Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/601

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч А.Э, Б.Б, Н.А, М.Г, Г.О, , М.З, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Энхбаяр,

шүүгдэгч Г.Оийн өмгөөлөгч У.Хандсүрэн,

шүүгдэгч М.Зын өмгөөлөгч Т.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.О, А.Э нарыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.З, Б.Б, Н.А, М.Г нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210021670174 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт,урьд ял шийтгэлгүй, Дархан овогт Амгалангийн Э /РД:

Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектурч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Бат-Эрдэнийн Б /РД

Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин луу овогт Нарансүхийн А /РД:

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Ганболдын О /РД:

Монгол Улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Механикийн Г

Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 68-931 тоотод оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, Боржигон овогт Мартын З /РД:

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.О, А.Э, М.Г, Б.Б, М.З, Н.А нар бүлэглэн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрт очиж тухайн газраас хонин арц, хуурамч хасаг арц зэргийг түүж бэлтгэхээр урьдчилан үгсэн тохиролцож, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрээс 12 шуудай бүхий Байгалийн ургамлын тухай хуулийн нэн ховор ургамлын жагсаалтад багтсан 96,5 килограмм “хонин арц”, ховор ургамлын жагсаалтад багтсан 96,5 килограмм “хуурамч хасаг арц”-ыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, улмаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван толгойн хяналтын пост хүртэлх замд О.Энхмаагийн эзэмшлийн “Hyundai Grace” маркийн 15-92 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч Г.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруутайгаа маргахгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

2.Шүүгдэгч А.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруутайгаа маргахгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

3.Шүүгдэгч М.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруутайгаа маргахгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

4.Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруутайгаа маргахгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

5.Шүүгдэгч М.Зын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруутайгаа маргахгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

6.Шүүгдэгч Н.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруутайгаа маргахгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

            7.Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн  нарийн бичгийн  даргын тушаалаар  Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод  аудитын газарт мэргэжилтнээр 2012 оны 9 дүгээр сараас  томилогдон  ажиллаж байгаад 2017 оноос тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын  газарт Ургамал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Би ургамлын ашиглалт, хамгаалалт бодлогын хэрэгжилтийг  хариуцан ажилладаг. ...2021 оны 10  дугаар сарын 20-ний өдөр  Хан-Уул дүүргийн  12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван толгой хяналтын постоор  15-92 УНЕ улсын  дугаартай тээврийн хэрэгслээр  ховор ургамал болох 12 шуудай /1 тал шуудай/ арцыг тээвэрлэсэн гэх хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. ...Байгалийн ургамлын тухай  хуулиар ургамлын нөөц, нөхөн сэргээх чадварыг нь харгалзан статусаар нь нэн ховор, ховор, элбэг гэж 3 ангилдаг. Нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар баталдаг. Дээрх хоёр ангилалд оруулаагүй ургамлыг элбэг ургамалд тооцдог. ...Хонин /хасаг/ арцыг Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтаар баталсан нэн ховор ургамлын жагсаалтад Хуурамч хасаг арц нь Засгийн газрын  1995  оны 153  дугаар тогтоолоор  ховор ургамлын  жагсаалтад орсон. 1995 онд батлагдсан Байгалийн  ургамлын тухай хуульд нэн ховор ургамлыг төрийн захиргааны төв байгууллагын  зөвшөөрлөөр  зөвхөн судалгаа, шинжилгээний  зориулалтаар түүж бэлтгэдэг. Ховор  ургамлыг Байгалийн ургамлын тухай хуулийн 13.3 дахь хэсэгт заасны дагуу эм үйлдвэрлэлийн зориулалтаар төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр  түүж бэлтгэнэ гэж заасан байдаг. 2021 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ховор ургамал болох Хонин /хасаг/ арцыг эм үйлдвэрлэлийн  зориулалтаар, Хуурамч хасаг арцыг судалгаа шинжилгээний зориулалтаар түүж бэлтгэх зөвшөөрлийг огт олгоогүй байна.  Иймд 2021 онд  түүж бэлтгэсэн бол хууль бусаар зөвшөөрөлгүй түүсэн гэж үзэж байна. ...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь заалтад заасны дагуу экологи, эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлснээр хохирлыг тооцож байна. Иймд энэ хэргийг  хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь тал)

8.Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн: “1.Уг 12 шуудай  ургамлын дээжид  Монгол оронд 4 зүйл тэмдэглэгдсэнээс 2 зүйл Арцны  төрлийн ургамал  байгааг шинжлэн  тодорхойллоо. Дараах дээжийн дугаартай: Sh-3, Sh-7, Sh-11, Sh-4, Sh-9, Sh-10 дээжүүд нь Манай оронд  тархсан Агруутан(Cupressaceae Gray 1822) овгийн Арц (Juniperus  pseudosabina Fisch.C.A. Mey 1841) зүйл ургамлын  газрын дээрх  эрхтэн болох иш мөчир мөн навч зэргийн хатаасан нутаг дээж болно.  Уг сөөг ургамал нь 1-1.5 метр  өндөр, 2 метр  хүртэл  өргөн голчтой  сөөг амьдралын  хэлбэртэй юм. /намхан тагдгар  мод/. 2.Монгол Улсын Байгалийн ургамлын тухай хуулийн (1995, 2004) нэн ховор ургамлын  жагсаалтад  уг зүйл ургамал нь орсон болно. Монголын Улаан номын 2 дугаар хэвлэлд (1997) орсон ургамал болно. 3. Хүргүүлж ирсэн дээжид ангилал зүйн дүн шинжилгээ хийж үзэхэд тухайн ургамлын иш ба навч, найлзуур зэрэг эрхтнүүд чийгтэй, навч тод ногоон өнгөтэй, сэргэлтийн  шинэ навч үүссэн байгаа зэргээс  дүгнэж үзвэл энэ жил түүж цуглуулсан ургамал болох нь  тодорхой байна. Мөн тухайн дээж материалыг судалж үзэхэд  уг ургамлын  навч найлзуур зэрэг ургал эрхтэн нь шинээрээ байсан нь тухайн ургамлын 4-р сарын  сүүл үеэс 6-р сүүл үед түүж цуглуулсан байх магадлалтай нь нотлогдож байна. 4.Уг зүйл нь  Монгол орны Ургамал-газар зүйн Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол-Дагуур, Монгол Алтай, Дундад Халх, Говь Алтайн тойргуудад тархсан бөгөөд уулын энгэр, бэлээр сийрэг  байдлаар тархан ургана. 4.БОАЖЯамны Сайдын 2020 оны 12 дугаар  сарын 10 өдрийн А-677 тоот тушаалын Экологи-Эдийн Засгийн үнэлгээгээр Хуурамч Хасаг арц (Juniperus pseudosabina Fish. C.A.Mey 1841)-ын 1 кг нойтон дээж нь 175737 төг, 1кг хуурай дээж нь 98413 төг-ийн ЭЭЗ-ийн үнэлгээтэй байна.” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал)

             9.Шинжээч Т.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2007 оноос эхлэн Шинжлэх ухааны академийн Ботаникийн  цэцэрлэгт  хүрээлэнгийн  ургамлын аймаг, ангилал зүйн лабораторийн эрдэм шинжилгээний  ажилтан,  би энэ мэргэжлээрээ 15 жил тасралтгүй ажиллаж байна. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээч томилсон тогтоолын дагуу шинжилгээг хийсэн. Шинжилгээнд нийтдээ 12 шуудай ургамал ирсэн. Тэр бүгдээс дээж авч шинжлэхэд Монгол оронд  4 зүйлийн арц тэмдэглэгдсэнээс тухайн дээжид 2 зүйлийн арц байсан бөгөөд миний дээж  авснаас 3,7,11,4,9,10 дугаартай шуудайнуудаас авсан дээжид Агруутан  (Cupressaceae Gray 1822) овгийн Арц (Juneperus L.1753) төрөлд багтах Хуурамч хасаг арц, энэ арц нь Монгол улсын Байгалийн ургамлын тухай хуулийн (1995, 2004), ховор ургамлын жагсаалтад орсон, 2,1,8,6,12,5 шуудайнаас авсан дээжид  Агруутан  (Cupressaceae Gray 1822) овгийн Арц (Juneperus L. 1753) төрөлд багтах Хонин арц байсан, энэ арц нь Монгол Улсын Байгалийн ургамлын тухай хуулийн (1995, 2004), нэн ховор ургамлын жагсаалтад орсон болно. Хуурамч Хасаг нь ховор ургамлын жагсаалтад багтсан бөгөөд БОАЖЯ-ны сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаартай тушаалаар нойтныг нь 175737 төгрөг, хуурай нь 98413 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээтэй, Хонин арц нь, нэн ховор ургамлын жагсаалтад багтдаг бөгөөд БОАЖЯ-ны сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаартай тушаалаар нойтныг нь 193926 төгрөг, хуурай нь 100841 төгрөгийн экологийн эдийн засгийн үнэлгээтэй байгаа юм. Ер нь бол Монгол оронд арц нь 4 зүйлийн ургамал байдаг юм. Нөгөө арцыг Сибир болон дагавар арц гэж нэрлэдэг юм. Арц гэх ургамал жилийн 4 улиралд ногоон өнгөө хадгалж байдаг учраас түүсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байдаг, шинжилгээнд ирүүлсэн дээжээс үрлэсэн байдлыг үзвэл 4 сараас 10 дугаар сарын хугацаанд түүж бэлтгэсэн байх боломжтой гэж дүгнэсэн юм. Шинжилгээ хийгдсэн ургамал нь  бүгдээрээ  нойтон ургамалд орно, хуурай ургамал нь гарт барихад үүрдэг, бутардаг юм. Ер нь бол шууд нүдээр хараад тогтоох боломжтой. Ургамлыг нэн ховор, ховор,  элбэг гэж 3 ангилдаг. Нэн ховор ургамалд ямар нэгэн зөвшөөрөл байхгүй, ховор ургамлыг орон нутгийн засаг захиргааны зөвшөөрлийн дагуу тухайн орон нутгийн иргэн өрхийн ахуйн хэрэгцээнд ашиглаж болно гэж заасан, элбэг ургамлыг иргэн болон аж ахуй нэгж нь холбогдох материалыг бүрдүүлэн зөвшөөрөл авч түүж бэлтгэнэ. Дээрх 2 зүйлийн арц нь нэг газарт хамт ургадаг, ер нь бол нэг хуурамч хасаг арц  байлаа гэхэд түүний хажууд хонин арц ургадаг юм. Иймд хамтдаа  ургадаг арц  байгаа юм. Зарим тохиолдолд дангаараа ургадаг тохиолдол байгаа юм. Гэхдээ миний шинжилгээ хийсэн арцанд 50, 50 хувьтай байсныг мөрдөгчийн хамт үзлэг хийж тогтоосон юм. Манай орны тухайд гэвэл Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Төв аймаг, Өмнөговь, Увс, Баян-Өлгий гэсэн аймгуудад ургадаг. Эдгээр арц уулын энгэр, байнгын нар тусдаг газруудаар зурвас байдалтай  ургадаг. Дээрх 2 зүйлийн арц нь үржил, хөгжил нь удаан явагддаг, байгаль дахь   тархац багатай  учраас нэн ховор, ховор ургамалд  багтдаг юм. Жишээ нь Завхан аймаг гэхэд зөвхөн Отгонтэнгэр уулын орчим л байдаг...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 169-170 дахь тал)

10.Шүүгдэгч А.Эын мөрдөн шалгах ажиллагааны өгсөн: “...Прокурорын яллагдагчаар  татах тогтоолыг хүлээн  зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 186 дахь тал)

11.Шүүгдэгч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч  байгаа. Иймд нэмж ярих зүйл байхгүй. Бид нарт  холбогдох хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү. Дахин ийм асуудал болон гэмт хэрэгт холбогдохгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 194 дэх тал)

12.Шүүгдэгч М.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би одоо эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ байгаа. Өмнө нь Ковидийн өмнө шугамын микро автобус барьдаг байсан. Одоо бол ямар ч ажилгүй байгаа. Тухайн үед О гэх найз маань надтай уулзаад “Өнжүүл сумын нутаг дэвсгэрт ургадаг  арц гэх  ургамлыг  гадуур худалдаж авдаг юм байна, явж түүгээд хэдэн төгрөгтэй болъё” гэсэн юм.  Ингээд л хүлээн зөвшөөрөөд явсан юм. ...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” (1 дүгээр хавтаст хэргийн 202 дахь тал)

13.Шүүгдэгч М.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Э ах надад хандаж “Төв аймгийн Баян-Өнжүүл суманд арц ургадаг юм байна, яваад ирэх үү” гэхээр нь “тэгье тэгье” гэж хэлээд хамт явсан юм. Би ховор, нэн ховор гэж огт мэдээгүй юм. ...Хүлээн зөвшөөрч байна, бид нарт холбогдох  хэргийг хөнгөн шийдвэрлэж өгөн үү. Дахин ийм асуудал гаргахгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 210 дахь тал)

14.Шүүгдэгч Н.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед Г ах надад хандаж “Төв аймгийн Баян-Өнжүүл суманд арц ургадаг юм байна, яваад ирэх үү” гэхээр нь гэртээ хий дэмий байхаар гэж бодоод “тэгье тэгье” гэж хэлээд хамт явсан. Би ховор, нэн ховор гэж огт мэдээгүй. ...Дахин ийм асуудал гаргахгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 218 дахь тал)

15.Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би яллагдагчаар  татсан тогтоолыг  хүлээн зөвшөөрч байна. ...А  надад явах санал тавьсан. А ахад Г утсаар ярьж хэлсэн юм. Би ховор ургамал гэж огт мэдээгүй. Надад холбогдох хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү...” мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 226 дахь тал)

16.Цагдаагийн алба хаагч Б.Буянхүүгийн илтгэх хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал)

17.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 4-5 дахь тал)

18.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 6-14 дэх тал)

19.Hyundai Grace 0 автомашины үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 129-134 дэх тал)

20.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 155-159 дэх тал)

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгч Г.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 64 дэх тал), Баянгол дүүргийн 22 дугаар хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 89 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 105 дахь тал), шүүгдэгч А.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 67 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 89 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 106 дахь тал), шүүгдэгч М.Зын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал), Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 89 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 107 дахь тал), шүүгдэгч Н.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 78 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 104 дэх тал), шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 89 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал), шүүгдэгч М.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал), Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 89 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал), хохирол төлсөн баримт (шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гаргаж өгсөн) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О, А.Э, М.Г, Б.Б, М.З, Н.А нар бүлэглэн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрт очиж тухайн газраас хонин арц, хуурамч хасаг арц зэргийг түүж бэлтгэхээр урьдчилан үгсэн тохиролцож, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрээс 12 шуудай бүхий Байгалийн ургамлын тухай хуулийн нэн ховор ургамлын жагсаалтад багтсан 96,5 килограмм “хонин арц”, ховор ургамлын жагсаалтад багтсан 96,5 килограмм “хуурамч хасаг арц”-ыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, улмаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван толгойн хяналтын пост хүртэлх замд “Hyundai Grace” маркийн 15-92 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч А.Э, Г.О нарын зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан, шүүгдэгч Б.Б, Н.А, М.Г, М.З нарын зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг тээвэрлэсэн гэмт хэргийг гүйцэтгэсэн үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Оюунгэрэл, шинжээч Т.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, цагдаагийн алба хаагч Б.Буянхүүгийн илтгэх хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Hyundai Grace 0 автомашины үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч А.Э, Г.О, М.З, М.Г, Н.А, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

 

 

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Иймд шүүгдэгч Дархан овогт Амгалангийн Э, Боржигин овогт Ганболдын О нарыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Бат-Эрдэнийн Б, Боржигин Луу овогт Нарансүхийн А, Боржигон овогт Механикийн Г, Боржигон овогт Мартын З нарыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооохоор зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас 19,242,100 төгрөгийн хохирол учирсан бөгөөд дээрх хуульд зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тав дахин нэмэгдүүлж, нийт 96,242,100 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж буюу шүүгдэгч А.Эаас 16,040,350 төгрөг, шүүгдэгч Г.Оаас 16,040,350 төгрөг, шүүгдэгч Б.Боос 16,040,350 төгрөг, шүүгдэгч Н.Ааас 16,040,350 төгрөг, шүүгдэгч М.Гаас 16,040,350 төгрөгийг, харин шүүгдэгч М.З нь 1,850,000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гаргаж өгсөн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдох тул түүнээс 14,190,350 төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд олгох нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Г.О, А.Э, М.Г, Б.Б, Н.А нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч М.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.О, А.Э, М.Г, Б.Б, Н.А, М.З гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол /Г.О, А.Э, М.Г, Б.Б, Н.А хохирол төлөөгүй, М.З 1,850,000 төгрөг төлсөн/, ховор ургамал зөвшөөрөлгүйгээр түүсэн, тээвэрлэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э, Г.О тус бүрт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Н.А, М.Г тус бүрт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, М.Зд 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хорих ял тус тус оногдуулж, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

  1. Бусад асуудлаар:

           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулий                                                                                                                                                                                                                                                                                                                           н этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai Grace” маркийн 15-92 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байх тул үнэлгээгээр тогтоогдсон 3,300,000 төгрөгийг хувь тэнцүүлж, шүүгдэгч тус бүрээс 550,000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

            Хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний хашаанд хадгалагдаж байгаа хуурамч хасаг арц, хонин /хасаг арц/ зэргийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч М.Зын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

 

Шүүгдэгч  Г.О,  А.Э, М.Г, Б.Б, Н.А, М.З нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Г.О, А.Э, М.Г, Б.Б, Н.А нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Дархан овогт Амгалангийн Э, Боржигин овогт Ганболдын О нарыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Боржигон овогт Бат-Эрдэнийн Б, Боржигин Луу овогт Нарансүхийн А, Боржигон овогт Механикийн Г, Боржигон овогт Мартын З нарыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай..

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э, Г.О нарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Н.А, М.Г нарыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, М.Зыг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.О, А.Э, М.Г, Б.Б, Н.А, М.З нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4.Шүүгдэгч Г.О, А.Э, М.Г, Б.Б, Н.А, М.З нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Г.О, А.Э, М.Г, Б.Б, Н.А нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний хашаанд хадгалагдаж байгаа хуурамч хасаг арц, хонин /хасаг арц/ зэргийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлсүгэй.

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, А.Э, М.Г, Б.Б, Н.А, М.З нараас тус бүр 550,000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.  

            7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эаас 16,040,350 төгрөг, шүүгдэгч Г.Оаас 16,040,350 төгрөг, шүүгдэгч Б.Боос 16,040,350 төгрөг, шүүгдэгч Н.Ааас 16,040,350 төгрөг, шүүгдэгч М.Гаас 16,040,350 төгрөг, шүүгдэгч М.Заас 14,190,350 төгрөг тус тус гаргуулж, Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд олгосугай.

            8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Зын цагдан хоригдсон 42 /дөчин хоёр хоногийг/ эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            9.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.О, А.Э, М.Г, Б.Б, Н.А, М.З нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            10.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            11.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Э, Г.О, Б.Б, Н.А, М.Г, М.З нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР