| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2018/02373/И |
| Дугаар | 02287 |
| Огноо | 2018-10-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 02287
2018 оны 10 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2018/02287 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “А” ХХК-д холбогдох,
зээл барагдуулсны урамшуулалд 18,863,091 /арван найман сая найман зуун жаран гурван мянга ерэн нэг/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 02 сарын 08-ны өдрөөс А ХХК-д Тусгай активын хуульчаар ажиллаж байна. Банкны тусгай активын хуульч буюу нийтэд дэлгэрсэн ойлголтоор банкны өр барагдуулагч нь тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхийн дээр тодорхой хэмжээний эрсдэл, аюулыг өөртөө хүлээн ажилладагийн хувьд миний бие анх ажил олгогчтой 2016/045 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа 2.1.1-д “Ажилтан ажлын гүйцэтгэлээ үнэлүүлж, нэмэгдэл цалин хөлс, шагнал урамшуулал авах эрхтэй” заалтыг гэрээнд тусгаж, үндсэн цалингаас гадна авах нэмэгдэл хөлс, урамшууллын талаар тусгайлан тохиролцсон билээ. Хөдөлмөрийн гэрээнд заасан дээрх зохицуулалтын дагуу би банкинд ажиллаж эхэлснээс хойш өөрийн хариуцаж барагдуулсан чанаргүй зээлийн дүнгийн тодорхой хувиар нэмэлт урамшуулал буюу нэмэгдэл хөлс сар бүр үндсэн цалин дээр нэмж авч байсан. 2018 оны 02 сарын 01-ний өдөр 2016/045 тоот хөдөлмөрийн гэрээг шинэчилж, 2018/028 тоот гэрээг байгуулахдаа дээр дурдсан заалтыг мөн адил хэвээр мөрдөхөөр тохиролцож, баталгаажуулсан. Гэтэл А ХХК нь 2 талын хооронд байгуулсан гэрээний заалтаа ямар нэгэн шалтгаангүйгээр биелүүлэхгүй, хөдөлмөрийн харилцаанд талууд эрх тэгш байх зарчмыг алдагдуулж, нөгөө талаа үл хүндэтгэсэн, үл ойшоосон байдал гарган, 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш төлүүлсэн зээлийн дүнд ногдох нэмэгдэл хөлсийг өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Миний бие ажил олгогчтой харилцан ярилцаж, маргааныг тохиролцооны зарчмаар, эв зүйгээр шийдвэрлэх үүднээс 2018 оны 7 сарын 16-ны өдөр тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд уг асуудлаар хандсан ч А ХХК нь үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх ямар нэгэн хүсэл эрмэлзэл, сонирхолгүй байгаагаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон. Миний бие банкны удирдлагад дээрх асуудлаар удаа дараа хэлж, хүсэлт гаргасан ч, хүлээж авахгүй, үл ойшоосоор байгаа тул маргааныг шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрч байна. Миний бие 2018 оны 3 сарын 16-ны өдөр зээлдэгч М 471,577,279.78 төгрөгийн зээл төлүүлж, банкинд уг хэмжээний орлогыг оруулсан ба уг дүнд ногдох урамшууллыг авах хүсэлтэй тул Иргэний хуулийн 186, 189 дүгээр зүйл болон талуудын хооронд байгуулсан 2018/028 тоот Хөдөлмөрийн гэрээг үндэслэн, зээл барагдуулсны урамшуулалд 18,863,091.19 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А ” ХХК нь С гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн бодит үндэслэлээр бүрэн хүлээн зөвшөөрөхгүй. 1-рт: Тусгай активын багт хуульчаар ажиллаж байсан С нь 2016 оны 02 сарын 08-ны өдрийн 2016/045 тоот хөдөлмөрийн гэрээ, 2018 оны 02 сарын 01-ны өдрийн 2018/028 тоот Хөдөлмөрийн гэрээний 2.1.1-д “Ажилтан ажлын гүйцэтгэлээ үнэлүүлж, нэмэгдэл цалин хөлс, шагнал урамшуулал авах эрхтэй” гэсэн ерөнхий заалтыг үндэслэн урамшууллыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Ажилтны хөдөлмөрийн гэрээнд цалинг 1,500,000 төгрөг байхаар ажилтантай харилцан тохиролцож сар бүр олгож байсан. Нэхэмжлэлд дурдсан зээлийг төлүүлэх ажиллагаа нь нэхэмжлэгчийн үндсэн ажил үүргийн хуваарьт байгаа Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан. Энэ гэрээнд ямар зээлийг төлүүлээд, хэдэн хувиар урамшуулал тооцож өгөх талаарх тохиролцоо байхгүй. 2-рт: Уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас буруу халагдсан, өөр ажилд буруу шилжсэнээс бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан одроос хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй’’ гэж зааснаар С нь уг урамшуулал олголт 2018/01/01-нээс зогссон байсныг мэдэж байсан. Мөн зээлийн дансны хуулга зэргээс үзвэл М зээл нь 2018/03/16-ны өдөр төлөгдсөн банкны олон ажилтангуудын оролцоотойгоор төлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолвол 2018/06/16-ны өдөр дууссан, хөөн хэлэлцэх хугацааны дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргаж байгаагүй байгаа бөгөөд уг үндэслэлгүй нэхэмжлэлийн хуулийн дагуу шаардлага гаргах хугацаа дууссан ба дууссанаас хойш сарын дараа буюу 2018/07/16-ны өдөр эвлэрүүлэн зуучлалд хандсан талаар дурдсан гэжээ.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1-рт: Нэхэмжлэгч тусгай активын багт хуульчаар ажиллаж байсан С нь 2016 оны 02 сарын 08-өдрийн 2016/045 тоот хөдөлмөрийн гэрээ, 2018 оны 02 сарын 01-ны өдрийн 2018/028 тоот Хөдөлмөрийн гэрээний 2.1.1-д заасан ерөнхий заалтыг үндэслэн урамшуулал нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Ажилтны хөдөлмөрийн гэрээнд цалинг 1,500,000 төгрөг байхаар ажилтантай харилцан тохиролцож сар бүр олгож байсан. Зээл төлүүлэх ажиллагаа нь үндсэн ажил үүрэг нь юм. Харин тус ажилтанд урамшуулал олгогдож байсан нарийвчилсан журам нь Гүйцэтгэх захирлын 2016 оны 01 сарын 18-ны өдрийн 12 тоот тушаалаар батлагдсан “Тусгай активын багийн урамшууллын журам”-ын дагуу тусгай активын багийн хуульч нарт урамшуулал олгогдож байсан бөгөөд тус журам гүйцэтгэх захирлын 2017/09/19-ны өдрийн 302 тоот тушаалаар хүчингүй болсон. ТАБ-ын хуульч нарт 2017/12/31-ны өдөр хүртэл урамшуулал олгогдсон бөгөөд 2018/01/01-ны өдрөөс олгогдоогүй. 2-рт: Уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д зааснаар С нь уг урамшуулал олголт 2018/01/01-нээс зогссон байсныг мэдэж байсан. Мөн зээлийн дансны хуулга зэргээс үзвэл М зээл нь 2018/03/16-ны өдөр төлөгдсөн банкны олон ажилтнуудын оролцоотой төлөгдсөн, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолвол 2018/06/16-ны өдөр дууссан, хугацааны дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргаагүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
С нь А ХХК-д холбогдуулан зээл барагдуулсны урамшуулалд 18,863,091.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Хөдөлмөрийн гэрээг үндэслэн, урамшуулал авах эрхтэй гэж тайлбарлав.
Хариуцагч нь Хөдөлмөрийн гэрээний ерөнхий заалтыг үндэслэн урамшуулал нэхэмжилсэн нь үндэслэлгүй, урамшуулал олгож байсан нарийвчилсан журам хүчингүй болсон, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, зээл нь олон ажилтны оролцоотой төлөгдсөн гэж маргалаа.
Нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс “А” ХХК-д Тусгай активын багт хуульчаар ажиллахдаа ажил олгогчтой 2016/045 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний 2.1.1 дэх заалтаар ажилтан ажлын гүйцэтгэлээ үнэлүүлж, нэмэгдэл цалин хөлс, шагнал урамшуулал авах эрхтэй гэж тохиролцон, энэ хугацаанд гэрээний дагуу нэмэгдэл хөлс, урамшууллыг авчээ.
Талууд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2018/028 тоот хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, нэмэгдэл цалин хөлс, шагнал урамшуулал авах эрхтэй байхаар тохиролцжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно гэж, 50.3-т нэмэгдэл хөлсийг энэ хууль болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажил олгогч ажилтантай тохиролцон тогтооно гэж заасан байна.
Хариуцагч байгууллагын Гүйцэтгэх захирлын 2016 оны 01 сарын 18-ны өдрийн 12 тоот тушаалаар “Тусгай активын багийн урамшууллын журам” батлагдаж, үүний дагуу Тусгай активын багийн хуульч нарт урамшуулал олгогдож байсан, энэ талаар талууд маргахгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч Б нь урамшуулал олгож байсан тушаал хүчингүй болсон талаар 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хариу тайлбараа үндэслээгүй буюу энэ тухай тайлбар гаргаагүй, харин төлөөлөгч Н нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хариу тайлбараа тодруулахдаа урамшуулал олгож байсан тушаал хүчингүй болсон талаар тайлбарлажээ.
Дээрх журмын үйлчлэл нь тухайн 2016 ондоо олгох урамшуулал байсан гэж шүүх хуралдаанд төлөөлөгч Р.Нямцэрэн нь тайлбарлах боловч гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 302 тоот тушаалаар 12 тоот тушаалыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөрдөж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүйд тооцсоноор түүний тайлбар үгүйсгэгдлээ.
Тухайн урамшуулал олгож байсан тушаалыг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүчингүй болгосон боловч ажил олгогч нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажилтантай байгуулсан 2018/028 тоот Хөдөлмөрийн гэрээний 2.1.1 дэх заалтаар ажлын гүйцэтгэлээ үнэлүүлж, нэмэгдэл цалин хөлс, шагнал урамшуулал авах эрхтэй байхаар тохиролцсоноор хариуцагч талын тайлбар няцаагдаж байх тул уг тушаалыг үнэн, зөв эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй юм.
“А” ХХК нь зөрчилтэй зээлийг барагдуулах, банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлэхээр Тусгай активын үйл ажиллагааны ерөнхий журмыг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 тоот тушаалаар, Тусгай активын урамшууллын журмыг 12 тоот тушаалаар тус тус баталжээ.
Дээрх 12 тоот тушаалын 2 дахь бүлгээр урамшууллын хувь хэмжээг зээл бүлэглэх аргачлалтай холбоотойгоор ангилан тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч нь Ц.Мөнхсүхийн зээл төлүүлэх асуудлыг 2017 оны 10 дугаар сараас эхлэн хариуцаж 144 хоногийн хугацаанд буюу 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төлүүлж, банкны ашигт ажиллагааг 471,577,270 төгрөгөөр нэмэгдүүлсэн байх тул 4 хувийн урамшуулал буюу нэмэгдэл хөлсийг шаардах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас буруу халагдсан, өөр ажилд буруу шилжсэнээс бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг урамшуулал олгох журам 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс зогссон байсныг мэдэж байсан гэж тайлбарлах боловч хэргийн үйл баримтаар ТАБ-ийн ажилтнуудад энэ талаар мэдэгдэж байсан нь тогтоогдохгүй, шүүхээс уг тушаалыг үнэн, зөв эргэлзээгүй баримт гэж үзээгүй тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан С дансны хуулгаар сар бүрийн сүүлийн цалин олголт дээр урамшуулал нь тооцогдож байсан болох нь тогтоогдож байх тул 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн банкны ашигт ажиллагааны 471,577,270 төгрөгийн урамшуулал олгогдоогүйг мэдсэн гэж үзэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн хуульд зааснаар гомдлын шаардлага хугацааг гаргах 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл тооцох бөгөөд тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид мөн оны 7 дугаар сарын 16-ны өдөр энэ асуудлаар өргөдөл гаргасныг хөөн хэлэлцэх хугацаандаа гаргасан гэж үзнэ.
Хариуцагч М зээл төлүүлэх ажиллагаанд банкны олон ажилтан хувь хэмжээгээрээ оролцсон гэж байгаагаа баримтаар нотлохгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3-т зааснаар 471,577,200 төгрөгийн зээл барагдуулсны 4 хувьд ногдох нэмэгдэл хөлс 18,863,091 төгрөгийг “Ариг банк” ХХК-иас гаргуулан, С олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 252,270 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 252,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3-т заасныг баримтлан “А” ХХК-иас нэмэгдэл хөлс 18,863,091 /арван найман сая найман зуун жаран гурван мянга ерэн нэг/ төгрөг гаргуулан С олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 252,270 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 252,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ