Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  Д.Соёлзул

             Улсын яллагч                                Г.Тунгалаг

                         Шүүгдэгч                                              Ш.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүргэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ш.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 7 дугаар баг, Нарангийн 103 тоотод оршин суух хаягтай. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн *******ын ******* /РД:М304252431/

                

          Холбогдсон хэргийн талаар: Ш.******* нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Спирт бал бурам” ХХК-ны спортын заалнаас Samsung А-51, Iphone-8, Huawei-Р40 Lite, LG-X6 загварын 4 ширхэг гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, насанд хүрээгүй хохирогч Н.*******д 450.000 төгрөгийн, Б.*******д 650.000 төгрөгийн, Г.*******д 600.000 төгрөгийн, С.*******д 200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.******* мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул ахиж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...гэжээ.

 

Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Н.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...Би 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Спиртийн зааланд болж байсан хүүхдийн баярт зориулсан гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн үзэж байгаад өөрийн найз Анужингийн шаргал өнгөтэй үүргэвчинд өөрийн эзэмшлийн Самсунг-А-51 загварын ногоон өнгийн гар утсыг хийчихсэн байж байгаад хулгайд алдчихсан юм. Би 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Зүүнхараагийн "Самсунг" гар утасны дэлгүүрээс шинээр нь 800.000 төгрөгөөр худалдаж авч байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

 Насанд хүрээгүй хохирогч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... "...Би 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Спиртийн зааланд болж байсан хүүхдийн баярт зориулсан гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байх үедээ өөрийнхөө улаан хар алагласан өнгөтэй спорт цүнхэндээ өөрийн эзэмшлийн "Хуавай-Пи40 лайт" загварын гүн цэнхэр өнгийн гар утсыг хийчихсэн байж байгаад хулгайд алдчихсан юм. ...Би 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Зүүнхараагийн мобиком салбараас "Хуавай Пи-40 лайт" загварын гүн цэнхэр өнгийн гар утсыг шинээр нь 969.000 төгрөгөөр худалдаж авч байсан" гэсэн мэдүүлэг, /хх-ийн 30-31-р тал/,

Насанд хүрээгүй хохирогч Г.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...Би 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Спиртийн зааланд болж байсан хүүхдийн баярт зориулсан гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байх үедээ өөрийнхөө ягаан өнгийн цүнх дотроос “Айфоне-8" загварын цагаан өнгөтэй, гадуураа ягаан өнгийн гэртэй гар утсаа хулгайд алдчихсан юм. ...Би 2021 оны 06 дугаар сард Зүүнхараагийн Тэнүүнгоо гар утасны дэлгүүрээс Айфоне-8 загварын цагаан өнгийн гар утсыг шинээр нь 850.000 төгрөгөөр худалдаж авч байсан" гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р тал/,

Насанд хүрээгүй хохирогч С.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...Би 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Спиртийн зааланд болж байсан хүүхдийн баярт зориулсан гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байх үедээ өөрийн эзэмшлийн Ю-Х6 загварын хар хөх өнгийн гар утсыг ангийнхаа хүүхэд болох Цэнгүүний цүнхэнд хийчихсэн гар бөмбөг тоглож байгаад хулгайд алдчихсан юм. ...Би 2021 оны 03 дугаар сард Зүүнхараагийн "Самсунг" гар утасны дэлгүүрээс LG-Х6 загварын хар хөх өнгийн гар утсыг шинээр нь 380.000 төгрөгөөр худалдаж авч байсан" гэсэн мэдүүлэг, /хх-ийн 45-р тал/,

Хөрөнгийн үнэлгээний "Арвижих Эстимейт" ХХК-ний шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/065 дугаартай Samsung-А-51 загварын гар утас 450.000 төгрөг, Huawei-Р40 Lite загварын гар утас 650.000 төгрөг, Iphone-8 загварын гар утас 600.000 төгрөг, LG-Х6 загварын гар утас 200.000 төгрөг нийт 1.900.000 төгрөг" гэсэн дүгнэлт /хх-ийн 51-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ

 

Шүүгдэгч Ш.*******н хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 66 дугаар тал/, Сэлэнгэ аймаг Мандал сум 7-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 67 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Ш.*******г гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Ш.******* нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Спирт бал бурам” ХХК-ны спортын заалнаас Samsung А-51, Iphone-8, Huawei-Р40 Lite, LG-X6 загварын 4 ширхэг гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, насанд хүрээгүй хохирогч Н.*******д 450.000 төгрөгийн, Б.*******д 650.000 төгрөгийн, Г.*******д 600.000 төгрөгийн, С.*******д 200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Насанд хүрээгүй хохирогч Н.*******ий мэдүүлэг /хх-ийн 25-р тал/, Насанд хүрээгүй хохирогч Б.*******ын мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/, Насанд хүрээгүй хохирогч Г.Хулангийн мэдүүлэг /хх-ийн 36-р тал/, Насанд хүрээгүй хохирогч С.*******гийн мэдүүлэг /хх-ийн 45 р тал/, "Арвижих   Эстимейт" ХХК-ны 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/065 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-р тал/, шүүгдэгч Ш.*******н мэдүүлэг, /хх-ийн 62-р тал/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч Х.Дашмягмар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

           

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.*******н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ш.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

Насанд хүрээгүй хохирогч нар болох Н.*******д 450.000 төгрөгийн, Б.*******д 650.000 төгрөгийн, Г.*******д 600.000 төгрөгийн, С.*******д 200.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч нарын гар  утаснуудыг буцаан олгосон байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх иргэний нэхэмжлэл, хохирол төлбөр байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Гурав.Шүүгдэгч Ш.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүгдэгч Ш.******* нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Спирт бал бурам” ХХК-ны спортын заалнаас Samsung А-51, Iphone-8, Huawei-Р40 Lite, LG-X6 загварын 4 ширхэг гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, насанд хүрээгүй хохирогч Н.*******д 450.000 төгрөгийн, Б.*******д 650.000 төгрөгийн, Г.*******д 600.000 төгрөгийн, С.*******д 200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ш.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

            Иймд шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ш.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй, хилийн хориг тавигдаагүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй, хилийн хориг тавигдаагүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

 

        5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

        6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

        7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.