Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 02882

 

 

 

 

 


 

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2018/02882

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг *******,******* тоотод оршин суух, Ц.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,*******,*******,******* байрлах, НШШГГ-т холбогдох,

 

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51 дүгээр байр, 84 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах, битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дугаар шийдвэрээр Б.Эаас 149,021,766 төгрөг гаргуулж, “Пүре финанс” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 6дах хэсэгт Б.Э болон “Пүре финанс” ББСБ-ын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, шийдвэрлэсэн байхад миний өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дугаар байр 84 тоот 40 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж байгааг мэдлээ. Шүүхийн шийдвэрээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдсэн байхад яагаад миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа хийгээд байгааг мэдэхгүй байна. Би “Пүре финанс” ЕБСБ-иас зээл аваагүй. Б.Э гэж хүн зээл авсан. Энэ төлбөрийг Б.Э төлөх нь зүйтэй. Иймд Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө гэж үзэж Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 84 тоот, орон сууцанд хийж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль бус юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйл 122.3 дах хэсэгт “Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй” гэж заасны дагуу ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 84 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах болон битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон бусад хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дугаар шийдвэрээр Б.Э-с 149,021,766 төгрөг гаргуулж, “ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гуравдагч этгээд Ц.С-ийн миний бие 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очиж гүйцэтгэх баримт бичигтэй танилцаад 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Ц.Сөмчлөлийн Баянгол дүүргийн 19 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 51 дугаар байр 84 тоот 40 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаа надад мэдэгдэлгүй оруулсан болохыг мэдлээ. Уг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолоор шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч болон гуравдагч этгээдэд мэдэгдэхгүйгээр миний өмчлөлийн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулсан бөгөөд уг тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 43 дугаар зүйлийн 43.3-т “...албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт болон төлбөр төлөгчид хүргүүлнэ...” гэснийг, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-т “...анхны үнэ..” гэснийг /үнэлгээг талуудад мэдэгдээгүй байж/, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “...албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч уг худалдааг эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ...” гэснийг зөрчсөн байна. Иймд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 84 тоот, орон сууцыг 2016 оны 08 сарын 19-ний өдрийн 9/309 дугаар анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.С итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дугаар шийдвэрээр н.Энхзул гэдэг хүнээс 2014 онд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 149,021,766 төгрөгийг “Пүрэ финанс” ББСБ-нд олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл тус шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт заасан заалт байна. Энэ нь 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн 014013 тоот барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж шүүхээс тогтоосон байтал тухайн н.Мөнхтуяа болон Ц.С нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоот 40 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэл хангуулах хөрөнгө гэж шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм. Үндэслэл нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд барьцаа хөрөнгө байхгүй тохиолдолд яаж хийх, барьцаа хөрөнгөтэй тохиолдолд яаж хийх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг журамласан байдаг гэтэл тус журмыг зөрчсөн. 629 тоот шийдвэр дээр “Пүрэ финанс” ББСБ нь 2013 онд Б.Этай зээлийн гэрээ байгуулж мөн барьцааны гэрээ байгуулсан. 2014 онд дахин зээлийн, барьцааны гэрээ байгуулсан. 2013 онд байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл Б.Э төлбөрийг нь төлчихсөн. Тэгэхээр 2013 онд байгуулсан зээлийн гэрээнд барьцаалагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна гэсэн Улсын бүртгэлийн лавлагааны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийсэн нь буруу болжээ. Энэ бол 2014 онд хийсэн зээлийн гэрээний дагуу дахин шинээр гэрээ хийх ёстой байтал тэр гэрээг шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцсон байх учраас барьцаа хөрөнгө гэж хийж байгаа нь хууль бус тул Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоот орон сууцыг үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах, битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн бид нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн. 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэлийн тогтоолоор хийсэн Ц.С өмчлөлийн байрыг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаар анхны албадан дуудлага худалдаатай холбогдуулан н.Энхзул болон өмчлөгч нар огт шүүхэд маргаан гаргаж байгаагүй. Гэтэл анхны албадан дуудлага худалдаа 2 удаа болсон. 2017 оны 11 дүгээр сард дахин болсон. 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэг удаа болсон. 2 дахь удаа хийж байгаа нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.1 гэсэн заалтуудыг зөрчөөд байна. Тийм учраас 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна оролцож байна. 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2-ыг үндэслэн тус үл хөдлөх эд хөрөнгөд үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах болон битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд тус үл хөдлөх эд хөрөнгийг оруулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр Батдэлгэрийн Энхзулаас 148,123,200 төгрөгийг гаргуулж “Пүре финанс” ББСБ ХХКомпанид олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Эын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ц.С, Д.Мөнхтуяа нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол,******* тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2016 оны 171/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 171/03 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураан талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177,1-т заасны дагуу эд хөрөнгийн үнийн санал авахад үнийн санал өгөөгүй, харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг 88,000,000 төгрөгөөр тогтоосон байна. Эд хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Э өмчлөгч Ц.С, Д.Мөнхтуяа нарт 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 3/25469 тоот албан бичгээр хүргүүлж тэмдэглэл хөтлөн баталгаажуулсан. Төлбөр төлөгч Б.Э нь эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/01586 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 403 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 00564 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.Э нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион явуулсан үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа болон үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/02976 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын сарын 03-ны өдрийн 001/ХГ2018/00522 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, захирамж, гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд , Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дүгээр шийдвэр, 1592 дугаар гүйцэтгэх баримт бичгийг хүчин төгөлдөр бусд тооцсон эрх зүйн акт гараагүй байна. Нэхэмжлэгч тал 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 тоот шийдвэрт гомдол гаргаад байгаа юм шиг харагдаад байна. Нэхэмжлэлийн үндэслэх хэсэг болоод байгаа зүйл энэ шийдвэрийн 2 дахь заалтад байгаа 2014 оны зээлийн болон барьцааны гэрээг хүчингүй болгосон гэдэг байна. Шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр гомдол гаргах хугацаа дууссан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг одоо, өнөөдөр энд яриад байгаа нь зохимжгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай байгууллагаас 2 анхны албадан удаа дуудлага худалдаа зарласан. 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дуудлага худалдааны тогтоол гарсан боловч дуудлага худалдаанаас өмнө шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гарч анхны албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэж үргэлжлүүлж явах ямар ч боломжгүй болсон гэсэн үг. Мөн дуудлага худалдаа болоогүй учир дуудлага худалдааны тэмдэглэлд гарахгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны түдгэлзүүлсэн захирамжийг манайх захирамж гарсан тэр өдөрт нь хүлээгээд авсан байдаг юм. Хэрэгт түдгэлзүүлэх захирамж байгаа. Бичилт нь захирамж дээр хийгдсэн байдаг. Иймд нэхэмжлэгч Ц.Сгаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо******* тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах, битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/00629 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Эаас 148,123,200 төгрөг гаргуулан “Пүрэ финанс” ББСБ ХХК-д олгож, мөн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрх шүүхийн шийдвэрийг Б.Э сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1592 дугаартай гүйцэтгэх хуудас бичиж, хариуцагч 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулжээ.

 

Нэхэмжлэгч Ц.С нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т заасны дагуу шүүхэд гомдлоо гаргасан.

 

Нэхэмжлэлийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 171/01 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 171/03 дугаар эд хөрөнгийг хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...шүүхийн шийдвэрээр Б.Э болон “Пүре финанс” ББСБ-ын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, шийдвэрлэсэн байхад миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа нь хууль бус” гэж маргасан. Зохигч хэн аль нь хариуцагч байгууллага эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг явуулахдаа эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагааны хуульд заасан журам зөрчсөн эсэхэд маргаангүй хэмээн тайлбарласан.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Ц.Сөмчлөлийн Баянгол дүүрэг ************** тоот 3 өрөө орон сууцыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/00629 дугаар шийдвэр, 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1592 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 171/01 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 171/03 дугаар эд хөрөнгийг хураах тогтоол гарган эд хөрөнгө битүүмжилж, хураан авах ажиллагааг явуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрт тусгагдаагүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 36  дугаар зүйлийн 36.2, 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасныг зөрсөн байдал тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэлийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч байгууллагыг үл хөдлөх анхны албадан дуудлага худалдааг 2 удаа явуулсан гэж тайлбарлан маргасан.

 

Хариуцагч байгууллагаас Баянгол дүүрэг ************** тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаар тогтоол гарган дуудлага худалдааг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр явуулахаар товлосон байна.

 

Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Э үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Б.Э шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШЗ2016/03390 дугаар захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

 

Шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэж, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явагдаагүй байна. Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтаар анхны дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 43 дугаар зүйлд заасныг зөрсөн байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо******* тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах, битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Ц.Снэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51 дүгээр байр, 84 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах, битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Снэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Сээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгөөс 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР