| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2022/0586/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/571 |
| Огноо | 2022-08-11 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/571
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
шүүгдэгч Н.Да,
шүүгдэгч Ч.Д, тэдний өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мятав овогт Нямцогтын Да, Тайжууд овогт Чойндонгийн Д нарт холбогдох эрүүгийн 2210005120429 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Мятав овогт Нямцогтын Д /РД
Монгол Улсын улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайжууд овогт Чойндонгийн Д /РД
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэр, Улиастай захын орчмоос Амьтны тухай хуулийн “ховор амьтдын жагсаал”-д багтсан, улаан номд бүртгэлтэй, үхсэн Алтайн хойлог шувууны эд эрхтэнг /бүтэн шувуу/ зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалж байгаль орчин экологид 130,000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Ч.Д нь Алтайн хойлог шувууны эд эрхтэнг Улаанбаатар хот руу явуулсныг иргэн Да хүлээн авч, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Ховор амьтдын жагсаалт”-д багтсан Алтайн хойлог шувууны гаралтай түүхий эдийн зүйлийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрчим хүчний яамны автомашины зогсоол дээр Тоёото Харриер маркийн УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан бусдад худалдахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
3. Хохирогч Г.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нийслэлийн Байгаль орчны газрын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн Амьтан ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн хийдэг. ...2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Эрчим хүчний яамны авто зогсоол дээр Н.Д нь УАТ улсын дугаартай “Тоёота Харриер” маркийн тээврийн хэрэгсэлд ховор амьтдын жагсаалтад багтсан Алтайн хойлог шувууны эд эрхтэнг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэх хэрэгт гэм буруутай нь тогтоогдохын бол хууль журмын дагуу хохирлыг нэхэмжлэх болно. ...Алтайн хойлог шувуу нь ховор амьтдын жагсаалтад багтсан Монгол улсын Улаан номд орсон зүйл бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны Амьтны экологи- эдийн засгийн үнэлгээг тогтоох тухай 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг бодгаль Алтайн хойлогийн экологи-эдийн засгийн үнэлгээг 130.000 төгрөгөөр тогтоосон. Амьтны тухай хуулийн 37.2-т Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасан байдаг....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дахь тал)
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 907 дугаартай:
-Шинжилгээнд ирүүлсэн 1 бодгаль шувуу эм хүйсийн Тахиатан-Сalliformes (Gebler 1836) баг, Гургуулынхан-Phasiannidae овогт Алтайн хойлог Tetraogallus altaicus (Gebler 1836) байна.
-Алтайн хойлог Tetraogallus altaicus (Gebler 1836) нь ховор амьтны жагсаалтад Монгол улсын улаан номд бичигдсэн.
-Шинжилгээнд ирүүлсэн шувууны тарс, сарвууны хэсэг байхгүй, зүүн гуяны хэсгээс огтолсон байдалтай байсан ба биеийн бусад хэсэг ямар нэгэн бэртэл илрээгүй байна. Уг шувууг хэрхэн агнагдсаныг тогтоох нь экологийн шинжилгээний тусгай мэдлэгт хамаарахгүй.
-Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоох” тухай 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг бодгаль алтайн хойлог экологи-эдийн засгийн үнэлгээг 130.000 төгрөгөөр тогтоосон. Амьтны тухай хуулийн 37.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасан болно.” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 78-80 дахь тал)
5. Гэрч Ц.Булганаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 28-29-ний үед амралтаараа гэртээ ирсэн. 2022 оны 01 дүгээр сарын 25-27 хавьцаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум руу ажилдаа явсан. Энэ хугацаанд Завхан аймгийн Улиастай суманд гэртээ буюу манайд байсан. Ирчихээд /Д/ “нэг хойлог шувууны мах хэрэгтэй байна, манай ажлын ахад хэрэг болоод байгаа юм” гэж байсан. Хэд хоногийн дараа нь нөгөө шувуугаа “Улиастай захаас худалдаж авлаа” гээд нэг хайрцагтай зүйл авчирсан байсан. Манай гэрийн таамбарт 2-3 хонуулаад хот руу ачааны машинд тавина гэж хэлээд аваад гарсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дахь тал)
6. Гэрч С.Чойндонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын сүүлээр байх, ээлжийн амралтаараа ирээд 1 сард буцаад явсан. ...Нэг жижиг хайрцагтай зүйл авчирсан байсан. “Энэ юу вэ” гэхэд “манай ажлын газрын хүн захиад байсан юм, Хойлог шувуу захаас худалдаад авчихлаа” гэж хэлж байсан. Би тухайн үед нь өвчтэй хүн хэрэг болсон юм байлгүй гээд тоогоогүй. Тухайн үед тэр шувууг ховор амьтдын тоонд ордог гэж мэдээгүй байсан. ...Улиастай захаас 300.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Хэнээс худалдан авсан талаар хэлээгүй. 2-3 өдөр л манай гэрийн үүдний таамбарт байлгаж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахь тал)
7. Гэрч Э.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Сар шинэ 2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, байгаль орчин амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийг илрүүлэн таслан зогсоох чиглэлээр ажилласан. Арга хэмжээний хүрээнд олон нийтийн хэмжээнд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн талаар мэдээ мэдээлэлд хяналт тавьж ажиллахад “Ховор хүнс, мах хэрэглэгчид” группт “Хойлог шувууны мах яаралтай авна” гэсэн зарын доор “байна” гэсэн утасны дугаартай сэтгэгдэл үлдээсэн байсан тул тус дугаараар нь холбогдож хаана байгаа талаар тодруулахад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Эрчим хүчний яамны авто зогсоол дээр байршлаа зааж өгсөн иргэнд “түрүүнд ярьсан хүн мөн үү” гээд өмнөх ярьсан хүнтэйгээ андуураад байх шиг байсан. Шууд байршлаа зааж өгсөн. Очоод албаны үнэмлэхээ үзүүлээд ажил албан тушаалаа танилцуулаад авто машины арын суудал дээр цаасан хайрцаг дотор ховор амьтдыг жагсаалтад багтсан “Хойлог шувуу”-ны эд эрхтэн байж болох сэжигтэй зүйл байсан тул 102 дугаарын утсанд холбогдож дуудлага мэдээлэл өгч, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд илтгэх хуудас бичиж хүлээлгэн өгсөн.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь тал)
8. Гэрч Ж.Банзрагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 25, 26-ны үед Завхан аймгаас Улаанбаатар хот руу ачаа ачиж явсан юм. Намайг ачаагаа ачаад гарах гэж байтал нэг танихгүй залуу ирээд “жижиг хайрцагтай юм дайх гэсэн юм” гэж авчирч өгсөн. Би ачаагаа ачсан байсан тул хайрцагтай юмыг нь машиныхаа кабинд хийгээд явсан. Замдаа нэг хоноод Улаанбаатар хот орсон. Хот руу орсны орой хайрцаг дээр байсан дугаар луу залгаад “дайвраа ирж ав” гэхэд танихгүй залуу ирээд авсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 67 дахь тал)
9. Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалгах шийдвэрлэх хэлтсийн байцаагч Э.Ганбаатарын илтгэх хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал)
10. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 5-8 дахь тал)
11. Шүүгдэгч Н.Дын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Өөрийн гэм буруутай гэдгээ ойлгон гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 127 дахь тал)
12. Шүүгдэгч Ч.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 232 дахь тал)
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгч Н.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 88 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 94 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 103 дахь тал), шүүгдэгч Ч.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 43 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 212 дахь тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэр, Улиастай захын орчмоос Амьтны тухай хуулийн “ховор амьтдын жагсаал”-д багтсан, улаан номд бүртгэлтэй, үхсэн Алтайн хойлог шувууны эд эрхтэнг /бүтэн шувуу/ зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалж байгаль орчин экологид 130,000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Ч.Д нь Алтайн хойлог шувууны эд эрхтэнг Улаанбаатар хот руу явуулсныг иргэн Да хүлээн авч, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Ховор амьтдын жагсаалт”-д багтсан Алтайн хойлог шувууны гаралтай түүхий эдийн зүйлийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрчим хүчний яамны автомашины зогсоол дээр Тоёото Харриер маркийн УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан бусдад худалдахыг завдсан үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Ч.Дгийн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан, худалдсан, худалдан авсан, шүүгдэгч Н.Дын ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан, худалдан авахыг завдсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Т, гэрч Ц.Булганаа, С.Чойндон, Э.Ганбаатар, Ж.Банзрагч, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн 907 дугаартай дүгнэлт, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Ч.Дг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан, худалдсан, худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Дыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан, худалдан авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 130.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Н.Да нь 260.000 төгрөгийг төлсөн болох нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн орлогын ордер (1 дүгээр хавтаст хэргийн 136 дахь тал)-оор тогтоогдох тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Д, Н.Да нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ч.Д, Н.Да нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Д, Н.Да нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зохимжтой гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Алтайн хойлог шувууны эд эрхтэн буюу бүтэн шувууг Нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайжууд овогт Чойндонгийн Дг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан, худалдсан, худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мятав овогт Нямцогтын Дыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан, худалдан авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Ч.Д, Н.Да нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д, Н.Да нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Ч.Д, Н.Да нар цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Алтайн хойлог шувууны эд эрхтэн буюу бүтэн шувууг Нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Ч.Д, Н.Да нарт сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Д, Н.Да нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР