Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  Д.Соёлзул

             Улсын яллагч                                Д.Шинэбал

                         Шүүгдэгч                                             Н.Шижирбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Шижирбаатарт холбогдох 2203002490292 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

           Монгол улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 55 дугаар гудамжны 10 тоотод оршин суух хаягтай боловч, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг Дэнжийн 51 тоотод оршин суудаг, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, хохирогчтой сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, мөн шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, 3 сар 5 хоног хорих ялаар шийтгэгдсэн, Боржигон овгийн Нямдоржийн Шижирбаатар /РД:ЧД73081019/

 

          Холбогдсон хэргийн талаар: Шижирбаатар нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 50 минутын үед Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн суудлын 271 дүгээр галт тэрэгний 10 дугаар вагоноор зорчин Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багын нутаг Улаанбаатар төмөр замын 41 дүгээр тоочих дээр буух үедээ тус вагоны үйлчлэгч Г.Эрдэнэдэлгэрийн “Хуавей” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Шижирбаатар мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул ахиж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...гэжээ.

 

Эрүүгийн 2203002490292 тоот хавтаст хэргээс:

Эд зүйл хураан авсан тэмдэглэл дэх “...Нямдоржийн Шижирбаатараас цэнхэр өнгийн силиконон материалан гэртэй, ар талдаа 3 ширхэг камертай, Нuawei /МАR- LХ1М/ гэсэн бичиглэлтэй 1 ширхэг цэнхэр өнгийн гар утсыг хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 10-11 хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Эрдэнэдэлгэр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ ... Би Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депод үйлчлэгч ажилтай. 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр суудлын 271 дүгээр гал тэрэгний 10 дугаар вагонд үйлчлэгчээр ажиллаж байсан. Замд явж байхад Түнхэл өртөөнөөс 3 үл таних хүмүүс вагонд орж ирээд 41 дүгээр точик дээр бууна гэж хэлээд суусан. Галт тэрэг 41 дүгээр точик дээр зогсож би галт тэрэгний хаалга онгойлгож өгөөд буцаад өрөөндөө ортол миний гар утас байхгүй болсон байсан. Тухайн үед 53 дугаар точик дээр өөрийн охин Номинтой яриад гар утсаа ширээн дээр үлдээсэн. Галт тэргэнд 7 хүн зорчиж байсан. 41 дүгээр точик дээр зогсоход би гар утсаа ажлын өрөөндөө үлдээгээд, галт тэрэгний хаалга онгойлгож өгсөн. 41 дүгээр точик дээр Түнхэл өртөөнөөс суусан 3 үл таних хүн буусан ба тэдгээр хүмүүсийг авсан байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Цагдаагийн алба хаагчид миний өгсөн дуудлагын дагуу шалгаж тэдгээр 3 хүнийг олж тогтоон биед нь үзлэг хийхэд миний гар утас туранхай 50-60 орчим насны орчим эрэгтэй хүний хувцаснаас гарч ирсэн.., /...миний гар утсыг авсан хүнээс буцааж авсан. Гар утасны ажиллагаа хэвийн бүрэн бүтэн. Гар утсаа авсан болохоор надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, би хэргийн материалтай танилцахгүй мөн шүүх хуралд оролцохгүй..." гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр “... “Huawei P30 lite маркийн гар утас нь 320000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Н.Шижирбаатарыг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Шижирбаатар нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 50 минутын үед Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн суудлын 271 дүгээр галт тэрэгний 10 дугаар вагоноор зорчин Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багын нутаг Улаанбаатар төмөр замын 41 дүгээр точик дээр буух үедээ тус вагоны үйлчлэгч Г.Эрдэнэдэлгэрийн “Хуавей” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, Хохирогчийн Г.Эрдэнэдэлгэрийн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/, М.Мягмаржавын өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч Н.Шижирбаатар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

           

Мөн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шижирбаатарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Н.Шижирбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 50 минутын үед Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн суудлын 271 дүгээр галт тэрэгний 10 дугаар вагоноор зорчин Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багын нутаг Улаанбаатар төмөр замын 41 дүгээр точик дээр буух үедээ тус вагоны үйлчлэгч Г.Эрдэнэдэлгэрийн “Хуавей” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Г.Эрдэнэдэлгэрт “Хуавей” маркийн гар утсыг буцаан олгосон байх ба энэ хэрэгт хэлэлцэгдэх иргэний нэхэмжлэл, хохирол төлбөр байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Гурав.Шүүгдэгч Н.Шижирбаатарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Шижирбаатар нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 50 минутын үед Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн суудлын 271 дүгээр галт тэрэгний 10 дугаар вагоноор зорчин Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багын нутаг Улаанбаатар төмөр замын 41 дүгээр точик дээр буух үедээ тус вагоны үйлчлэгч Г.Эрдэнэдэлгэрийн “Хуавей” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Н.Шижирбаатарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

            Иймд шүүгдэгч Н.Шижирбаатарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шижирбаатарт хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Шижирбаатар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй, хилийн хориг тавигдаагүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн Нямдоржийн Шижирбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шижирбаатарт хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тогтоосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт Н.Шижирбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

 

        5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Шижирбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

        6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

        7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.