Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2016/0437

 

“Том зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 334 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор, “Том зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагадаа: Том зам ХХК-нд Ц-020Х, Ц-021Х дугаар бүхий 2 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрхийг сэргээж бүртгэхгүй байгаа Ашигт малтмалын газрын эрх бүхий даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Том зам ХХК-нд Ц-020Х, Ц-021Х дугаар бүхий 2 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг сэргээн бүртгэх шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газарт даалгуулах” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Давааравдан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Том зам ХХК-иас 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр Цөмийн энергийн газарт /хуучин нэрээр/ Дорноговь аймгийн Өргөн, Улаанбадрах, Эрдэнэ сумдад орших Бүрдэнгийн хөндий, Ухаан толгой нэртэй талбайнуудад тус тус цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бичиг баримтын хамт ирүүлсэн.

Том зам ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр ирүүлсэн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр авахыг хүссэн өргөдөл холбогдох материалуудыг хянан үзэж, цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр Том зам ХХК-нд Дорноговь аймгийн Эрдэнэ, Улаанбадрах суманд орших Ухай толгой нэртэй 27415 гектар талбайд Ц-020Х, Дорноговь аймгийн Өргөн, Эрдэнэ суманд орших Бүрдэнгийн хөндий нэртэй 82449,85 гектар талбайд Ц-021Х тусгай зөвшөөрлүүдийг олгосон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Уран, газрын ховор элемент эрчим хүчний үйлдвэртэй холбогдсон үйл ажиллагаанд хяналт тавих тухай 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181 дүгээр зарлигаар үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөө үзүүлэх уран, газрын ховор элементийн хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлийг олгох, эрх шилжүүлэх, эрчим хүчний үйлдвэр барьж байгуулах асуудлаар шийдвэр гаргахын өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж байхыг холбогдох төрийн байгууллагуудад үүрэг болгосон бөгөөд тус зарлиг хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул Том зам ХХК-нд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын Ц-020Х, Ц-021Х дугаартай зөвшөөрлүүдийг олгохдоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлээгүй нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181 дүгээр зарлигийг зөрчсөн байх тул Цөмийн энергийн газрын / хуучин нэрээр/ даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцох үндэслэл бүрдсэн болохыг Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/290 дүгээр албан бичгээр Том зам ХХК-нд мэдэгдсэн.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлиг, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4.4, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Чиглэл өгөх тухай н/35 дугаар албан бичгийг тус тус үндэслэн Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тусгай зөвшөөрөл олгох тухай 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон.

Том зам ХХК-ийн Ц-020Х, Ц-021Х дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон цөмийн энергийн газрын даргын А/29 дүгээр тушаалын талаар болон Цөмийн энергийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг 1, 2 дугаар хавсралтын хамт Цөмийн энергийн газарт /хуучин нэрээр/ ирүүлэх тухай 8/394 дүгээр албан бичгийг Том зам ХХК-нд 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн.

Уг албан бичгийг уг компани хүлээн аваад Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа талаараа Цөмийн энергийн газарт мэдэгдсэн байна.

Том зам ХХК-ийн Ц-020Х, Ц-021Х дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон цөмийн энергийн газрын даргын А/29 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээр хэргийг хянан хэлэлцэж Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/29 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 207 дугаар шийдвэр гаргасан.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч компаниудын өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр магадлал гарч Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхисон.

Нөгөө талаараа урд шүүхээр шийдвэрлэгдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй хэргийн талаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэх хуулийн заалтыг зөрчиж нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Иймд Том зам ХХК-ийн Ц-020Х, Ц-021Х цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн эзэмших эрхийг сэргээн бүртгэхгүй байгаа Ашигт малтмалын газрын даргын эс үйлдэхүй, дээрх тусгай зөвшөөрлүүдийг сэргээн бүртгэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Цөмийн энергийн тухай хуулийн 112 дүгээр зүйлийн 112.1, 112.1.1-д заасныг баримтлан Том зам ХХК-ийн гаргасан Том зам ХХК-нд Ц-020Х, Ц-021Х дугаар бүхий 2 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрхийг сэргээж бүртгэхгүй байгаа Ашигт малтмалын газрын эрх бүхий даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Том зам ХХК-нд Ц-020Х, Ц-021Х дугаар бүхий 2 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг сэргээн бүртгэх шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар 06-ны өдрийн 334 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч "Том Зам" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 07 дугаар тушаалаар "Том зам" ХХК-нд Ц-020Х, Ц-021Х 2 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг тус тус зохих хууль, журмын дагуу олгосон. Манай компани дээрх дугаар бүхий цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хуулийн дагуу эзэмшиж, өөрсдийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан.

Гэтэл Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Манлайжав 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/29 дугаар тушаалаар манай компанид олгосон Ц-020Х, Ц-021Х 2 ширхэг ашигт малтмапын тусгай зөвшөөрлүүдийг ямар ч үндэслэлгүйгээр цуцалсан байсан. Бид үүнийг мэдмэгцээ тус газарт хууль зөрчиж гаргасан дээрх тушаалд нь гомдлоо гаргасан. Тус өргөдөл гомдлыг Цөмийн энергийн газар хянан судлаад хууль зөрчснөө хүлээн зөвшөөрч "Том зам" ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр бичгээр "эвлэрлийн гэрээ"-г байгуулсан болно.

Уг эвлэрлийн гэрээний гол зорилго, үндэслэлд "Том зам" ХХК-ийн гаргасан гомдол шаардлагыг Цөмийн энергийн газар хүлээн зөвшөөрч маргааныг эвийн журмаар шийдвэрлэхэд оршино гэж заасан. Мөн Цөмийн энергийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл, материалаа ирүүлсэн манай компанийн Ц-020Х, Ц-021Х тоот тусгай зөвшөөрлүүдийг олгосон ба уг тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/29 дугаар тушаал нь Цөмийн энергийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан "тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөлд хамаарахгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04, 05, 06 дугаар шийдвэрүүдийг сэргээх үндэслэлтэй байна" гэж, мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д "хариуцагч Цөмийн энергийн газар нь нэхэмжлэгч "Том зам" ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг нь энэхүү эвлэрлийн гэрээ байгуулмагц сэргээнэ" гэх үүргийг хүлээж, 2 тал харилцан тохиролцсон юм.

Хариуцагч байгууллага Цөмийн энергийн газар эвлэрлийн гэрээг байгуулсан өдрөө үүргээ биелүүлж тус газрын даргын /Н.Тэгшбаяр/ 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 032 дугаар бүхий "Тушаал хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээх тухай" тушаал гаргасан. Уг тушаалд Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тушаалаар "Нейшнл ураниум ресурсес ХХК"-д олгосон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээсүгэй гэсэн. Энэхүү тушаалтай ижил утга агуулга бүхий тушаал ч бусад үлдсэн компаниуд дээр гарна гэж хүлээж байсан.

Хариуцагч Цөмийн энергийн газар нь бусад компаниуд дээр тушаал гаргаж цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээж амжаагүй байхад тус газар нь татан буугдаж түүний хэрэгжүүлж байсан чиг үүрэг нь одоогийн Ашигт малтмалын газарт шилжсэн.

Үүний дагуу Ашигт малтмалын газрын дарга, удирдлагатай удаа дараа биечлэн уулзах болон албан бичгээр хандаж тусгай зөвшөөрлөө сэргээн бүртгэхийг хүсэхэд татгалзаж сүүлд буюу 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2/6893 дугаар албан бичигт "танай хүсэлтийн дагуу тусгай зөвшөөрлүүдийг сэргээх боломжгүй тул холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй болно" гэх хариуг манайд хүргүүлсний дагуу шүүхэд хандсан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар 06-ны өдрийн 334 дугаар шийдвэрээр энэ асуудлаар өмнө нь Захиргааны хэргийн шүүх захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн мөн, Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Тэгшбаяртай байгуулсан 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн эвлэрлийн гэрээг өН.Тэгшбаяраас асуусан мэдүүлэг, Цөмийн энергийн газрын ажлын албанд хийсэн бичиг баримтын үзлэг, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2318 дугаар шинжээчийн дүгнэлтээр хууль бус, гарын үсэг нь биш гэх үндэслэлээр манай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул дээрх шийдвэрийг өөрчилж компанийн гаргасан нэхэмжлэлийн ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхээс “Том зам” ХХК болон Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Тэгшбаяр нарын хооронд байгуулагдсан гэх 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ” нэртэй баримт бичиг хуульд нийцсэн эсэх, уг гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээний дагуу хариуцагчид нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлүүдийг сэргээх үүрэг үүссэн эсэх зэргийг тодруулахад шаардагдах ажиллагааг хийж, цугларсан баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Цөмийн энергийн газрын дарга 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар “Том зам” ХХК-ийн Ц-020Х, Ц-021Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосонтой холбоотой захиргааны хэргийг өмнө нь шүүх[1]Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04, 05, 06, 07, 08 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарт цацраг идэвхт ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр шууд олгосон нь буруу болжээ” гэсэн дүгнэлт хийж, “Том зам” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээд давж заалдах гомдолдоо шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ бичсэн байх бөгөөд энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4-т заасан “шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгааг тусгана” гэх шаардлагыг хангахгүй байгааг тэмдэглэх шаардлагатай байна.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг зөв шийдвэрлэсэн байгаа тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх  хэсгийг  удирдлага болгон

ТОГТООХ нь

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 334 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ