Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2024/0412

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б

Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 3** дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, Д.Б-д өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0318 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н

Хэргийн индекс: 128/2024/0104/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулж “Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 3** дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, Д.Б-д өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0318 дугаар шийдвэрээр: “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /2023 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.3, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө давж заалдах гомдолдоо:

“... Нэхэмжлэгч талаас 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан болон 2023 онд батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-оос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” гэж заасан тодорхой хуулийн заалттай огт маргаагүй.

Харин хууль хэрэглээний хувьд нэхэмжлэгч Д.Б-ийн ар гэр тохиолдсон харамсалтай явдал буюу 3 хүүхдээ, тэр дундаа бага хүүхдээ 7 сартай байхад нь байгалийн гамшиг /үер усны/-ийн улмаас алдсан явдлыг хууль тайлбарлах замаар хуулийн хүндэтгэн үзэх шалтгаанд хамруулж, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг хангаж өгнө үү гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан юм.

Гэвч шүүхээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтыг шууд утгаар нь буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийх байдлаар, мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчимтай бүрэн нийцэхээргүй байгаа юм.

Тодруулбал, шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан “...төрүүлсэн ... дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн...” гэх тооны хязгаар тавьсан хуулийн шаардлагыг нэхэмжлэгч Д.Б өөрөөс нь шалтгаалахгүй хүчин зүйлээс болж шууд хангах боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу түүнд зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон гэдгийг харгалзаж үзэхгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбар хийгээгүй нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэхээргүй байна.

Учир нь тухайн маргаан бүхий харилцааг зохицуулж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 3-д заасан “... дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн...” гэх нөхцөл, болзол шаардлага нь нэхэмжлэгч Д.Б-ийн хүүхдээ аюулгүй орчинд амьдруулах болон асран хамгаалах үүргээ үл биелүүлснээс болж хангагдаагүй биш бөгөөд байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр 3 хүүхэд /Үүнээс, 2 хүүхэд нь 6-аас дээш настай байсан ба бага хүүхэд нь 6 настай болтол өсөх бүрэн боломжтой буюу байсан/ нь амь эрсэдсэн байдаг.

Мөн шүүх шийдвэр гаргахдаа Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг болон 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасныг тайлбарлаж хэрэглэсэн ба тухайн айлын 3 хүүхэд нь амь эрсэдсэн харамсалтай явдал нь Д.Б-ийн Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн амь нас эрсэдсэн гэх агуулгаар дүгнэсэн нь хуулийг бодит байдлаас зөрүүтэй, тухайн нөхцөл байдалд нийцэхгүй, буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 10.4/16 тоот албан бичигт “ Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Цайзын 8а-312 тоотод оршин суудаг Батсайхан овогтой Очирваань /11 настай/, Батсайхан овогтой Бямба-Очир /6 настай/, Батсайхан овогтой Удаанжаргал /7 сартай/ нь 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 6 ханатай гэрийн хамт үерт өртөж амь насаа алдсан нь үнэн болно” гэсэн тодорхойлолтоор тухайн амь хохирч нар эцэг, эхийн хүүхдүүдээ асран хамгаалах үүргээ биелүүлсэн эсэхээс үл хамаарсан болох нь тодорхой харагддаг.

Гэвч шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.7-д “Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах...”, 10.1.3-д “хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах; эрхийг хангах талаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг хүлээнэ гэжээ.” гэсэн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “...хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн...” гэх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа нь эх Д.Б-ийн хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалсан гэсэн агуулгаар тайлбарласан бодит байдалтай нийцэхгүй байгаа юм.

Мөн Үндэслэх нь хэсгийн 4.8-д “Дээрх хуулийн зохицуулалтуудыг маргааны үйл баримттай холбогдуулан дүгнэвэл хүүхэд 0 буюу ургийн хөгжлийн үеэс 6 хүртэлх насандаа эрхтэн тогтолцоо нь боловсронгуй болж хөгждөг ба байнгын асаргаа, халамж анхаарал, хоол тэжээл, эрүүл мэнд болон хөгжүүлэх үйл ажиллагаа хамгийн чухал байдаг” гэж, Үндэслэх нь хэсгийн 4.9-д “Энэ бүгдийг эхийн байнгын хараа хяналт, халамж, эцэг болон асран хамгаалагч нарын зохистой дэмжлэг, хариуцлагатай байдал шийдвэрлэх үүрэгтэй юм” гээд, 4.10-д “Тиймээс ч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд хүүхдээ 0-6 нас хүртэл өсгөсөн тохиолдолд түүний үүрэг, хариуцлагаа биелүүлснийг үнэлэн улсад ажилласанд тооцон тэтгэвэр тогтоолгон авах эрхийг олгосон гэж үзлээ.” гэж тус тус дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байхаас гадна шинжлэх ухааны хувьд үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байна.

Тодруулбал, дээрх дүгнэлт, тайлбаруудаас үзэхэд шүүх “...хүүхдээ 6 нас хүртэл нь өсгөөгүй буюу Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүй... учраас улсад ажилласанд тооцон тэтгэвэр тогтоолгон авах эрхийг олгохгүй,...” гэсэн агуулгаар тайлбарлаж, шийдвэрлэсэн нь шүүгч тухайн асуудалд хувийн байр сууринаас дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.

Гэхдээ тухайн асуудлыг нааштайгаар буюу хүмүүнлэг энэрэнгүй ёсны хүрээнд хүний эрхийн талд шийдвэрлэж болдог гэдгийн тод жишээ болсон үйл явдал бол сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр олны анхааралд орж, улмаар төр засгийн зүгээс тухайн асуудлаа шийдүүлсэн нэг тохиолдол байна. Тодруулбал, Монгол Улсын Аварга О.Хангай дөрвөн хүүхэд төрүүлсэн боловч нэг хүүхдээ ослоор алдсан эхнэрийгээ Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн үйлчлэлд хамаарах ёстой гэж үзэж, “Эхийн алдар” одон авахаар хүсэлт гаргасныг хүлээн авч, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байдаг.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхдийг хамруулж байхаар тусгалаа.” гэсэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзаж үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0351 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Өнөрбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Нэхэмжлэгч Д.Б нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргаж, тус хэлтсийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 3** дүгээр “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...Иргэн Д.Б нь 4 хүүхэд төрүүлсэн боловч бага хүүхэд нь 07 сартай ослоор эндсэн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Төрүүлсэн 4 болон түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан нөхцөл болзлыг хангахгүй байгаа тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй байна” гэх хариуг өгчээ.

          3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 3 дугаар зүйлийн 5-д “Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно”, 4 дүгээр зүйлийн 2-т “Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж тус тус заасан.

          4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Б нь 1973 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 50 настай, 1992 оноос 2000 он хүртэл нийт 9 жилийн хугацааг нөхөн тооцуулж, 2008 оны 01 дүгээр сараас 2023 оны 7 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж дээрх хуульд заасан нөхцөлийг хангаж байх боловч, 1998 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.О, 2000 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүү Б.Б, 2002 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүү Б.Б, 2008 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.У нарыг төрүүлсэн, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 10.4/16 дугаар албан бичгээр “Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Цайзын **** тоотод оршин суудаг Б овогтой О /11 настай/, Б овогтой Б /6 настай/, Б овогтой У /7 сартай/ нь 2009 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 6 ханатай гэрийн хамт үерт өртөж амь насаа алдсан нь үнэн болно” гэжээ.

          5. Анхан шатны шүүх “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд хүүхдээ 0-6 нас хүртэл өсгөсөн тохиолдолд ... улсад ажилласанд тооцон тэтгэвэр тогтоолгон хавах эрхийг олгосон ... хариуцагч байгууллага шийдвэр гаргахдаа хууль тогтоомж зөрчиж, түүнээс үүдэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” хэмээн үндэслэлтэй дүгнэжээ.

          6. Нэхэмжлэгч Д.Б нь өөрийн 3 хүүхдээ гэнэтийн ослын улмаас алдсан, 6 нас хүрэх хүртэл өсгөх боломжгүй байсан нь тогтоогдож байх боловч энэхүү тохиолдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд авч үзэх хууль зүйн боломжгүй, шүүх түүний нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Өнөрбаярын шүүх хуралдаанд гаргасан “хүмүүнлэг, энэрэнгүй ёс гарган нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

7. Иймд анхан шатны шүүх маргааны талаар зөв дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                    Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА