Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/523

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

улсын яллагч Г.Намжил /томилолтоор/,   

шүүгдэгч Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М овогт Г-ийн Өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105019911145 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12.000.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгүүлж байсан, М овогт Г-ийн Ө /РД:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ө нь 2021 оны 6 дугаар сарын 25-наас 26-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “зуслангийн газарт гүний худаг гаргаж өгнө” хэмээн итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж, иргэн О.О-ээс нийт 3,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр дансаар шилжүүлэн авч залилсан,

мөн “гүний худаг ухах тоног төхөөрөмжгүй, боломжгүй бодит байдлыг нуух замаар Б.С-ийг төөрөгдөлд оруулж, Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт байрлах “Натурал трасс ланд” ХХК-ийн үйлдвэрийн хашаанд гүний худаг гаргаж өгнө хэмээн хуурч, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Засаг даргын тамгын газрын орчим өөрийн хүү Ө.Мөнхжаргалын дансаар урьдчилгаа нэрээр 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авч “Натурал трасс ланд” ХХК-ид хохирол учруулж залилсан,

мөн “2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр иргэн Г.Дамдинсүрэнг “гүний худаг гаргаж өгнө” гэж хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Хаан банкны 5011493746 дугаартай дансаар 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Г.Өгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугийн асуудалд маргах зүйлгүй. Яалт ч үгүй хийнэ гэж мөнгө аваад тухайн ажлаа хийж чадаагүй. Хийхгүй гэж бодоогүй, техник түрээсэлж байсан. 10 компанид зөвлөх инженерээр ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          2.Хохирогч О.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэрийнхэнтэйгээ ярьж байгаад Сүхбаатар дүүргийн 42 дугаар хороо, Зүүнсалааны аманд байрлах зуслангийн байранд худаг гаргуулахаар болсон. Г.Аюушжав худаг гаргадаг хүн гэж нэг хүн танилцуулсан. Тэр хүнд 2021 оны 6 дугаар сарын 25-ны 21 цагийн үед 2,000,000 төгрөг 5011493746 гэсэн “Хаан банк”-ны данс руу шилжүүлж, тэр хүн “2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэхэд худаг бэлэн болно” гэж ярьсан. 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед миний 99173507 гэсэн утасны дугаар луу 91914656 гэсэн дугаараас залгаад, ахиад 5011493746 дансыг өгөөд “тоног төхөөрөмж авах гэсэн юм, ахиад 1,000,000 төгрөг шилжүүлээд өгөөч” гэж хэлж авсан. Надаас нийт 3,000,000 төгрөг авчихаад хэлсэн хугацаандаа худгаа гаргаж өгөхгүй алга болсон Утсаар ярих болгонд худлаа шалтаг хэлсээр байгаад өдий хүрсэн. Би 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 91914656 гэсэн утасны дугаар луу холбогдоход энэ 7 хоногт мөнгө өгнө гэж хэлээд алга болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал)

           3.Гэрч Д.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гүний худаг гаргадаг гэх Ө гэх хүнтэй уулзаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны Зүүнсалаанд байрлах зуслангийнхаа газрыг үзүүлсэн. Тэр залуу “танай хашаанаас ус гаргаж болно, манай ажилчид одоохондоо ажилгүй байгаа тул наадмаас өмнө ус гаргаад өгч болно, таны урьдчилгаа мөнгө байвал ажил хурдан хийгдэнэ, дараа нь үлдэгдэл мөнгийг нь авч болно” гэсэн. Тэгээд би дансных нь дугаарыг аваад маргааш орой нь манай охин О нь тэр хүний “Хаан банк”-ны 5011493746 Мөнхжаргал гэх данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь дахиад над руу залгаад “ахаа материалаа авах гэсэн юм, дахиад 1,000,000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь би “за охиндоо хэлье” гээд манай охин 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тухайн данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. 4, 5 хоногийн дараа нөгөө залуу руу залгаад “за дүү нараа ажлаа эхлэхгүй юм уу” гэсэн чинь “өө ахаа надад буяны ажил гарчихлаа” гээд 7 хоног алга болсон. Би дахин залгасан чинь “өө ахаа танай хажуу айлын газрын тусгай зөвшөөрөл байхгүй юм байна, гарахаар нь нэг мөсөн ажилдаа орно” гэхээр нь би “чи юу яриад байгаа юм, тэр айлын газар манайд ямар хамаатай юм, ажлаа хийгээч” гэсэн чинь “за” гээд утсаа салгасан. Тэгээд ирэхгүй болохоор нь би дахин залгасан чинь тэр залуу “өө ахаа техник эвдэрчихсэн” гэх мэт янз бүрийн шалтаг тоочоод өдийг хүргэсэн. Би аргаа бараад цагдаад гомдол гаргаж байна...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дахь тал)

            4.Гэрч Ө.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 6 дугаар сард “Хаан банк”-ны 5011493746 гэсэн тоот дансыг манай аав болох Г.Ө ашиглаж байсан...” (хавтаст хэргийн 33-35 дахь тал)

            5.Хохирогч О.Огээс 3,000,000 төгрөг шилжүүлсэн талаар “Хаан банк”-ны дансны хуулга, баримт (хавтаст хэргийн 11-12, 36-37 дахь тал)

             6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сандагдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“Натурал Трасс Ланд” ХХК маань малын гаралтай түүхий эд буюу өөх авч техникийн тос болгож боловсруулдаг үйлдвэр юм. Төв аймгийн Аргалант сумын нутагт байрладаг. Үйлвэрийн хашаанд гүний худаг гаргуулахаар болоод Ө гэх хүнтэй уулзсан. “2 хоногийн дотор гаргаад өгнө, орой гэхэд материалыг нь тавина” гэж хэлээд 12,000,000 төгрөг амаар тохиролцож урьдчилгаа 3,000,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь 2021 оны 7 дугаар сарын 28- ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Засаг даргын тамгын газрын хажууд уулзаад түүний хэлсэн “Хаан банк”-ны 5011493746 тоот данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэр цагаас хойш нэг хоёр хоног гэж хэлээд алга болсон. Мөн манай хажуу талд 2 км зайд худаг ухаж байгаа гэсэн боловч тийм зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 78-80 дахь тал)

           7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сандагдоржоос 3,000,000 төгрөг шилжүүлсэн талаар “Хаан банк”-ны дансны хуулга, баримт (хавтаст хэргийн 91 дэх тал)

           8.Хохирогч Г.Дамдинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой ярьсан. ...Ө өмнө нь надад 2 удаа худаг гаргаж өгч байсан. Сая дахин худаг ухуулах хэрэг гарангуут ярьсан. Тэгээд над руу “та урьдчилгаа шилжүүлчих” гэхээр нь би явуулсан. Данс руу нь 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Улмаар сураггүй алга болж, худаг гаргаж өгөөгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 130-131 дэх тал)

           9.Гэрч Ө.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Дээрх данс миний нэр дээр байдаг боловч би өөрөө ашигладаггүй. Манай аав Ө ашигладаг. ...Манай аавын дансыг шүүхийн шийдвэрээр хаасан тул аав “Хаан банк”-ны данс хэрэгтэй гээд миний нэр дээр данс нээж ашиглаж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 135-136)

            10.Хохирогч Г.Дамдинсүрэнгээс 3,000,000 төгрөг шилжүүлсэн талаар “Хаан банк”-ны дансны хуулга, баримт (хавтаст хэргийн 139-146 дахь тал)

           11.Шүүгдэгч Г.Өн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би өөрт холбогдуулан шалгагдаж, улмаар яллагдагчаар татагдаад байгаа хохирогч О, Дамдинсүрэн, Сандагдорж нараас “худаг ухаж өгнө” гэж мөнгө авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 208 дугаар хуудас)

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 190 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 167 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 169 дэх тал), шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гаргаж өгсөн “Мамик трейд” ХХК, “Солонгон ус” ХХК-ийн тодорхойлолт, хохирол төлсөн баримт (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ө нь 3 удаагийн үйлдлээр “гүний худаг гаргаж өгөх” нэрээр бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2021 оны 6 дугаар сарын 25-наас 26-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт О.Огээс 3,000,000 төгрөгийг, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Сандагдоржоос 3,000,000 төгрөгийг, мөн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр урьдын танил Г.Дамдинсүрэнгээс гэрээс нь /Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 22 байр, 48 тоот/ 3.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, залилсан үйл баримт тогтоогдлоо.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой.

              Шүүгдэгч Г.Ө нь 3 удаагийн үйлдлээр бусдыг залилсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч О.О, Б.Сандагдорж, Г.Дамдинсүрэн, гэрч Д.Оюунчимэг, Ө.Мөнхжаргал нарын мэдүүлэг, банкны дансны хуулга, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Өгийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

  Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

   Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.О, Б.Сандагдорж, Г.Дамдинсүрэн нарт тус бүр 3,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд өмгөөлөх талаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч О.Огийн “3,000,000 төгрөгийг буцаан авч, хохиролгүй болсон, ...гомдол саналгүй”, Б.Сандагдоржийн “3,000,000 төгрөгөө буцаан авч, хохиролгүй болсон тул гомдолгүй” гэсэн гар бичвэр, “Г.Дамдинсүрэн би 3,000,000 төгрөгөө авсан, гомдол саналгүй” гэсэн шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Г.Өгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

             

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогч нар “Гомдол саналгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /...54 настай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, хүүхэд нь хүнд өвчтэй, байнгын гэр бүлийн асаргаанд байдаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Өг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

            Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/204 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 12,000,000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 11,300,000 төгрөгийн торгох ялд энэ тогтоолоор оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх торгох ялын хэмжээг 14,300,000 /арван дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгөөр тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Г.Өд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Мөргөл овогт Гончигдоржийн Өг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мөргөл овогт Гончигдоржийн Өг 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/204 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 12,000,000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 11,300,000 төгрөгийн торгох ялд энэ тогтоолоор оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх торгох ялын хэмжээг 14,300,000 /арван дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Өд оногдуулсан 14,300,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

            5.Шүүгдэгч Г.Өд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өгөөс хохирогч О.Од 3,000,000 /гурван сая/ төгрөг, Б.Сандагдоржид 3,000,000 /гурван сая/ төгрөг, Г.Дамдинсүрэнд 3.000.000  /гурван сая/ төгрөгийг тус тус нөхөн төлснийг тэмдэглэсүгэй

            7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.Өд сануулсугай.

            8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            10.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиол+долд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.БАТБОЛОР