Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                          Д.Соёлзул

                        Улсын яллагч                                         Г.Тунгалаг

                        Шүүгдэгч                                              Т.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг Дунд-Өлөнтийн 86 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан бүрэн, Боржигон овогт *******ийн ******* /РД:ЧД79050313/

 

Холбогдсон хэргийн талаар:

Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 23-аас 2022 оны 05 дугаар сарын 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Дунд-Өлөнтийн 86 тоотод ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч Н.*******н зүүн гарын сарвуу, зүүн гуянд хурц ирмэгтэй төмрөөр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.******* мэдүүлэхдээ:...2022 оны 05 дугаар сарын 23-ны шөнө Баруун өлөнтөд болсон асуудал. Тэр өдөр би төмөр замын урд найзуудтайгаа явж байгаа орой гэртээ очсон чинь 2 танихгүй хүн ирсэн байсан. Тэгээд 1 шил архи авчраад хамт уусан тэгээд согтоод жоохон хөзөр тоглож байхад хохирогч ******* нь хүүхдийг “пи....” гэсэн тэгэхээр нь би согтуу байсан болохоор тэр хүний гуяыг төмрөөр хатгасан тэгээд тэр төмрийг булаацалдаж байгаад бас гараа зүсүүлчихсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэжээ.

 

Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс:

Шүүгдэгч Т.******* нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... “2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэртээ С.******* болон хүүхдийн хамтаар байхад гаднаас 2008 онд зүс харж байсан ******* гэх залуу 1 найзтайгаа цуг ирсэн. Би өдөр байхгүй байсан учир намайг байхгүй хойгуур манай эхнэртэй машин янзлах талаар ярилцаад явсан юм шиг байсан. Орой гэгээ тасарч харанхуй болох үед машин янзлах уу гээд ирэхээр нь яах юм бэ гээд бид нар манай гэрт архи уусан. Архи ууж байх зуур бид 4 хөзөр тоглосон. ******* гэх залуу тухайн үед юу гээд хэлчихлээ сайн санахгүй байна манай хүүхэд рүү сонин зүйл хэлсэн. Бид 4 тоглож дуусаад согтуу байсан учир хэлсэн үгийг нь бодоод уур хүрээд жижиг хэмжээтэй хурц үзүүртэй төмрийг авч *******н гуя руу 1 удаа хатгасан юм. ******* надаас уг төмрийг булаах гэж байгаад гар луугаа бас дахин хатгуулсан... “ гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,

                 Хохирогч Н.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Орой 21 цаг өнгөрч байхад Баянхангайд найз Амгаатай таарч юм ярьж байгаад чи надтай ганц машины мотор янзлаад өгөөч гэж хэлэхэд Амгаа зөвшөөрч бид хоёр машины мотор янзлуулах айлд 22 цагт очсон байх. Уг айлд очиход эхнэр, нөхөр гэх хоёр хүн 1 жоохон хүүхэдтэйгээ байсан. ...Уг архийг Амгаа, Баяраа, ******* бид 4 хувааж уух зуур 13 модны хөзөр тоглосон. Би тухайн үед хөзөр тоглож байгаад ганц хоёр хожиж бид 4-ийн ууж байсан архи ч дуусаж Амгааг явах уу өглөө эрт ирье орой яаж янзлах уу дээ гээд ширээн дээр сууж байхад Баяраа буйдан дээр сууж байхад Баяраа буйдан дээр суучхаад нааш ир дээ хөгшөөн гээд удаа дараа дуудаад байхаар нь очтол юм хэлэхгүй шууд миний зүүн гуяны хажуу хэсэг рүү 1 удаа хутгалахаар нь чи яаж байна аа гээд хутгыг нь булааж авах гэхэд миний зүүн гарын ар хэсэг рүү дахин хутгалахаар нь Баяраагийн эхнэр *******ыг цагдаа дуудаач гэж хэлсэн чинь Баяраа гараад зугтаасан. ...Би Баяраатай маргалдаж, муудалцсан зүйл байхгүй. 13 модны хөзөр тоглож би 1-2 удаа хожсон тэрэнд уурлаад намайг хутгалчихсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

                Гэрч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... Юу болсон талаар асуухад ******* манай нөхөр ******* сая ******* гэх залууг хутгалаад гараад зугтчихлаа гэж хэлсэн. ...Гэрийн эд зүйл эмх цэгцтэй, шалан дээр хэсэг газар цус болсон байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р тал/,

                Гэрч С.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би тухайн үед тэр хоёр залууд харанхуй болж байна маргааш болохгүй юу даа гээд бид хэд гэрт орсон Хоорондоо юм ярилцаж байгаад би дэлгүүр явж 0.5 шилтэй хараа архи авчирч манай нөхөр *******, өөрсдийгөө *******, Амгаа гэж танилцуулсан бид 4 хөзөр тоглох зуур авчирсан архийг ууж дуусгасан. Би сууж байгаад гал тогооны тэр хавьд очоод эргээд хартал ******* гэх залуугийн өмд нь цус болсон Баяраа чинь хутгалчихлаа цагдаа дуудаач гэж хэлээд гарсан, *******, ******* хоёр хоорондоо жоохон ам зөрөх гээд байсан, Амгаа гэх залуу нь чимээгүй суугаад байсан. ...******* гарч яваад удаагүй 10 минутын дараа эргээд орж ирсэн. ...би юутай байсан талаар хараагүй. Ямар ч байсан ******* гэх залуугийн гуя руу хатгасан” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р тал/,

                Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаартай  “1. Н.*******н зүүн гарын сарвуу, зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдсон, 2. Дээрх  гэмтэл хурц үзүүртэй хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт, /хх-ийн 18-19-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /ХХ-ийн 40 дугаар хуудас/, Шүүгдэгч Т.******* нь  ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 34 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.  

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Т.*******ыг гэм буруутайд тооцох талаар:

          Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 23-аас 2022 оны 05 дугаар сарын 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Дунд-Өлөнтийн 86 тоотод ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч Н.*******н зүүн гарын сарвуу, зүүн гуянд хурц ирмэгтэй төмрөөр хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Хохирогч Н.*******н мэдүүлэг /ХХ-ийн 11-р тал/, Гэрч Б.*******гийн мэдүүлэг /ХХ-ийн 13-р тал/, Гэрч С.*******ын мэдүүлэг /ХХ-ийн 15-р тал/,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

         Хохирогч Н.******* нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна. Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно. 

 

         Гурав.Шүүгдэгч Т.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

        Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 23-аас 2022 оны 05 дугаар сарын 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Дунд-Өлөнтийн 86 тоотод ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч Н.*******н зүүн гарын сарвуу, зүүн гуянд хурц ирмэгтэй төмрөөр хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Т.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хурц үзүүртэй 10 см урттай 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Т.*******ыг торгох ялыг 04 /дөрөв/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Т.******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт Т.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хурц үзүүртэй 10 см урттай 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.