Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 215

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,  шүүгч Д.Батсуурь, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Д.Уранчимэг,

нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баярбат,  

хохирогч Х.Нямчулуун,

шүүгдэгч Ц.Хасар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Шарайд овогт Цэрэндуламын Хасарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 2625 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Шарайд овогт Цэрэндуламын Хасар, 1995 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, пулёмотчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид пулёмотчин ажилтай байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймаг Дашбалбар сум 5 дугаар баг Улз, дөрөө гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 1-11 тоот нийтийн байранд түр оршин сууж байсан, регистрийн ЖЯ95080270 дугаартай,

Шүүгдэгч Ц.Хасар нь 2016 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Нямчулууны цээжин тус газар 2 удаа хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:  

 

Шүүгдэгч Ц.Хасарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 18-ны өглөө хамт амьдардаг 2 найзын хамт ажилдаа ирсэн. Ажлын цаг дуусаад гурвуулаа гэртээ харьсан. Гэртээ байхад Мягмарсүрэн ах над руу яриад “хүнтэй утас солих гэсэн юм. Хүрч ирээд үзээч” гэж хэлсэн. Тэгээд очиж үзсэн. Тэр хүний утсыг харахад хуурамч утас байсан. Би “хуурамч утас байна” гэж хэлэхэд “миний утас юм чинь өөрөө мэдчихье” гэсэн. Бид хоёр гэр лүү нь харих замд дэлгүүрээс 4 жижиг шилтэй пиво аваад нэг пивыг нь хоёулаа хувааж уусан. Мягмарсүрэн ах “барих утасгүй” гэхээр нь “манайд нэг илүү Нокиа утас байгаа, очоод ав” гэж хэлсэн. Манай гэрлүү очих замдаа дэлгүүрээс пиво аваад очоод хувааж уусан. Тэр үед Мягмарсүрэн ах “миний дүүтэй цуг ажилладаг юм чинь манайд хоноод өглөө ажилдаа цуг явчихгүй юу” гэж хэлсэн. Би ажлын хувцасаа цүнхэндээ хийгээд тэдний гэрт хонохоор очсон. Баар орж бүжиглье гээд Мягмарсүрэн ахтай, Цогтоо гэх хүнтэй танилцаад Сансарт “Оакланд” нэртэй бааранд хамт орсон. Бааранд хүний 2 пиво авч уусан. Баар хаах болоод гарцгаасан. Баарнаас гарах үед би нилээн согтсон байсан. Алхаад явж байхад хохирогч Нямчулуун болон бүлэг хүмүүстэй муудсан. Нямчулуун миний хүзүүнээс шилдэж дарсан. Нямчулуун “чи яаж байна аа” гэхэд би “ахаа ингээд явуулчих” гэсэн. Тэр үед хажуу талаас бүлэг хүмүүс орж ирээд цохисон. Тэд нар “наадахаа буланруу аваад ир, энд нь зохицуулчихъя” гэсэн. Би маш их айж сандарсан байсан тул хохирогч Нямчулууны биед хүнд гэмтэл учруулсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би болсон явдлыг мэдэж байгаа. Би эхлээд өөрийгөө хамгаалах гэж сүрдүүлсэн. Тэгээд хохирогч Нямчулуун намайг тавихгүй байхаар нь хатгасан. Тухайн үед хүн хатгасан гэдгээ мэдсэн. Ноцолдож байхад дахин хатгасан байсан. Миний хийсэн хэргийг хөнгөрүүлж шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Х.Нямчулууны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сансарын колонкийн хавьд нэг найзтайгаа хамт хөлөө амраагаад сууж байсан. 3 залуу ирж байгаа харагдсан. Тэр үед Хасар миний ардаас ирээд хутга тулгасан. Урдуур нь 2 хүн орж ирээд “аминдаа хайртай юу, бие дэх зүйлээ өгөх үү” гэж хэлсэн. Батболд “юу болоод байгаа юм бэ” гээд босож ирэхэд Хасар Батболдын ардаас явсан. Би Хасарын гар луу өшиглөж хутгыг унагаасан. Тэгээд Хасарыг доош нь дарсан байхад ардаас 2-оос 3 хүн ирээд “хутгатай явж байсан хүн мөн байна, барьж байгаарай” гэж хэлсэн. Хутга зам дээр унасан байсан. Тэр үед хутгагүй гэж бодоод дарж авахад Хасар доороос хутгалсан. Зам дээрх 1 машины жолоочоос “цагдаа дуудаад өгөөч” гэж гуйсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Миний зүүн, баруун 2 талд хутгалсан. Хасартай хамт явж байсан Мягмарсүрэн гэх хүн Батболдын үүрч явсан цүнхийг нь авч явсан гэсэн. Мөн баруун суга руу нь хутгалсан гэж Батболд сүүлд надад хэлсэн. 2016 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Цэргийн госпиталын эмнэлэгт хагалгаанд ороод 10 хоног хэвтсэн. Хагалгаанаас хойш хаана юу тавьсанаа мартчихдаг болсон. Эвгүй хөдлөхөөр цээжээр хатгадаг болсон. Зүүн талын сорви байнга өвддөг. Ойр ойрхон үзүүлээд бай гэж эмч хэлсэн. Миний бичиг баримт хотод шилжүүлээгүй тул дахин үзүүлж чадаагүй. Архангай аймгийн Их тамир суманд эмнэлэгт хэвтсэн. Хасараас эмчилгээний зардалд сая төгрөг авсан. Би эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Би ар гэрээ тэжээж ажил хийдэг байсан. Манай амьдрал нилээн хүнд болсон. Хасараас 3 сая төгрөг нэхэмжлэхэд сая төгрөг өгсөн. Үлдэгдэл 2 сая төгрөгөө нэхэмжилж байна. Би банкны зээлтэй, сард 2 удаа төлдөг. Эрүүл мэндийн улмаас ажил хийхгүй байгаа. Гомдолтой байна. Нийт хэдэн төгрөгийн баримт гаргаж өгсөн гэдгийг би бодож үзээгүй. Би хэргийн материалтай танилцахдаа хохирлын баримтаа тулгаж үзээгүй, Би 3 лааз пиво уусан байсан.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад Ц.Хасарын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “…Тэгээд гэртээ байж байтал танил Мягмарсүрэн ах надруу залгаад хүнтэй утасны наймаа хийх гэж байна, чи хүрээд ирээч, миний авах гэж байгаа утсыг үзээд надад зөвлөгөө өгөөч гэсэн. Би гэрээсээ 19 цаг өнгөрч байхад гарсан. Мягмарсүрэн ахын гэр нь манайхаас урагшаа 10 орчим минут алхаад орчих газар байдаг учраас би гараад шууд алхаад Мягмарсүрэн ахын гэрт ирсэн. Мягмарсүрэн ахын гэрт оройн хоол идчихээд 21 цагийн үед байх гэж би санаж байна. Мягмарсүрэн ах бид 2 гараад багшийн дээд сургуулийн автобусны буудал дээр нөгөө утас наймаалцах хүнтэй нь очиж уулзсан. Мягмарсүрэн ах авах гэж байгаа утсаа үзээд тэр утсыг нь аваад шууд Сансарт ирээд гар утас засварын газарт ирээд сим картаа уншуулаад солиулах гэтэл сим картыг нь уншихгүй байсан. Тэгээд бид 2 буцаад Мягмарсүрэн ахын гэрт ирсэн. Орохоосоо өмнө дэлгүүрээс 4 шил пиво аваад орсон. Гэрт нь ороод бид 2 сууж байгаад 4 пивоо хуваагаад уусан. Пивоо ууж дуусаад манайхруу явсан. Мягмарсүрэн ах надаас гар утас түр авч баръя гэсэн учраас манайхруу явсан юм. Гараад явж байгаад дэлгүүрээс нэг пиво аваад гудамжинд уугаад, ахин нэг том пиво аваад манай гэр лүү орсон. Манайд Лхамхүү байсан ба Лхамхүү пиво уугаагүй, сүүлд авчирсан пивоо Мягмарсүрэн ах бид 2 хувааж уугаад дуусахад Лхамхүү намайг “унтаж амар” гэхэд нь унтахгүй, “Мягмарсүрэн ахынд хононо” гэж хэлээд Мягмарсүрэн ах бид 2 гарсан. Би гэрээсээ гарахдаа ясан иштэй юм шиг тийм, гал тогооны хутга аваад цүнхэндээ хийгээд явсан байсан. Ингээд Мягмарсүрэн ахынд бид 2 хэсэг сууж байгаад гарахдаа би хутгаа цүнхнээсээ аваад өмдөндөө хавчуулаад аваад гарсан. Гарах гэхэд үүдэнд Мягмарсүрэн ахын найз нь хүрч ирж таараад бид 3 хамтдаа гарсан. Энэ үед 23 цаг болсон болов уу гэж бодож байна. Гараад АТМ ороод би өөрийнхөө картнаас 15.000 төгрөг авсан. Ингээд бид хамтдаа Сансарын Баянцээл талдаа байдаг “Оакланд” бааранд орсон. Бааранд ороод нэг хүний 2 пиво захиалж уугаад бүжиглэж байгаад баар хаах болоод хүмүүс гараад, бараг хамгийн сүүлд баарнаас гарсан. Цаг хэд болж байсан талаар үнэхээр баримжаа алга байна. Нэг ухаан ороход Мягмарсүрэн ах гудамжны сандалын хажууд хүнтэй муудаж байгаа юм шиг болохоор нь очсон. Тэгээд хутгаа гаргаж ирээд Мягмарсүрэн ахтай муудалцаад байгаа хүнийг айлгасан. Ингээд явах гэтэл Мягмарсүрэн ах миний хажуугаар өнгөрөх шиг болсон. Би явах гэтэл миний хутгаараа айлгасан залуу намайг барьж аваад тавихгүй байсан. Би тэр залууд хандаад “би зүгээр явчихъя” гэж гуйсан боловч тэр залуу намайг тавихгүй байсан. Тэгээд “цагдаа дуудна” гээд байхаар нь тонгойход миний барьж байсан хутга газарт байж байсан. Яагаад миний хутга газарт байсан талаар нь санахгүй байна. Унагаасан байж магадгүй юм. Ингээд би газраас хутгаа аваад гарыг нь тавиулах гээд жаахан биенээс нь хөндийрөөд 1 удаа хатгахад цээж рүү нь хутга орсон. Тэр залуу надад хутгаар хатгуулаад гараа авчихаар нь ахиад нэг хатгачихаад зугтаасан. Зугтаахад миний араас хүн хөөсөн. Тэгээд би хашаа давах гэж байгаад унаад өмдөө урсан. Тэр хашаан дээр тэгнэгдэж байгаад цагдаад баригдаад хутгаа хураалгаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. …Би биедээ хутга авч яваа талаараа Мягмарсүрэн ахад хэлээгүй. Бааранд бүжиглэж байхад Мягмарсүрэн ах надад хандаад “чи хутга авч гарсан юмуу” гэж хэлж байсан. Миний хутга харагдсан юм шиг байна лээ. Би Мягмарсүрэн ахад “гараад хаячихъя” гэж хэлсэн. Тэгээд хутгаа хаяж чадаагүй явж байгаад ийм хэрэгт орчихлоо. Би болсон асуудалд маш их харамсаж байна. Миний баруун гарын чигчий хуруу хутгандаа зүсэгдсэн. 2 өвдөг, гарын алган дээр байгаа зулгаралт нь унаад зулгарсан. Гуян дээр байгаа хөхөрсөн шарх нь хашаа давах гэж байгаад авсан гэмтэл байх. Зүүн хавирга орчмоор хөндүүртэй байгаа. Намайг хэн нэгэн өшиглөсөн гэж бодож байна. Яг ямар хүн өшиглөсөн талаар нь санахгүй байна.  …Би нилээн согтсон байсан. Бааранд хэнтэй ч маргалдаагүй. Баарнаас гараад миний ухаан орж гараад л явсан. Нэг санахад Мягмарсүрэн ах хүнтэй маргалдаж байх шиг болохоор нь очиж тусалсан. …Баарнаас гараад миний ухаан санаа уусан пивондоо болоод орж гараад л явсан. Нэг ухаан ороход Мягмарсүрэн ахтай гудамжинд байгаа сандалын хажууд хүн муудалцах шиг болохоор нь тэр залууг нь очиж хутгаараа айлгасан. Тэгээд тэр залуу намайг барьж аваад тавихгүй болохоор нь хутгаараа тэр залуугийн цээжинд 2 удаа дүрсэн. …Гэтэл хэн нэгэн “наад залуугаа булан руу аваад ир” гэсэн зүйл хэлсэн. Тэгэхээр нь би айсандаа болоод хутгалчихсан юм. Өөрийгөө хамгаалах гэж байгаа асуудал нь тэр юм. Мөн намайг хэн нэгэн өшиглөх шиг болсон. Тэгээд л хутгалахад тэр залуу газарт унасан, би зугтаасан. … Хохирогч Х.Нямчулууны биед учирсан, шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг би хутгаар хутгалж учруулсан. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Уг гэмтлийг би учруулсан. Миний баруун сарвууны 5 дугаар хурууны шарх гэмтлийг би өөрийнхөө барьж байсан хутгандаа зүссэн. Бусад гэмтэл нь зугтаах үедээ унасан, хашаа давах гэж байгаад авсан гэмтлүүд байна. Үүнээс гуяны гэмтэл нь хэн нэгэн өшиглөсөн гэж би бодоод байгаа. Яг хэн өшиглөсөн талаар мэдэхгүй. Надад гомдол нэхэх зүйл байхгүй.гэх мэдүүлэг,

/хх-ийн 77-81 дүгээр тал/

 

Хохирогч Х.Нямчулууны мөрдөн байцаалтад өгсөн: “…Би өчигдөр хамаатны дүү Батболдын хамтаар Батболдын захирлын гэр лүү очсон. Тэгээд захирал нь “хэрэггүй болчихлоо, маргааш болъё” гэхээр нь бид 2 буцсан. Тэгээд бид 2 талбай орж шоу үзсэн. Шоу тараад Сансарт ирээд караокед орж 6 шил пиво захиалаад хувааж уусан. Караокеноос гараад гэртээ харихаар алхаж байгаад хөлөө жаахан амраая гээд гудамжны сандал дээр сууж байтал 3 залуу ирээд намхан нуруутай залуу нь миний хүзүүнд хутга тулгаад “ална шүү” гэсэн. Тэр хутга нь их урт, том хутга байсан. Би тэр залууд хандаад “юу болов” гэтэл тэр залуу “дуудаад оролдоод байна уу” гэсэн. Би тэр залууд хандаад “бид 2 зүгээр сууж байна” гэдгээ хэлсэн. Тэгээд тэр залуутай хамт явсан 2 залуу нь Батболдтой зодолдсон. Надад хутга тулгасан залуу Батболдруу явахаар нь би араас гар луу нь өшиглөөд хутга нь газарт унасан. Тэгээд би тэр залуутай барьцалдаж аваад би тэр залууг хүзүүдээд доош нь дараад “цагдаа дуудна” гэсэн. Ингээд байж байхад тэр залуу доош тонгойсон байж байхдаа намайг цээжин тус газарт 2 удаа хутгалчихаад явсан. Би тэгээд л газар унасан. Миний цээж нэвтэрсэн шархтай байна. Сая хагалгаа хийлгээд гарч ирлээ. Би тэр залууг цохиж зодоогүй. Намайг тэр залууг дараад байж байхад миний араас нэг залуу “наад залуу чинь хутга гаргаад биднийг айлгаад байсан, битгий тавиарай” гэж байсан. Тэгэхээр Батболд бид 2 дээр ирэхдээ тэр залуучууд өөр хүнтэй маргалдсан байх. Мөн миний хажууд 46-81 УНИ гэсэн дугаартай Приус-20 юмуу ямар ч байсан цагаан машин зогсож байсныг санаж байна. ...Намхан нуруутай, бараан фудволк, өмд өмссөн залуу байсан. …Эхлээд намайг 1 удаа хутгалсан, тэгээд ахиад 2 дахь удаа хутгалсан. Тэгээд л цус садарчихсан. Би ч ухаан алдсан. Тэгээд би хагалгаанд орчихоод сэхээний тасагт байхдаа ухаан орж сэрсэн. Тэр намайг хутгалсан залууг би урьд нь харж байгаагүй, танихгүй залуу байсан. Бид огт тааралдаж байгаагүй учраас бидний хооронд маргааны шинжтэй асуудал байхгүй. Намайг зүгээр байхад ирж сүрдүүлээд л хутгалчихсан. Би тэр залууд огт гэм хор хүргээгүй. Би гарлуу нь нэг удаа өшиглөөд хутга нь газарт унасан. Тэгээд л би дээрээс нь дараад зуурчихсан.  Тэрнээс өөрөөр цохиж зодоогүй. Их хурдан болоод өнгөрсөн. …Би 3 шил Нийслэл пиво уусан байсан. Тэгтлээ согтоогүй байсан. Би гомдолтой байна. Би гэртээ ганцаараа ажил хийдэг, банкны зээл төлдөг, эхнэр ажилгүй, нялх хүүхэдтэй учраас манай гэр бүлийн цаашдын амьдрал маш хүнд болж байна. Би эмчилгээний зардлыг болон ажилгүй байх хугацааныхаа зардлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Би гаргасан зардлаа нэхэмжилнэ. Эдгээр зардлын баримт дээр ээжийн Архангай аймгаас ирсэн унааны зардал ороогүй байгаа. Тэр нь 3 хүний 2 талын зардалд 160.000 нэмж нэхэмжилнэ. Мөн миний Могул нэртэй гар утас, Самсунг нэртэй гар утаснууд эвдэрсэн. Могул гар утсаа 130.000 төгрөг, Самсунг гар утсыг 90.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ. Би дүгнэлтүүдтэй танилцлаа. Дүгнэлтүүдтэй холбоотой гаргах санал гомдол байхгүй. …Тэр машин намайг хутгалуулах үед тэнд зогсож байсныг би харж авсан. Хэрэгт ач холбогдолтой мэдээлэл өгч магадгүй гэж бодож хэлсэн юм. Тэр машинаас хүн бууж ирээгүй зодоон цохионд оролцсон зүйлгүй. …Би тэр залууг өшиглөж зодоогүй, тийм завдал ч болоогүй. Надаас өөр хүн тэр залуутай зууралдаагүй учраас өөр хүн өшиглөж зодох боломж байгаагүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 23-26 дугаар тал/

 

Гэрч С.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн: “Би өөрийн үеэл Х.Нямчулуунтай 2016 оны 07 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Онон” нэртэй пабд сууж нийт 12 шил пиво уусан бөгөөд пабаас 02 цаг 40 минутын үед гараад Офицерт байрлах Генерал бааранд очиход хаачихсан байсан. Тэгээд бид хоёр такси бариад 13 дугаар хорооллын Скай нэртэй бааранд очиход мөн адил хаалттай байсан. Бид хоёр дараа нь Сансарын тунел дээр очиход баарнууд нь ажиллахгүй байхаар нь гэр лүүгээ харихаар зам гараад Венус баарны баруун талд байрлах гарцны сандал дээр сууж байхад үл таних гурван залуу ирээд нэг залуу нь Х.Нямчулууныг сандал дээр сууж байхад нь боосон. Тэгэхээр нь би “бацаанууд яагаад байгаа юм” гэхэд нэг залуу нь хутга гаргаж ирээд хутгаараа чичихээр нь зайлаад тэр залууг бариад авсан. Би тэр залуутай зодолдсон. Хаанаас ч юм гурав дөрвөн залуу гүйж ирээд “хутга барьж явсан залуучууд хаана байна” гэж асуухаар нь “энэ юм бишүү гэж” хэлэхэд нэг залуу нь “тавьж бай” гэж хэлэхэд надтай ноцолдож байсан залуу зугтсан, би араас нь нэг залуутай хамт хөөсөн. Би тэр залууг гүйцээгүй. Тэгээд буцаад хүрээд ирэхэд “Шунхлай” клонкын урд хэсэгт Х.Нямчулуун нь ертөнцийн зүгээр толгойгоо баруун тийш харуулан газар эвхрээд хэвтчихсэн байсан. Хэвтэж байсан газар нь цус урсаж байсан. Тэгэхээр нь би түргэн дуудсан. Түргэний машин 5 минутын дараа ирээд Х.Нямчулууныг эмнэлэг руу аваад явсан. Тэгсэн надтай хамт хүн хөөсөн улаан шоотой цамцтай залуу “нөгөө хүнийг бариад цагдаад өгчихсөн байгаа” гэж надад хэлсэн. Би тэгээд Х.Нямчулуунтай хамт эмнэлгийн тэргэнд суугаад явсан. Бид хоёр хүн амьтантай маргалдаагүй, тэр гурван залуу өөрсдөө ирж өдөж хоргоосон болно.” гэх мэдүүлэг, 

/хх-ийн 29 дүгээр тал/

Гэрч М.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Би 18-ны өдөр ажилгүй амарч байсан. Би гэрээсээ гараагүй гэртээ өнжсөн. Би хүнээс Айфон-6 маркийн гар утас авах гээд 18 цаг өнгөрч байхад Хасарлуу залгаад “хамт яваад утас үзээд өгөөч, ахдаа зөвлөгөө өгөөч” гэж хэлсэн. Хасар 19 цаг өнгөрч байхад манай гэрт ирсэн. Хасар бид 2 манайхаас гараад багшийн дээд сургуулийн автобусны буудал дээр надтай гар утасны наймаа хийх гэж байгаа хүнтэй уулзсан. Би тэр хүнээс гар утсыг нь авсан. Бид 2 буцаад манай гэр лүү явж байх замдаа Хасар надад хандаад “нэг пиво аваад өгчих” гэхээр нь би дэлгүүрээс 4 лааз пиво авсан. Тэр пивоо бид 2 манай гэрт ирээд хувааж уусан. Би нэг пиво уугаад Хасар гурвыг уусан. Миний авсан гар утас ажиллахгүй байсан. Тэгээд Хасар надад нэг гар утас түр бариулъя гээд бид 2 Хасарын гэрлүү явсан. Тэгээд дэлгүүр ороод 3 пиво аваад уугаад явсан. Тэгээд Хасарын гэрийн хажуугийн дэлгүүр ороод ахиад нэг том пиво авсан. Авсан пивоо гудамжинд уусан. Пивоо ууж дуусаад Хасарын гэр лүү ортол Хасарын найз нь “унтаж амар” гэж Хасарт хэлэхэд Хасар нь “Мягмарсүрэн ахын гэрт очиж хононо” гэж хэлээд ажлынхаа хувцасыг цүнхэнд хийгээд бид 2 манайх руу хамт явсан. Явж байх замдаа Хасар надад хандаад “миний дансанд мөнгө байгаа, хоёулаа гарах уу” гэсэн. Би тэр саналыг зөвшөөрөөд Хасар бид 2 манайхаар орчихоод хамт гарцгаасан. Гарахаасаа өмнө би найз Цогтоог дуудсан. Хасар бид 2 манайхаас гарах үед Цогтоо ирж таараад бид Сансарын “Оакланд” гэдэг нэртэй бааранд орсон. Бааранд ороод 6 пиво захиалаад уугаад бүжиглээд суусан. Бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Хасарын өмдөнд нэг урт юм байхаар нь би Хасараас “өмдөндөө юу хийчихсэн юм бэ, хутга юм биш биз, тийм бол наадхаа хаяаарай” гэж хэлсэн. Хасар намайг нэг их тоогоогүй, би ч тэгээд л тэр яриаг орхисон. Тэгээд баар хаагаад бид 3 баарнаас гарсан. …Баарнаас гараад харих замдаа хэсэг залуучууд зогсож байгаагийн хажуугаар би зөрөхдөө зөрье гэж хэлээд зөрсөн, явж байгаад эргээд хартал Хасар нэг залуутай зууралдчихсан байсан. Тэгээд л Хасар миний хажуугаар гүйж өнгөрөөд цаана сандал дээр сууж байсан нэг залуутай барьцалдаад авсан. Тэгтэл Хасартай барьцалдсан залуугийн найз нь бололтой залуу сууж байгаад босоод ирэхээр нь би тэр залуутай барьцалдаж авсан. Их сүртэй зодоон болоогүй, гэтэл хаанаас ч юм бүү мэд хэд хэдэн залуучууд гараад ирчихсэн байсан. Нэг харахад надаас нилээн хол зайд Хасар нөгөө залуутайгаа барьцалдчихсан байсан. Надтай зууралдсан залуу намайг явуулахгүй бариад байсан. Нэг харахад Хасар байхгүй болчихсон байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 30-31 дүгээр тал/

Гэрч П.Цогтбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 18-ны орой гэртээ байж байхад 23 цаг өнгөрч байхад манай хажуугийн өрөөний Мягмарсүрэн намайг гэрт орж ирж дуудсан. Дуудахдаа “хальт гарцгаая” гэсэн. Би зөвшөөрөөд гэрээсээ гараад иртэл Мягмарсүрэнтэй хамт нэг танихгүй залуу байсан. Тэр залуутай танилцахад “цэргийн ангид ажилладаг, нэр нь Хасар” гэж өөрийгөө танилцуулсан. Ингээд бид гурвуулаа яваад АТМ орж Хасар мөнгө авсан. Тэгээд Сансарын “Оакланд” гэдэг нэртэй бааранд орсон. Бааранд 6 шил пиво захиалаад пивоо уугаад, бүжиглээд сууж байгаад баар хаахад гарсан. Миний бодож байгаагаар баар 04 цагт хаасан байх гэж бодож байна. Гараад гэр лүүгээ алхаад явж байхад зам дагуу хэсэг залуучууд зогссон байсныг би араар нь тойроод гарсан. Тэгээд нэг харахад Хасар, Мягмарсүрэн нар хүмүүстэй муудалцаад барьцалдаад авчихсан байсан. Би ойртоогүй, шууд хаяад явсан. Нэг эргээд хартал Хасар миний араас гүйж байсан. Хасарын араас хүн хөөж байгаа харагдахаар нь би зугтаагаад, гүйж байгаад эргээд хартал Хасар гартаа хутгаа барьчихсан гүйж байсан. …Сүүлд зугтаагаад гүйж байхдаа гартаа хутга бариад гүйж байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 32-33 дугаар тал/

 

Гэрч Д.Лхамхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би байрандаа засвар хийгээд Хасарыг гуйгаад тэдний хөлсний байранд нэг хэсэг хугацаанд хамт амьдарч байсан юм. 7 дугаар сарын 18-ны орой би 18 цаг гээд ажил тараад Хасар бид 2 хамт гэртээ ирсэн. Тэгээд гэртээ байж байтал Хасар гараад явсан. Гарч явснаасаа хойш 2-3 цагийн дараа нилээн халамцсан байдалтай миний танихгүй нэг залуугийн хамтаар орж ирээд, буцаад гарна гэхээр нь би Хасарыг “унтаад яв” гэсэн чинь “эднийд очоод хононо” гэж хэлээд өглөө ажилдаа өмсөх хувцасаа аваад явсан. Тэгтэл маргааш нь Хасарт солих хувцас хэрэгтэй гэхээр нь би Хасарт солих хувцас аваад Цагдаагийн хэлтэс дээр авчирч хувцасыг нь сольж өгсөн. Тэр үед Хасар надад хүн хутгалсан гэж хэлээгүй. Дараа нь ажил дээрээ ирээд хүн хутгалсан хэрэгт холбогдсон юм байна гэж дуулсан. Би Хасарыг хутга авч гарсаныг мэдээгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 34 дүгээр тал/

 

Гэрч Ц.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “…Дуудлагыг хүлээн аваад Венус баарны гадаа хүрээд иртэл хүн байгаагүй, тэгээд хойшоо явтал Шунхлай ШТС-ын ойролцоо ирэхэд зам дээр нэгэн эрэгтэй хүн газарт хэвтсэн, хажууд нь найз нь гэх залуу, бас хараад зогсож байсан 2-3 хүн байсан. Тэр хүний биеийн байдал тааруухан байсан, юу болсон талаар нь асуухад “танихгүй хүн муудалцаад хутгаллаа” гэж хэлсэн. Би машинаас буугаад шууд хутгатай хүний зугтаасан зүг рүү гүйсэн. Тэгтэл хутгалсан гэх хүн нь Венус баарны урдуур гүйгээд орон сууцны байр луу орох гээд төмөр хашаанд тулаад, тэр хашааг давах гэж байгаад өөрийгөө гэмтээсэн байдалтай хашаан дээр тэгнээд хэвтсэн байсан. Яваад очтол гарт нь хутга байсан. Би “хутгаа хая” гэсэн шаардлага тавиад, хутгаа хаясных нь дараа буулгаж ирсэн. Тэр этгээд өөрөө бол наашаа ч бууж чадахгүй, цаашаа ч бууж чадахгүй болсон байсан. Би тусалж дэмжиж байгаад буулгаж ирсэн. Тэр этгээд бууж ирээд “найзыг маань зодсон, тэгээд би тэр хүнийг хутгалсан” гэсэн зүйл хэлсэн. Хутга хаанаас авсан талаар нь асуухад “энэ хавиас олсон” гээд газар заагаад байсан. Тэгээд тэмдэглэл үйлдэн хутгыг хураан аваад Сүлд-10-т хүлээлгэн өгсөн. Тэр этгээдийн нэрийг асуухад нэрээ Хасар гэж хэлсэн ба нилээн их согтуурсан байдалтай байсан. Ц.Хасар нь эсэргүүцэл үзүүлээгүй, би цохиж зодоогүй. Ойр орчимд нь 2-3 залуу байсан. Явуулын л улсууд байсан юм байна лээ, хүн хутгалчихлаа гээд л араас нь явсан юм байна лээ. Гэхдээ тэр хүмүүс хутганаас нь айгаад огт ойртоогүй байж байсан. Би тэр хүмүүсийн талаарх мэдээллийг аваагүй байхад өөрсдөө тараад явцгаачихсан. Ц.Хасар нь баригдах үедээ бусдад зодуулсан талаар огт яриагүй. Гуя орчимд нь гэмтсэн, өмд нь урагдсан харагдсан. Нүүр ам нь зүгээр байсан. Өөрөө хүнд зодууллаа гэх зүйл яриагүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 35-36 дугаар тал/

 

Гэрч Г.Цэрэндуламын мөрдөн байцаалтад өгсөн: “Миний хүү Хасар нь ээж аавдаа  элбэрэлтэй, томоотой хүү юм. Элдэв янзын ааш авир гаргаад байдаггүй. Дашбалбар сумынхаа дунд сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшээд Шинжлэх ухаан техникийн их сургуулийн хуваарь авсан, тэгээд их сургуулийн төлбөр төлөх боломж байхгүй учраас хүү маань Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Хуваарь авсан Шинжлэх ухаан технологийн их сургуульд элсэн ороогүй, Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн ангид суралцаж төгсөөд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид ахлагчаар ажиллаж байгаад хэрэгт холбогдсон талаар нь дуулаад би Дорнод аймгийн Дашбалбар сумаас ирээд байна. Би нөхрийн хамтаар сумын төв дээр ажил хийгээгүй, амьдрал ахуй жаахан хүнд байна. Хүү маань ажил хийж, нөхөр бид хоёрт тус нэмэр болдог байсан. Хүү маань дунд сургуульд суралцаж байхдаа сурлагандаа сайн, биеийн тамирын хичээлд дур сонирхолтой, биеийн хөгжил сайнтай, анги хамт олныхоо дунд нэр хүнд сайнтай, бусадтай их нийтэч харилцаатай байдаг хүүхэд юм. Хүнд их тусархуу зантай хүү байгаа юм. Хүү маань хийсэн ажлаа дуусгадаг, ажил хөдөлмөрт сайн, үнэнч шударга хүү юм. Нөхөр бид 2 Хасарыг өргөж авсан гэж ямар нэгэн байдлаар гадуурхаад байдаг зүйл байхгүй. Нөхөр бид 2 хүүгийнхээ дэргэд маргалдаж ч үзээгүй, чадах чинээгээрээ л хүмүүжүүлсэн. Би чадах чинээгээрээ хохирогчийн эмчилгээний зардалд тус нэмэр болно.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 39 дүгээр тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10227 дугаар:

            1. Нямчулууны биед баруун зүүн талд уушигны 3-р сигмент, үнхэлцэг хальс, хавирганы артерыг гэмтээсэн цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн цээжний хөндийн цус хуралт, баруун талд цээжний хөндийн нэвтэрсэн шарх, баруун цээжний хөндийн хий хуралт, цээжинд шарх, 2 шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

             4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 42 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 4546 дугаар:

            1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс 2 ширхэг гарын мөр илэрсэн.

            2. Илэрсэн 2 ширхэг гарын мөрийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэг болох папилляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалалт зэрэг шинж тэмдгүүд нь тод дүрслэгдээгүй, тооны хувьд шууд дүгнэлт өгөхөд хангалтгүй байх тул адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 44 дүгээр тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6384 дүгээр:

            1. Холбогдогч Ц.Хасараас хураан авсан гэх 27 см урттай, 11,5 см иштэй, ажлын хэсэг-15,5 см урт-хуванцар шаргал иштэй хутга дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь О/1/ бүлгийн харъяалалтай байна.      

            2. Цусан толбо тогтоод хэдий хугацаа өнгөрсөн байж болох вэ? гэсэн асуултад хариулах боломжгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 47 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10118 дугаар:

           1. Ц.Хасарын биед баруун сарвууны 5-р хуруунд шарх, зүүн гарын алганд зах ирмэг тэгш бус өнгөц шарх, зүүн алга, хэвлийд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Баруун сарвууны 5-р хурууны шарх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх баруун сарвууны 5-р хурууны шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

           4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

           5. Ц.Хасар нь АВО системээр А/II/ бүлгийн харъяалалтай цустай байна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 57 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6320 дугаар:

           1. Ц.Хасар гэж хаягласан цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 58 дугаар тал/

 

Гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 4-6  дугаар тал/

 

Хутга хураан авсан тэмдэглэл,

/хх-ийн 19 дүгээр тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 83 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 84 дүгээр тал/

Дорнод аймаг Дашбалбар сумын 5 дугаар багийн Засаг даргын  тодорхойлолт,

/хх-ийн 86 дугаар тал/

 

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагчийн тушаал,

/хх-ийн 87-88 дугаар тал/

 

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал,

/хх-ийн 89-90,92 дугаар тал/

 

Ажил байдлын тодорхойлолт,

/хх-ийн 91 дүгээр тал/

 

Өвчний түүх,

/хх-ийн 103-119 дүгээр тал/

Хохирлын баримтууд,

/хх-ийн 120-130 дугаар тал/

 

Хохирлын мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 131 дүгээр тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч  Ц.Хасар нь согтуурсан үедээ танхайн сэдэлтээр 2016 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Нямчулууны цээжин тус газар 2 удаа хутгалж бие махбодид нь баруун зүүн талд уушигны 3 дугаар сигмент, үнхэлцэг хальс, хавирганы артерыг гэмтээсэн цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн цээжний хөндийн цус хуралт, баруун талд цээжний хөндийн нэвтэрсэн шарх, баруун цээжний хөндийн хий хуралт, цээжинд шарх, 2 шуунд зулгаралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Нямчулууны өгсөнБи Хасарын гар луу өшиглөж хутгыг унагаасан. Тэгээд Хасарыг доош нь дарсан байхад ардаас 2-оос 3 хүн ирээд “хутгатай явж байсан хүн мөн байна, барьж байгаарай” гэж хэлсэн. Хутга зам дээр унасан байсан. Тэр үед хутгагүй гэж бодоод дарж авахад Хасар доороос хутгалсан. Зам дээрх 1 машины жолоочоос “цагдаа дуудаад өгөөч” гэж гуйсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Миний зүүн, баруун 2 талд хутгалсан.” гэх,

шүүгдэгч Ц.Хасарын өгсөн “Алхаад явж байхад хохирогч Нямчулуун болон бүлэг хүмүүстэй муудсан. Нямчулуун миний хүзүүнээс шилдэж дарсан. Нямчулуун “чи яаж байна аа” гэхэд би “ахаа ингээд явуулчих” гэсэн. Тэр үед хажуу талаас бүлэг хүмүүс орж ирээд цохисон. Тэд нар “наадахаа буланруу аваад ир, энд нь зохицуулчихъя” гэсэн. Би маш их айж сандарсан байсан тул хохирогч Нямчулууны биед хүнд гэмтэл учруулсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би болсон явдлыг мэдэж байгаа. Би эхлээд өөрийгөө хамгаалах гэж сүрдүүлсэн. Тэгээд хохирогч Нямчулуун намайг тавихгүй байхаар нь хатгасан. Тухайн үед хүн хатгасан гэдгээ мэдсэн. Ноцолдож байхад дахин хатгасан байсан.” гэх,

мөрдөн байцаалтад хохирогч Х.Нямчулууны өгсөн “...3 залуу ирээд намхан нуруутай залуу нь миний хүзүүнд хутга тулгаад “ална шүү” гэсэн. Тэр хутга нь их урт, том хутга байсан. Би тэр залууд хандаад юу болов гэтэл тэр залуу “дуудаад оролдоод байна уу” гэсэн. Би тэр залууд хандаад “бид 2 зүгээр сууж байна” гэдгээ хэлсэн. Тэгээд тэр залуутай хамт явсан 2 залуу нь Батболдтой зодолдсон. Надад хутга тулгасан залуу Батболд руу явахаар нь би араас гар луу нь өшиглөөд хутга нь газарт унасан. Тэгээд би тэр залуутай барьцалдаж аваад, би тэр залууг хүзүүдээд доош нь дараад цагдаа дуудна гэсэн. Ингээд байж байхад тэр залуу доош тонгойсон байж байхдаа намайг цээжин тус газарт 2 удаа хутгалчихаад явсан. Би тэгээд л газар унасан. ...Намхан нуруутай, бараан фудволк, өмд өмссөн залуу байсан. …Эхлээд намайг 1 удаа хутгалсан, тэгээд ахиад 2 дахь удаа хутгалсан. Тэгээд л цус садарчихсан. Би ч ухаан алдсан.” гэх,

мөн шүүгдэгч Ц.Хасарын өгсөн “...Ингээд би газраас хутгаа аваад гарыг нь тавиулах гээд жаахан биенээс нь хөндийрөөд 1 удаа хатгахад цээж рүү нь хутга орсон. Тэр залуу надад хутгаар хатгуулаад гараа авчихаар нь ахиад нэг хатгачихаад зугтаасан. ...Тэгээд л хутгалахад тэр залуу газарт унасан, би зугтаасан. …Хохирогч Х.Нямчулууны биед учирсан, шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг би хутгаар хутгалж учруулсан. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Уг гэмтлийг би учруулсан. Миний баруун сарвууны 5 дугаар хурууны шарх гэмтлийг би өөрийнхөө барьж байсан хутгандаа зүссэн.” гэх,

гэрч Б.Дуламсүрэнгийн өгсөн “...2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 04 цаг 50 минутын үед Хүрэлбаатар овогтой Нямчулуун, 29 настай, эрэгтэй, цээжинд хоёр газар хутгалагдсан шархтай орж ирсэн. ...Ямар нэгэн яриа өгүүлэмж яриагүй биеийн байдал муу байсан.” гэх,

гэрч С.Батболдын өгсөн “...венус баарны баруун талд байрлах гарцны сандал дээр сууж байхад үл таних гурван залуу ирээд нэг залуу нь Х.Нямчулууныг сандал дээр сууж байхад нь боосон. Тэгэхээр нь би “бацаанууд яагаад байгаа юм” гэхэд нэг залуу нь хутга гаргаж ирээд хутгаараа чичихээр нь зайлаад тэр залууг бариад авсан. ...надтай ноцолдож байсан залуу зугтсан би араас нь нэг залуутай хамт хөөсөн. Би тэр залууг гүйцээгүй тэгээд буцаад хүрээд ирэхэд “Шунхлай” клонкын урд хэсэгт Х.Нямчулуун нь ертөнцийн зүгээр толгойгоо баруун тийш харуулан газар эвхрээд хэвтчихсэн байсан. Хэвтэж байсан газар нь цус урсаж байсан.” гэх, 

гэрч М.Мягмарсүрэнгийн өгсөн: “…Бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Хасарын өмдөнд нэг урт юм байхаар нь би Хасараас өмдөндөө юу хийчихсэн юм бэ, хутга юм биш биз, тийм бол наадхаа хаяарай гэж хэлсэн. …Тэгээд л Хасар миний хажуугаар гүйж өнгөрөөд цаана сандал дээр сууж байсан нэг залуутай барьцалдаад авсан. …Нэг харахад надаас нилээн хол зайд Хасар нөгөө залуутайгаа барьцалдчихсан байсан.” гэх,

гэрч П.Цогтбаатарын өгсөн: “ ...Тэгээд нэг харахад Хасар, Мягмарсүрэн нар хүмүүстэй муудалцаад барьцалдаад авчихсан байсан. Би ойртоогүй, шууд хаяад явсан. Нэг эргээд хартал Хасар миний араас гүйж байсан. Хасарын араас хүн хөөж байгаа харагдахаар нь би зугтаагаад, гүйж байгаад эргээд хартал Хасар гартаа хутгаа барьчихсан гүйж байсан.” гэх,

гэрч Ц.Анхбаярын өгсөн: “…тэгээд хойшоо явтал Шунхлай ШТС-ын ойролцоо ирэхэд зам дээр нэгэн эрэгтэй хүн газарт хэвтсэн, хажууд нь найз нь гэх залуу, бас хараад зогсож байсан 2-3 хүн байсан. Тэр хүний биеийн байдал тааруухан байсан, юу болсон талаар нь асуухад танихгүй хүн муудалцаад хутгаллаа гэж хэлсэн. ...Яваад очтол гарт нь хутга байсан. ...Тэр этгээдийн нэрийг асуухад нэрээ Хасар гэж хэлсэн ба нилээн их согтуурсан байдалтай байсан.” гэх,

гэрч Б.Гэрэлсүрэнгийн өгсөн: “...Нөхөр маань хэлэхдээ огт танихгүй 3 залуу байсан, намхан нуруутай залуу хутгалсан гэж хэлж байна лээ. ...Эмчилгээнд гарах зардлыг буруутай хүнээс нь нэхэмжилнэ. Миний хувьд маш их гомдолтой байна.” гэх мэдүүлгүүд,

хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10227 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-6/, хутга хураан авсан тэмдэглэл /хх-19/, өвчний түүх /хх-118-119/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Хасарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

            Иймд шүүгдэгч Ц.Хасарыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Шүүх шүүгдэгч Ц.Хасарт ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу хохирогч Х.Нямчулуун нь өөрт учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй байна.

Хохирогч Х.Нямчулуун нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Ц.Хасараас 3.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Х.Нямчулууны эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой 695.109 төгрөгийн зардал /139.000 төгрөг хх-120-121, 6400 төгрөг хх-122, 27333 төгрөг хх-123, 64902 төгрөг хх-124, 28461 төгрөг хх-125, 12500 төгрөг хх-1426, 337.500 төгрөг хх-127,103, 46576 хх-129, 32437 хх-130 дугаар тал/ гарсан болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ц.Хасар нь хохирогч Х.Нямчулуунд 1.000.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл баримт /хх-131/ -аар нотлогдож байна.

 

Хохирогч Х.Нямчулуун нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, би ар гэрээ тэжээж ажил хийдэг байсан. Манай амьдрал нилээн хүнд болсон. Хасараас 3 сая төгрөг нэхэмжлэхэд 1 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл 2 сая төгрөгөө нэхэмжилж байна. Би банкны зээлтэй, сард 2 удаа төлдөг. Эрүүл мэндийн улмаас ажил хийхгүй байгаа. Нийт хэдэн төгрөгийн баримт гаргаж өгсөн гэдгийг би бодож үзээгүй. Би хэргийн материалтай танилцахдаа хохирлын баримтаа тулгаж үзээгүй” гэж тайлбар гарган гэм хорын хохиролд хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, ажилгүй байсан хугацаанд төлөх байсан зээлийн төлбөрийг нэхэмжилж байх боловч цалин орлоготой холбоотой баримт болон барьцаат зээлийн гэрээтэй холбоотой баримтуудыг шүүхэд гарган өгөөгүй тул шүүх энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд хохирогч Х.Нямчулуун нь цаашид хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баярбат “Шүүгдэгч Хасар өөрөө хохирогч болсон. Хэн гэмтэл учруулсан эсэх нь бүрэн тогтоогдоогүй. Мөрдөн байцаагч “энэ хүмүүс олдохгүй” гэсний улмаас хэргийг шалгаагүй. ЭБШХуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдоогүй.” гэж тайлбар гарган мэтгэлцэж байх боловч Ц.Хасарт холбогдох хэргийг хэлэлцээд тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг бүрэн тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд Ц.Хасар бусдад зодуулсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гарган, мэдүүлэг өгөөгүй байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хэрэг гарсан өдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Ц.Хасарын биед үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-15/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 10118 дугаар акт /хх-57/-аар түүний биед баруун сарвууны 5 дугаар хуруунд шарх, зүүн гарын алганд зах ирмэг тэгш бус өнгөц шарх, зүүн алга, хэвлийд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдсон, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “…баруун гарын чигчий хуруу хутгандаа зүсэгдсэн, 2 өвдөг, гарын алган дээр байгаа зулгаралт нь унаад зулгарсан, гуян дээр байгаа хөхөрсөн шарх нь хашаа давах гэж байгаад авсан гэмтэл” гэх, мөн гэрч Ц.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн “…Ц.Хасар нь баригдах үедээ бусдад зодуулсан талаар огт яриагүй. Гуя орчимд нь гэмтсэн, өмд нь урагдсан харагдсан. Нүүр ам нь зүгээр байсан. Өөрөө хүнд зодууллаа гэх зүйл яриагүй.” гэх мэдүүлгүүдээр дээрх гэмтлүүдийг бусдад зодуулж авсан, дээрхээс өөр гэмтэл түүнд учирсан болох нь нотлогдохгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 см урттай, 11,5 см иштэй, ажлын хэсэг 15,5 см урт хуванцар шаргал иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.1, 298.1.2,  298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шарайд овогт Цэрэндуламын Хасарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар Ц.Хасарт 4 жил 8 сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар Ц.Хасарт оногдуулсан 4 жил 8 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ц.Хасарын урьд цагдан хоригдсон 31 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27 см урттай, 11,5 см иштэй, ажлын хэсэг 15,5 см урт, хуванцар шаргал иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Ц.Хасар нь хохирогч Х.Нямчулуунд учирсан гэм хорын хохиролд 1.000.000 төгрөг төлсөн, хохирогч Х.Нямчулуун нь цаашид хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Хасарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ОДОНТУУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                  Д.БАТСУУРЬ

 

                                                                                      С.ӨСӨХБАЯР