Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0406

 

2021 06 08 128/ШШ2021/0406

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж******* ХХК, /РД:2841... /

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмч хувьчлах комисс

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 2, 3, 4 дэх хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн өмч хувьчлах журмын 3.3-д заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланд туссан барилгын өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ болох 100,621,447.3 мянган төгрөгөөр хувьчлах шийдвэр гаргахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмч хувьчлах комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И, М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 2, 3, 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах.

С дүүргийн ... дугаар хороонд байрлах 8 хүний халуун усны байрыг баригдаж байх үед анх манай компанийг С дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183 дугаар захирамжаар тус халуун усны барилгын эзэмшигчээр баталж, барилгыг ашиглалтад оруулах, халуун усны үйлчилгээний чиглэлийг өөрчлөлгүйгээр үйл ажиллагааны алдагдлыг нөхөхөд шаардлагатай үйлчилгээ нээх зорилгоор нэмэлт хөрөнгө оруулалт хийж үйлчилгээгээ өргөтгөн ажиллахыг ЖБГ " ХХК-д зөвшөөрсүгэй гэж шийдвэрлэсэн.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2005 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14/05 дугаар актаар халуун усны чиглэлээр ашиглахад хангалттай гэж үзээд санхүүжилтийн эцсийн тооцоогоор 86,323,263 төгрөгийг өртөгтэйгөөр ашиглагч байгууллага болох Ж******* ХХК-ийн мэдэлд 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс үйлдвэрлэл-үйлчилгээ явуулахыг зөвшөөрсөн байдаг ба энэ хугацаанаас эхлэн хууль ёсоор ашиглах эрх үүсэж өнөөдрийг хүртэл анхны зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, үйл ажиллагаа явуулан хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээг тухай бүрт нь хийж гүйцэтгэж байсан. 2016 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 гаар сарын 02-ны өдрийн Жагсаалт батлах тухай" 6/13 дугаар тогтоол гаргахдаа манай компанийн олон жил үйл ажиллагаа явуулж, хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа 8 хүний халуун усны байрыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах тухай жагсаалтад оруулж баталсныг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж манай компанид Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байна гэж зааснаар хувьчлахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 319 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Дээрх шүүхийн шийдвэрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас биелүүлж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 108 дугаар тогтоол гарч манай компанид давуу эрхээр хувьчлахыг шийдэж Нийслэлийн Засаг даргад тус тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгаж шийдсэн шийдвэр хүргэгдсэн байдаг. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлж Нийслэлийн Засаг даргаар зохих шийдвэр гараагүйтэй холбогдуулж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 108 дугаар тогтоолын дагуу ... Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны халуун усны байрыг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу давуу эрхээр "Ж*******" ХХК-д 86,323,963 төгрөгөөр хувьчлах ажлыг зохион байгуулж шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дээрх тогтоолыг биелүүлж хувьчлах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг бөгөөд уг шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч зохих шийдвэрийг гаргалгүй маш их удсан.

Гэтэл энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа гэх нэрийн дор маргаж буй 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар хувьчлах үнийг үндэслэлгүйгээр шүүхийн шийдвэрийг зөрчиж тогтоон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Түүнчлэн шүүхээс хүчингүй болгосон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6/13 дугаар тогтоолыг үндэслэл болгож байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн зургадугаар бүлэгт заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно, 78.1-д Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй", Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т заасантай тус тус нийцээгүй тул Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 2, 3, 4 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 2, 3, 4 дэх хэсгийг хүчингүй болгуулж, Нийслэлийн өмч хувьчлах журмын 3.3-д заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланд туссан барилгын өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ болох 100,621,447.3 мянган төгрөгөөр хувьчлах шийдвэр гаргахыг даалгуулах. Үндэслэл: Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхээр нэг мөр сэргээлгэх үүднээс дээрх шаардлагыг нэмэгдүүлж байгаа ба үндсэн шаардлагын хамт дээрх байдлаар тодорхойлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэн нэмэгдүүлсэн болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Бид энэ маргааныг үүсгэж байгаа гол асуудал нь барилгыг худалдах, өмчлөлдүүлэх нэрийн дор сул байгаа 503 м.кв газрыг эзэмшүүлэхээр болсон 2016 онд хугацааг нь сунгасан байгаа газрыг хуулийн этгээдэд өмчлүүлнэ гэдэг агуулгаар үнийг хий хөөрөгдсөн, баталсан журмыг зөрчиж үнэлгээг нэмэгдүүлж, тус үнэлгээг санал болгоод худалдаж авахгүй бол нээлттэй худалдан авалт явуулна гэдэг байдлаар нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна. Газрын үнийг оруулж ирж байгаа нь 2010 онд газар эзэмшүүлэх гээд 503 м.кв газрыг эзэмшүүлж нэхэмжлэгч компанид Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн дагуу олгосон. 2016 онд үүнийг хуульд нийцэж байна гээд зохих журмын дагуу хугацааг сунгах нь зүйтэй гэдэг байдлаар хугацааг нь сунгасан мөн дуудлага худалдааны анхны үнэ гээд 6 сая төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төлүүлсэн. Одоогоос 5 жилийн өмнө 503 м.кв газраа хуулийн этгээдэд эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан.

Нэхэмжлэгчийн хувьд эзэмшиж, түрээсэлж үйл ажиллагаа явуулж байсан зүйл нь халуун усны барилга юм. Энэ 504 м.кв биш ба 140 м.кв барилга байсан. Тэр барилгыг хувьчилж авах давуу эрх үүсгэсэн тэр хуулийн дагуу давуу эрхээ эдэлж 2017 санал болгож байсан төсөвт төвлөрүүлэх анхны үнээс нэмэгдүүлж мэргэжлийн байгууллагын үнэлгээний дүгнэлтээр гарч ирсэн нь 106 сая төгрөг байгаа. Тэр үнээр худалдаж авахад татгалзах зүйл байхгүй гэж үзэж байна. 504,582.800 төгрөг нь нь бодит байдал дээр нийцээгүй гэж үзэж байна. Хуралдааны тэмдэглэлд Ж.Б******* гээд Нийслэлийн Засаг даргын орлогч хийж байсан хүн нь хуралдаанд орж ирээд үнэгүй гэсэн сайтад би харж байсан гэж хэлээд 504 сая төгрөгийг гаргаж ирж байгаа. Энэ нь тус тэмдэглэл дээрээс тодорхой нотлогддог. Журмыг хараад үзвэл мэргэжлийн байгууллагын гаргасан үнэлгээг үндэслээд Нийслэлийн өмч хувьчлах комисс тогтоолоо гаргаж, үнэлгээ тогтоож давуу эрхтэй этгээдэд санал болгоно гэсэн журам зөрчигдсөн. Өмнө нь эзэмшиж байсан газрыг барилга өмчлүүлэх нэрийн дор бусдад байгаа сул газрыг өмчлүүлнэ гэдэг зүйл Газрын тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах хуулиудаар ийм зохицуулалт байхгүй. Ингэж үнэ тогтоож байгаа асуудал нь холбогдох журам болон хуулийг зөрчсөн асуудал байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Нэхэмжлэл хангагдах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь 2017, 2018 онд давуу эрхээр санал болгохгүй байна гээд маргаад явсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Мэргэжлийн байгууллагын үнэлгээгээр барилгын үнэлгээ нь 100,621,447.3 гэж үнэлэгдсэн учир дахин үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй. Энэ үнээр хариуцагч шийдвэрээ засаад гаргах боломж байгаа гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Захиргааны актын тухай: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183 дугаар захирамжид төсвийн хөрөнгөөр баригдсан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах 8 хүний халуун усны барилгын эзэмшигчээр Ж*******" ХХК-ийг баталсан. 2005 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183 дугаар тушаалаар томилогдсон 22 хүний бүрэлдэхүүнтэй Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс-ын 14/05 тоот актаар 86.323.963 төгрөгийн өртөгтэйгөөр ашиглалт явуулахыг зөвшөөрсөн. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6/13 дугаар тогтоолоор Нийслэлийн өмчөөс 2017 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтын 1-д уг халуун усны байрыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахыг шийдвэрлэсэн. 2017 оны 06 дугаар сарын 22-ны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 108 дугаар тогтоолоор С дүүргийн 0 дугаар хорооны нутагт байрлах 86.323.963 төгрөгийн өртөг бүхий халуун усны байрыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах гэснийг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу түрээсийн давуу эрхээр хувьчлах гэж өөрчилсөн.

Шүүхийн шийдвэрийн тухай: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 319 дүгээр шийдвэрээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/13 дугаар тогтоолоор С 0 дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах халуун усны байрыг нээлттэй дуудлага худалдаагаар гэснийг хууль бус болохыг тогтоож халуун усны байрыг Ж*******" ХХК-д хувьчлах гэж өөрчлөлт оруулж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж шийдвэрлэсэн. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0069 дүгээр шийдвэрээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 108 дугаар тогтоолыг биелүүлж хувьчлах шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан болно.

Нийслэлийн өмч хамгаалах комиссын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаар тогтоолын тухай: Нийслэлийн өмч хамгаалах комисс нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар бүлэг, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/13 дугаар тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 319 дүгээр шийдвэр зэргийг баримтлан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаар тогтоолоор батлагдсан нийслэлийн өмчийг хувьчлах журам, Нийслэлийн өмч хамгаалах комиссын ажиллах журамд заасан эрх хэмжээний хүрээнд хувьчлах хөрөнгийн үнийг тогтоосон нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 0069 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 108 дугаар тогтоолыг биелүүлж хувьчлах шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шийдвэр гаргасан болохоос уг хөрөнгийг хэдэн төгрөгөөр хувьчлахыг заасан шийдвэр гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхээс нийслэл хөрөнгөө ямар үнээр худалдах, хувьчлах үнийг тогтоож шийдвэрлэх хуулийн заалт байхгүй тул дээрх шүүхийн шийдвэрийг санаатайгаар мушгин гуйвуулж уг барилгын 15 жилийн өмнөх өртгийн үнээр өнөөдөр хувьчилж авах саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 67 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн Өмчийг хувьчлах журам-ын 3 дугаар зүйлийн 3-д Хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн худалдах доод үнийг тогтоохдоо эрх бүхий хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын хийсэн үнэлгээний тайланг үндэслэн тогтооно. Үнэлгээний төлбөрийг хувьчлах үнийн дүнд оруулж тооцно", "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 6 дугаар бүлгийн 37 дугаар зүйлийн 37.12-д Хөрөнгийг доод үнээс доогуур үнээр худалдахыг хориглоно" гэж хувьчлах хөрөнгийн доод үнийг тогтоох тухай заасан. Мөн Нийслэлийн Өмч хувьчлах комиссын ажиллах журам-ын комиссын эрх, үүргийг тодорхойлсон 3 дугаар бүлгийн 3.1.1-д Нийслэлийн өмчөөс хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн худалдах доод үнийг тогтоох, шаардлагатай тохиолдолд үнийг өөрчлөх эрхтэй гэж заасны дагуу Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 9 тоот тогтоол гарсан болно.

Монгол Улсын Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д "Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна, 85 дугаар зүйлийн 85.2-т Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж тус тус зааснаар газрын асуудлыг мөн хувьчлах хөрөнгийн үнэлгээнд оруулж тооцох хуулийн үндэслэлтэй байна. Л ХХК-ний 4 жилийн өмнөх 2017 оны үнэлгээний тайлан гэх баримтыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээхгүй болно гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ж******* ХХК-ийн С дүүргийн... дугаар хорооны халуун усны барилгыг эзэмшүүлээд улмаар хувьчлах Засаг даргын шийдвэр удаа дараа гарсан. Сүүлд гарсан Өмч хувьчлах комиссын 9 дүгээр тогтоолтой холбогдуулан ярихад үнэлгээ дээр маргаж байгаа. Нийслэлийн өмч хувьчлах комиссын ажиллах журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт комиссын эрх дээр эд хөрөнгийг худалдаалах үнийг тогтоох шаардлагатай учир үнийг өөрчлөх гэсэн эрх хэмжээний хүрээнд тухай 9 дүгээр тогтоолд заасан үнийг тогтоосон. Мэргэжлийн байгууллагын үнэлгээ 2017 онд хувийн компани болох Л ХХК-иар хөрөнгөө үнэлүүлсэн. Нэгдүгээрт 4 жилийн өмнөх үнэлгээ, энэ үнэлгээг Нийслэлийн өмч хувьчлах комисс уг үнэлгээгээр хувьчилна гэсэн зүйл заалт байхгүй. Хэрэв тус компанийн үнэлгээг зөвшөөрч байгаа бол Ж******* ХХК нь уг үнэлгээ дээр барилгын үнийн 100 сая, газрын үнийн 158.3 сая төгрөг гэж тогтоосон. 6,6 сая төгрөг буюу газрын анхны үнийг төлсөн гэж ярьж байгаа. Тэгэхээр тус үнэлгээгээр халуун усны барилгыг авна гэж байгаа. Л ХХК-ийн үнэлгээг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй, бидэнд хүлээн зөвшөөрөх үүрэг байхгүй. Хэрэв шаардлагатай гэж үзвэл газрын үнэлгээг дахин үнэлүүлэх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар Ж******* ХХК-д олгогдсон захирамжууд бүгд эзэмшлийн гэрээ гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Иймд Нийслэлийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий Нийслэлийн өмч хувьчлах комисс нь үнэлгээг тогтоосон байгаа нөхцөлд худалдан авагч хувьчилж авах эрх бүхий этгээд болон нэхэмжлэгчийн саналыг зөвшөөрөх үүрэг байхгүй. Хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Барилга гэдэг нь Иргэний хуулиар газраас салгамагц ашиглаж үл болно гэж байгаа. Тэгэхээр бид газрыг байшингаас салгаж болохгүй эзэмшил газар гэдэг нь халуун усны барилгыг дагаж олгогдож байгаа. Нийслэлийн өмчийг хувьчлах журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт хувьчлагдах хуулийн этгээдийн эд хөрөнгийг худалдах доод үнийг тогтоохдоо эрх бүхий хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын хийсэн үнэлгээний тайланг үндэслэж тогтооно гэж байгаа. Хуулиараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өмчийн эзэн юм. Эрхийг олгосон Нийслэлийн өмч хувьчлах комисс хүн эд хөрөнгөө яаж хувьчлах, хэдэн төгрөгөөр худалдах үнийн саналаа өөрөө гаргах эрхтэй. Иймд эрхийнхээ хүрээнд үнэлгээг тогтоосон. Нэхэмжлэгч 86 сая төгрөг төсөвт оруулах ёстой байсан гэж байна. Тэр нь ямар хамааралгүй. Тэр нь бүртгэлийн үнэ гэдэг үнэлгээ байдаг. Бүртгэлийн үнэ гэдэг зүйл байдаг бөгөөд зах зээлийн үнэ гэдэг нь өөр байдаг гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж******* ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмч хувьчлах комисст тус тус холбогдуулан гаргасан Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 2, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн[1], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 2, 3, 4 дэх хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн өмч хувьчлах журмын 3.3-д заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланд туссан барилгын өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ болох 100,621,447.3 мянган төгрөгөөр хувьчлах шийдвэр гаргахыг даалгуулах гэж нэмэгдүүлж[2], тодруулсан бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Маргааны үйл баримтын талаар: С дүүргийн... дугаар хороонд байрлах 8 хүний халуун усны байрыг С дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183 дугаар захирамжаар[3] тус халуун усны барилгын эзэмшигчээр баталж, барилгыг ашиглалтад оруулах, халуун усны үйлчилгээний чиглэлийг өөрчлөлгүйгээр үйл ажиллагааны алдагдлыг нөхөхөд шаардлагатай үйлчилгээ нээх зорилгоор нэмэлт хөрөнгө оруулалт хийж үйлчилгээгээ өргөтгөн ажиллахыг Ж******* " ХХК-д зөвшөөрсүгэй гэж шийдвэрлэжээ.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2005 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14/05 дугаар актаар[4] халуун усны чиглэлээр ашиглахад хангалттай гэж үзээд санхүүжилтийн эцсийн тооцоогоор 86,323,263 төгрөгийг өртөгтэйгөөр ашиглагч байгууллага болох Ж******* ХХК-ийн мэдэлд 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс үйлдвэрлэл-үйлчилгээ явуулахыг зөвшөөрсөн байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Жагсаалт батлах тухай" 6/13 дугаар Жагсаалт батлах тухай тогтоолын хавсралтаар[5] Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах 8 хүний халуун усны байрыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах тухай жагсаалтад оруулж баталжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 319 дүгээр шийдвэрээр[6] Ж******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/13 дугаар Жагсаалт батлах тухай тогтоолд халуун усны барилгыг Ж******* ХХК-д хувьчлах гэж өөрчлөлт оруулахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж шийдвэрлэсний дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 108 дугаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолоор[7] Нийслэлийн өмчөөс 2017 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтад орсон С дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86,323,963 төгрөгийн өртөг бүхий халуун усны барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах гэснийг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу түрээсийн давуу эрхээр хувьчлах гэж өөрчилжээ.

Энэхүү тогтоолыг хэрэгжүүлж Нийслэлийн Засаг даргаар зохих шийдвэр гараагүйтэй холбогдуулж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 108 дугаар тогтоолын дагуу ... С дүүргийн ... дугаар хорооны халуун усны байрыг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу давуу эрхээр "Ж*******" ХХК-д 86,323,963 төгрөгөөр хувьчлах ажлыг зохион байгуулж шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дээрх тогтоолыг биелүүлж хувьчлах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дүгээр шийдвэрээр[8] бүхэлд нь хангаж шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Дээрх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолууд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд зэргээс үзвэл нэхэмжлэгч "Ж*******" ХХК нь маргаан бүхий С дүүргийн ... дугаар хорооны халуун усны байрыг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу давуу эрхээр хувьчилж авах эрхтэй болох нь тогтоогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар бүлэг, Монгол Улсын Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6/13 дугаар тогоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 319 дүгээр шүүхийн шийдвэр зэргийг тус тус үндэслэн маргаан бүхий Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн С дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Халуун усны барилгыг хувьчлах тухай 09 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар С дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Халуун усны барилгыг Ж*******" ХХК-д тэргүүн ээлжид санал болгон хувьчилсугай, 2 дахь заалтаар С дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Халуун усны барилгын хувьчлах үнийг 504,582,800 /таван зуун дөрвөн сая таван зуун наян хоёр мянга найман зуун/ төгрөгөөр тогтоосугай, 3 дахь заалтаар Ж******* ХХК худалдан авах эсэх саналаа энэхүү тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор ирүүлж, үнийн дүнгийн 15 хувь буюу 75,687,420 /далан таван сая зургаан зуун наян долоон мянга дөрвөн зуун хорин/ төгрөгийн дэнчинг төлсөн нөхцөлд Худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Ү*******/-т зөвшөөрсүгэй, 4 дэх заалтаар Худалдан авахаас татгалзсан, Худалдах, худалдан авах гэрээ-нд заасан хугацаанд төлбөрөө бүрэн барагдуулаагүй тохиолдолд дэнчинг улсын орлого болгож, уг барилгыг тогтоосон үнээр нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Ү*******/-т даалгасугай гэж тус тус шийдвэрлэжээ[9].

Нэхэмжлэгч Ж******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар 02-ны өдрийн өдрийн 100 дугаар захирамжийн хавсралтын 96-д зааснаар С дүүргийн 0 дугаар хороонд контор, үйлчилгээний зориулалттай 503 м2 газрыг эзэмших эрхтэй болсон байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/158 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 10 жилийн хугацаагаар сунгуулсан байна[10].

Нэхэмжлэгчийн дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа газар нь маргаан бүхий С дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Халуун усны барилгын доорх болон орчны газар мөн бөгөөд хэргийн оролцогч нар дээрх үйл баримттай маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч Ж******* ХХК нь маргаан бүхий С дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Халуун усны барилгын доорх болон орчны газрыг хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байна.

2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас захиалан Хөрөнгийн үнэлгээ, төслийн Л ХХК-иар маргаан бүхий С дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Халуун усны барилга, түүний доорх газрын хөрөнгийн үнэлгээ хийлгэжээ[11].

Тус үнэлгээгээр барилгыг 100,621,447.3 төгрөг, нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа газрыг 158,309,089.5 төгрөгөөр, нийт 258,930,536.8 төгрөгөөр барилга болон газрыг үнэлсэн байна.

Маргаан бүхий тогтоолыг баталсан Нийслэлийг өмч хувьчлах комиссын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэлийн агуулгаас үзвэл, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Л ХХК-ийн хийсэн үнэлгээний дундаж, нэхэмжлэгчийн газрын дуудлага худалдаанд төлсөн үнэ зэргийг хасаж тооцоод маргаан бүхий барилга болон газрын нийт 252,291,400 төгрөг байхаар тооцож, энэ үнийг 2 дахин өсгөх гэсэн томьёоллоор санал хураалтыг явуулж, комиссын хуралд 12 гишүүн оролцсоноос 11 гишүүн зөвшөөрснөөр маргаан бүхий барилгыг худалдах үнийг 504,582,800 төгрөгөөр тогтоожээ[12].

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн  81 дүгээр зүйл. Орон нутгийн өмчийг хувьчлах, 1. Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн зургадугаар бүлэгт заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно. гэж заажээ.

Хуулийн дээрх заалтыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Журам батлах тухай 67 дугаар тогтоолыг баталсан байх бөгөөд уг тогтоолын нэгдүгээр хавсралтаар Нийслэлийн өмчийг хувьчлах журам, хоёрдугаар хавсралтаар Нийслэлийн өмч хувьчлах комиссын ажиллах журам-ыг тус тус баталсан байна.[13]

Нийслэлийн өмчийг хувьчлах журам-ын 3.3. ..., эд хөрөнгийн худалдах доод үнийг тогтоохдоо эрх бүхий хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын хийсэн үнэлгээний тайланг үндэслэн тогтооно. ..., Нийслэлийн өмч хувьчлах комиссын ажиллах журам-ын 3.2.2. Өмч хувьчлалын үйл ажиллагаатай холбоотой хөрөнгийн үнэлгээ, ... эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэх хийлгэх; гэж тус тус зааснаас үзвэл, хувьчлагдах эд хөрөнгийн худалдах доод үнийг тогтоохдоо эрх бүхий хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын хийсэн үнэлгээний тайланг үндэслэхээр байна.

Маргаан бүхий өмч хувьчлах комиссын тогтоолоор С дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Халуун усны барилгын хувьчлах үнийг 504,582,800 төгрөг гэж тогтоосон үндэслэлгүй болжээ.

Учир нь нэхэмжлэгч Ж******* ХХК нь маргаан бүхий барилгын доорх болон орчны газрын эзэмшигч байхад газрын үнэлгээг оролцуулан үнийг тогтоосон нь үндэслэлгүй мөн ******* ХХК-иас гаргасан маргаан бүхий барилгын үнэлгээний тайлангаар тогтоосон үнийг ямар үндэслэлээр 2 дахин өсгөж байгаа нь тодорхойгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Харин Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 319 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Ж******* ХХК-д маргаан бүхий барилгыг хувьчлахыг даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Л ХХК-иас хийгдсэн үнэлгээгээр нэхэмжлэгч маргаан бүхий барилгыг хувьчлах авах эрхтэй байна гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд шүүхэд гаргасан Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 2, 3, 4 дэх хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн өмч хувьчлах журмын 3.3-д заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланд туссан барилгын өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ болох 100,621,447.3 мянган төгрөгөөр хувьчлах шийдвэр гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ийн а/, б/, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасныг тус тус баримтлан Нэхэмжлэгч Ж******* ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмч хувьчлах комисст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 2, 3, 4 дэх хэсгийг хүчингүй болгож, С дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Халуун усны барилгыг Ж******* ХХК-д 100,621,447.3 /Нэг зуун сая зургаан зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун дөчин долоон төгрөг гурван мөнгө/ төгрөгөөр хувьчлах шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмч хувьчлах комисст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 27-29 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 59 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 41 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 42 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 44-45 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 4-9 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 46 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 14-17 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 7 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, ... дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 105-110 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 94-104 дүгээр хуудас

[13] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 48-59 дүгээр хуудас