Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/524

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

шүүгдэгч Г.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чих овогт Ганболдын Жд холбогдох эрүүгийн 2210000000697 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуурын ажил эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт оршин суух.

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 4 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Чих овогт Ганболдын Ж /РД:

 

Холбогдсон хэргийн талаар:

Г.Ж нь согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Пийс Таун хотхоны 8 дугаар байр, 103 тоотод 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Эийг хуучин нөхрийнхөө талаар ярихад нь уурлаж, улмаар түүний бөгс рүү нэг удаа хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь нуруу ахар сүүл орчмын хутгалагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Г.Жгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Хохирогч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пис Виллаж” 2 хотхоны 103 дугаар байрандаа нөхөр Ж, найз Бямбажав нарын хамтаар 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 17-ны өдрийг хүртэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад маргалдсан. Шалтгаан нь гэвэл би Жтой амьдрахаас өмнө Хатанбаатар гэдэг залуутай амьдарч байгаад дундаасаа 4 хүүхэд юм. Хүүхдүүд маань над дээр байдаг. Би согтуудуу “Хатанбаатарын 4 хүүхэд” гэж хэлсэн чинь Ж хутгаар миний өгзөг рүү 2 удаа хутгалсан. Удалгүй миний төрсөн эгч Нямлхагва орж ирээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ...Гэр бүлийн баталгаа байхгүй. Хамт амьдраад 5 жил болж байгаа. Дундаасаа хүүхэдгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал)
  3. Хохирогч Э.Эийн биед үзлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал)
  4. Мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хавтаст хэргийн 13 дахь тал)
  5. Гэрч Р.Бямбажавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр найз Ж, Э нар намайг дуудсан. ...18 цагийн үед ирэхэд хоол, цай хийсэн хүүхдүүдтэйгээ цуг байсан. Нийлээд 0,75 литрийн Хараа архи 3 шилийг хувааж ууж байгаад орой болоод би тасраад унтаад өгсөн. Нэг мэдэхэд эхнэр нь орилж, хашигачаад байхаар нь босоод ирсэн. Гал тогооны текний хажууд зогсож байсан. Эхнэр нь “намайг хутгалчихлаа” гээд цус нөж болсон байхаар нь “та нар чинь балай юм уу, яаж байгаа юм” гэхэд Э гараад араас нь Ж гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал)
  6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 7313 дугаартай:

“-Э.Эийн биед нуруу, ахар сүүл орчмын хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал)

                 7.Шүүгдэгч Г.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр эхнэр Эийн төрсөн өдөр болсон. 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Пийс таун хотхон 33-103 тоот гэртээ тэмдэглээд найз Бямбажавыг эхнэрийнхээ хамт ирсэн. Э, Бямбажав бид гурав 4-5 шил архи хувааж ууж байхад Бямбажав 19 цагийн үед тасраад унтаад өгсөн. Би хоол хийх гээд гал тогоонд байхад эхнэр Э урьд өмнөх нөхрийнхөө талаар яриад орилоод байхаар нь жоохон уур хүрээд, “юу гээд байгаа юм бэ” гээд нуруу руу нь нэг удаа хутгалсан. Тэгсэн чинь эхнэр Э “өө чи нуруу зүсчихлээ” гэхээр нь “хайрыгаа уучлаарай” гэхэд “хүн алхана байна ш дээ” гэсэн. Цус гараад байсан хэсэгт алчуур тавьж өгөөд “хоёулаа гадаа гаръя” гээд гадаа гараад юм яриад сууж байхад Эийн эгч нь цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дахь тал).

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 360 дугаар шийтгэх тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолын хуулбар зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ж нь согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Пийс Таун” хотхон, 8 дугаар байр, 103 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Эийг “хуучин нөхрөө ярьлаа” гэх шалтгаанаар түүнийг хутгалж, эрүүл мэндэд нь нуруу ахар сүүл орчмын хутгалагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Тодруулбал, шүүгдэгч Г.Жгийн согтуурсан үедээ хамтран амьдрагч Э.Эийг “хуучин нөхрөө ярьлаа” гэж шалтаглан, түүнийг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Шүүгдэгч Г.Ж нь хамтран амьдрагч Э.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч Р.Бямбажав нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, шинжээчийн 7313 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэж, хохирогчийн “...Жгоос нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 99 дахь тал)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Г.Жгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

             

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /...хувиараа гагнуурын ажил эрхэлдэг гэх.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Жг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Жд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Чих овогт Ганболдын Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Жг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Жд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй

            5. Шүүгдэгч Г.Жд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.Жд сануулсугай.       

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР