Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/674

 

 

 

 

 

 

 

 

   2022         8           18                                     2022/ШЦТ/674

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам, 

улсын яллагч Ц.Хулан /томилолтоор/,

хохирогч Э.Ч,

шүүгдэгч А.С нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Сд холбогдох эрүүгийн 2211000001299 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Төв аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 6, эх, 4 дүүгийн хамт, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 60-17 тоотод оршин суудаг,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 702,000 төгрөгөөр торгох ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Сартуул овогтой Амаржаргалын А.С, регистрын дугаар НЙ85120308.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.С нь согтуугаар 2022 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чикаго шөнийн цэнгээний газрын үүдэнд шалтгаангүйгээр иргэн Э.Чын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, доод 1 дүгээр шүдний сулрал, уруулд язрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С нь “...6 дугаар сарын 4-ний өдөр найз Цолмонгийн төрсөн өдөр болсон. Тухайн төрсөн өдөр дээр 13-15 хүн цугласан байсан. Би 9, 10 цагийн үед очсон. Бид нар 2-3 шил архи уусан, гадаа гараад тамхи татаад зогсож байтал баарны үүдэнд 4-5 залуу зогсож байсан. Тэгээд “хөөе танилцъя” гэсэн тэгэхээр нь би дуугараагүй. Дахиад хөөе танилцъя гэхээр нь танилцдаг хүн биш байгаа шүү гэсэн чинь “царай муутай байж яасан их зантай гичий вэ, би MCS компанид борлуулалтын менежер хийдэг, сард 4,500,000 төгрөгийн цалинтай, одоо миний дансанд 4,500,000 төгрөг байна, чи хэдээр явах юм, чамд хэдэн төгрөг хэрэгтэй юм, надад мөнгө байна” гэсэн. Тэгээд би “чи мөнгөтэй болохоороо хүн доромжилж болдог юм уу” гээд нэг удаа л цохисон...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ч нь “...Хэрүүл маргаан хийгээгүй, би юу ч яриагүй. Миний дээд үүдэн 1 шүд унасан, доод нэг шүд хөдөлгөөнтэй болсон бөгөөд эмчилгээний төлбөр ойролцоогоор 5.500.000-6.000.000 төгрөгийн хооронд болно гэсэн. Төлбөрөө хийж байж шүд хийнэ гэсэн. Надад эмчилгээний зардалд төлөх төлбөр, эмнэлэгт үзүүлсэн баримт байхгүй...” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Э.Чын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

- Гэрч Б.Лувсанванданы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

- Гэрч О.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

- Гэрч Б.Нармандахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 8199 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

- Яллагдагч А.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 29 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 23 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас А.Сыг согтуугаар 2022 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чикаго шөнийн цэнгээний газрын үүдэнд шалтгаангүйгээр иргэн Э.Чын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, доод 1 дүгээр шүдний сулрал, уруулд язрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч А.С нь согтуугаар 2022 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чикаго шөнийн цэнгээний газрын үүдэнд шалтгаангүйгээр иргэн Э.Чын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, доод 1 дүгээр шүдний сулрал, уруулд язрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Э.Чын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чикаго” бааранд нэг найзынхаа хамтаар орж үйлчлүүлсэн. Манай найзыг Балжинням гэдэг. Тэгээд үүрээр 04:00 цагийн үед би өөрөө ганцаараа баарны үүдэнд нь гараад тамхи татаад зогсож байсан чинь нэг эмэгтэй над дээр ирээд ямар ч шалтгаангүйгээр намайг зодож миний шүдийг хугалж гэмтээсэн байгаа. Би тэр эмэгтэйг танихгүй. Тэр намайг ямар учраас зодсоныг мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр эмэгтэйг тэр баарны хамгаалагч нар таньдаг юм шиг байна лээ. Тэр эмэгтэй шууд ирээд намайг гараараа миний нүүрэн тус газарт нэг удаа цохиж миний дээд үүдэн хоёр шүдийг хугалж гэмтээсэн. Тухайн эмэгтэйд цохиулснаас болоод миний үүдэн хоёр шүд уначихсан. Дээд талын нэг шүд нь хөдлөөд байхаар нь би авахуулчихсан. Доод талын нэг шүд хөдөлгөөнтэй байгаа. Би тэр эмэгтэйгээс 6,000,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

-  Гэрч Б.Лувсанванданы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өнөөдөр 2022 оны 6 дугаар сарын 4-ний шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чикаго бааранд нэг найзынхаа хамтаар орж үйлчлүүлсэн тэгээд үүрээр 04:00 цагийн үед найз Батбаярын хамтаар гадаа гараад тамхи татаад зогсож байсан чинь нэг эмэгтэй хүн тэр газарт гадаа гараад ирчихсэн согтуугаар агсам тавьж хүн болгон руу орилж чарлаад байсан. Тэгээд нэг залуу хажууд нь зогсож байсан чинь тэр эмэгтэй “...чи асуудал үүсгэх гээд байгаа юм уу, энэ миний байх ёстой газар, энд байхад хэцүү болчихсон юм байна л даа, тийм үү...” гэж хэлээд байсан. Тэгсэн чинь нөгөө согтуу залуу нэг юм хэлж байсан чинь нөгөө согтуу эмэгтэй ямар ч үгийн зөрөөгүй шууд очоод цохиод авсан. Тэгсэн чинь ойролцоо байсан хүмүүс салгасан. Би ч гэсэн тэр эмэгтэйд хандаж “...чи одоо эмэгтэй хүн байж болилдоо...” гэж хэлсэн. Намайг хажууд нь зогсож байхад нөгөө залууг согтуу эмэгтэй нэг удаа гараараа нүүрэн тус газарт нь цохисон. Тэр залуугийн дээд үүдэн хоёр шүд нь хугарч унасан байсан бөгөөд тэр залуу шүд унасан байна гэж хэлж байсан. Тэгээд амнаас нь цус гараад байсан. Би тэр эмэгтэйн нэрийг нь мэдэхгүй. Шар өнгийн биеийн тамирын хослолтой 35 орчим насны эмэгтэй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

- Гэрч О.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 4-ний өдөр өөрийн багын найз Э.Чтай 23 цагийн үед офицерт уулзсан. Тэндээс гараад Онон бид хоёрыг Чингэлтэй дүүргийн 06 дугаар хороонд байдаг “Чикаго” нэртэй бааранд хүргэж өгсөн. Э.Ч бид хоёр бааранд ороод 1 шил 0.5 граммын архи хувааж уусан. Тэгээд баар хаагаад бид хоёр гарч ирээд тамхи татаад зогсож байсан. Тэгээд би хальт хартал манай найз Э.Чыг нэг эмэгтэй хүн нүүр лүү нь цохисон. Тэгтэл Э.Ч над дээр ирээд миний шүдийг хугалчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгж хэлж байхад нь амнаас нь битүү цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

- Гэрч Б.Нармандахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би хэсэг хугацааны дараа ардаас нь баарны гадаа гартал 4 залуу зогсчихсон нэг нь манай найзын шүдийг нэг эмэгтэй цохичихлоо гээд хайгаад байсан. Хүний шүд цохисон гэх эмэгтэйг Сүүгий гэдэг бүтэн нэрийг нь мэдэхгүй. 91879944, 96860286 гэх дугааруудаас надтай холбогдож ярьдаг. Сүүгий манай эхнэр биш. Бид хоёр хар багын найзууд. Одоо хааяа нэг уулздаг. Би Сүүгийг хүн цохихыг огт хараагүй, цохисон гэдэгт нь итгэхгүй байна. Намайг баарны гадаа гарч ирэхэд баарны ажилчид танай найз хүүхэн чинь эрэгтэй хүний шүдийг хуга цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 8199 дугаартай: “...Э.Чын биед үүдэн зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, доод 1 дүгээр шүдний сулрал, уруулд язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

- Яллагдагч А.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би хохирогчид учирсан эмчилгээний зардал, мөнгийг барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.С нь шалтгаангүйгээр иргэн Э.Чын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, доод 1 дүгээр шүдний сулрал, уруулд язрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Э.Чын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч А.Сын идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

            Хохирогч Э.Ч нь эмчилгээний зардалд 6,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй тул прокуророос шилжүүлж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн хохирогч Э.Чын цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа: “...Дүүргийн  прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан ажиллаж байгаа. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ч нь 2022 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 17,000 төгрөгийн зардал гарсан байх тул уг зардлыг А.Саас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/-ийг гаргасан байна.

Эрүүл  мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр хуульчилжээ.

Хохирогч Э.Чад бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 17,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсныг дээрх хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч А.Саас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч А.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сыг  240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

            3. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Сд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг ял эдлэх хугацаагаар тогтоож, тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

            6. Хохирогч Э.Чын цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            7. Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн нэхэмжилсэн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 17,000 төгрөгийг шүүгдэгч А.Саас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Сд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ