| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2022/0093/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/96 |
| Огноо | 2022-09-13 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Ч.Сувд-Эрдэнэ
Улсын яллагч Д.Шинэбал
Иргэний нэхэмжлэгч Б.Туул
Шүүгдэгч С.Гансолонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Гансолонгод холбогдох 2203002610339 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 04 дугаар сарын 12-ний өдөр, Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Хархорин худалдааны төвд зөвлөх ажилтай, ам бүл 6, 4 хүүхдийн хамт амьдардаг. Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Төмөр зам, Баруун өлөнт гудамж, 75 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар байрны 65 тоот оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Алдар овогт Сүхбаатарын Гансолонго /РД:МЗ93041205/
Холбогдсон хэргийн талаар: С.Гансолонго Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багт байрлах Зүүнхараа өртөөний “Ган зам” хүнсний дэлгүүрт 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс мөн оны 02 дугаар сарын 28-өдрийн хооронд худалдагчаар ажиллах хугацаандаа 4 403 597 төгрөгийн бараа материалын орлогыг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гансолонго мэдүүлэхдээ:…Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир ахин мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэжээ.
Эрүүгийн 2203002610339 тоот хавтаст хэргээс:
Гэрч Б.Алтанцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...С.Гансолонго гэх эмэгтэй 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 02 дугаар сарыг дуустал Зүүнхараа өртөөнд байрлах , “Ган зам” сүлжээ дэлгүүрийн салбарт худалдагчаар ажилд орсон. Анх тушаал нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр гарсан. Ажилд ороход нь байгууллагын зүгээс мэргэжилтэн болох нягтлан бодогч нар холбогдох зааварчилгаа бусад зүйлсийг сайн хэлж өгч гарын үсэг зуруулан хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан. 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр тооллого хийхэд С.Гансолонго дээр 1 966 813 төгрөгийн дутагдал гарч Гансолонго үүнийг 25 сардаа багтаан төлж дуусгасан. Гансолонго 1 дүгээр сард гаргасан дутагдлаа төлөхдөө 2 дугаар сарын борлуулалтын орлогоос гүйлгэж тушаадаг байсан. Сүүлд 2 дугаар сарын 28-ны өдөр 2 дугаар сарын толлого болж тооцоо гаргахад 4 511 394 төгрөгийн дутагдал гаргасан тухайн үед Гансолонго тооллого хийж бараагаа хүлээлгэж өгчхөөд тайлан тооцоогоо гаргаж өгөлгүй хот руу эмнэлэгт үзүүлнэ гээд явсан. Гансолонготой утсаар яриад өөр дээр чинь өр дутагдал гарсан талаар хэлэхэд эхлээд 7 хоноод очно гэж байгаад сүүлдээ утас аа авах аа болиод сураггүй алга болсон байгаа.../... би тооллого хийсний дараа тооцооны үр дүн танилцуулж Гансолонготой утсаар ярьж хэлэхэд за ойлголоо, одоо хүнээс мөнгө аваад хийнэ гэж байгаад ирэхгүй, өр барагдуулахгүй байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Гэрч Б.Алтанцэцэг мөрдөн байцаалтад дахин мэдүүлэхдээ:...”Худалдагч Гансолонго нь бэлнээр 4 809 000 /дөрвөн сая найман зуун есөн мянган төгрөгийг манай байгууллагын “Хаан банкны”-ны 5044029444 тоот дансанд тушаасан “Хаан банкны”картаар 4 742 920 төгрөгийн гүйлгээ хийсэн буюу Зүүнхараа өртөөний ажилчдын талоноор 637 000 төгрөгийн бараа зарсан ба Дархан худалдааны төвд нийт 10 188 920 /10 мөнгө/ төгрөгийн орлого хийсэн байна. Уг дэлгүүрийн тооцоог бодож үзэхэд 14 700 315 төгрөгийн борлуулалт хийж тушаах ёстой байсан боловч 4 403 596 /90 мөнгө/ төгрөгийг дутуу тушаасан нь анхан шатны баримтаар тогтоогдсон болно.../…С.Гансолонго тухайн үед өөрийн биеэр тоолж хүлээлгэж өгсөн ба биеийн байдлаас болоод тооллогын бүртгэл болон бусад тайлан дээр гарын үсэг зураагүй мөн ирж тооцоотойгоо танилцаагүй болно. Уг асуудлаар холбогдох гэтэл С.Гансолонго сураггүй алга болчихоор нь Гансолонгын холбогдох утас болон Фейсбүүк чатаар мэдэгдэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 71-72 дүгээр хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Туул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Дээрх ажилтан Улаанбаатар төмөр замын Зүүнхараа өртөөний “Ган зам” хүнсний дэлгүүрт 2022 оны 02 дугаар сард ажиллах хугацаандаа уг дэлгүүрт 4 403 597 төгрөгийн дутагдал гаргасан болох нь Улаанбаатар төмөр замын дотоод аудитын дүгнэлтээр болон Шүүх шинжилгээний дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар хувьдаа завшсан болох нь тогтоогдсон тул уг мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт дэх “...Улаанбаатар төмөр зам дотоод аудит хяналт шалгалтын албаны аудиторын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн аудиторын дүгнэлт нь барааны үнийн дүнг өртгөөр нь тооцсон ба тооцоолол нь үндэслэлтэй байна. С.Гансолонгоос 4 403 597 төгрөгийн авлагатай байна. С.Гансолонго нь 2020 оны 1 дүгээр сарын 02-нд 13 263 428 төгрөгийн үнийн дүн бүхий барааг хүлээн авсан. 01 дүгээр сард нийт 13 750 325 төгрөгийн үнийн дүн бүхий барааг орлогодож авсан.../... 02 дугаар сард 14 954 700 төгрөгийн үнийн дүнтэй барааг орлогдож авсан.../…Улаанбаатар төмөр замын Дархан худалдааны төвийн “Ган зам” хүнсний дэлгүүрт ажиллаж байсан. С.Гансолонго 4 511 394 төгрөгийн өртэй байгаа бөгөөд өмнөх өрийн илүү төлөлт 107 797 төгрөгийг хасаад 4 403 597 төгрөг төлөхөөр байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 107-110 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч С.Гансолонгыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч С.Гансолонго нь 2022 оны 02 дугаар сарын өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар төмөр замын Зүүнхараа өртөөний “Ган зам” хүнсний дэлгүүрт ажиллаж байх хугацаандаа 4 403 597 төгрөгийн дутагдал гаргаж хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Туулын мэдүүлэг /хх-ийн 54-59 дүгээр хуудас/, гэрч Б.Наранцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 75-77 дугаар хуудас/, гэрч Ш.Тэгшбаярын мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/, Гэрч Г.Уранчимэгийн мэдүүлэг /хх-ийн 83-84 дугаар хуудас/, Гэрч Г.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/, Гэрч Ш.Баясгалангийн мэдүүлэг /хх-ийн 94-96 дугаар хуудас/, шүүгдэгч С.Гансолонгын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 62-70, 65-66, 116-119 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 114 дүгээр хуудас/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.
Тиймээс Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Гансолонгод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.Гансолонгыг Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багт байрлах Зүүнхараа өртөөний “Ган зам” хүнсний дэлгүүрт 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс мөн оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд худалдагчаар ажиллах хугацаандаа 4 403 597 төгрөгийн бараа материалын орлогыг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч С.Гансолонго нь шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааны шатанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон 4 403 597 төгрөгийг бодит хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул С.Гансолонгоос 4 403 597 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Улаанбаатар төмөр замын Дархан худалдааны төв /итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 15-р хороо, Дамбадаржаагийн 23-36 тоотод оршин суух Булгадар овогт Батноровын Туул РД:ОА92020114/-д олгох нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч С.Гансолонгод оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Гансолонго нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багт байрлах Зүүнхараа өртөөний “Ган зам” хүнсний дэлгүүрт 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс мөн оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд худалдагчаар ажиллах хугацаандаа 4 403 597 төгрөгийн бараа материалын орлогыг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Гансолонго нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.Гансолонгод эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж, шүүгдэгч С.Гансолонгод 2700 нэгж буюу 2700000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Гансолонго энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Алдар овогт Сүхбаатарын Гансолонгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гансолонгыг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгж буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Гансолонго нь торгох ялыг 36 /гучин зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.Гансолонго нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирол төлбөрт нийт 4 403 597 /дөрвөн сая дөрвөн зуун гурван мянга таван зуун ерэн долоо/ төгрөгийг С.Гансолонгоос гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Монгол Оросын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын Дархан худалдааны төв /итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 15-р хороо, Дамбадаржаагийн 23-36 тоотод оршин суух Булгадар овогт Батноровын Туул РД:ОА92020114/-д олгосугай
6.Энэ хэрэгт С.Гансолонго нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Гансолонгод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.