Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/100

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,  х

Шүүгдэгч Ө.М, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,  

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ө-ийн М-д холбогдох 2228002560117 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Биеийн байцаалт:    

Б овгийн Ө-ийн М, .................                  

Шүүгдэгч Ө.М нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 09 цагийн орчимд Өмнөговь аймгийн Баяндалай сумын ..... багийн нутаг, ".....” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ч.Я-тай маргалдаж, улмаар нүүр рүү нь гараараа цохиж зодон тархи доргилт, зүүн гайморын урд болон гадна хана, хоншоор яс зүүн талд, баруун, зүүн ухархайн дотор хана, хамар ясанд хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн дээд 2, 3 дугаар араанд 3 дугаар зэргийн сулрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.           

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ө.М-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Ө.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Бын ахынд очиж архи уусан. Манайд 0,5 граммын архи байгаа гэж хэлээд Б ах бид хоёр манай гэр рүү явсан. Явах замдаа Я ахынд очиж Я ахыг аваад манай гэрт очиж 0,5 граммын архи уусан. Архи ууж дуусаад Б ах эгчийнхээсээ монгол архи авч ирж ууж байхад өглөө болсон. Б ах, Я ах хоёр бэлчээрийн асуудлаас болж маргалдсан. Тэр үед Б ахыг Я ах 6 удаа цохиж авсан. Би боль гэж хориход намайг эргүүлж цохисон. Я ах бүгдийг нь ална гэж гэрийн зүүн талаар хутга эрж байхад охин гараад гүйсэн. Охины араас Я ах гарахдаа үүд мөргөөд гарсан. Я ахыг охины араас гарахаар нь би араас нь очоод Я ахыг нэг удаа цохисон. Удалгүй Я ахыг эхнэр, хүүхдүүд нь ирж аваад явсан гэв. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Я мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 07 дугаар сарын 30-ны шөнө 23 цагийн үед Өмнөговь аймгийн Баяндалай сумын ..... багийн “.....” гэх газар гэртээ амарч байхад Ц.Б, Ө.М нар ирээд Ө.М нь манайд нэг шил архи байгаа ууя гээд явсан. М-ы гэрт очоод нэг шил архиа уучихаад дахиад архи олж уух гэхэд Ц.Б манай эгчийнд монгол архи байгаа гэж хэлсэн. Тэгээд очиж авахаар Ц.Б, Ө.М, бид гурав явсан. Очоод Ц.Б-ын эгч Ц.С-гаас 6 литр монгол архи худалдаж авсан. Монгол архиа аваад Ө.М-ыд буцаад ирсэн. Уугаад сууж байтал өглөө болсон байсан нутаг усныхаа талаар яриад жаахан маргалдсан. Тэгээд сайн санахгүй байна. Ц.Б-ыг миний толгойн тус газар таавчигаар цохиод байсныг санаж байна. Тэгэхлээр нь би хүний жорлонд ордог гутлаар хүний толгой руу цохилоо гээд барьцалдаж авсан, тэгээд цааш санахгүй байна... Маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 01-ний өглөө Баяндалай сумын төв ороод эрүүл мэндийн төвд үзүүлсэн чинь Даланзадгад сумын Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвд очиж үзүүл гэхээр нь хамт байсан М, Б нартай утсаар ярьсан чинь Б би таны биед хүрээгүй М таныг гэрийн гадаа нүүрэн тус газар цохиж байгаа харагдсан гэхээр нь М-тай утсаар ярьсан чинь М таныг би нэг цохисон, таны эмчилгээний зардлыг төлж өгнө гэж хэлсэн. М намайг зодож гэмтэл учруулсан эмчилгээний зардал, цаашид эмчилгээ хийлгэх зардал 2,000,000 төгрөг төлж барагдуулсан байгаа. Одоо надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 15, 17 дахь тал/      

Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 07 дугаар сарын 30-ны орой 10 цагийн үед М манайд ирээд гэрт байсан Соёрхол нэртэй архины хагас 100 грамм шахуу байсныг хувааж уучихаад байж байсан чинь М хоёулаа манайд очиж нэг шил архи ууя гэж хэлсэн. Бид хоёр гэрээс гараад замдаа нэг усны хүмүүс юм чинь Я-г аваад явъя гэж яриад Я-гийн гэрт очсон. Тэгээд Я-гийнд уучихдаг юм уу гэж бодож байгаад эхнэр нь өвчтэй юм чинь айл хүндрүүлээд яах вэ гэж бодоод М-ыд очиж ууя гээд Я-г явах уу гэж асуухад тэгье гэж хэлсэн. Бид гурав М-ы гэрт очоод нэг 0.5 литрийн ногоон шилтэй архи хувааж уусан. ... Ц-гийнд очиж юм авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би шөнө болсон олохгүй байх гэж бодоод өөрийн төрсөн эгч С-гийн гэрт 01 цагийн үед очсон. Тэндээс 6 литр монгол архи аваад буцаад М-ы гэрт 04 цагийн үед очсон. Тэнд очиж 6 литр архинаас 3 литр гаруйг нь хувааж уусан. Уугаад сууж байсан чинь та хоёр намайг хавчаад усаа харамлаад байгаа юм уу гээд агсан тавьсан. Тэгээд намайг зэрэгцэж сууж байгаад миний зүүн шанаанд 4 цохихоор нь чи намайг 4 цохилоо шүү одоо болсон шүү гэж хэлэхэд дахиад 2 цохисон. Тэгсэн чинь М боль гээд хорьсон чинь чи юу гээд байгаа юм гээд М-ы нүүр рүү нэг цохиод ална шүү зүрхэнд чинь хутга шааж эргүүлнэ шүү гээд байсан. Тэр үед М-ы охин гэрийн зүүн талд сууж байхад Я хуруугаараа заагаад чамайг ч гэсэн ална гэсэн чинь уйлаад гараад явсан. Я гэрээс гарах гэж байхдаа гэрийн хаалга мөргөөд гарсан. Гарсны дараа нь М ардаас нь гараад нүүр рүү нь цохисон. Я намайг гараараа миний зүүн талын хацар руу 6 удаа зөөлөн алгадсан тухайн үед миний биед учирсан гэмтэл байхгүй тул би шүүх эмнэлэгт үзүүлмээргүй байна... Я намайг чи намайг таавчигаар цохисон гээд байсан би Яг цохисон асуудал байхгүй.” /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

Гэрч Х.Бу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 07 дугаар сарын 31-ний өглөө 7-8 цагийн үед Өмнөговь аймгийн Баяндалай сумын ..... багийн нутаг “.....” гэх газарт 2022 оны 07 дугаар 30-ны орой нөхөр М нь 20 цагийн үед айлд очих гээд явсан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад Я, Б нарын хамт гурвуулаа ирсэн. Ирээд 0,5 граммын ногоон шилтэй архи уусан. Шөнийн 02 цагийн үед дуусаад амрах гэсэн чинь Я ах архи олмоор байна, төв явж архи авч ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо унтаж амарцгаа гэсэн чинь тэр 3 гараад явсан. Тэгээд айлд очиж 6 литр монгол архи аваад буцаад ирсэн. Ууцгаагаад 3 литр орчмыг уусан. Тэгээд байж байтал өглөө болоод би босож цай ундаа уучихаад 07 цагийн үед хониндоо явсан. Хониндоо явчихаад 09 цагийн үед ирэхэд муудалцсан бололтой гадаа байсан. Намайг ирэхэд Я ахын авгай хүүхэд нь авах гээд ирсэн байсан. Я ах машиндаа суугаад явахдаа хүүхдийг чинь ална гээд орилоод явсан. Намайг малдаа явахаас өмнө Б, Я нар бэлчээр усны асуудлаас болоод маргалдаад байх шиг байсан, энэ асуудлаас болж маргалдсан байх. Я ахын хамраас цус гарсан, Я ахын эхнэр загнаад хамрын цусаа угаагаад сууж байсан. Б, М нарт ил харагдах гэмтэл байгаагүй.” /хавтаст хэргийн 25 дахь тал/

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 07 дугаар сарын 30-ны орой 23 цагийн үед унтах гэж байхад М, Б 2 ирээд Яг явъя манайд очиж ганц юм байгаа ууя гээд аваад явсан. Тэр шөнөө ирээгүй би унтаад өгсөн. Өглөө боссон ирээгүй байхаар нь М-ых руу дурандсан гадаа нь манай машин байхаар нь тэнд байна гэж бодсон утсаар залгасан утаснууд нь болохгүй байсан. Мал бэлчээд байж байтал Б-ын эхнэр залгаад М-ы охин залгаад байна Я, М хоёр зодолдоод байна гэнэ гээд ярьсан. Тэгээд яваад очтол М-ы гэрийн гадаа Я, М хоёр сууж байсан. Б гэрт сууж байсан. Би уурлаад аашлахад Б би зодоогүй шүү гээд байж байсан. Тэгээд жаал үглэж загнаж байгаад Яг машиндаа суулгаад аваад явсан. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өглөө сумын эмнэлэгт ирсэн... М Я хоёр гэрийн үүдэнд урд урдаасаа харсан Ягийн ам, хамар нь цус болсон байсан, Б гэрт сууж байсан. Я яах юм гайгүй байх хүний муу үзээд яахав гээд байсан. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өглөө хоолой нь сонин дуугараад нүүр нь хүзүү рүүгээ хавдаад байхаар нь айгаад эмнэлэгт ирээд хандсан.” /хавтаст хэргийн 27 дахь тал/

Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 07 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Баяндалай сумын ..... багийн нутаг “.....” гэх газарт гэртээ нөхөр болох Б, зээгийн хамт байсан. М ирээд гэрт байсан Соёрхол нэртэй 0.5 граммын архины гурван хуруу үлдсэн байсныг хувааж уугаад тэгээд М манайд нэг 0.5 граммын архи байгаа очиж ууя гээд аваад явсан. Би жоохон хүүхэд харж байсан учир үлдсэн. Тэр шөнөө ирээгүй. 2022 оны 07 дугаар сарын 31-ний өглөө М-ы охин залгаад Я ах агсан тавиад байна ирж ав гээд хэлээд өг гэж хэлсэн. Би Ягийн эхнэр рүү залгаад Я агсан тавиад байна ирж ав гээд байна гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 38 дахь тал/  

Шүүгдэгч Ө.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 07 дугаар сарын 30-ны орой Б-ынд очоод Б, Я нарыг аваад манайд ирж 0,5 граммын ногоон шилтэй ELIX гэх архи уусан. Ууж байсан архи дууссан учир дахиад архи уух гээд Я ах сум орж архи авна гэхлээр нь сум орж хэрэггүй гээд С-гийнд очиж 6 литр монгол архи аваад гэртээ буцаж ирсэн. Тэгээд 2 литр гарантайг уугаад байж байтал бэлчээрээс болоод Я, Б хоёр маргалдаж байгаад Я ах Б-ыг шанаа тус газар нь 6 цохисон. Тэгэхлээр нь голоор нь ороод боль гээд хорьсон чинь чи юу юм гээд намайг цохисон. Манай хүүхэд гэрийн зүүн хойд талд сууж байтал Я ах заагаад чамайг бас ална зүрхэнд чинь хутга зоож эргүүлнэ гээд үүд рүү гал тогооны тэнд очоод юм эрээд байхаар нь би очоод та яах гээд байгаа юм бэ боль харь гэж хэлсэн. Тэгсэн үүдээр гарахдаа үүдний хатавч мөргөөд хойшоо нэг алхаад гараад явсан. Эргээд харсан хүүхэд байхгүй болохоор нь хүүхэд рүү хутга аваад явчихлаа гэж айгаад араас нь очоод мөрөн дээрээс нь татаад цохисон. Цохисон үйлдэлдээ харамсаж байна, хэргээ хялбаршуулсан журмаар яаралтай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” /хавтаст хэргийн 64 дэх тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 372 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ч.Я-гийн биед тархи доргилт, зүүн гайморын урд болон гадна хана, хоншоор яс зүүн талд, баруун, зүүн ухархайн дотор хана, хамар ясанд хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн дээд 2, 3-р араанд 3-р зэргийн сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Ч.Я-гийн биед 2, 3-р арааны сулрал гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулна. Ч.Я-гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 42-43 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ч.Я-гийн биед тархи доргилт, зүүн хоншоор яс, хамар яс, 2 талын ухархайн дотор ханын хугарал, хоёр нүдний зовхи, баруун хацар, нүүрний зүүн хэсэг, хүзүү, цээжний урд хэсэг дэх цус хуралт гэмтлүүд үүсчээ. Зүүн хоншоор ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл тус бүр нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. Шинжээчийн дүгнэлт 372-т бичигдсэн зүүн дээд 2, 3-р арааны сурал нь хоншоор ясны хугарал гэмтлээс шалтгаалсан болно.” /хавтаст хэргийн 48-49 дэх тал/

Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 68, 70, 72 дахь тал/

Өмнөговь аймгийн Баяндалай сумын ..... багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 73, 77 дахь тал/

Малын “А” дансны хуулга /хавтаст хэргийн 74 дэх тал/

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 75 дахь тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 76 дахь тал/

“Хаан банк”-ны дансны хуулга /хавтаст хэргийн 79 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 86 дахь тал/

Ө.М-ы Прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 92 дахь тал/

Прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 41 дугаартай хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 97-98 дахь тал/

Прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дугаартай яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хавтаст хэргийн 105-106 дахь тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ө.М-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ө.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба өмгөөлөгч болон шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ө.М нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 09 цагийн орчимд Өмнөговь аймгийн Баяндалай сумын ..... багийн нутаг “.....” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ч.Я-тай маргалдаж, улмаар нүүр рүү нь гараараа цохиж зодон тархи доргилт, зүүн гайморын урд болон гадна хана, хоншоор яс зүүн талд, баруун, зүүн ухархайн дотор хана, хамар ясанд хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн дээд 2, 3 дугаар араанд 3 дугаар зэргийн сулрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Я-гийн “... 2022 оны 08 дугаар сарын 01-ний өглөө Баяндалай сумын төв ороод эрүүл мэндийн төвд үзүүлсэн чинь Даланзадгад сумын Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвд очиж үзүүл гэхээр нь хамт байсан М, Б нартай утсаар ярьсан чинь Б би таны биед хүрээгүй М таныг гэрийн гадаа нүүрэн тус газар цохиж байгаа харагдсан гэхээр нь М-тай утсаар ярьсан чинь М таныг би нэг цохисон таны эмчилгээний зардлыг төлж өгнө гэж хэлсэн...” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 15, 17 дахь тал/, гэрч Л.Б-ын “...Я гэрээс гарах гэж байхдаа гэрийн хаалга мөргөөд гарсан. Гарсны дараа нь М ардаас нь гараад нүүр рүү нь цохисон...” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, гэрч Х.Бу-гийн “...Хониндоо явчихаад 09 цагийн үед ирэхэд муудалцсан бололтой гадаа байсан. Намайг ирэхэд Я ахын авгай хүүхэд нь авах гээд ирсэн байсан... Я нар бэлчээр усны асуудлаас болоод маргалдаад байх шиг байсан. Я ахын хамраас цус гарсан байсан.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/, гэрч Д.М-ийн “... Мал бэлчээд байж байтал Б-ын эхнэр залгаад М-ы охин залгаад байна Я, М хоёр зодолдоод байна гэнэ гээд ярьсан. Тэгээд яваад очтол М-ы гэрийн гадаа Я, М хоёр сууж байсан, Б гэрт сууж байсан... М Я хоёр гэрийн үүдэнд урд урдаасаа харсан Я-гийн ам, хамар нь цус болсон байсан...” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/, гэрч Г.Т-ийн “...2022 оны 07 дугаар сарын 31-ний өглөө М-ы охин залгаад Я ах агсан тавиад байна ирж ав гээд хэлээд өг гэж хэлсэн. Би Я-гийн эхнэр рүү залгаад Я агсан тавиад байна ирж ав гээд байна гэж хэлсэн.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 372 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, насанд хүрээгүй гэрчээс бусад гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдлийг нотлох, яллах талын нотлох баримт болгож яллах дүгнэлтэд тусгагдсан насанд хүрээгүй М.О-ийн мэдүүлгийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны үед түүнээс гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн нөхцөл байдал /хавтаст хэргийн 32-36/ тогтоогдсон тул шүүх уг мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, үнэлэх боломжгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ө.М-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Я-ын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн гайморын урд болон гадна хана, хоншоор яс зүүн талд, баруун, зүүн ухархайн дотор хана, хамар ясанд хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн дээд 2, 3 дугаар араанд 3 дугаар зэргийн сулрал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 372 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/, мөн албаны 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 47-49 дэх тал/-ээр тус тус тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ө.М-ы хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Я-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ө.М нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Я-гийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн гайморын урд болон гадна хана, хоншоор яс зүүн талд, баруун, зүүн ухархайн дотор хана, хамар ясанд хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн дээд 2, 3 дугаар араанд 3 дугаар зэргийн сулрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “М намайг зодож гэмтэл учруулсан эмчилгээний зардал, цаашид эмчилгээ хийлгэх зардал 2,000,000 төгрөг төлж барагдуулсан байгаа. Одоо надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 17 дахь тал/ гэдгээ илэрхийлсэн байх ба 2,000,000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 72 дахь талд авагдсан хохирол төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.   

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Ө.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрийг нөхөн төлсөн гэх гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгчийн зүгээс прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тайлбар гаргав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.   

Шүүх шүүгдэгч Ө.М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М нь шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв. 

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Ө.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Я-д 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ө-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М нь шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Ө.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Я-д 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ө.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ