Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/603

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Ууганбаяр, хохирогч П.О-, шүүгдэгч Э.С-, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц овогт Э-ын С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210015640924 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Ц овогт Э-ын С,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.С- нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр 000 байрны 00 дугаар орцонд эхнэр П.О-, түүний эгч П.Б- нартай маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр П.О-ийн толгойн хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиж биед нь баруун нүдний дээд, доод зовхи, хацар цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- Мөн П.Б-гийн үснээс нь зулгааж, уруул хэсэгт гараараа 1 удаа цохиж, хамар хэсэгт 1 удаа өшиглөж, биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг:

 

Хохирогч П.О-: “...Э.С- 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр архи уусан, архи уусан үед нь хэрүүл болдог учраас би гэртээ оруулалгүй охинтойгоо хоносон. Би өглөө нь Улсын Их дэлгүүр орж охиндоо чихэвч авчхаад гэртээ орох гээд явж байтал Э.С- орцонд зогсож байсан. Урьд өдөр нь гэртээ хоноогүй, архи уусан байсан учраас ууртай байсан. Э.С- гараа зангидаж байгаад толгой руу хэд хэдэн удаа цохиж, хамар руу цохиход миний хамраас цус гарсан, тэгээд шатаар буугаад явсан. Би эгчийн ардаас явлаа гэж бодож асуудлыг шийдэх гэж очсон. Би хоёр сар гаран охинтойгоо эгчийнхээ гэрт амьдарсан. Эгчийгээ С-тэй утсаар яриулсан. Ийм зүйл боллоо, одоо гомдолгүй, С- надаас уучлалт гуйсан...” гэв.

          Шүүгдэгч Э.С-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч П.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Туул 89 дүгээр байранд ирж эгчийн хамтаар цахилгаан шатаар 3 давхарт гарахад манай нөхөр С- гэрийн үүдэнд зогсож байсан. Би цахилгаан шатнаас гараад, манай эгч Б- цахилгаан шатанд үлдсэн чинь нөхөр С- цахилгаан шат руу дайраад ална гээд эгчийг цохиод байхаар нь нөхөр С-ийн хувцасны араас нь татаад цахилгаан шатнаас аваад үлдсэн. Б- эгч цахилгаан шатаар доошоо явсан. Тэгсэн нөхөр С- хайр гамгүй гараараа миний толгойн хэсэгт нилээн хэдэн улаа цохиж, миний хамраас цус гарсан. Тэгэхээр нь би хажуу айл болох 47, 48 дугаар хаалгыг цохиж амь авраад өгөөч, цагдаа дуудаад өгөөч гэсэн. ...Би эгч Б- руу залгахад пиццаны газар байна, С- ороод ирсэн гаргахгүй байна гэхээр нь би байрны хажууд байрлах пиццаны газарт ороход манай эгч Б-г хойд талын буланд шахчихсан гаргахгүй ална гээд байж байсан. ...Тэгсэн С- манай эгч рүү дайраад хөлөөрөө хамар луу өшиглөөд сэтлээд хамрыг нь хаячихсан. ...Одоо миний баруун нүд хавдсан, зүүн мөр хөхөрсөн, хөндүүртэй, толгой өвдөөд байна. Би хэдэн удаа толгойдоо цохиулснаа мэдэхгүй байна, урьд өмнө С- архи уух болгондоо байнга намайг цохиж зоддог. Энэ талаар өмнө цагдаад гомдол гаргаж, 2-3 удаа баривчилгаанд явуулж байсан. ...Архи уухаараа байнга дарамтална, хардаад хүчирхийлдэг.. ” /хавтас хэргийн 22-24 дэх тал/ гэсэн,

 

Хохирогч П.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Цахилгаан шатнаас буухад дүү О-ийн нөхөр С-тэй таарсан. Тэгсэн С- ална чамайг гээд дайраад миний уруул руу гараараа цохиод үснээс зулгааж нэг өшиглөсөн. Тэгэхээр нь би цахилгаан шатаар доошоо дарсан. Дүү О- С-ийг араас нь татаад авчихсан. Би цахилгаан шатаас гараад байрны гадаа зогсож байсан чинь С- гарч ирээд чамайг ална гээд чулуу барихаар нь би хажуу талын пиццаны газар орсон чинь С- араас орж ирээд ална гээд буланд шахаад зогсоод байсан. Хажуу талаас пиццаны газрын залуу та яаж байгаа юм гэхээр нь би цагдаа дуудчих гэсэн. Тэгээд О- орж ирсний дараа С- хөлөөрөө миний хамар хэсэгт өшиглөж, толгой хэсэг рүү цохисон. Миний хамрын дээд хэсэгт гутлын ирмэгээрээ зүсчихсэн. Миний хамраас цус гарсан. Пиццаны газрын ажилтан залуу цагдаа дуудсан, байж бай гэсэн чинь С- гараад зугтаачихсан...” /хавтас хэргийн 28-29 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр найзуудтайгаа хоёр шил архи уугаад тус өдөр охины төрсөн өдөр тул гэртээ Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Туул 89 дүгээр байрны 3 давхар 49 тоотод очиход хаалга нээж өгөөгүй, тэгээд дахин эргэж ирээд дахин хаалга тогштол тайлаагүй бөгөөд гэтэл цахилгаан шатнаас эхнэр төрсөн эгчийнхээ хамт буугаад ирсэн, та нар хаалга яагаад онгойлгож өгдөггүй юм гээд урдаас хэрүүл хийхээр нь нилээн согтуу байсан болохоор эхнэр, түүний эгчийг цохисон, тэгээд би гараад явсан...” /хавтас хэргийн 68-69 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дүгээр сарын 02-ны өдрийн №7877 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. П.О-ийн биед баруун нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” /хавтас 36-37 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дүгээр сарын 02-ны өдрийн №7879 дугаартай дүгнэлтэд: “... Дүгнэлт 1. П.Б-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” /хавтас 43-44 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 8 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 11-18 дахь тал/,

- Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтас хэргийн 48-59 дэх тал/,

- Иргэн П.О-ийн дугаараас цагдаагийн байгууллагад өгсөн дуудлагын лавлагаа /хавтас хэргийн 62-65 дахь тал/,

- Шүүгдэгч Э.С-ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 73 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 74 дэх тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 75 дахь тал/, гэрлэлтийн баталгааны хуулбар /хавтас хэргийн 76 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 85 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 88-90 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Э.С- нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туулын 89 дүгээр байрны 2 дугаар орцонд эхнэр П.О-, түүний эгч П.Б- нартай маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр П.О-ийн толгойн хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиж биед нь баруун нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, П.Б-гийн үснээс нь зулгааж, уруул хэсэгт гараараа 1 удаа цохиж, хамар хэсэгт 1 удаа өшиглөж, биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулж үйлдсэн болох нь хохирогч П.О-ийн “...Эгчийн хамтаар цахилгаан шатаар 3 давхарт гарахад манай нөхөр С- гэрийн үүдэнд зогсож байсан. Би цахилгаан шатнаас гараад, манай эгч Б- цахилгаан шатанд үлдэхэд нөхөр С- цахилгаан шат руу дайраад ална гээд эгчийг цохиод байхаар нь нөхөр С-ийн хувцасны араас нь татаад цахилгаан шатнаас аваад үлдсэн. Б- эгч цахилгаан шатаар доош явсан. Тэгсэн нөхөр С- хайр гамгүй гараараа миний толгойн хэсэгт нэлээн хэдэн удаа цохиж, миний хамраас цус гарсан. Тэгэхээр нь би хажуу айл болох 47, 48 дугаар хаалгыг цохиж амь авраад өгөөч, цагдаа дуудаад өгөөч гэсэн ...Би эгч Б- руу залгасан чинь пиццаны газар байна. С- ороод ирсэн гаргахгүй байна гэхээр нь би байрны хажууд байрлах пиццаны газар луу орсон чинь манай эгч Б-г хойд талын буланд шахчихсан гаргахгүй ална гээд байж байсан. ...Тэгсэн С- манай эгч рүү дайраад хөлөөрөө хамар луу өшиглөөд хамрыг нь сэтэлсэн. ...Одоо миний баруун нүд хавдсан, зүүн мөр хөхөрсөн, хөндүүртэй, толгой өвдөөд байна. Би хэдэн удаа толгойдоо цохиулснаа мэдэхгүй байна, урьд өмнө С- архи уух болгондоо байнга намайг цохиж зоддог. Энэ талаар өмнө цагдаад гомдол гаргаж, 2-3 удаа баривчилгаанд явуулж байсан. ...Архи уухаараа байнга дарамтална, хардаад хүчирхийлдэг.. ” /хавтас хэргийн 22-24 дэх тал/ гэсэн, хохирогч П.Б-гийн “...Цахилгаан шатнаас буухад дүү О-ийн нөхөр С-тэй таарсан. Тэгсэн С- ална чамайг гээд дайраад миний уруул руу гараараа цохиод үснээс зулгааж нэг өшиглөсөн. Тэгэхээр нь би цахилгаан шатаа доошоо дарсан. Дүү О- С-ийг араас нь татаад авчихсан. Би цахилгаан шатнаас гараад байрны гадаа зогсож байхад С- гарч ирээд чамайг ална гээд чулуу барихаар нь би хажуугийн пиццаны газар ороход С- араас орж ирээд ална гээд буланд шахаад зогсоод байсан. ...Тэгээд О- ирсний дараа С- хөлөөрөө миний хамар руу өшиглөж, толгойнд цохисон. Миний хамрын дээд хэсэгт гутлын ирмэгээрээ зүсчихсэн... ” /хавтас хэргийн 28-29 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Э.С-ийн “... Би 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр найзуудтайгаа хоёр шил архи уугаад тус өдөр охины төрсөн өдөр тул гэртээ ирэхэд хаалга нээж өгөөгүй, тэгэхээр нь буцаж явж байгаад эргэж ирээд дахин хаалга тогштол тайлаагүй бөгөөд гэтэл цахилгаан шатнаас эхнэр, төрсөн эгчийнхээ хамт буугаад ирсэн, та нар хаалга яагаад онгойлгож өгдөггүй юм гэхэд урдаас хэрүүл хийхээр нь нилээн согтуу байсан болохоор эхнэр, түүний эгчийг цохисон тэгээд би гараад яваад өгсөн...” /хавтас хэргийн 68-69 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №7877 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: П.О-ийн биед баруун нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас 36-37 дахь тал/ гэсэн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №7879 дугаартай дүгнэлтэд: “... Дүгнэлт: П.Б-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас 43-44 дэх тал/ гэсэн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 11-18 дахь тал/, аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтас хэргийн 48-59 дэх тал/, иргэн П.О-ийн дугаараас цагдаагийн байгууллагад өгсөн дуудлагын лавлагаа /хавтас хэргийн 62-65 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч П.О-ийн эрүүл мэндэд учирсан “...баруун нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл,  хохирогч П.Б-гийн эрүүл мэндэд учирсан “...хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт язарсан шарх, цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.С-ийн тэднийг зодсон, өшиглөсөн идэвхитэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.С-ийн хохирогч П.О-, П.Б- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг” гэж, 2.11-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус заажээ.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч, хохирогч нар нь гэрлэлтээ 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр батлуулсан эхнэр, нөхөр болох хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тогтоогдох бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байх тул шүүгдэгч Э.С-ийн эхнэр П.О-ийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байх төдийг эхнэр П.О-, түүний эгч П.Б- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэх хүндрүүлэх шинжийг мөн хангаж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Э.С-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Э.С-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, үйлдсэн нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгч Э.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, ялын хугацаанд түүний оршин суугаа газар болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч П.О-ийн эрүүл мэндэд биед баруун нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, хохирогч П.Б-гийн биед  хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210015640924 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.С- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Э-ын С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ын С-ийг 03 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.С-т оногдуулсан 03 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-ийг оршин суугаа газрын харьяа буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 2210015640924 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.С- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч П.О-, П.Б- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР