Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/668

 

 

 

 

 

 

 

 

  2022          8          16                                      2022/ШЦТ/668

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч А.Азжаргал,

шүүгдэгч З.А, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт З.Ат холбогдох эрүүгийн 2211 00000 1135 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, 5 дүү нарын хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, З.А, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.А нь шунахайн сэдлээр 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо,16 дугаар гудамжны далангийн орчимд иргэн Г.Оийг газарт түлхэж унагааж, дээр гарч сууж, куртикний малгайгаар нүүрийг нь таглах, мөн түүний амыг гараараа таглах байдлаар биед нь хууль бусаар халдаж, улмаар түүний эзэмшлийн "Самсунг эс-9" загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтлон авч хохирогчид 405,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 06 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 31 дүгээр гудамжинд иргэн Б.Бгийн биед халдаж, хоолойг нь боож газарт унаган, ам руу нь гараа оруулан биед хүүхэн хэлний хажуу хэсэгт язралт, баруун нүдний гадна, дотор булан, зүүн дээд доод зовхи, хамар, хүүхэн хэлний хажуу хэсэгт цус хуралт, хамрын хажуу хэсэг, эрүүнд зулгаралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Б.Бгийн эзэмшлийн 170,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А7 загварын rap утсыг хүч хэрэглэж, хууль бусаар авч Б.Бд 170,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 575,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгч З.А нь “...Надад яриад байх зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7 дахь тал/

- Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 сарын 04-ний өдрийн 6414 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

- Дамно” ХХК-ийн 2022 оны 5 сарын 6-ны өдрийн ЧД2-22-399 дугаартай: “...Самсунг А7 загварын гар утас 170.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

- Хохирогч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 89-90, 93-94 дэх тал/,

- "Дамно" ХХК-иас гаргасан "...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 405,000 төгрөгөөр үнэлэгдэв..." гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 130-131 дэх тал/,

- Үүрэн холбооны "Юнител” ХХК-иас ирүүлсэн “...356420091886556 имей кодтой утсанд 86297677 дугаарыг 2021 оны 12 дугаар сарын 21-24-ний өдөр, 86168148 дугаарыг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс, 80223165 дугаарыг 12 сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр тус тус ашигласан байна..." гэх албан бичиг /хавтаст хэргийн 163 дахь тал/,

- Иргэний нэхэмжлэгч Н.Энхзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 97-р тал/,

- Иргэний нэхэмжлэгч Т.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дахь тал/,

- Яллагдагч З.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48, 139-141 дэх тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас З.Аийг шунахайн сэдлээр 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо,16 дугаар гудамжны далангийн орчимд иргэн Г.Оийг газарт түлхэж унагааж, дээр гарч сууж, куртикний малгайгаар нүүрийг нь таглах, мөн түүний амыг гараараа таглах байдлаар биед нь хууль бусаар халдаж, улмаар түүний эзэмшлийн "Самсунг эс-9" загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтлон авч хохирогчид 405,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 06 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 31 дүгээр гудамжинд иргэн Б.Бгийн биед халдаж, хоолойг нь боож газарт унаган, ам руу нь гараа оруулан биед хүүхэн хэлний хажуу хэсэгт язралт, баруун нүдний гадна, дотор булан, зүүн дээд доод зовхи, хамар, хүүхэн хэлний хажуу хэсэгт цус хуралт, хамрын хажуу хэсэг, эрүүнд зулгаралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Б.Бгийн эзэмшлийн 170,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А7 загварын rap утсыг хүч хэрэглэж, хууль бусаар авч Б.Бд 170,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 575,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

 Шүүгдэгч З.А нь шунахайн сэдлээр 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо,16 дугаар гудамжны далангийн орчимд иргэн Г.Оийг газарт түлхэж унагааж, дээр гарч сууж, куртикний малгайгаар нүүрийг нь таглах, мөн түүний амыг гараараа таглах байдлаар биед нь хууль бусаар халдаж, улмаар түүний эзэмшлийн "Самсунг эс-9" загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтлон авч хохирогчид 405,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 06 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 31 дүгээр гудамжинд иргэн Б.Бгийн биед халдаж, хоолойг нь боож газарт унаган, ам руу нь гараа оруулан биед хүүхэн хэлний хажуу хэсэгт язралт, баруун нүдний гадна, дотор булан, зүүн дээд доод зовхи, хамар, хүүхэн хэлний хажуу хэсэгт цус хуралт, хамрын хажуу хэсэг, эрүүнд зулгаралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Б.Бгийн эзэмшлийн 170,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А7 загварын rap утсыг хүч хэрэглэж, хууль бусаар авч Б.Бд 170,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 575,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

          - Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг 2022 оны 4 сарын 28-ны өдрийн өглөө 06 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, согоотын 31-р гудамжинд явж байтал ул таних 20-25 орчим насны үсээ шар өнгөөр будсан дээгүүрээ богино хар өнгийн нимгэн куртиктэй, доогуураа хөр өнгийн өмд цагаан алаг гэмээр өнгийн пүүзтэй эрэгтэй хүн миний урдаас зам хөндлөн гарч ирээд хажуугаар зөрөөд өнгөрөх шиг болтол араас хүзүү хоолойг маань боож, газар унагааж, хүчиндэхийг завдаж улмаар гар утсыг маань дээрэмдсэн асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн хүнд гар утсаа дээрэмдүүлсэн. Мөн миний ам руу хуруу гараа чихэж, улаан хоолой, хүүхэн хэлийг хуруугаараа урж гэмтээсэн. Шүлсээ залгихаар маш их зовуурилж хорсож өвдөж байсан. Миний бие эрхтэнд болон эд зүйлийг дээрэмдэж хохирол учруулсан. Би шүүх эмнэлгийн шинжээч эмчийн гаргасан дүгнэлттэй танилцлаа. Надад дүгнэлттэй холбоотой гомдол санал байхгүй. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 сарын 04-ний өдрийн 6414 дугаартай: “...Б.Бгийн биед хүүхэн хэлний хажуу хэсэгт язралт, баруун нүдний гадна, дотор булан, зүүн дээд доод зовхи, хамар, хүүхэн хэлний хажуу хэсэгт цус хуралт, хамрын хажуу хэсэг, эрүүнд зулгаралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааран. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

- Дамно” ХХК-ийн 2022 оны 5 сарын 6-ны өдрийн ЧД2-22-399 дугаартай: “...Самсунг А7 загварын гар утас 170.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

- Хохирогч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингэлтэйн 16 дугаар гудамжны хойд талын далангаар алхаж явтал миний араас ул таних залуу хажуугаар зөрж өнгөрөөд, улмаар буцаж эргэж хараад намайг газарт түлхэж унагаасан. Тэгээд миний дээр гарч суугаад куртикний малгайгаар нүүр таглах гээд байсан ба хажуугаар хүн явах үед амыг маань гараараа таглаад “намайг хайраа битгий" гээд орилоод байсан. Тэгээд хажуугаар гарсан хүн холдоод явсны дараа миний гарт байсан утсыг аваад хойшоо чиглэлд далан дагаад зугтаагаад яваад өгсөн. Тухайн хүн нь миний эзэмшлийн "Самсунг эс-9" загварын гар утсыг булааж аваад явсан. Миний биед бэртэл гэмтэл учраагүй тул Шүүх эмнэлэгт үзүүлээгүй болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89-90, 93-94 дэх тал/,

- "Дамно" ХХК-иас гаргасан "...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 405,000 төгрөгөөр үнэлэгдэв..." гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 130-131 дэх тал/,

- Үүрэн холбооны "Юнител” ХХК-иас ирүүлсэн “...356420091886556 имей кодтой утсанд 86297677 дугаарыг 2021 оны 12 дугаар сарын 21-24-ний өдөр, 86168148 дугаарыг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс, 80223165 дугаарыг 12 сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр тус тус ашигласан байна..." гэх албан бичиг /хавтаст хэргийн 163 дахь тал/,

- Иргэний нэхэмжлэгч Н.Энхзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 12 сард манай хамаатны дүү А ирээд тухайн гар утсыг үзүүлээд 30,000 төгрөгт барьцаанд тавья гээд байсан ба би бэлэн 30,000 төгрөг өгөөд тухайн гар утсыг авсан. Надад хэлэхдээ миний өөрийн гар утас гэж хэлээд өгсөн. Надад нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97-р тал/,

- Иргэний нэхэмжлэгч Т.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Энхзориг гэх залуугаас 2021 оны 12 дугаар сард 100,000 төгрөгөөр тус гар утсыг худалдаж авсан ба мөнгийг бэлнээр Энхзоригт өгсөн юм. Надад нэхэмжлэх зүйл санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дахь тал/,

- Яллагдагч З.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах далангийн орчимд 20-25 насны эмэгтэйгээс Самсунг эс 9 эдж загварын цэнхэр, хөх өнгийн гар утсыг биед нь гэмтэл учруулахгүйгээр гараас нь булааж авсан. Би тэр үед саарал буюу цайвар өнгийн үстэй, ногоон өнгийн урт гадуур хувцастай байсан. Би тэр эмэгтэйгээс дээрэмдсэн гар утсаа өөрийн хэрэгцээндээ хэд хоног ашиглаж байгаад Чингэлтэй дүүргийн 32-ын тойргийн түргэн үйлчилгээний цэгт худалдагчийн ажил хийдэг Энхзориг гэх төрөл садангийн ахдаа 30,000 төгрөгийн барьцаанд өгсөн...”, “...Тэгэхээр нь би уг эмэгтэйн араас нь алхаад далангийн гүүрний харалдаа очоод тухайн эмэгтэйг араас нь татаж унагаагаад амыг нь дараад гарт нь байсан Самсунг Эс 9 загварын гар утсыг нь авчхаад байж байсан чинь миний урдуур нэг эрэгтэй хүн зөрсөн. Тэгэхээр нь уг эмэгтэйн амыг нь дараад дээрээс нь дараад суусан. Тэгсэн уг залуу бид хоёрыг өнгөрч явснаа гэнэт буцаад бид хоёрыг чиглээд ирсэн. Тэгэхээр нь би гар утсыг нь аваад тухайн эмэгтэйг орхиод далангийн гүүрэн дээгүүр гараад зугтаасан. Би тухайн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Формула авто угаалгын газар ажиллаж байсан болохоор ажил дээрээ очоод унтсан. Хэсэг хугацаанд ажил дээрээ унтаж байгаад босож ажлаа хийсэн. Тэгээд тухайн эмэгтэйгээс авсан гар утсаа хэд хоног өөртөө байлгаж байгаад 32-ын тойрогт ТҮЦ-д суудаг таньдаг ах дээрээ очоод 35,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Надад хэсэг хугацаанд мөнгө олдоогүй учир тухайн барьцаанд тавьсан гар утсыг авч чадаагүй. Тэгсэн манай таньдаг ах өөр хүнд зарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48, 139-141 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа өмчлөгч, эзэмшигчийн эсэргүүцлийг хүч хэрэглэж бие махбодод нь хүч хэрэглэж дарах, няцаах зорилготой халдсан, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч З.Алтунхуяг нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогчийн бие махбодь, эд хөрөнгөд хохирол учиирсан байхыг шаардахгүй бөгөөд хохирогчийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан тохиолдолд учирсан гэмтлээс шалтгаалан зохих зүйлчлэл давхар зүйлчлэгдэнэ.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.А нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтлон авахдаа хохирогч Б.Бгийн биед халдаж, хоолойг нь боож газарт унаган, ам руу нь гараа оруулан биед хүүхэн хэлний хажуу хэсэгт язралт, баруун нүдний гадна, дотор булан, зүүн дээд доод зовхи, хамар, хүүхэн хэлний хажуу хэсэгт цус хуралт, хамрын хажуу хэсэг, эрүүнд зулгаралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Б.Бгийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч З.Аийн идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч З.Аийг үргэлжилсэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан тус гэмт хэргийг үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

             Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Шүүх хуралдаанд шүүгдэгчээс гарган өгсөн хохирогч Б.Бд хохирол төлсөн баримт, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 146-147 дахь тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч З.А нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч З.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал, дүгнэлтдээ “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгийн  торгох ял тус тус оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтэндээ: “...Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байгаа. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулах хорих ялыг 1 жилийн хугацаагаар оногдуулж өгнө үү...” гэв.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймээс шүүгдэгч З.Ат урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар ялаар тогтоох нь зүйтэй байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.Аийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, тус гэмт хэргийг үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Шүүгдэгч З.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 /нэг/ хоногт тооцон 30 /гуч/ хоногийн хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, шүүгдэгч З.Аийн нийт биечлэн эдлэх хорих ялын нийт хэмжээг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Ат авсан хувийн баталагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

            9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ