргасан байх тохиолдолд тухайн зөрчил нь маргаан бүхий шийдвэрийг хүчингүй болгох үр дагаварт хүргэх хэмжээний эсэхэд л дүгнэлт өгөх учиртай.

Үндсэндээ Засаг даргыг огцруулах талаар санал гаргах эрх нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон Хурлаар хэлэлцсэн асуудал нь олонхийн саналаар батлагдсанаар хүчинтэйд тооцох талаар дээрх хуульд тодорхой зохицуулсаны нэг нь Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн, эсхүл нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн тохиолдолд хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, …асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт Төлөөлөгчдийн олонхийн саналаар тавьж шийдвэрлүүлнэ” гэж зааснаар батлагдана.

Иймд шүүх Засаг даргыг огцруулсан улс төрийн шийдвэрт эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, зөвхөн Хурлын үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу, өөрөөр хэлбэл Засаг даргад бүрэн эрхийн хугацаанаас өмнө хариуцлага тооцох процесс ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхээр шүүхийн хяналтын цар хүрээ хязгаарлагдах талаар Улсын Дээд шүүхийн 2018 оны 91, 2020 оны 177, 2022 оны 73 дугаар тогтоолд тус тус тодорхой дүгнэсэн болно.

            3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6 дугаар хурал нийт 18 төлөөлөгчийн ирцтэй хуралдсанаас хэлэлцэх асуудлын жагсаалтад Засаг дарга Ж.М*******ийг огцруулах саналыг хэлэлцүүлэхийг нийт Төлөөлөгчдийн олонхи дэмжиж баталсан, улмаар мөн өдрийн 6/06 дугаар тогтоолоор түүнийг гэмт хэрэгт холбогдсон гэсэн үндэслэлээр Засаг даргаас огцруулах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 15 Төлөөлөгчийн 14 Төлөөлөгч буюу 93.3 хувийн саналаар огцруулж, аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэжээ.

            Гэхдээ уг тогтоолоор огцруулах саналыг дээд шатны Засаг даргад уламжлах бус харин “…Засаг дарга Ж.М*******ийг огцруулсугай” гэсэн нь хууль бус болсон талаар шийдвэрт дүгнэсэн ч Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр захирамжаар Хурлын дээрх тогтоолыг үндэслэн Цэцэг сумын Засаг дарга Ж.М*******ийг мөн оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон огцруулсанаар дээрх зөрчил арилсан гэж үзнэ.

            4.Түүнчлэн Засаг даргыг огцруулах саналыг Хурлын Төлөөлөгчөөс гаргахдаа хуулийн 47.2-т заасны дагуу тооцоо, судалгаа, лавлагаа, гаргах шийдвэрийн төслийг хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын Төлөөлөгчдөд тараагаагүй, нэгэнт энэ шаардлагыг хангаагүй тул Засаг даргын огцруулах асуудлыг хэлэлцэхгүй байх атал хэлэлцэн шийдвэрлэсэн нь хууль бус, хуулийн зохицуулалт, хуралдааны дэгийг баримтлаагүйгээс маргаан бүхий тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүхийн шийдвэрт дүгнэхдээ энэ тохиолдолд чухам ямар тооцоо, судалгаа хийх, хаанаас лавлагаа авах ёстой байсан гэдэгт дүгнэлт хийсэнгүй.

            Процессын хувьд Хурлын Төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь огцруулах саналыг Хурлаар хэлэлцүүлэхээр баталсныг хуулийн 65.2-т заасанчилан “гарын үсэг зурсан”-тай, мөн ийнхүү хэлэлцүүлэхийг дэмжсэн асуудлаар санал хураалт явуулсныг “Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах  асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт Төлөөлөгчдийн олонхийн саналаар тавьж шийдвэрлүүлнэ” гэсэнтэй тус тус адилтган хэрэглэж болно.

Түүнчлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Б/8 дугаар тогтоолоор Б.Г*******ыг Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргын мөн оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн Б/36 дугаар захирамжаар түүнийг Засаг даргаар томилсон байгаагаас үзэхэд Ж.М*******ийн нэхэмжлэлээр маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь мөн хуулийн 47.1-д заасан Хурлын Төлөөлөгч Хуралд хэлэлцүүлэхээр санаачилах асуудалд “Засаг даргыг огцруулах” санал хамаарах боловч харин 47.2-т заасны дагуу энэ тохиолдолд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа авах шаардлагагүй, мөн хуульд заасан хугацаанд саналаа гаргаж тараагаагүйгээс шалтгаалж нэгэнт хэлэлцэх асуудлаа олонхийн саналаар баталж, дийлэнх олонхийн саналаар Засаг даргын огцруулахыг дэмжсэн Хурлын тогтоолыг хууль бус гэж үзэхгүй.

5.Түүнчлэн Засаг дарга үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэж байгаа, мөн авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гэсэн үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэхээр өмнө нь нэр бүхий Хурлын Төлөөлөгчдөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/001 дүгээр албан бичгээр тус тус иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд удаа дараа шаардлага хүргүүлж байсан нь, нийслэлийн прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1841000400177 дугаар прокурорын тогтоолоор Ж.М*******ийг яллагдагчаар татсан, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 440 дүгээр прокурорын тогтоолоор яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 03/3263 дугаар албан бичгээр Ж.М*******т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдсон, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 781 дүгээр шийтгэх тогтоолоор Ж.М*******ийг Төрийн албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг урьдчилан хийхээр амлаж бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, төрийн албан тушаал эрхлэхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 65 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.6 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 319 дүгээр магадлалаар хүчингүй болгон, хэргийг нийслэлийн прокурорын газарт буцаан, Ж.М*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байгаагаас тус тус үзэхэд ч энэ шалтгаанаар түүнийг Засаг даргаас огцруулах санал гаргаж, дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэснийг зөвхөн хуулийн 47.2-т заасан хугацаа зөрчигдсөн гэсэн үндэслэлээр хууль бус гэж дүгнэх нь хангалтгүй.

Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хэргийн оролцогч болох гуравдагч этгээд Б.Г*******ын нэр бичигдээгүй байгааг цаашид анхаарвал зохино. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 47 дугаар зүйлийн 47.1, 64 дүгээр зүйлийн 64.2.3, 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.М*******ийн гаргасан “Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/01 дүгээр “Ээлжит 6 дугаар хуралдаанд үйлчлэх ажлын алба, хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дахь хэсэг, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/06 дугаар “Сумын Засаг дарга Ж.М*******ийг огцруулах тухай” тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 6/08 дугаар “Сумын Засаг даргад Б.Г*******ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр “Цэцэг сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/36 дугаар “Б.Г*******ыг ажилд томилох тухай” захирамжийг  тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 9 сарын 29-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                                  

 

 

                        ШҮҮГЧ                                                         Н.ДОЛГОРСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН