| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2018/01564/И |
| Дугаар | 1974 |
| Огноо | 2018-09-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 1974
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.Б-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон хаягт байрлах Монгол Улсын Засгийн газарт холбогдох
82,650,711 төгрөг гаргуулах, орон сууц гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б , хариуцагчийн төлөөлөгч Г.Эрдэнэбулган, хариуцагчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, прокурор Р.Батнасан, иргэдийн төлөөлөгч С.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1982 онд Сүхбаатарын районы цагдан сэргийлэх хэлтэст Эрүүгийн хэрэг эрэн сурвалжлах албаны төлөөлөгч бөгөөд давхар тухайн үеийн нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах яамны гадаадын асуудал эрхэлсэн гадаад тагнуул эрхэлсэн алба хашиж байсан. 1983 онд ээлжийн амралт аваад явахдаа ангийн буу аваад анд явсан. Гэтэл намайг амралтын хугацаа дуусаагүй анд яваад ирэхэд манай аавыг ажлаас чөлөөлөх гэсэн улс төрийн ажиллагаа явагдаж байсан. Тэгээд намайг шууд хорьсон. Яагаад ийм асуудал үүссэн бэ гэхэд анд явахдаа буу авч явсан гэж шууд хорьсон.
Тухайн үед би залуу байсан болохоор анд явахдаа буу авч явахгүй юу авч явах юм бэ гээд хатуу үг хэлсэн чинь намайг удаан хугацаагаар хорьсон. Хорьсон байх хугацаанд 3 сарын 18-ны өдөр цэргийн баярын өдөр аавыг маань Завхан аймгийн Алдархаан суманд нутаг зааж явуулсан. Намайг хоригдсон байхад Хилийн цэргийн тусгай шүүхийн хуралдааны танхимд байхад шүүх хуралдаан явагдаж байхад гэнэт утсаар дуудаад шүүх хуралдааны шүүгч бүгд гараад явсан. Тэгээд шууд намайг Завхан аймгийн Алдархаан сумд нутаг заагаад явуулсан. Манай аав ээж 08 тоотод би 09 тоотод амьдардаг байсан. Тус байрнаас би өмссөн хувцастайгаа баригдаад явсан, миний бүх хөрөнгийг хурааж авсан. Би нэмж хэлэхэд хураагдсан эд хогшил хэрэглэж байсан эд зүйлээ нэхэмжлээгүй, хураагдсан 3 өрөө байраа эргүүлж нэхэмжилсэн.
Тухайн үед тэр байрыг хурааж аваагүй байсан бол би тэр байраа хувьчилж аваад амьдарч байх байсан. Сүүлд цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комиссын шийдвэрээр батламж өгсөн. Батламжид нэг өрөө байр гэж офицерүүдийн ордны урд нэг байрны батламж өгсөн. Гэтэл энэ байр нь ашиглалтад ороогүй 2 жил хүлээсэн. Сүүлд байр нь ч олдоогүй, цаас өгөөд хуурсан болохоор би 3 өрөө байраа авахаар шийдсэн. Өгсөн байрыг нь үзсэн чинь подьездны шат нь байхгүй байсан тул дээшээ гарч үзэж чаддаггүй байсан. Сүүлд нь шат тавьсны дараа харсан чинь нэг жижигхэн өрөө байсан. Буланд нь 4 плита наагаад гал тогоо болгосон, жижигхэн өрөө байсан. Тэр байранд нь орохгүй гэсэн. Эко констракшн ХХК-ийн ажилтнууд болон цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комиссын хүмүүстэй ярьж байгаад 10 дугаар хороололд байр авахаар болсон. Би тэр 3 өрөө байранд нь өөрийнхөө хувийн зардлаас 4 сая төгрөг гаргаж байж шал хана, обой, ариун цэврийн өрөөг нь тохижуулсан. Цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комиссын дарга Н.Энхболд гишүүн байсан. Засгийн газраас байрны үлдэх төлбөрийг нь гаргуулна гэж 5 жил болсон боловч мөнгийг нь гаргаж өгөөгүй. Байрны мөнгө төлөгдөөгүй учир Эко констракшн ХХК-ийн ажилтнууд намайг байхгүй хойгуур шүүхийн шийдвэр гаргуулсан байсан. Би тэр шүүх хуралдаанд оролцоогүй, надад нэг хуудас цаас ч өгөөгүй. Хамгийн гол нь уг өгсөн байрыг 2015 оны 5 сарын 6-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар аваад явсан. Би учир байдлыг танилцуулахад миний үгийг авч хэлэлцээгүй. Надад очих газар байхгүй, айлын ганц хүүхэд байсан. Надад ах дүү хамаатан садан гэж байхгүй, гэрийн дотор тавилыг яах бэ гэхэд өөрийнхөө агуулахад хийсэн. Тэр агуулахаас хувцас хунарыг авах гэтэл өгөөгүй. Өөрөөр хэлбэл төрд 2 удаа байраа эд хөрөнгөө хураалгаж байна. Энэ талаар жич асуудал ярина.
Өнөөдөр энэ хуралдаанд сүүлийн хураалгасан байрыг биш анхнаасаа миний амьдарч байсан байрын 9 тоот 3 өрөө байрыг гаргуулж авах хүсэлт гаргасан. 1983-1990 оныг дуустал ажиллаж байсан ажлын цалнгийн нөхөн төлбөрийг авах зорилготой байна. Би 11 дүгээр хорооллын жижигхэн 1 байрны жижиг өрөөнд 20 жил амьдарсан. Бид нар танай гэрт очихгүй, танай гэрт багтахгүй гэж манай найзууд хэлдэг байсан. Төр нийгмийн зүтгэлтнүүд надтай гудамжинд таарахдаа нөгөө байраа авч чадаагүй юу гэж асуудаг байсан. Хуучны сайд нар миний хүнд асуудлыг мэднэ. Анх хураалгасан 3 өрөө байраа нэхэмжилж байна. Мөн цалингийн нөхөн төлбөрийн асуудлыг нэхэмжилсэн” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2 асуудал байгаа. Улс төрийн хилс хэрэгт холбогдох харилцааг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулиар зохицуулна. Нэхэмжлэгч Батбаатарын нэхэмжлэлд дурдсанаар өөрийн эцэг гэр бүлийн хамт хэлмэгдсэн гэж байна. Үүнийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн иргэний шүүх хуралдааны 2003 оны 428 дугаар шүүхийн шийдвэрээр тогтоосон байдаг. Ингээд тогтоосны дагуу 500,000 төгрөгийг Батбаатарт олгосон. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулиар 13.1-д заасны дагуу 500,000 төгрөг нэг удаагийн нөхөн олговор олгоно гэж заасны дагуу олгосон. Батбаатар нь цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комиссоос 2007 оны 7 сарын 23-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээг Эко Констракшн ХХК-тай байгуулж уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 2 байр 64 тоот 1 өрөө 14,000 ам.доллароор худалдан авсан байдаг. Үүнийг батлах батламж нь 2008 онд олгосон цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комиссын дарга Мөнхбаяр гарын үсэг зурж “2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дүгээр тогтоолын дагуу Эко Констракшн ХХК-ийн 1 өрөө орон сууцыг олгосныг батламжлав” гэж батламж өгсөн байдаг. Уг батламжийг Батбаатар нь хүлээн зөвшөөрсөн нь Эко Констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Б танд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 974 шүүхийн шийдвэрээр авагдсан. Энэ нь нэгэнт тогтоогдсон үйл баримт тул дахин нотлох шаардлагагүй.
Батбаатар нь өөрт нь хуваарилсан нэг өрөө байранд орохгүйгээр Тэмүүлэл хотхон 5 байрны 108 тоот 3 өрөө орон сууцыг Эко Констракшн ХХК-аас худалдан авахаар тусдаа гэрээ байгуулсан байна. Ингээд уг 3 өрөө байрны төлбөрт олгосон 14,000 долларыг урьдчилгаа төлбөрт суутгуулаад үлдэгдэл 37,867,260 төгрөгийг хуваарийн дагуу төлж дуусгахаар орон сууцаа хүлээн авсан тухай баримт үйлдсэн байдаг. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай 23.1-д “Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно” гэж хуульчилсан. Хуулийн энэ заалтад хэдэн өрөө орон сууц хураалгасан байна, тэр хэмжээгээр орон сууц олгоно гэж нарийвчилж зохицуулаагүй.
Өөрөөр хэлбэл 3 өрөө орон сууцаа хураалгасан бол 3 өрөө орон сууц олгоно гэсэн тодорхой зохицуулт байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар орон сууц олгох үндэслэлгүй байна. Өмнө орон сууц олгосон тул дахиж олгох үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжлэх ёстой. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай 11-д энэ талаар тодорхой заасан. Ажилласан хугацааны цалин хөлс нэхэмжлэх гэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1, 36.1.2-д заасны дагуу ажилтныг эгүүлэн тогтоосон бол гэж байгаа. 36 дугаар зүйлийн 36.1.2 “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж хуульчилж заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч Батбаатар нь Улсын дээд шүүхийн 2006 оны 597 дугаар тогтоолоор ажилласан байдлыг тогтоолгосон. 1983-1990 оны хоорондох Сүхбаатар районы цагдан сэргийлэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох шийдвэр гарсан. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хийж байсан ажлын байранд эгүүлэн тогтоосон зүйл байхгүй.
Ажилласан байдлыг сэргээн тогтоох нь тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой. 82 сая төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтад зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн тогтоогоогүй тул 82 сая төгрөгийг олгох үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй прокурор Р.Батнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.Б нь шүүхэд нэхэмжлэлийн 2 шаардлага гаргасан байна. Үүнд нэгдүгээрт Сүхбаатарын районы цагдан сэргийлэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгчөөр 1983-1990 оныг дуустал ажиллаж байсан тул үүнтэй холбоотой 82,650,711 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж тайлбар гаргасан. Нэгэнт хариуцагчийн тайлбарт хэлж байгаа нотлох баримт байгаа учир давхардуулах шаардлагагүй байх гэж бодож байна.
Орон сууцны тухайд цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс нь Эко Констракшн ХХК-тай гэрээ байгуулаад Батбаатарт орон сууцыг олгохоор шийдвэрлээд орон сууц олгосон. Нэхэмжлэгч өөрөө 1 өрөө орон сууцанд ороогүй шалтгаанаа тайлбарласан. 1 өрөө орон сууцанд орохгүйгээр Эко Констракшн ХХК-ийн Тэмүүлэн хотхоны 5 байр 108-8 тоот 3 өрөө орон сууцанд орохоор болж 14,000 ам.доллар буюу 20,034,444 төгрөгийг төлөөд үлдэгдлээ харилцан тохиролцож төлөхөөр гэрээ байгуулсан байдаг. Үүнтэй холбоотой Эко Констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг Иргэний шүүхэд шийдэгдсэн. Үүнтэй холбоотой давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан асуудал байхгүй. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 23.1-д “Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно” гэж заасны дагуу орон сууцыг олгосон байна.
Өөрөөр хэлбэл 20,034,444 төгрөгийг өөрөө аваад Эко Констракшн ХХК-тай байгуулсан гэрээний дагуу өөрийнхөө хүссэнээр урьдчилгаа төлбөрт өгсөн байдаг. Тийм учраас хуульд заасны дагуу орон сууц олгосон гэж шийдвэрлэж үзэхээр байгаа учир хураагдсан байраа Засгийн газраас гаргуулах шаардлагыг хүлээн авах боломжгүй байна гэж үзэж байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 15.1-д зааснаар нөхөн олговрыг олгосон. Иймд шүүхээс гарсан ажилласан жилийг сэргээн тогтоосон шийдвэрийн дагуу ажилгүй байсан 8 жилийн хугацааны нөхөн олговор болох 82,650,711 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэл байхгүй байна” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан 1983 оноос 1990 оныг дуусталх хугацааны цалин хөлсөөр хохирсон гэх үндэслэлээр 82,650,711 төгрөг гаргуулах, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн улмаар амьдарч байсан 3 өрөө орон сууцыг нь хураан авсан гэх үндэслэлээр хураагдсан 3 өрөө байртай дүйцэх орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан, төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй прокурор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэсэн тайлбар гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 1984 онд түүнийг шүүхийн шийдвэрээр 1 жил 6 сарын хугацаатай засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэж, Завхан аймгийн Алдархаан суманд нутаг заан хөдөө аж ахуйн байгууллагад ажиллуулахаар, сар бүрийн цалин орлогын 15 хувийг суутгаж улсын орлого болгож байхаар шийдвэрлэсний улмаас амьдарч байсан орон сууцаа хураалгаж, хувьчилж авах боломжгүй болсон, улмаар шүүхээс 2003 онд цагаатгасан тул хураагдсан орон сууц буюу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны 24 дүгээр байрны 9 тоот хаягт байрлах 79.65 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцтай дүйцэх хэмжээний орон сууцыг нэхэмжилсэн гэж, шүүхээс түүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Сүхбаатарын районы Цагдан сэргийлэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгчийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсан, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэхээс өмнө хашиж байсан ажил, албан тушаалдаа 1983 оноос 1993 оныг дуустал ажиллах байсан гэж үзэн ажилласан хугацааг сэргээн тогтоосон шийдвэрийг 2006 онд гаргасан тул 1983 оноос 1993 оныг дуусталх хугацааны цалин хөлсөнд 82,650,711 төгрөгийг нэхэмжилсэн гэж тус тус тайлбарласан.
Хариуцагчийн төлөөлөгч нь татгалзлын үндэслэлээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасан 500,000 төгрөгийг нөхөх олговрыг нэхэмжлэгчид шүүхийн шийдвэрээр олгосон, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын зүгээс Ж.Б т 1 өрөө орон сууц хуваарилан батламж олгож, Эко констракшн ХХК-д урьдчилгаа төлбөрийг шилжүүлэн, орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан боловч нэхэмжлэгч нь Эко констракшн ХХК-тай 1 өрөө орон сууц худалдан авахад зориулан шилжүүлсэн мөнгийг урьдчилгаа төлбөрт тооцон 3 өрөө орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан, улмаар гэрээний үүргээ биелүүлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэрээр Эко констракшн ХХК-д төлбөр төлөхөөр болж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар орон сууцаа хураалгасан байх тул нэхэмжлэгчид дахин орон сууц олгох үндэслэлгүй, нэхэмжилсэн цалин хөлсний тухай Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд “Улс төрийн хилс хэрэгт захиргааны шийдвэрээр ажил, албан тушаалаасаа халагдсанаас учирсан хохирлыг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн хуулийн хууль бусаар ажлаас халагдсан тухай зүйл, ангид заасан журмын дагуу гаргана” гэж заасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтад заасны дагуу гэж ойлгох ба Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтад “ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан, Ж.Б ыг шүүх ажилд нь эгүүлэн тогтоогоогүй, ажилласан хугацааг л сэргээн тогтоосон тул ажил албан тушаалаасаа халагдсанаас учирсан хохирлыг олгох үндэслэлгүй гэж тус тус тайлбарлаж байна.
НАХЯ-ны Хязгаарын ба дотоодын цэргийн тусгай шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны 1984 оны 4 сарын 20-ны өдрийн 71 дугаартай “Таслан шийдвэрлэх тогтоол” /хх-13,14 тал/-оор Жалан-Аажав овогтой Б-ыг БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 179-р зүйлд зааснаар 1 жил 6 сар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21-р зүйлд заасныг журамлан Ж.Б ын эдлэх ялыг ам бүлийн хүмүүсийн одоогийн амьдарч байгаа хөдөө аж ахуйн байгууллагад ажиллуулж, сар бүрийн цалин орлогын 15 хувийг суутгаж, улсын орлого болгож байхаар тогтоосон байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 4 сарын 25-ны өдрийн 425 дугаар шийдвэр /хх-10 тал/-ээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дахь заалтыг баримтлан Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргын 1983 оны 8 сарын 20-ны өдрийн 353 тоот тушаалын 3 дахь заалтын “дэслэгч Ж-ын Б-ыг мөн сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халж Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэст шилжүүлсүгэй” гэснийг хэрэгсэхгүй болгож, Ж.Б ыг хэлмэгдсэнд тооцож, нөхөх олговорт 500,000 төгрөг гаргуулж Жалан-Аажавын Батбаатарт олгож шийдвэрлэсэн, Монгол Улсын Дээд шүүхээс Ж.Б т 2005 оны 7 сарын 25-ны өдрийн 16771 дугаартай цагаатгалын үнэмлэх /хх-4 тал/ олгосон байна.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2006 оны 10 сарын 10-ны өдрийн 597 дугаартай тогтоол /хх-11,12 тал/-оор Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 7 сарын 27-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.Б ыг Сүхбаатарын районы /хуучнаар/ Цагдан сэргийлэх хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр 1983-1990 он дуустал ажиллаж байсныг сэргээн тогтоосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Дээр дурдсан шүүхийн шийдвэр, тогтоолуудаар Ж.Б нь Сүхбаатарын районы Цагдан сэргийлэх хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1983 оны 8 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халагдаж, улмаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн ял шийтгэгдэж, түүнийг шүүх 2003 оны 4 сарын 25-ны өдөр хэлмэгдсэнд тооцон цагаатгаж, 500,000 төгрөгийн нөхөх олговор олгосон, 2006 оны 10 сарын 10-ны өдөр шүүхээс Ж.Б ыг Сүхбаатарын районы Цагдан сэргийлэх хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр 1983-1990 он дуустал ажиллаж байсныг сэргээн тогтоож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дахь заалтад зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй байна.
Амьдарч байсан орон сууцаа хураалгасан гэх асуудлын хувьд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр түүний амьдарч байсан орон сууцыг хураан авсан үйл баримт тогтоогдохгүй байх хэдий ч Ж.Б нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны 24 дүгээр байрны 9 тоот хаягт байрлах орон сууцанд амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Д.Буяндэлгэр, О.Чинбат, Д.Төмөрбаатар, Б.Роза, Б.Оюун нарын тодорхойлолт /хх-22-26 тал/-оор тус тус тогтоогдсон, шүүхийн шийдвэрээр Ж.Б т ял шийтгэж хөдөө аж ахуйн байгууллагад ажиллуулахаар нутаг заан явуулсан, хариуцагч нь Ж.Б ыг уг орон сууцанд амьдарч байсан болон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэний улмаас орон сууцаа хураалгасан гэх үйл баримтад маргадаггүй тул Ж.Б ыг хэлмэгдүүлэлтийн улмаас эзэмшиж байсан орон сууцаа хураалгасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан зохицуулалтад үндэслэн тайлбарлаж байх ба Ж.Б нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон этгээд мөн бөгөөд түүний гаргасан хохирол шаардсан шаардлагыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дахь заалтад “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана.” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газар хариуцах үндэслэлтэй.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дахь заалтад “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон этгээдэд учирсан хохирол /эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөнөөс/-ыг энэ хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалтад “Улс төрийн хилс хэрэгт захиргааны шийдвэрээр ажил, албан тушаалаасаа халагдсанаас учирсан хохирлыг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн хуулийн хууль бусаар ажлаас халагдсан тухай зүйл, ангид заасан журмын дагуу гаргана”, 23 дугаар зүйлийн 23.1 дахь заалтад “Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгаж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно” гэж тус тус заасан байна.
Ж.Б нь улс төрийн хилс хэрэгт шүүхийн шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч мөн бөгөөд эзэмшиж байсан орон сууцаа хураалгаж одоо хүртэл орон сууцгүй байгаа болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүхийн шийдвэрүүд, нэхэмжлэгчийн тайлбар, Д.Буяндэлгэр, О.Чинбат, Д.Төмөрбаатар, Б.Роза, Б.Оюун нарын тодорхойлолт, түүнд орон сууцны тусламж үзүүлэх тухай шийдвэр гаргаж байсан боловч орон сууцыг олгоогүй болох талаар гаргасан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын тодорхойлолт /хх-31 тал/, Ж.Б т орон сууц олгосон мэдээлэл бүртгэгдээгүй тухай Архивын газрын архивын лавлагаа /хх-32 тал/ зэргээр тус тус тогтоогдож байх тул Ж.Б нь хураалгасан орон сууцтай дүйцэх орон сууц Монгол Улсын Засгийн газраас шаардах эрхтэй байна.
Хариуцагчийн төлөөлөгч нь Ж.Б т Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасан 500,000 төгрөгийг нөхөх олговрыг нэхэмжлэгчид шүүхийн шийдвэрээр олгосон, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын зүгээс Ж.Б т 1 өрөө орон сууц хуваарилан батламж олгож, Эко констракшн ХХК-д урьдчилгаа төлбөрийг шилжүүлэн, орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан боловч нэхэмжлэгч Эко констракшн ХХК-тай 1 өрөө орон сууц худалдан авахад зориулан шилжүүлсэн мөнгийг урьдчилгаа төлбөрт тооцон 3 өрөө орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан, улмаар гэрээний үүргээ биелүүлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэрээр Эко констракшн ХХК-д төлбөр төлөхөөр болж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар орон сууцаа хураалгасан тул орон сууц олгох үндэслэлгүй гэж маргаж байх боловч 500,000 төгрөгийн нөхөх олговрыг шүүхийн шийдвэрээр Ж.Б т олгосон явдал нь хуульд заасан орон сууц шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын зүгээс Ж.Б т 1 өрөө орон сууц хуваарилан батламж олгож, Эко констракшн ХХК-д урьдчилгаа төлбөрийг шилжүүлэн, орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсныг Ж.Б т орон сууц олгосон гэж үзэхээргүй байна.
Учир нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтад “Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгаж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно” гэсэн заалтыг хэлмэгдэгчид орон сууцыг бодитойгоор олгосон тохиолдолд хэрэгжсэн гэж үзэх бөгөөд өнөөг хүртэл Ж.Б ын нэр дээр тухайн олгосон гэх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байх тул Ж.Б т орон сууц олгогдсон гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшиж байгаад хураалгасан орон сууцыг 79.65 м.кв талбайтай, өнөөгийн ханшаар тооцвол 120,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууц байсан гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд гаргуулахыг хүсч буй орон сууц нь байршлын хувьд Улаанбаатар хотод буюу нийслэлд байршилтай, дүүрэг болон барилгын шинэ хуучин байдал хамаагүй гэж тайлбарласан, хариуцагч нь Ж.Б ын эзэмшиж байсан орон сууцыг хурааж авсан болон уг орон сууц нь 79.65 м.кв талбайтай, өнөөгийн ханшаар 120,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууц байсан гэдэгт маргаагүй, хариуцагчийн зүгээс орон сууцны талбайн хэмжээг тогтоолгох, орон сууцны үнэлгээг шинжээч томилуулан тогтоолгох хүсэлт гаргаагүй тул шүүх хариуцагч Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотод байршилтай, 79.65 м.кв-аас доошгүй талбайтай, 120,000,000 төгрөгөөс доошгүй үнэ бүхий 3 өрөө орон сууцыг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалтад “Улс төрийн хилс хэрэгт захиргааны шийдвэрээр ажил, албан тушаалаасаа халагдсанаас учирсан хохирлыг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн хуулийн хууль бусаар ажлаас халагдсан тухай зүйл, ангид заасан журмын дагуу гаргана” гэж заасан, Ж.Б нь Сүхбаатарын районы Цагдан сэргийлэх хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1983 оны 8 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халагдаж, улмаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн ял шийтгэгдсэн, шүүх түүнийг 2003 оны 4 сарын 25-ны өдөр хэлмэгдсэнд тооцон цагаатгаж, шүүхээс Ж.Б ыг Сүхбаатарын районы Цагдан сэргийлэх хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр 1983-1990 он дуустал ажиллаж байсныг сэргээн тогтоож шийдвэрлэсэн болох хэрэгт нотлох баримтаар авагдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон тул улс төрийн хилс хэрэгт захиргааны шийдвэрээр ажил, албан тушаалаасаа халагдсанаас учирсан хохиролд 1983 оны 8 сарын 31-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцон нийт 70,847,920 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргуулан нэхэмжлэгч Ж.Б т олгож шийдвэрлэх нь зүйтэй байх ба нэхэмжлэгчийн гаргасан 82,650,711 төгрөг гаргуулах шаардлагын үлдэх хэсэг болох 11,802,791 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд “Улс төрийн хилс хэрэгт захиргааны шийдвэрээр ажил, албан тушаалаасаа халагдсанаас учирсан хохирлыг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн хуулийн хууль бусаар ажлаас халагдсан тухай зүйл, ангид заасан журмын дагуу гаргана” гэж заасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтад заасны дагуу гэж ойлгох ба Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтад “ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан, Ж.Б ыг шүүх ажилд нь эгүүлэн тогтоогоогүй, ажилласан хугацааг л сэргээн тогтоосон тул ажил албан тушаалаасаа халагдсанаас учирсан хохирлыг олгох үндэслэлгүй гэж маргасан боловч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалт нь зөвхөн шүүхээс хэлмэгдэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд хэрэглэгдэх заалт биш бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дахь заалтад заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч этгээдэд учирсан хохирол шаардсан шаардлага тул улс төрийн хилс хэрэгт захиргааны шийдвэрээр ажил, албан тушаалаасаа халагдсанаас учирсан хохирлыг нөхөн гаргуулахад шүүхээс хэлмэгдэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон байх нөхцөл шаардлага тавигдахгүй.
Нэхэмжлэгч нь ажил, албан тушаалаасаа халагдсанаас учирсан хохиролд 82,650,711 төгрөгийг нэхэмжлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 2 сарын 9-ний өдрийн 52 дугаар тогтоол /http://www.legalinfo.mn/law/details/10919/, түүний хавсралтаар батлагдсан “Шинээр тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр”-ийг үндэслэсэн байна.
Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дахь заалтад “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно.” гэж заасан, нэхэмжлэгч нь ажил, албан тушаалаасаа халагдсанаас учирсан хохирол нэхэмжлэхдээ Монгол Улсын Засгийн газраас тогтоосон итгэлцүүрийн дагуу тооцооллыг гаргасан нь хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгч ажил, албан тушаалаасаа халагдсанаас учирсан хохиролд 82,650,711 төгрөгийг нэхэмжлэхдээ Сүхбаатарын районы Цагдан сэргийлэх хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1983 оны 8 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халагдсан өдрөөс бус 1983 оны 1 сараас 1990 оны 12 сарыг дуусталх хугацаагаар тооцон нэхэмжилсэн байх тул шүүх хохирлын хэмжээг тооцохдоо хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хугацаа болох 1983 оны 8 сарын 31-нээс хойш 1990 оны 12 сарыг дуусталх хугацааны буюу нийт 88 сарын цалин хөлсний хэмжээг Засгийн газраас тогтоосон итгэлцүүрийн дагуу тооцоолсон болно.
Тооцооллын хувьд хэрэгт нотлох баримтаар авагдсан Ж.Б ын 1982 оны цалингийн тодорхойлолт /хх-15 тал/-д заасан нэг жилийн цалин хөлс болох 13,516 төгрөгийг 12 сард хуваан нэг сарын цалин хөлсний хэмжээг гаргахад 1,126 төгрөг болж байх ба үүнийг Засгийн газраас тогтоосон итгэлцүүр 715 төгрөгөөр үржүүлэн тооцоход гарсан дүн болох 805,090 төгрөгийг 88 сараар үржүүлэн тооцож 70,847,920 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргуулан нэхэмжлэгч Ж.Б т олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотод байршилтай, 79.65 м.кв-аас доошгүй талбайтай, 120,000,000 төгрөгөөс доошгүй үнэ бүхий 3 өрөө орон сууцыг, ажил, албан тушаалаасаа халагдсанаас учирсан хохиролд 70,847,920 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Б т олгож, нэхэмжлэгчийн ажил, албан тушаалаасаа халагдсанаас учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 11,802,791 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь нэхэмжлэгч Ж.Б т орон сууц олгох үүднээс тодорхой зардал гаргасан гэж тайлбарладаг бөгөөд уг зардлаа зохих этгээдээс буцаан нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Б.УУГАНБАЯР