| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2022/0064/Э/208/2022/0050 |
| Дугаар | 2022/ШЦТ/75 |
| Огноо | 2022-06-21 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Б.Энхбаяр
Иргэний нэхэмжлэгч С.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 2-р баг Хайлааст гудамжны 181 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн Боржигон овогт *******ийн ******* /РД:М372072275/
Холбогдсон хэргийн талаар: С.******* нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Сэртэн" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж 2064974 төгрөгийн хохирол Байгаль экологи түүний нөөцөд учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Сэртэн” гэх газар руу нөхөн сэргээлт хийхээр сум орон нутгийн удирдлагуудтай нөхөн сэргээлт хийе техникээ татаад бэлдээд байж байя гэж ярьж тохирсон юм. Нөхөн сэргээлтийн компаниудын зөвшөөрлийг 08 дугаар сарын 10-ны дотор олгоно гэж байсан учраас тэрнээс өмнө техникүүдээ татаад бэлдээд байж байя гэж бодоод аваачаад тавьсан байсан. Тэрнээс алт угаасан зүйл байхгүй. Манай оператор мэдүүлэг дээрээ тиймэрхүү юм ярьсан байсан тэгээд “чи яагаад ийм юм хийчхэв” гэсэн чинь “би сандраад ийм юм хийчихлээ” гэхээр нь “за за” гээд өнгөрсөн. Тэрнээс яг алт угаасан зүйл байхгүй техникүүдээ зүгээр шалгаж байсан. Ер нь бол өмнө нь ухсан газар байсан шинэ газар байгаагүй өмнө ухсан газар дээр экскаваторыг шалгах тест хийх зорилгоор жоохон газар ухчихсан байсан тэрнээс өөр зүйл байхгүй. Сумын засаг дарга байгаль орчинтой гэрээ хийгээд урд жилүүдийн нөхөн сэргээлтийн зөвшөөрөлтэй компаниудаар дамжуулаад сум орон нутагт 2 жил дараалаад гэрээ байгуулаад нөхөн сэргээлт хийсэн юм. Байгальд учирсан хохирол болох 2064000 төгрөг болон нөхөн сэргээлтийн зардал 525000 төгрөгийг төлсөн. Хууль бус зөвшөөрөлгүй байсан учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, буруутай үйл ажиллагаа хийснээ хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Иргэний нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... Би Бугантаас 2018 оны намар моторгүй экскаватор очиж аваад тэгээд янзалсан. Тэгээд 2021 онд манай ах болох С.******* надаас “жоохон юм хийе” гээд аваад явсан. Тэрнээс хойш би байгаа газарт нь очиж үзээгүй. Самсунг нэртэй экскаватор шар өнгөтэй, хүчин чадлыг нь сайн мэдэхгүй байна. Улсын дугаар номер болон гэрчилгээ байхгүй. Тэр хүнийхээ нэрийг сайн мэдэхгүй байна 19000000 төгрөгөөр худалдаж авч байсан....гэжээ.
Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 8-12-р тал/
Иргэний нэхэмжлэгч О.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...”Экологи эдийн засгийн үнэлгээний хүрээнд Улсын байцаагчийн акт гаргуулж, экологи эдийн засгийн хохирлыг тухайн иргэн бүрэн төлж барагдуулсан тохиолдолд надад санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,
Гэрч Э.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Миний танил Бямбаа гэдэг нэртэй залуу надад “экскаваторын жолоочийн ажил Зүүнхараад байна” гэж хэлэхээр нь би ганцаараа Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ирсэн. Тэгээд С.******* гэдэг хүнтэй 99766154 дугаарын утсаар холбогдож уулзсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс сумын нутаг “Гахайт” гэх газарт экскаваторын жолоочоор ажиллаж эхэлсэн. Тэгээд одоо энэ байгаа газарт 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж ажиллаж эхэлсэн. Энэ газарт надаас гадна Зоригоо, Батаа гэж нэрийг нь дууддаг хүмүүсийн хамт ашигт малтмал олборлох зорилгоор ажиллаж эхэлсэн. Зоригоо, Батаа нарыг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр С.******* авчирсан. Энд ажиллаж байгаа газарт ашигт малтмал буюу алт олборлох зөвшөөрөлтэй эсэхийг би мэдэхгүй. Энд байгаа хүмүүс болон техник хэрэгслийг С.******* гэдэг хүн авчирсан. Өмнө нь ухаад нөхөн сэргээлт хийчихсэн байдалтай байсан газарт ойролцоогоор 8x15 метр орчим талбайд 4 метр орчим гүнтэй хөрс хуулалт хийж, тухайн шороог алт угаах төхөөрөмжид хийж, ашигт малтмал олборлох ажил хийсэн. С.******* гэдэг хүн уг алт угаах төхөөрөмжид үлдсэн байж магадгүй алтыг 1 удаа авч байхыг харсан. Өнөөдөр цагдаа нарыг ирэхэд би экскаватороо бариад ажиллаж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-30-р тал/,
Гэрч С.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Миний хүргэн ах *******ийн ******* нь одоогоос 9 хоногийн өмнө 99766151 гэсэн дугаараас миний 96064461 дугаарын утас руу залгаад одоо байгаа газарт “туслаад байж бай” гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 07 дугаар сарын 29- ний өдөр Мандал сумаас хүргэн С.*******ын хамт энэ газарт ирсэн. Одоо байгаа энэ газрын нэрийг мэдэхгүй. Би энд туслах ажилтан Нармандахын , экскаваторчин ажилтай Хишгээ нарын хамт ямар ажил хийж байгаагаа мэдэхгүй 9 хонож байна. Намайг анх энд ирэхэд экскаваторчин Хишгээ ганцаараа байсан. Энэ газарт нэрийг нь мэдэхгүй 1 ширхэг экскаватор, Зил-131 загварын тээврийн хэрэгсэл, 1 ширхэг алт угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр 1 ширхэг, ус шахдаг дизель мотор зэрэг техник хэрэгсэл байсан. Миний ажиллаж байгаа газарт ашигт малтмал олборлох зөвшөөрөлтэй эсэхийг би мэдэхгүй. Бид нарыг С.******* гэдэг хүн хариуцан ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/,
Гэрч Ө.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Сэртэн гэх газарт С.******* болон Түвшинтөр нар нь байж байгаад саатуулагдан цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/,
Гэрч С.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...Ах маань энэ оны зун “Ар гахайт” гэдэг газарт нөхөн сэргээлтийн ажил хийнэ гэж сумын засаг даргатай гэрээ байгуулна гэж байсан. Гэхдээ тэр газраа нөхөн сэргээлт хийсэн эсэхийг би мэдэхгүй. Ах тус газар руу явахдаа миний эзэмшилд байдаг “Самсунг-292” загварын хүчин чадалтай хуучны экскаваторыг авч явсан. Одоо уг эксковатор “Ар гахайт” гэдэг газраа байгаа байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 41- тал/,
Гэрч Н. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сард С.******* гэх хүн над руу утсаар “Хөдөө явах уу, шланк зөөх ажил байна явах уу" гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд “Тэрэгт”-ийн давааны ар руу нэг уулын аманд С.******* намайг хүргэж өгсөн, Тэр уулын амных нь нэрийг сайн мэдэхгүй байна. Тэнд 1 ширхэг экскаватор, усан буу 1 ширхэг, 1 ширхэг Зил-131 загварын машин байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-45-р тал/,
"Сайхан Арвин Дэлхий” ХХК-ны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-58-р тал/,
“Ашид Билгүүн” ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ-821/2132 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-65-р тал/,
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18-04-340/30 дугаартай акт /хх-ийн 71-р тал/,
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/3753 дугаартай албан тоот, түүний хавсралт /хх-ийн 86-87-р тал/,
Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 8/3860 дугаартай албан тоот /хх-ийн 90-р тал/,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын тасгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 53 дугаартай албан тоот /хх-ийн 96-р тал/
Шүүгдэгч С.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 07 дугаар сарын 27, 28-ны орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг “Сэртэн” гэх газарт урьд нь ашигт малтмал олборлож байсан газарт нөхөн сэргээлт хийх ажлаар нэг экскаватор, нэг усан буу гэх техник хэрэгслийг аваачсан. 2021 оны 08 дугаар сарын 20-ны орчим улсын хэмжээнд нөхөн сэргээлт болон уул уурхайн ажил эхлэх зөвшөөрөл гарна гэж сонссон юм. Тэгээд зөвшөөрөл нь гарахаар нь би нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлэх зорилготой техникүүд авч очсон юм. Уул уурхайн ажлыг эхлүүлэх зөвшөөрөл удахгүй гарах байх гэж бодоод нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлж экскаватороор нүх ухах ажил хийсэн. Нүх ухах ажил эхлээд 2, 3 хонож байхад л цагдаа нар очиж үйл ажиллагаа зогсоосон. Би ямар нэгэн нөхөрлөл, аж ахуй нэгжийн гишүүн биш. Өөрөө хувиараа ажилчид авч очиж нөхөн сэргээлтийн ажил хийхээр очсон. Тухайн үед надад үйл ажиллагаа явуулах ямар нэгэн зөвшөөрөл байгаагүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч ухамсарлаж ойлгож байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 82-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 100 дугаар тал/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 101 дүгээр тал/, Жолоочийн лавлагаа /хх-ийн 102 дугаар тал/, Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-ийн 103 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч С.*******ыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч С.******* нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Сэртэн" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж 2064974 төгрөгийн хохирол Байгаль экологи түүний нөөцөд учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12-р тал/, Иргэний нэхэмжлэгч О.*******ын мэдүүлэг /хх-ийн 22-ртал/, Гэрч Э.*******ын мэдүүлэг /хх-ийн 28-30-р тал/, Гэрч С.*******ийн мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/, Гэрч Ө.*******ийн мэдүүлэг /хх-ийн 38-р тал/, Гэрч С.*******ын мэдүүлэг /хх-ийн 41- тал/, Гэрч Н.ийн мэдүүлэг /хх-ийн 44-45-ртал/, “Сайхан Арвин Дэлхий” ХХК-ны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-58-р тал/, “Ашид Билгүүн” ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ- 821/2132 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-65-р тал/, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18-04-340/30 дугаартай акт /хх-ийн 71-р тал/, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/3753 дугаартай албан тоот, түүний хавсралт /хх-ийн 86-87-р тал/, Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 8/3860 дугаартай албан тоот /хх-ийн 90-р тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын тасгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 53 дугаартай албан тоот /хх-ийн 96-р тал/, С.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 82-р тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас байгаль экологи, түүний нөөцөд 2064974 төгрөгийн хохирол учирсан болно. Шүүгдэгч С.******* нь дээрх хохирлыг бүрэн төлсөн, иргэний нэхэмжлэгч С.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:”...шүүгдэгч С.*******аас нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна, харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3300000 төгрөгийг шүүгдэгч С.*******аас гаргуулж шинжээч “Сайхан ариун дэлхий” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гурав.Шүүгдэгч С.*******т оногдуулах Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.******* нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Сэртэн" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж, байгаль экологи түүний нөөцөд 2064974 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж шүүгдэгч С.*******ыг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгж буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 36 /гучин зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох зүйтэй нь зүйтэй байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор Улсын дугааргүй MX292 LC, HBY1894 дугаартай “Самсунг” маркийн, шар өнгөтэй, экскаватор /хуучин/ 1 ширхэг, загвар, марк, үйлдвэрлэсэн улс, он, тодорхойгүй алт угаах төхөөрөмж 1 ширхэг зэргийг хураан авсан байх ба иргэний нэхэмжлэгч С.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:”... экскаватороо өөрөө авмаар байна...” гэж байгаа боловч хавтаст хэргийн 25 дугаар талд иргэний нэхэмжлэгч С.******* мэдүүлэхдээ: “...би өөрөө 7 сая гаруй төгрөг гаргаад үлдсэн мөнгийг нь С.******* гаргаж нийт 19 сая төгрөгөөр уг экскаваторыг худалдаж авч байсан...” гэж мэдүүлсэн мөн уг экскаватор Улсын дугаар байхгүй, үйлдвэрлэсэн он тодорхойгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, бичиг баримтгүй, хэний өмч болох нь тогтоогдохгүй байх тул 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор улсын дугааргүй MX292 LC, HBY1894 дугаартай “самсунг” маркийн шар өнгөтэй экскаватор /хуучин/ 1 ширхэг, Загвар, марк, үйлдвэрлэсэн улс, он, тодорхойгүй алт угаах төхөөрөмж 1 ширхэг зэргийг хураан авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын орлого болгох буюу үнийн дүнг Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд шилжүүлэхээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Боржигон овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгж буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.*******ын торгох ялыг 36 /гучин зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдан ирээгүй, эд мөрийн баримт шилжиж ирээгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд С.*******аас 3300000 /гурван сая гурван зуу/ төгрөг гаргуулж шинжээч “Сайхан ариун дэлхий” ХХК-д олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дах хэсэгт зааснаар энэ хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор, MX292 LC, HBY1894 дугаартай “Самсунг” маркийн, Улсын дугааргүй, шар өнгөтэй, экскаватор /хуучин/ 1 ширхэг, загвар, марк, үйлдвэрлэсэн Улс, он, тодорхойгүй алт угаах төхөөрөмж 1 ширхэг зэргийг хураан авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын орлого болгох буюу үнийн дүнг Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд шилжүүлэхээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
6.Шүүгдэгч С.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.