Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/676

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022         8           18                                        2022/ШЦТ/676

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Ц.Хулан /томилолтоор/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бэ,

шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Г.Л холбогдох эрүүгийн 2111012251307 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Экологич, байгаль хамгаалагч мэргэжилтэй, “Юнитрай” ХХК-д худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогтой Гурванбаатарын Г.Л, регистрын дугаар ЙЮ91051536.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Л нь 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бишрэлт Трейд” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтоор итгэмжлэн хариуцуулж өгсөн нийт 21,137,690 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахаар хүлээн авч 13,210,990 төгрөгийн борлуулалтын орлогыг компанид тушааж, орлогын үлдэгдэл 7,926,700 /долоон сая есөн зуун хорин зургаан мянга долоон зуу/ төгрөгийг компанид тушаагаагүй завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Л нь “...Би 2021 оны 4 дүгээр сард хөдөө орон нутаг руу бараа ачуулсан байгаа. Тухайн барааныхаа мөнгийг сар тутамд хаалгах ёстой байдаг. Миний бараа өгсөн хүн маань мөнгөө өгөхгүй байсан. Би өөрийн биеэр Төв аймгийн Эрдэнэсант сум руу очиж тэр хүнтэй уулзсан. Тэр суманд дэлгүүр ажиллуулдаг хүн байсан. Удахгүй бараа бүтээгдэхүүний мөнгийг нь төлж барагдуулах болно гэж хэлсэн болохоор би итгэсэн. Эхэндээ утас руу нь залгахаар утсаа аваад удахгүй өгнө гэж хэлдэг байсан бол сүүлдээ утас нь авахгүй байсан дараагаар нь утас нь холбогдохоо больсон. Би аргаа бараад тухайн барааны мөнгийг нөхөж хийсээр байгаад ийм нөхцөл байдалд орсон. Бараа бүтээгдэхүүн өгсөн хүний утасны дугаар болон машины дугаарын зураг нь миний гар утсан дээр хадгалаастай байсан. 5 дугаар сарын 10-ны өдөр миний төрсөн өдөр болоод би төрсөн өдрөө тэмдэглэж яваад гар утас болон бичиг баримтаа гээсэн тэр үеэс эхлээд тухайн хүний утас руу залгаж, холбогдож чадахгүй нөхцөл байдал үүссэн байгаа. 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр бараа бүтээгдэхүүний тооцоогоо авч явж байсан тэр орой нь хоёр машинтай мөргөлдөөд 1,500,000 төгрөгийг авч хэрэглэсэн байгаа...” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бэ нь “...Манай байгууллагад Г.Л нь 2021 оны оны 02 дугаар сарын 3-ны өдөр худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон байгаа. Ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 9 дүгээр сарын 7-ны өдрийн харилцагч нараас авах байсан борлуулалтын орлого болон хоёр түгээгчийн хүргэж өгөх ёстой байсан бараа бүтээгдэхүүнийг өөрөө хүргэж өгнө гэж авч яваад манай компанид нийтдээ 13,845,500 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Үүнээс Мөнхнаран гэдэг хүний данс руу 5,900,000 төгрөгийг манай харилцагч дэлгүүрүүдийн нэрийг гүйлгээний утга дээр нь бичээд шилжүүлсэн байсан. Энэ талаар “Бишрэлт Трейд ХХК”-ийн гүйцэтгэх захирал н.Пүрэвдорж мэдээд Г.Лтэй утсаар холбогдоход Г.Л нь тухайн үед би аваагүй, машинтай мөргөлдсөн талаар ярьж байсан. Дараа нь цагдаа дээр ирж мэдүүлэг өгөхдөө би заримыг нь мэдэхгүй байна. Заримыг нь би ашигласан, заримыг нь би мэдэхгүй гэх байдлаар мэдүүлэг өгч байсан. Харин өнөөдөр шүүх дээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд би компанийн өмнөөс сайхан сэтгэл гаргаад харилцагч нарт урамшуулал байдлаар олгодог байсан гэх зүйл ярьж байх шиг байна. 2021 оны 02 дугаар сарын 7 дугаар сар хүртэл нийтдээ 25 худалдааны төлөөлөгч нарт сургалт орж байсан. Г.Лгийн залилуулсан гэх үйлдлийг би үнэмшилгүй худлаа хуурмаг гэж үзэж байна. Харилцагч нарт компани хувь урамшуулал өгдөг байгаа. Өөрийнхөө борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд борлуулалтын мөнгөнөөс өгдөг байсан гэж тайлбарлаж байх шиг байна. Г.Л нь борлуулалтын мөнгийг сар сард нь хийдэггүй байсан. 8 сарын борлуулалтын мөнгийг 9 дүгээр сард хийдэг байсан. Дараагийн харилцагчийн мөнгөөр өмнөх харилцагчийн мөнгийг дарж байсан үйлдэл харагдаж байна. Манай компанийн худалдааны төлөөлөгч гэдэг бол хамгийн өндөр цалин хөлс авдаг ажилтан юм. Манай компанийн хохирол болох 7,926,700 төгрөгийг гаргаж өгнө үү. Г.Л нь бэлэн мөнгө харилцагч нараас авах эрхгүй ба түгээгч нар авах ёстой...” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

-  Гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,

-  Гэрч Б.Пын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

-  Гэрч С.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

-  Гэрч А.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

-  Гэрч Н.Уийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

-  Гэрч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 95 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 200-211 дэх тал/,

- Д.Мийн эзэмшлийн 5031382656 дугаарын Хаан банкны дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 64 дэх тал/,

- “Бишрэлт трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Г.Лг ажилд томилох тухай тушаал /хавтаст хэргийн 71 дэх тал/

- Яллагдагч Г.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 224 дэх тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 95 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 83 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Г.Лг 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бишрэлт Трейд” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтоор итгэмжлэн хариуцуулж өгсөн нийт 21,137,690 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахаар хүлээн авч 13,210,990 төгрөгийн борлуулалтын орлогыг компанид тушааж, орлогын үлдэгдэл 7,926,700 /долоон сая есөн зуун хорин зургаан мянга долоон зуу/ төгрөгийг компанид тушаагаагүй завшсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

             Гэвч шүүгдэгч Г.Лг 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бишрэлт Трейд” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтоор итгэмжлэн хариуцуулж өгсөн нийт 21,137,690 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахаар хүлээн авч 13,210,990 төгрөгийн борлуулалтын орлогыг компанид тушааж, орлогын үлдэгдэл 7,926,700 /долоон сая есөн зуун хорин зургаан мянга долоон зуу/ төгрөгийг компанид тушаагаагүй завшсан гэх гэмт хэрэг үйлдсэн буюу ажлын байрны тодорхойлолтоор итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завшсан гэж үзэх боломжгүй харин бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж үзэж шүүхээс гэм буруутайд тооцсон болно.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Г.Л нь 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бишрэлт Трейд” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн орлого 7,926,700 /долоон сая есөн зуун хорин зургаан мянга долоон зуу/ төгрөгийг компанид тушаагаагүй завшсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэргийн үйл баримт нь:

          - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Иргэн Г.Л нь манай компанид 2021 оны 02 дугаар сарын 3-ны өдөр борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах дэлгүүрүүдээс бараа бүтээгдэхүүний захиалгыг байгууллагаас Ди менежер программыг ашиглаж худалдан авах, нийлүүлэх барааны захиалгыг авах үүрэгтэй. Гэхдээ уг аж ахуйн нэгжүүдтэй биечлэн уулзаж авч захиалгыг авч, захиалгын дагуу борлуулалтын албаны дарга нь барааг хуваарилж түгээлтэд түгээч авч гарч хүргэн өгч харилцагч байгууллага нь манай байгууллагын Хаан банкны 5174013254 дугаарын тоот дансанд бараа бүтээгдэхүүний төлбөрийг шилжүүлдэг. Гэтэл манай байгууллагын ажилтан Г.Л нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 88209084 гэсэн дугаарын харилцагчаас бараа бүтээгдэхүүний төлбөр болох 2,098,500 төгрөг, Дэнжийн мянга худалдааны төвд байрлах “Нарлаг дэнж” 99082056 дугаартай харилцагчаас барааны бүтээгдэхүүний төлбөр болох 2,496,000 төгрөгийг, Мөн манай түгээгч Б.Төгсбадрал гэгчээс харилцах байгууллага луу хүргүүлж байсан 3,332,200 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг би өөрөө хүргээд өгчихье санаа зоволтгүй гэж хэлээд өөрийн машиндаа ачаад явсан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Уг төлбөрийг одоо хүртэл өгөөгүй. 2021 он 09 дүгээр сарын 02-ны өдрөөс утас нь холбогдохгүй болж ажлаа хаяад явсан одоог хүртэл огт холбогдоогүй. Манай байгууллагад 7,926,700 төгрөгийн хохирол учираад байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

-  Гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тийм болохоор нээх тоолгүй итгээд байгууллагын хөрөнгө болох вакус 250 мг 60 ширхэг 2,500,048 төгрөгийн, хүйтэн кофе 10 хайрцаг 300 ширхгийг 465,000 төгрөгийн, Жигнэмэг 180 грамм 3 хайрцаг 30 ширхэг 100.000 төгрөгийн, Жигнэмэг 140 грамм 2 хайрцаг 24 ширхэг 74,400,000 төгрөгийн нийт 3,332,200 төгрөгийн барааг надаас захиалга өгсөн газарт хүргэж өгнө гэж хэлээд соронзон хальс аваад явсан юмаа... Манай байгууллагын пос машинаас хэвлэж гаргасан захиалгын хуудас дээр болохоор захиалагч нь Идэр утас:94991199, байршил нь Дэнжийн мянга автобусны буудлын эцэс, нөгөө нь Яргайт цогцолбор, утас:88085453 байршил:Гүн сэтгэмж өгсөөд буудалтай дэлгүүр гэсэн захиалга байгаа боловч GPS нь багшийн дээд гэх газарт зааж байсан. GPS-r худалдааны зөвлөх оруулж зааж өгч бид нарын программ дээр зааж өгдөг. Анх 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр толгойтод байрлах агуулахаас барааг ачаад гарах гэж байхдаа өглөө болгон хаана хүргэлттэй болон GPS-r голцуу хардаг юм. Тухайн Идэр гэсэн захилга нь Багшийн дээд дээр харин Яргайт нь 7-н буудлын хойшоогоо байршил нь зааж байсан тэгэхээр уг байршлыг худалдааны төлөөлөгч өөрсдөө оруулдаг юм. 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Г.Лгийн оронд худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон Мандуул /88054747/ гэгчээс уг дэлгүүр дээр чинь ирээд мөнгө авах гэсэн чинь бараагаа аваагүй гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Г.Л гэх хүнд уг барааг өгч явуулсан гэж хэлээд л би уг барааг хүргэж өгөөгүй юм байна гэж л мэдсэн. Өмнө бол мэдээгүй байсан юмаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,

-  Гэрч Б.Пын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бишрэлт трейд ХХК-д 2019 оны 02 дугаар сард худалдааны төлөөлөгчөөр ажилд орж байсан. Харин Г.Л нь 2021 онд ажилд орж байсан гэдгээр нь танина. Г.Л гэгчийн ажлыг хэн нэгэн хүлээж аваагүй гэхдээ одоогоос оронд нь өөр хүн явж байгаа. Манай ажилтнаас 2 газар түгээлт өгнө гэж нэр бүхий барааг “Нарлаг Дэнж” төвийн гаднаас аваад явсан гэх талаар манай борлуулалтын албаны даргаас мэдсэн. Миний хувьд Баянзүрх дүүргийн төв замын урд талын хэсэгт байрлах аж ахуй нэгж болон хүнсний дэлгүүрээр “Ди менежер” гэж программыг ашиглаж бараа бүтээгдэхүүний захиалгыг авч мэдээллийг маргааш нь авахаар шивж оруулдаг юмаа. Тэгээд түгээгч нар захиалгын хуудасны дагуу барааг нийлүүлдэг юмаа. Хааяа л нэг тохиолддог ажил ихтэй ачаалалтай үед л гэртээ харих замдаа барааг хүргэж өгдөг тохиолдол байсан гэхдээ Г.Л гэгчийн энэ асуудлаас болоод манай байгууллагын худалдааны төлөөлөгч нарт ийм асуудал гаргахгүй болсон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

-  Гэрч С.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр вакус 720 ширхэг, Алое ундаа нийт 270 ширхэг, кофе 300 ширхэг нийт 2,098,500 төгрөгийн үнэтэй барааг шууд авчирч өгсөн. Гэхдээ борлуулалтын машин шууд авчирч өгсөн. Худалдааны зөвлөх гэдэг залуу над руу 5031382656 Мөнхнаран гэдэг данс руу 2,098,500 төгрөгөөс 38,200 төгрөгийг хасаад шилжүүлнэ гэж хэлэхээр нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр би өөрийн Хаан банкны 5017101335 гэх данснаас 2,060,300 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

-  Гэрч А.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би хувиараа Хүчит шонхор зах дээр худалдаа эрхэлдэг юм. Би уг байгууллагад бараа захиалга өгөхдөө 80084543 гэсэн утасны дугаараар өгдөг юм. Уг дугаараас 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байсан байх 2-3 хоногийн өмнө залгаад “Та бараа авах болж байгаа юу, надад 100 ширхэг вакус байгаа. Одоо ер нь бараа тасарч байгаа та авахгүй юм уу” гэхээр нь вакус 1200 ширхэг, алое шүүс 40 ширхэг, кофе 60 ширхэг нийт 3 төрлийн бүтээгдэхүүн авсан юм. Над руу уг өдрөөс хойш 2,496,000 төгрөгийн тооцоо болсон та хийгээрэй гэсэн тэгэхээр нь бараа чинь ирээгүй байна гэхэд одоо очиж байгаа гэсэн. Тэгээд л 2021 оны 9 сарын 01-ний өдөр миний 99082056 гэдэг утасны дугаар луу залгаад 5031382656 Мөнхнаран гэдэг нэртэй хүний данс руу мөнгөө хийгээрэй гэхээр нь уг дансны дугаар луу би өөрийн Хаан банкны 5032012720 дугаарын данснаас 2,432,300 төгрөгийг дэнжийн мянга зах дээр байхдаа шилжүүлсэн. Надад барааг өгөхдөө хувийг нь хасаад дээрх 2,432,300 төгрөгийг шилжүүлчих гэж мессеж бичиж байсан. Би танихгүй яагаад гэвэл “Бишрэлт Трейд” ХХК руу ярихаар худалдааны зөвлөх гэдэг хүний дугаарыг өгдөг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

-  Гэрч Н.Уийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оноос хойш өөрийн хувийн хэрэглээндээ ашиглаж байгаа миний нэр дээрх эзэмшлийн дансны дугаар байна. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 25-516 тоотод “33 маркет” нэршилтэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг юмаа. Тэгээд манай дэлгүүр нь Бишрэлт трейд ХХК-аас дэлгүүртээ худалдан борлуулах зорилгоор вакус захиалж авдаг юмаа. Манай дэлгүүрээс уг байгууллагын худалдааны төлөөлөгч нь өөрөө захиалга авдаг юмаа. 1 удаа бол хувийн машинтайгаа авчирч өгч байсан. Тухайн үед ярьж байгаа нь орон нутаг руу ачигдах байсан бараа нь болчихлоо гээд та авах уу гэж ирж байсан тэгээд гүйлгээний утга дээр нь орон нутаг гэж хийгээрээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

-  Гэрч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Уг данс нь миний Хаан банкны эзэмшлийн данс байна уг дансны дугаарыг 2011 оноос хойш зөвхөн өөрөө ашигладаг юм. 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө Г.Л надаас “...дансны дугаараа өгчих, данс руу чинь мөнгө орно тэгэхээр нь эргээд би Бишрэлт трейд ХХК-ны дансны мөнгийг хийлгэх болно...” гэж надад хэлсэн. Тэгээд би өөрийн “Duu Naraa” гэсэн нэршилтэй фейсбүүк хаягаасаа Г.Лгийн Монгол бичгээр бичсэн байсан фейсбүүк хаяг руу чатаар дансны дугаараа явуулсан. Гэхдээ би дансны дугаарыг явуулсан өдрийг бол сайн санахгүй байна. Ямар ч байсан Г.Л надаас мөнгө орсон уу гэж асуусан гэхдээ тэр асуусан өдрийн орой нь билүү маргааш нь мөнгө орсон. Тэгээд мөнгө орсны дараа байгууллагын дансны дугаар болох 5174124385 гэсэн дугаарын “Бишрэлт трейд” ХХК-ны дансны дугаарыг над руу чатаар явуулсан тэгээд уг чат дээр байгууллагын данс болон мөнгөн дүн, мөн шилжүүлэх үеийн утгыг нэг бүрчлэн бичиж явуулсан. Тэгээд тэрний дагуу би шилжүүлгийг өөрийн гар утасны мобайл банкийг ашиглаж Өмнөговь аймгийн Цэцээ суманд “Эс Жи Эм Эс” ХХК-ны сэлбэгийн агуулах болох ажлын байран дээрээ байхдаа шилжүүлсэн. Надад утгыг нь бичих болон мөнгөн дүнгийн талаар нэг бүрчлэн чатаар зааж өгсөн. Түүний дагуу би мөнгийг “Бишрэлт трейд” ХХК-ны эзэмшлийн данс руу мөнгийг шилжүүлсэн. Уг чат нь надад байхгүй, би уг чатыг устгасан байгаа. Миний данс руу 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 2,060,300 мөн 2,432,300 төгрөг буюу нийт 4,492,600 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж 5 удаагийн зарлагын гүйлгээгээр миний эзэмшлийн 5031382656 данснаас “Бишрэлт трейд” ХХК-ийн данс руу 4,918,150 төгрөгийн шилжүүлэг хийсэн. Гэхдээ мөн тухайн өдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны 5700255731 дугаарын данснаас 1,701,170 төгрөгийг орлогын гүйлгээг Г.Л хийлгэсэн юмаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 95 дугаартай: “...Г.Л нь 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа нийт 21,137,690.00 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахаар хүлээн авч 13,210,990.00 төгрөгийн борлуулалтын орлогыг компанид тушааж, орлогын үлдэгдэл 7,926,700.00 төгрөгийг компанид тушаагаагүй тул санхүүгийн тайланд Г.Лгээс авах авлагаар бүртгэсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтад Г.Лгийн төлбөр төлсөн гэх баримт ирээгүй болно. “Бишрэлт трейд” ХХК-ийн худалдааны төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар агуулахаас хүлээн авсан бараа, бүтээгдэхүүнийг худалдан авагч буюу харилцагч байгууллага, хувь хүмүүст шууд зарах, эсвэл зээлээр худалдан борлуулдаг тул бараа, бүтээгдэхүүний тооцоо хийгдэхгүй байна. Иймд дотоод аудитор Ц.Дуламсүрэнгийн аудитын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээр байна...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 200-211 дэх тал/,

- Д.Мийн эзэмшлийн 5031382656 дугаарын Хаан банкны дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 64 дэх тал/,

- “Бишрэлт трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Г.Лг ажилд томилох тухай тушаал /хавтаст хэргийн 71 дэх тал/

- Яллагдагч Г.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би дээрх гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь гэрчийн мэдүүлэгтээ бүгдийг ярьж хэлсэн байгаа. Шинжээчийн дүгнэлтээр гарсан 7,926,700 төгрөгийг “Бишрэлт Трейд” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хувьдаа завшсан нь үнэн. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Уг байгууллагад учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 224 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Лг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг.

             Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох ба шүүгдэгч Г.Лд тухайн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцуулж хүлээлгэсэн нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бичгийн бусад баримтаар тогтоогдсон болно.

Иймд шүүгдэгч Г.Лгийн хохирогчийн эд хөрөнгийг хариуцан борлуулах үүрэг хүлээсэн бөгөөд бараа бүтээгдэхүүн зарж, борлуулсан орлогыг өөрийн өмчийн нэгэн адил хууль бусаар ашиглаж завшсан үйлдэл нь шунахайн сэдэлттэй, санаатай гэмт хэрэгт тооцогдох тул шүүгдэгч Г.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч “Бишрэлт трейд” ХХК-нд 7,926,700 төгрөгийн хохирол учирсан болох нь “Бишрэлт трейд” ХХК-ийн Дотоод аудитын хэлтсийн дотоод аудитын тайлан, дүгнэлт /хавтаст хэргийн 161-162 дахь тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 95 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 200-211 дэх тал/ зэргээр тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лгээс 7,926,700 төгрөгийг гаргуулж хохирогч “Бишрэлт Трейд” ХХК-нд олгуулах нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Э нь “...Ингээд мөрдөгчөөс тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж дүгнэлт гаргуулахаар 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр холбогдох санхүүгийн бичиг баримтын хамт шинжилгээ хийлгэхээр томилсон. Мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн дэд ахлагч Д.Баяраагийн 95 дугаартай дүгнэлт гаргасан байна. Дээрх дүгнэлтийг 10 хоногийн хугацаагаар томилон ажиллуулж, шинжээчийн ажлын хөлс 800,000 төгрөгийн зардал гарсан. Энэ зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулан авч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан банкны 100900012005 дугаарын дансанд шилжүүлж өгнө үү...” /хавтаст хэргийн 156-157 дахь тал/ гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хөндлөнгийн шинжээчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор хуульчилсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдсон этгээд болох шүүгдэгч Г.Лгээс гаргуулж шийдвэрлэлээ.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Л эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Г.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Л нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Лг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лд оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялаа биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лгээс 7,926,700 төгрөгийг гаргуулан хохирогч “Бишрэлт Трейд” ХХК-нд олгуулж, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал болох 800,000 төгрөгийг гаргуулж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан банк дахь 100900012005 дугаарын дансанд төлүүлсүгэй.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ