Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2024/0413

 

 

 

 

 

 

 

 

О НҮТББ-ын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “О” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Т.Ц

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “О” НҮТББ

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар

Гуравдагч этгээд Т ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “П” ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн хуваах Онги-*, Т-* гэрээний “О” төрийн бус байгууллагын дүрэмд тусгагдсан бүс нутаг болон Онги голын сав газарт хамаарагдах хэсгийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0371 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “О” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Т.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/1093/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О” НҮТББ нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулж “П” ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн хуваах Онги-*, Т-* гэрээний “О” төрийн бус байгууллагын дүрэмд тусгагдсан бүс нутаг болон Онги голын сав газарт хамаарагдах хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0371 дүгээр шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5, Газрын тосны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.4, 17.3, 17.5, 17.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч “О” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Т.Ц давж заалдах гомдолдоо:

“...Манай байгууллага Ашигт малтмал, газрын тосны газрыг Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийг зөрчсөн учраас тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан “...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах...” эрх нь зөрчигдөж болзошгүй байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.

Онги гол Өвөрхангай аймгийн Уянга сумаас эх авч тус аймгийн Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Тарагт, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаар дайрч Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байдаг Улаан нуурт цутгадаг 437 км урт урсдаг юм. Ийм учраас тус ТББ үүсгэн байгуулах баримт бичиг буюу өөрийн байгууллагын дүрмийн үндсэн зорилгоо хэрэгжүүлэх зорилт хэсэгт “...Бүс нутгийн иргэдийн дунд болон голын эргийн дагуу байгаль хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулах...” гэж тусгасан билээ.

Хамгийн гол маргаан бол Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалт буюу “...Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийсэн этгээд нь эрлийн ажлын анхдагч материал, үр дүнгийн тайлан мэдээг төрийн захиргааны байгууллагад өгч дүгнэлт гаргуулах үүрэгтэй..”, 17.2-д заасан “...Эрэл хийсэн этгээд нь эрлийн ажлын үр дүнгийн тайланг төрийн захиргааны байгууллагаар дүгнэлт гаргуулснаас хойш 60 хоногийн хугацаанд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах саналаа ирүүлнэ” гэсэн зохицуулалтыг зөрчсөн байхад Ашигт малтмал, газрын тосны газар хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэлгүй бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан нь манай байгууллагын үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийн иргэдийн “...орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах...” эрх чөлөө зөрчигдөж болзошгүйд хүрэх юм.

Захиргааны хэргийн шүүхийн зорилго бол захиргааны байгууллагыг хууль ёс сахиулахад чиглэгддэг гэж үзэж Ашигт малтмал, газрын тосны газрын хууль зөрчсөн үйл ажиллагаанаас зөрчигдөж болзошгүй байгаа иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасан “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэсэн заалтын хүрээнд хянаж өгөхийг хүсье.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э-ийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0371 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “О” ТББ-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “О” ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Нэхэмжлэгч “О” НҮТББ-ийн дүрмийн 1.1-д “О нь Төрийн бус байгууллагын тухай хууль болон энэ дүрмийг үйл ажиллагаанд мөрдлөг болгон ажиллах, хүний буруу үйл ажиллагааны улмаас мөхлийн ирмэгт хүрч буй “Онги гол-Улаан нуур”-ын усны нөөцийг хамгаалалтад авах, сайжруулах ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар гүйцэтгэх зорилготой гишүүнчлэл бүхий ашгийн бус төрийн бус байгууллага, 2.1-т “Оий үндсэн зорилго нь Онги голын урсацыг Улаан нуурт хүргэхэд оршино” гэжээ.

          3. Нэхэмжлэгч “О” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Т.Ц “...Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т заасныг Ашигт малтмал, газрын тосны газар хэрэгжүүлэлгүй бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан нь манай байгууллагын үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийн иргэдийн орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх чөлөө зөрчигдөж болзошгүй” хэмээн маргасан.

          4. Газрын тосны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д “бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, цуцлах эрхийг олгох, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх”, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “газрын тосны тухай хууль тогтоомж, Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах”, 9.1.2-т “хайгуулын талбайд захиалга хүлээн авах, гэрээлэгчийг сонгон шалгаруулах, энэ хуулийн 7.1.8-д заасны дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах” гэж тус тус заасан.

          5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын техникийн зөвлөлийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар “П” ХХК-ийн Т*, Богд-*, Онги * талбайнуудын эрлийн гэрээний хэрэгжилтийг хэлэлцэж, эрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хугацаанд нь амжилттай биелүүлсэн” гэж дүгнэж, “П” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 25/17 дугаар албан бичгээр бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах тухай хүсэлтийг гаргасан байна. 

          6. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 57 дугаар “Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай” тогтоолоор “..Богд-*, Онги-*, Т-* талбайд уламжлалт бус газрын тосны үйл ажиллагаа явуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээг “П” ХХК-тай холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгож”, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газар болон “П” ХХК нар нь “Онги *, Т *, Богд-* талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г тус тус байгуулжээ.

          7. Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийсэн этгээд нь эрлийн ажлын анхдагч материал, үр дүнгийн тайлан мэдээг төрийн захиргааны байгууллагад өгч дүгнэлт гаргуулах үүрэгтэй”, 17.2-т “Эрэл хийсэн этгээд нь эрлийн ажлын үр дүнгийн тайланг төрийн захиргааны байгууллагаар дүгнэлт гаргуулснаас хойш 60 хоногийн хугацаанд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах саналаа ирүүлнэ”, 17.3-т “Эрэл хийсэн этгээд доор дурдсан нөхцөлийг тусгасан бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг боловсруулж төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 17.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 17.3-т заасан төслийг хүлээн авмагц энэ хуулийн 17.3, 21.2, 26.3-т заасан этгээдтэй 60 хоногийн дотор гэрээний төслийн талаар хэлэлцээ хийж эцэслэн тохиролцсон төслийг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ”, 17.5-д “Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 17.4-т заасан гэрээний төслийг 30 хоногийн дотор хянаж үзээд саналаа Засгийн газарт хүргүүлэх бөгөөд Засгийн газар уг саналыг хүлээж авснаас хойш 60 хоногийн дотор гэрээ байгуулах эсэх талаар шийдвэр гаргана”, 17.6-д “Засгийн газар гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд төрийн захиргааны байгууллага 30 хоногийн дотор гэрээ байгуулж энэ талаар нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж тус тус заасан.

          8. Анхан шатны шүүх “...Засгийн газрын эрх олгосны дагуу Ашигт малтмал, газрын тосны газар нь П ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн дээр Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлүүдэд заасан 60 хоногийн, 30 хоногийн гэх хугацаануудыг төрийн захиргааны төв байгууллага болон агентлаг мэдээгүй, хэтрүүлсэн нь хууль зүйн сөрөг үр дагавар үүсгээгүй... Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахдаа 60 хоногийн, 30 хоногийн гэх хугацаануудыг мөрдөөгүй нь нийтийн эрх ашигт харшлаагүй, нэхэмжлэгчийн маргаж буй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн гэдэг нь нотлогдоогүй..” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

9. Өөрөөр хэлбэл энэхүү хуульд заасан хугацаа алдагдаж, гэрээ байгуулсан нь тогтоогдож байх боловч уг зөрчлийн улмаас нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.  

10. Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдуулж Газрын тосны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг төв тайлбарлан хэрэглэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0371 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “О” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Т.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                    Г.БИЛГҮҮН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА