| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2018/01583/И |
| Дугаар | 02335 |
| Огноо | 2018-10-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 02335
2018 оны 10 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2018/02335 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж ХХК холбогдох,
Орон сууц болон автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, түүний өмгөөлөгч Ж , нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны 11 сарын 02-ны өдөр “Ж” ХХК-ийн бариулсан орон сууцнаас авахаар тус компанитай “Орон сууц захиалгаар бариулах” 140/2-112 тоот гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 хороо, 51 байр, 2 орц, 11 давхрын 112 тоот 56,8 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, уг орон сууцны В1 давхарт байрлах 05 тоот автомашины зогсоолын хамт, нийт 102,360,000 төгрөгөөс орон сууцны үнэ 82,360,000 төгрөг, машины зогсоолын үнэ 20 сая төгрөгийг тус компанид төлж худалдан авахаар болсон. Орон сууц болон авто машины зогсоолын төлбөрийг 2012 оны 11 сарын 02-ны өдөр 83,820,000 төгрөг, 2012 оны 11 сарын 22-ны өдөр 3,0 сая төгрөг, 2012 оны 11 сарын 28-ны өдөр 15,540,000 төгрөгийг бэлнээр төлж төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Гэрээний 5.1.4-т “гүйцэтгэгч тал нь барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлтэй холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй”, 6.3-т орон сууцны түлхүүр хүлээлгэн өгсөн өдрөөс захиалагчид орон сууц өмчлөх эрх шилжсэнд тооцно, 10.1-д талууд энэхүү гэрээтэй холбоотойгоор үүссэн аливаа маргааныг харилцан тохиролцож шийдвэрлэх ба тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж гэрээнд тус тус зааж, талууд харилцан хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж гэрээ баталгаажсан. Гэвч одоог хүртэл “Ж” ХХК-иас орон сууц болон авто машины зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхгүй, шаардахад өгнө гэж удаа дараа хууран мэхэлсээр өдийг хүрлээ. Иргэний хуулийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж звэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан байтал ерөнхий захирал Г гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчиж, орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн миний үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах бичиг баримтуудыг холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж өгөхгүй олон жил чирэгдүүлж байгаа тул орон сууц, В1 давхарт байрлах 05 тоот авто машины зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч 2 өрөө орон сууц, 05 тоот авто машины зогсоолын төлбөр 102,360,000 төгрөгийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн байхад хариуцагч хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчиж, нэхэмжпэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах бичиг баримтуудыг холбогдох байгууллагад гаргаж өгөхгүй чирэгдүүлж байна. Иймд Иргэний хуулийн 227.4-т “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй” гэж зааснаар Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 51 байр, 2 дугаар орцны 2112 тоот орон сууц болон В1 давхрын 05 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Отгонсүрэн нь “Ж” ХХК-д орон сууц болон авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлав.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбарыг нотлох абримтын хамт ирүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Ж” ХХК-тай 140/2-112 дугаар “Орон сууц захиалгаар бариулах” гэрээ байгуулж, Х дүүрэг, хороо, , 51 байр, орц, давхрын 112 тоот 56,8 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 82,360,000 төгрөгөөр, В1 давхрын 05 тоот автомашины зогсоолыг 20,0 сая төгрөг буюу нийт 102,360,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.
Дээрх гэрээний агуулга, нөхцөл зэргээс дүгнэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч нь 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 83,820,000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3,0 сая төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 15,540,000 төгрөг буюу нийт 102,360,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлсэн, Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар орон сууцыг хүлээн авч, эзэмшиж, ашиглаж байгаа болох нь нотлогдож байна.
Талууд гэрээний 5.1.4 дэх заалтаар “гүйцэтгэгч тал нь барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлтэй холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй” гэж “Ж” ХХК-ийн үүргийг тодорхойлсон байх бөгөөд хариуцагч нь хууль, болон гэрээнд заасан үүргээ зөрчсөн буруутай байна.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж заасан ба гэрээний 4.1-ээр орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлсний дараа орон сууц захиалагчийн өмчлөлд бүрэн шилжиж, захиалагчийн нэр дээр орон сууц бүртгэгдэж гэрчилгээ гарснаар өмчлөх эрх баталгаажихаар тохиролцсон байна.
Талууд гэрээний 6.3 дахь заалтаар орон сууцны түлхүүр хүлээлгэн өгсөн өдрөөс захиалагчид орон сууц өмчлөх эрх шилжсэнд тооцно гэж тохиролцсон, хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзлээ.
Гэрээнд хаягийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан-Соёмбот уулын хормойд Моuntain view residence орон сууц гэж заасан байгаа боловч Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан тоотоор Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 51 дүгээр байр гэж бүртгэгджээ.
Дээрх албан тоотоор уг 51 дүгээр байр нь 2 орцтой, 2 дугаар орцны нэхэмжлэгчийн шаардаж буй орон сууцны дугаарлалт нь 2112 тоот гэж бүртгэгдсэн, хариуцагч “Ж” ХХК-иас тус хэлтэст гаргаж өгсөн захиалагчдын жагсаалтын 2112 дугаарт 2 дугаар орц, 11 давхрын 56,8 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцаар О бүртгэгдсэн, маргаан бүхий байрны болон 05 тоот автозогсоолын өмчлөгчөөр цахим санд бүртгэгдээгүй талаар хариу ирүүлсэн байна.
Иймд О дүүрэг, 11 хороо, гудамж, 51 байр, 2 дугаар орцны 2112 тоот орон сууц болон В1 давхрын 05 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс 102,360,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргахдаа 70,200 төгрөг төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58,1-д зааснаар /669,750-70,200/ 599,550 төгрөгийг нөхөн төлүүлж, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 669,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан дүүрэг, 11 хороо, гудамж, 51 байр, 2 дугаар орцны 2112 тоот орон сууц болон В1 давхрын 05 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр О/ тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар 599,550 төгрөгийг нөхөн төлүүлж, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 669,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ