Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                        Д.Соёлзул

                        Улсын яллагч                                      Д.Шинэбал

                        Шүүгдэгч                                           Ч.Хүдэрбат нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.Хүдэрбатад холбогдох 2232000000085 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, Халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг задгай оршин суух хаягтай, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, 1. 1998 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 100 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 2. 1999 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90.1, 239.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, 3. 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 4. 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын жилийн хорих ялаар, 5. 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар, 6. 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 509 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 7 жилийн хорих ялаар тус тус ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Алаг адуу овгийн Чойжилжавын Хүдэрбат /РД:ИФ76031815/

 

Холбогдсон хэргийн талаар:

Ч.Хүдэрбат нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сум, 2 дугаар багийн гэрлэн дохиотой уулзварын орчим иргэн Б.Ганзоригтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний зүүн дал руу хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Хүдэрбат мэдүүлэхдээ:... 2022 оны 06 дугаар сарын 13-ны орой гудамжинд архи ууж байхад Ганзориг ирээд тэгээд хамт архи ууж сууж байгаад бид 2 барилдсан чинь намайг аваад шидчихсэн тэгээд юм бодоогүй ахиж архиа уугаад Ганзоригийг босоод явахаар нь малаас ирсэн байсан хутгаа гутлынхаа түрийнд хийсэн байсан тэр хутгаараа дал руу нь хатгасан би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа би өөрөө цагдаа дээр очоод хутгаа өгсөн... гэжээ.

 

Эрүүгийн  2232000000085 тоот хавтаст хэргээс:

Хохирогч Б.Ганзориг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ...2022оны 05 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ төрсөн өдрөө тэмдэглээд дахин нэмж архи уух зорилготой гэрээсээ 20 цагийн үед гарсан. Гадуур явж байгаад гэрлэн дохиотой уулзварын орчим зүс таних Хүдрээ болон танихгүй хоёр залуутай тааралдаж бид 4 нэмж архи уусан. Хэдэн шил архи уусан талаар мэдэхгүй байна. Архи уугаад сууж байхад Хүдрээ гэх залуу надад шорон яриад над руу томроод “зодолдох уу” гээд байхаар нь би түүнд “зодолдохгүй, хоёулаа сайхан барилдчих уу” гээд барилдаж түүнийг унагаасан. Тэгээд хэсэг хоорондоо гайгүй болоод архи уугаад сууж байхад дахин над руу томроод байхаар нь би “явлаа, явлаа” гэж хэлээд босоод явсан чинь араас дал руу Хүдрээ хутгалсан. Тэгээд цусаа тогтоочхоод гэр лүүгээ очиж амраад маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 14-ний өглөө боссон чинь цус нь тогтохгүй болохоор нь эмнэлэг, цагдаад хандсан. ...Зүгээр байхад хутгалсан учир гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-р тал/,

               Яллагдагч Ч.Хүдэрбат мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэрлэн дохиотой уулзварын орчим зүс таних Ганзориг талийгаач савдаг Нараагийн ах болон өөр нэг залуугийн хамтаар “хараа” нэртэй 2 шил архийг бид 4 хувааж уусан. Уг архийг уугаад сууж байхад Ганзориг над руу “чи хурдан архи аа явуулаач, хаанахын хулгайч вэ” гэж хэлсэн. Би тухайн үед “та согтуу байна шүү дээ” гэж хэлсэн чинь “чи юу гээд томроод байгаа юм, хоёулаа барилдчих уу” гээд миний өөдөөс босож ирэхээр нь би түүнтэй барилдсан. Ганзориг намайг барилдаж унагаагаад “явлаа” гээд явахаар нь би араас нь очоод халаасанд байсан хутга гаргаж ирээд түүний араас дал хэсэг рүү нь 1 удаа хутгалсан юм. Намайг “хулгайч банди” гэх мэтээр дуудаж барилдаж унагаасан болохоор уур хүрээд түүнийг 1 удаа хутгалсан. ...Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 91 дугаартай “1. Б.Ганзоригийн биед зүүн далны доод хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэзээ үүсгэгдсэнг нарийвчлан тогтоох боломжгүй. 5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 13-15-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, мөн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-н 26 дугаар хуудас/ зэрэг болно.    

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Ч.Хүдэрбатыг гэм буруутайд тооцох талаар:

 Шүүгдэгч Ч.Хүдэрбат нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сум, 2 дугаар багийн гэрлэн дохиотой уулзварын орчим иргэн Б.Ганзоригтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний зүүн дал руу хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 3021 дугаартай “Яаралтай тусламжийн хуудас” /хх-ийн 15-р тал/, Хохирогч Б.Ганзоригийн мэдүүлэг /хх-ийн 08-р тал/ Шүүгдэгч Ч.Хүдэрбатын мэдүүлэг /хх-ийн 25-р тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 91 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-15 дугаар тал / зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ч.Хүдэрбат нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Хүдэрбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Хүдэрбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Б.Ганзориг нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

         Гурав.Шүүгдэгч Ч.Хүдэрбатад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ч.Хүдэрбат нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сум, 2 дугаар багийн гэрлэн дохиотой уулзварын орчим иргэн Б.Ганзоригтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний зүүн дал руу хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Хүдэрбатад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Хүдэрбат нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 11 см бүхий урттай, бариул 11 см бүхий урттай 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Алаг адуу овгийн Чойжилжавын Хүдэрбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хүдэрбатыг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Ч.Хүдэрбат нь торгох ялыг 03 /гурав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт Ч.Хүдэрбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 11 см бүхий урттай, бариул 11 см бүхий урттай 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Хүдэрбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.