Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/684

 

 

 

 

 

 

 

 

  2022           09           12                                     2022/ШЦТ/684

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

          улсын яллагч Н.Уранбайгаль,

          шүүгдэгч З.Ж-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

          шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, Б.Гэрэл-Очир,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Харчуу овогт Занширын Ж-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

          Г овогт Б-ны М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1927000710226 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

         

          Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймаг Алтанбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Ө” аймаг дахь Цагдаагийн газрын харьяа “Х” сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... аймаг ...  сум .. дугаар баг ... гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овогт Б-ны М-

 

          Монгол Улсын иргэн, 1955 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 66 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймаг Улиастай сум, .... баг ... айл .. дугаар орц ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт З-ын Ж-

 

          Шүүгдэгч Б.М- нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 25-ны 00 цаг 10 минутын орчимд “Ө” аймгийн “Х” сумын “Н” багийн нутаг дэвсгэрт байх “Уугант” гэх газар Subaru Forester маркийн ХХ-ХХ УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Х.Берекболыг мөргөж, амь насыг нь хохироосон,

          Шүүгдэгч З.Ж- нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны 00 цаг 15 минутын орчимд “Ө” аймгийн “Х” сумын “Н” багийн нутаг дэвсгэрт байх “Уугант” гэх газар Nissan Patrol маркийн ХХ-ХХ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэлд мөргөгдөн зам дээр хэвтэж байсан Х.Берекболыг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч Б.М- мэдүүлэхдээ: “Өмнө нь удаа дараа мэдүүлэг өгсөн. Хэрэгт маргахгүй тул мэдүүлэг өгөхгүй. Асуултад хариулна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Ж- мэдүүлэхдээ: “Өмнө нь удаа дараа мэдүүлэг өгсөн. Хэргийн талаар маргахгүй. Мэдүүлэг өгөхгүй. Асуултад хариулна” гэв.

 

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 4-9, 10-24 дэх тал/

 

          Хэргийн газарт нэмэлт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд. / 1 дэх хавтаст хэргийн 26-42 дахь тал/

 

          Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 43-60 дахь тал/

 

          Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 62-64, 67-69 дэх тал/

 

          2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /7 дахь хавтаст хэргийн 69-71 дэх тал/.

 

          2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /7 дахь хавтаст хэргийн 72-78 дахь тал/,

 

          “Subaru Forester” маркийн ХХ-ХХ УНЦ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 70-75 дахь тал/.

 

          Nissan Patrol маркийн ХХ-ХХ УБҮ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 76-81 дэх тал/

 

          Nissan Patrol маркийн ХХ-ХХ УБҮ улсын дугаартай автомашинд туршилтын ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт хийсэн үзүүлэлт, автомашины зүүн урд дугуйнд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 82-87 дахь тал, 86-87 дахь тал/

 

          Гэрч Ө.Амгалангийн “... 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 17 цагаас 18 цагийн хооронд Улаанбаатар хотоос нөхөр Ж-, би Завхан аймагт амьдардаг Бархас, Чимгээ, Ишжамц, Бархасын ач охин бид хэд Ж-ын эзэмшилд байдаг ХХ-ХХ УБҮ Nissan Patrol маркийн автомашинтай Завхан аймаг орох гээд гарсан. Автомашиныг манай нөхөр Ж- жолоодож хажуу талд нь би сууж явсан. Жолоочийн ар талын суудал дээр Бархас, хажуу талд нь Чимгээ ач охинтойгоо захад нь Ишжамц сууж явсан. Бид 23 цагийн өнгөрч байхад “Х” суманд орж ирсэн. “Х” сумаас гараад би унтчихсан байсан. Гэтэл автомашин юм тойроод гаргах шиг болсон бөгөөд энэ үед сэрсэн. Манай нөхөр хүн чирээд явж байна тойроод гарчихлаа гэж хэлээд автомашин зогсож, автомашинаас буугаад харахад эсрэг урсгалд засмал зам дээр нэг хүн хэвтэж байсан. Манай автомашины ар талд нэг ачааны автомашин, араас нь нэг суудлын жижиг автомашин ирж зогссон. Уг хоёр автомашинд сууж явсан хүмүүс буугаад зам дээр хэвтэж байсан хүн дээр очсон. Уг хоёр автомашины улсын дугаарыг хараагүй. Бархас, Ишжамц, манай нөхөр бид дөрөв уг хүн дээр очсон. Дээлтэй залуу нь та хөлөн дээгүүр нь гарчихлаа гэж хэлсэн. Яасан юм бэ гэж би асуухад манай хоёр согтуу маргалдаж муудаж энэ хүнийг автомашинаас унагаачихлаа гэж хэлсэн. Манай автомашинд сууж явсан хүмүүс сонссон байх. Энэ үед манай автомашин ард талд зогссон 2 автомашинд сууж явсан хүмүүсийн нэг хүн нь урд байгаа автомашины дугаарыг хэлээд дуудлага өг гэж хэлж байна шүү гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 103-104 дэх тал/

 

          Гэрч Б.Чимгээгийн “... Бид нар 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16-17 цагийн орчимд Улаанбаатар хотоос Завхан аймгийн төв орохоор Жгийн автомашинтай зургуулаа гарсан. Автомашинд Ж, Амгалан, би, манай нөхөр Бархас, манай ач Нарангэрэл, Ишжамц нарын хамт гарсан. Автомашиныг Ж өөрөө барьж явсан. Замдаа гурван удаа зогссон санагдаж байна. “Х” сумын төвөөр 00 цагийн орчимд дайрч гарсан болов уу. Би ер нь зүүрмэглэсэн байдалтай явж байсан. Тэгээд юу болов оо, юу болов оо гээд хүн чирчихсэн хүн явж байна гэх үед л сэрсэн. Ж болон Амгалан нар хүн чирчихсэн хүн явж байна гэж байсан. Хүн чирчихсэн явж байна гэхэд Ж автомашинаа их эвгүй дараад өнгөрсөн. Автомашин дайвалзаад бараг замын хажуу руу орчих дөхөөд автомашинаа зогсоосон. Тэгээд манай автомашин зогсож байтал араас хоёр ч автомашин ирж зогссон. Ямар автомашин байсныг нь мэдэхгүй. Манай автомашинд явсан хүмүүсээс би хүүхдийнхээ хамт үлдээд бусад нь автомашинаас буусан. Тэгээд нөгөө зам дээр байсан хүмүүс дээр очсон байсан. Хажуу тийшээ дараад замын хажуу руу орчих шахсан. Тэр үед би сэрсэн. Ж-ыг бид нар Ж гэж дууддаг. Тэнд хүн чирч явсан монгол дээлтэй, хүрэмтэй залуу Ж-т та хөлөн дээгүүр нь гарчихлаа шүү дээ гэж хэлсэн гэсэн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 105-106 дахь тал/

         

          Гэрч Б.Наранболдын “... Би бол өөрөө “Х” сумын “Н” багийн иргэн. Хаваржаа руу нүүх ажилтай байсан тул өглөө эрт 12-13 цагийн орчимд “Х” сумын төв дээрээс Баянголын эхийн согоот гэх газар руу аав, ээж дээрээ очсон юм. Тэгээд очоод гэр бараагаа ачаад бэлтгэл ажлаа хангачхаад орой харанхуй болоод 20 цаг өнгөрч байх үед М- над руу залгасан. М- манай гэрээр орж манай аавын утсыг авсан байсан. Тэгээд над руу залгахаар нь би утсаа аваад яасан юу болсон бэ гэж асуусан чинь М- танай гэрээр орсон чинь та байдаггүй, би наана чинь яваад очих уу гэж асуусан. Тэгээд эргээд залгая гээд утсаа салгасан. 2 цаг орчмын дараа М- дахиж залгаад би наад руу чинь явж байна, гүүр өнгөрөөд явж байна, та Баянголын гуанзан дээр хүрээд ирээч гэхээр нь би мотоцикл унаад өмнөөс нь тосохоор гарсан. Тэгээд Баянголын гуанзан дээр очих үед М- талийгаачтай хамт ирчихсэн зам дээр хүлээгээд байж байсан. Тэгээд би тэр хоёртой уулзаад засмал замаас буугаад гуанзны эсрэг талд замын хажуу руу буусан. Тэр хоёр ирэх үедээ хэн хэн нь архи уучихсан, согтуу байдалтай ирсэн. Автомашиныг М- жолоодож ирсэн байсан. Тэр хоёр ирэх үедээ 0,75 граммтай цагаан архи авч ирсэн байсныг бид гурав автомашин дотор хувааж уусан.

          Тэр үед талийгаач архинаас 2-3 удаа уугаад би уухгүй гээд больсон. М- бид хоёр үлдсэн архинаас ууж байгаад бага зэрэг үлдэхээр нь би энэ архийг хаячих уу гээд асгаад хаясан. Тэр үед нөгөө хоёр юунаас болсонг мэдэхгүй маргаад эхэлсэн. Тэгэхээр нь би ерөөсөө энэ хоёрыг сумын төв оруулж өгье гэж бодоод Баянголын гуанзан дээр байдаг Батсайхан гэж хүний гэрийн гадаа мотоциклоо тавьчхаад Батсайханы гэрээр нь орж би танай гадаа мотоциклоо орхичихлоо, маргааш өглөө ирээд авчихъя, хүмүүс төв рүү хүргэж өгөхгүй бол согтоод байх шиг байна гэж хэлчхээд тэр айлаас гарсан. Тэгээд би автомашины хойд суудал дээр орж суусан. Талийгаач Берекбол жолоочийн хажуугийн суудал дээр суугаад сумын төв орохоор хөдөлсөн. Тэгээд 2 км орчим газар явсан чинь талийгаач би бие засмаар байна, зогс гэсэн чинь М- одоо төв орохын хооронд зогсоод яахав, нэг мөр төв орж байгаад болъё гэсэн. Тэгээд М- зогсохгүй яваад байсан чинь талийгаач зогс гээд зууралдаж татаж байгаад М-ий хамар хавьд нь цохисон бололтой хамраас нь цус гарсан байсан. Яг хаана нь яаж цохисныг хараагүй. Би хойд суудал дээр сууж явсан болохоор сайн хараагүй юм. Тэгээд М- автомашинаа зогсоогоод бид гурав гурвуулаа автомашинаас буусан. Би автомашины зөв талын хойд хаалгаар буусан. Тэгээд замын хажуу руу гарч доошоо бууж бие засчхаад эргээд хартал М- автомашинтайгаа хөдлөөд явчихсан. Тэр үед талийгаач автомашины цаад талд замын эсрэг талд байсан. Тэгээд талийгаач өөрөө явж байгаад дөрвөн хөллөөд уначихсан байсан. Тэгснээ бүр дээшээ хараад хэвтээд өгсөн. Тэр үед М-ий автомашинтай нэг автомашин зөрөөд гараад ирсэн. Тэгэхээр нь би хүүе босоорой гээд талийгаач дээр очоод мөрөн дээрээс нь татсан. Тэр үед нөгөө хар өнгийн Nissan Patrol маркийн автомашин талийгаачийн бөгсөн бие дээгүүр нь дайраад гарсан. Тэр автомашин талийгаачийг дайрчхаад цаашаа нэлээд явж байгаад замын хажуу руу орж зогссон. Тэр автомашины хүмүүс бууж ирэхгүй нэлээд удсан. Би утасны нэгж зээлж аваад эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Эмнэлэг рүү лав л 3-4 удаа залгасан санагдаж байна. Эмнэлэг их удаж байж ирсэн. Тухайн үед талийгаач амьсгаатай байсан. Тэгээд байж байтал Архангайгаас хот руу чиглэлд явж байсан Prius 20 маркийн автомашинтай хүн ирж зогсоод дотроос нь нэг эрэгтэй хүн бууж ирээд эмнэлэг дуудсан уу, энд эмч явж байгаа үзүүлэх үү гэхээр нь тэгье гэсэн чинь нэг эмэгтэй хүн бууж ирээд талийгаачийн гаранд нь хүрч үзсэнээ нас барчихсан байна гэсэн. Яг тэр үед түргэний машин ирээд эмч нь бууж ирж үзсэнээ нас барсан байна гэсэн. Тэгээд цагдаа нар ирээд намайг цагдаа дээр авч ирсэн.

          Талийгаач Берекбол нь М- автомашинаа хөдөлгөөд явснаас нь хойш унасан. Яагаад унасан болохыг нь мэдээгүй. Согтуу байсан болохоор л унасан болов уу. Талийгаачийг хар өнгийн ХХ-ХХ гэсэн дугаартай арын үсэг нь “Ү” үсэгтэй автомашин байсан хөл хэсгээр дайрсан. Жолооч нь гээд нэг ахимаг насны ах байсан. Би автомашин дээр нь очоод энэ автомашины жолооч хэн бэ гэж асуухад хар өнгийн куртиктэй, ахимаг насны эрэгтэй хүн байсан. Жолоочийн хажууд ямар хүн сууж явсныг мэдээгүй. Автомашинаас нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн бууж ирсэн. Тэр үед нөгөө автомашины ард ямар ч байсан хоёр автомашин зогсож байсан. Нэг автомашин нь ямар автомашин байсныг санахгүй байна. Ямар ч байсан ачаатай цагаан өнгийн Mighty маркийн автомашин зогсож байгаад нэлээд байж байгаад яваад өгсөн. Энэ ослын үед би яг талийгаачийн хажуу талд мөрөөс нь татаж авах гээд амжаагүй.

          Бид гурав цуг машинаас буугаад би замын хажуу руу очиж бие зассан. Тэр үед нөгөө хоёр автомашины ард зогсож байсан. Би бие засаад эргэж харах үед М- автомашинаа хаазлаад хөдөлж таарч байсан. Тэр үед талийгаач автомашин замын зүүн талд замын баруун талд шахаад зогссон, автомашины зүүн талд зогсож байсан. М- автомашинаа хөдөлгөөд 20-30 метр зайтай явж байх үед талийгаач ёо ёо гээд дөрвөн хөллөчихсөн байсан. Тэр үед харахад замын эсрэг урсгалаар нэг автомашин гараад ирсэн. Тэр автомашин их хурдтай явж харагдахаар нь би татаж босгох гэж очоод мөрөөс нь татах үед нөгөө автомашин талийгаачийн бөгсөн бие хэсэг дээгүүр гараад явсан. Тэр автомашинд дайруулснаас хойш 1 цаг орчим хугацаанд талийгаач амьсгаатай байсан. М- хүрч ирээд хөөе хөөе гээд дуудаад байсан. Тэр үед талийгаач хариу өгөхгүй байсан.

          Автомашинаас түлхэж унагасан гэж яриагүй. Тэнд байсан эгч л тэнд гэрэл тусгаад энд тэнд гараад янз бүрийн юм асуугаад яваад байсан. Тэгээд л тэнд байсан хүмүүст тийм сэтгэгдэл төрүүлэхээр зүйл ярьсан. Талийгаачийг автомашинд дайруулсны дараа М- автомашинаа буцаж эргүүлээд зам дээр зогсоод автомашинаас буугаад ирэхээр нь би урдаас нь очсон чинь яачихваа юу болчихвоо гэсэн. Тэгэхээр нь би талийгаач автомашинд дайруулчихлаа, би татаж авах гээд амжилгүй автомашин дээгүүр нь гарчихлаа гэхэд М- талийгаач дээр очсон. Тэгээд ямар автомашин дайрсан бэ та сайн харсан уу гэхээр нь би харсан тэр хар машин зогсож байна гэж хэлсэн. Тухайн үед түргэн цагдаагийн утасны дугаарыг М- надад хэлж би дуудлага өгсөн. Тэр хоорондоо би М-д хандаж ...Тэнэг юм шиг яагаад хаячхаад явчихваа чи гэхэд М- та хоёрыг би суучихлаа гэж бодсон, тэгээд хөдөлсөн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 109-111, 120-121 дахь тал/

          ... Би автомашинаас буугаад замын хажуугийн далан руу бие засахаар буусан. М- талийгаач Берекбол 2 машины ард нь юм яриад зогсоод үлдсэн. Би бие засаад зогсож байхад автомашины хаазлах чимээ гарсан. Эргээд харахад М- машинтайгаа хөдлөөд явсан. Тэгэхээр нь утсаа гаргаад М- рүү залгах гээд байж байхад ёо гэж дугарахаар нь харсан чинь талийгаач 2 өвдгөөрөө зам дээр өвдөглөсөн, нэг гарынхаа тохойгоор нөгөө гарынхаа сарвуугаар газар тулсан байсан. Тэгснээ дээшээ хараад зам дээр хэвтэхээр нь би хүүе босоорой автомашин гэж хэлээд талийгаач дээр гүйж очоод талийгаачийн зүүн мөрөн дээрээс татахад “Х” чиглэлээс ирсэн автомашин талийгаачийн баруун бөөр талаас нь дээгүүр нь гараад явсан. Би бараг дайрагдах шахсан. Тэгэхэд талийгаач автомашины хүчинд автомашин явсан тал руу эргээд доошоо харсан. М-, талийгаач Берекбол нартай уулзахад Берекболын биед нь зүн нүдэнд хөхрөлт, гарын сарвууны ар хэсэгт зулгаралт бүхий гэмтлүүд байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 47-51 дэх тал/

          ... амь хохирогч Берекбол эхлээд 2 өвдгөөрөө өвдөглөж, 2 гараараа газарт тулж газарт унасан бөгөөд намайг орилох үед дээшээ хараад хэвтсэн. Амь хохирогч Берекбол зам дээр 4 хөллөж унахдаа ёо гэх байдлаар дуугарч байсныг би мэдүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 241-242 дахь тал/

          ... Бие засах үед М-ий автомашин хаазлах чимээ гарахаар нь эргээд харахад М-ий автомашин хөдлөөд явсан. Тэр үед би гар утсаа гаргаад М- рүү залгах гэхэд миний утасны нэгж дууссан байсан учир залгаж чадаагүй.

          Тэгэхэд талийгаач Берекбол зам дээрээ зогссон нааш цааш гуйвж байснаа урагшаа 4 хөллөж унаад улмаар дээшээ хараад замын гол хэсэгт, дээшээ хараад дөрвөн мөчөө дэлгээд хэвтсэн. Талийгаачийн толгой нь ертөнцийн зүгээр баруун урагшаа “Х” сум, М-ий автомашин явсан тал руу харсан. Бие нь дээшээ харсан, хөл нь зүүн хойшоо харсан ташуу байрлалтай байсан. Энэ үед “Х” сум чиглэлээс автомашин ирэх чимээ, автомашины дуу, гэрэл гарч байсан учир би талийгаач руу гүйж очоод хөөе босоорой автомашин ирж байна гэж хэлээд талийгаачийн мөрөн дээрээс татахад “Х” сум чиглэлээс ирсэн автомашин талийгаачийн бөгсөн бие дээгүүр нь дайраад гарсан. Талийгаач автомашинд дайрагдаад, дайрсан автомашины явж байсан чиглэл рүү бөмбөрөөд миний зогсож байсан газраас 2-3 метрийн зайд доошоо харсан байрлалтай хэвтэж байсан. Талийгаачийг дайрсан автомашин нь нэлээн цаана очоод зогссон. Би автомашинаас буухад асьфалтан зам дээр бууж байсан. Бид 3 автомашины хойно очиход автомашины жолооч талын 2 дугуй замын хажуугийн хөвөөн дээр, жолоочийн эсрэг талын 2 дугуй нь асфальтан зам дээр зогссон байсан.

          Тухайн үед би талийгаачийн араас нь 2 суган доогуур нь гараа хийж тэврээд чирсэн зүйл болоогүй. Тэр үед талийгаач зам дээр дээшээ хараад хэвтэж байхад нь би талийгаачийн куртикны мөр орчмоос нь татахад талийгаачийн бие нь бараг хөдлөөгүй байх, куртик нь татагдаад тэр ХХ-ХХ УБҮ улсын дугаартай автомашин талийгаачийг дайраад гарсан. ...” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 181-184 дахь тал/

         

          Гэрч Г.Бархасын “... Тэр осол гарах үед Ж-, Ишжамц бид гурав юм яриад явж байтал бид нарын явж байсан урсгалын эсрэг урсгалд нэг жижиг тэрэг аваарын гэрлээ асаачихсан зогсож байгаа харагдсан. Тэгээд тэр автомашины хажуугаар өнгөрөх үед Ж- зам дээр хүн чирчихсэн хүн явж байна гээд буруу тийшээ огцом дараад автомашин жаахан дайвалзаад цаашаа очоод зогссон. Би наанаас юм ярьж явж байгаад тэр хэсэгт бага зэрэг зүүрмэглэсэн байсан. Тэгээд автомашин жоохон дайвалзах үед сэрсэн. Тэгээд машинаас буугаад тэр зам дээр байсан хүмүүс дээр очихоор явах үед хойно ирж зогссон автомашины жолооч нар бас бууж ирсэн. Тэгсэн чинь цаанаас ирж байгаа хүмүүсээс нэг нь манай автомашины дугаарыг хэлээд хүн дайрчихлаа гэж дуудлага өгөөд байсан. Тэгээд бид нарыг очих үед зам дээр байсан дайруулсан гээд байгаа хүн нь зам дээр дээшээ хараад хэвтчихсэн, хурхираад байгаа юм шиг амьсгаа авсан байдалтай байж байсан. Тэгээд яасан юу болсон гэж асуухад манай энэ хоёр муудалцаад нэгийгээ автомашинаас унагачихлаа би барьж авч чадсангүй гэж байсан. Тэгээд би чирээд явж байсан чинь нэг хөлөн дээгүүр нь та нар гараад явчихлаа гэж ярьж байсан. Бид нарыг очих үед манай ард ирж зогссон байсан автомашины жолооч нар бас тэнд очсон. Манай ар талд Архангайн дугаартай ачааны жижиг автомашин лав байсан.

          Би жолоочийн арын суудал дээр сууж явсан. Зам дээр хүн байсан эсэхийг хараагүй. Би тэрүүхэн үед зүүрмэглэсэн байна лээ. Тэр хүн нь замын нөгөө урсгалд байсан. Хүн чирсэн хүн явж байна гэж бодоогүй байлгүй. Тэр хүний нэг хөл нь замын дундах цагаан зураасыг дөнгөж давсан байдалтай байсан. Хүн чирч байсан гэх хүн манай хоёр маргалдаад, нэгнийгээ автомашинаас унагачихсан, тэгээд би чирээд явж байтал танай автомашин манай хүний хөл дээгүүр гарчихлаа гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 112-113 дахь тал/

          “... Би шүүх хурал дээр зам тээврийн ослын талаар хураангуй байдлаар мэдүүлсэн. Тухайн үед болсон асуудал нь “Ө” аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Мөнхбатад өгсөн гэрчийн мэдүүлэг дээрх тэр осол гарах үед Ж-, Ишжамц бид гурав юм яриад явж байтал бид нарын явж байсан урсгалын эсрэг урсгалд нэг жижиг тэрэг аваарын гэрлээ асаачихсан зогсож байгаа харагдсан. Тэгээд тэр автомашины хажуугаар өнгөрөх үед би жаахан зүүрмэглэсэн байсан бөгөөд Ж- автомашинаа жаахан дайвалзуулах үед би сэрсэн. Тэгээд автомашин цаашаа очоод зогссон. Автомашинаас буугаад тэр зам дээр байсан хүмүүс дээр очихоор явах үед хойноос ирж зогссон Архангай аймгийн жолооч нар бас бууж ирсэн. Тэгсэн чинь цаанаас ирж байгаа хүмүүсээс нэг нь манай автомашины дугаарыг хэлээд хүн дайрчихлаа гэж монгол дээлтэй залуу дуудлага өгөөд байсан. Тэгээд бид нарыг очих үед зам дээр дайруулсан гээд байгаа хүн нь дээшээ хараад хэвтсэн байрлалтай хөлийн үзүүр нь цагаан шугамаа давсан байсан. Өөрөөр хэлбэл бид нарын явж байсан урсгал тал руу хөл нь жаахан гарсан бие нь эсрэг талын урсгалд гарсан байсан гэж ойлгож болно. Биднийг очиход дайруулсан гэх залуу зам дээр дээшээ хараад хэвтчихсэн, хурхираад байгаа юм шиг амьсгаа авсан байдалтай байж байсан. Тэгээд яасан юу болсон гэж асуухад дуудлага өгч байсан монгол дээлтэй залуу нь манай энэ хоёр муудалцаад нэгийгээ автомашинаас унагаачихлаа, би барьж авч чадсангүй гэж байсан. Тэгээд би чирээд явж байсан чинь нэг хөлөн дээгүүр нь та нар гараад явчихлаа гэж ярьж байсан. Тэр залуу манай автомашиныг баруун зүүн хөл дээгүүр гарсан гэж тодруулж хэлээгүй. Биднийг очиход талийгаач залуу дээшээ харсан байдалтай байсан. Яг тэр байрлалаараа байсан. Биднийг очихоос өмнө хөдөлгөсөн эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Бид нарыг очсоноос хойш хөдөлгөөгүй. ...” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 174-176 дахь тал/

 

          Гэрч Б.Наранболд, Ч.Ишжамцтай нарыг нүүрэлдүүлэн байцаасан “... Би Ишжамц гэж хүнийг танихгүй. Нөгөө утсаар яриад дуудлага өгөөд байсан хүүхэд мөн юм шиг байна. Энэ ах бас буруу ярьж байна. Тэр үед би автомашинд гэж ерөөсөө яриагүй. Талийгаач бид хоёрын сууж явсан автомашин тэгэхэд тэнд байгаагүй. Хойноосоо урагшаа чиглэлд хөдлөөд явчихсан байсан. Энэ ах надаас яасан ийсэн гэж асуугаагүй. Хамгийн их зүйл асуусан хүн нь хар автомашинаас бууж ирсэн эмэгтэй байсан. Уначихсан юм уу гэж асуухаар нь би уначихсан юм гэж хариулсан байгаа. Тэрийг л буруу ойлгосон байх. Манай хоёр маргалдаад бид нар энд зогсоод сууж явсан автомашин маань хаяад хөдлөөд явсан юм гэж ярьсан зүйл байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 114-115 дахь тал/

 

          Гэрч Ч.Ишжамц, Б.Наранболд нарыг нүүрэлдүүлэн байцаасан “... Би Наранболд гэх хүнийг танихгүй. Энэ залуу бид нарыг яваад очиход манай хоёр нөхөр хоорондоо жаахан маргалдаад энэ хүн автомашинаасаа унасан. Тэгээд автомашиндаа суулгах гээд чирээд явж байх үед та нар нэг хөлийг нь дайрчихлаа гэж ярьж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 114-115 дахь тал/

 

          Гэрч Ч.Ишжамцын “... Бид нар хотоос гарах гэж байтал Ж-ын автомашины урд талын гурван бул гэдэг нь болохгүй байна гээд тэрийгээ солиулж тавьж байгаад 17-18 цагийн багцаанд хотоос гарсан. Яг цаг хараагүй болохоор баримжаагаар л ярьж байна. Хотоос гарснаасаа хойш Ж- өөрөө автомашинаа барьж явсан. Тэгээд энд явж байхад 00 цаг өнгөрч байх үед автомашинд сууж явсан хүмүүсээс Ж-, Бархас бид гурав юм яриад явж байтал нэг цагаан автомашин аваарын гэрлээ асаачихсан бид нарын явж байсан урсгалын эсрэг урсгалд зогсож байсан. Тэгтэл тэр автомашины араас нэгнийгээ чирчихсэн нэг хүн гараад ирсэн. Тэр үед Ж- жолооны хүрдээ цочир баруун гар тийш нь дараад тойроод гарсан. Тэгээд цаана нь гацаад зогссон. Тэгээд бид нар энд юу болсон юм бол гээд автомашинаас буугаад очиж явах үед ард автомашинууд ирээд зогсож байсан. Тэгсэн чинь нөгөө хүн чирч явсан дээлтэй, дээлний гадуураа хүрэмтэй залуу манай автомашины дугаарыг хэлээд дуудлага өгч байна гэж байсан. Тэгээд бид нар тийшээ очиход нөгөө зам дээр зогсож байсан автомашин эргээд бид нарын урд талд ороод зогсчихсон байсан.

          Автомашинаас буугаад тэр хүмүүс дээр очиход хүн чирээд явж байсан гэх дээлтэй залуу манай хоёр хоорондоо маргаад манай хүн автомашинаас уначихлаа. Тэгээд байж байтал та нар нэг хөл дээгүүр нь гараад явчихлаа гэж байсан. Тэр хүмүүсээс аль алинаас нь архи үнэртэж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 118-119 дэх тал/

          ... өмнө өгсөн мэдүүлгээс замын эсрэг урсгалд байсан цагаан өнгийн автомашин тухайн үед их гэрлээ асаачихсан зогсож байсныг аваарын гэрлээ асаан зогсож байсан гэж бичсэн байна лээ. Цагаан өнгийн автомашин нь их гэрлээ асаачихсан бид нарын явж байны эсрэг урсгалд буюу “Х” сум руу харсан зогсож байсан. Их гэрлээ асаасан автомашины гэрлийн тусгал өнгөрөхөд бид нарын явж байсан урсгалаас эсрэг урсгал чиглэл рүү замын гол буюу цагаан зураасны тэнд нэг эрэгтэй хүнийг араас нь 2 суга доороос нь нэг дээлтэй хүн тэврээд их гэрлээ асаасан автомашин тал руу чирсэн явж байгаа харагдсан. Чирэгдсэн хүний хөл нь зам дээр чирэгдэж байсан. Үүнийг жолооч Ж- хараад огцом дараад цааш очиж зогссон. Биднийг очихоос өмнө талийгаачийг хөдөлгөсөн эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан биднийг очиход талийгаач залуу дээшээ харсан байдалтай буюу хөлийн үзүүр нь бид нарын явж байсан зорчих хэсгийн цагаан зураас дөнгөж давсан, их бие нь эсрэг талын урсгалд дээшээ харсан байдалтай байсан. “Х” руу явах чиглэлд цагаан өнгийн автомашин зогсож байсан бөгөөд тэр машин зорчих хэсгийн гол хэсэгт нь зогсож байсан санагдаж байна. ...” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 177-179 дэх тал/

 

          Гэрч Д.Мөнхзулын “... 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө 00 цаг 25 минутад сувилагч Д.Оргилцэцэг яаралтай дуудлага ирлээ гэж дуудсан. Гэртээ байж байтал “Х” сумын нэгдсэн эмнэлгийн жолооч Ц.Цоггэрэл бензинээ хийчхээд гэрээс намайг авсан. Ирэхдээ Ц.Цоггэрэл ганцаараа ирсэн. Тэгээд бид хоёр хамт шууд дуудлага өгсөн газар руу явсан. Дуудлага өгөхдөө автомашинд хүн дайруулсан байна гэж Д.Оргилцэцэг хэлсэн. Тэгээд тухайн хэргийн газар нь очиход бид нарын очиж байгаа байрлалаар яривал баруун гар талд 2 автобус, 1 цагдаагийн жижиг автомашин, бас цагаан өнгөтэй дунд оврын жип гэж хэлмээр автомашинууд замын хажууд замаасаа гараагүй зогсож байсан. Тухайн автомашинууд миний хэлсэн дарааллаар “Х” талаасаа Архангай руу чиглэсэн байдалтай зогсож байсан. Тухайн зогсож байсан автомашинуудын урд талд засмал замын голд тухайн осолд орсон гэх хүн газар хэвтэж байсан. Тэр хүнд очиж үзлэг хийхэд толгой нь ертөнцийн зүгээр баруун урагш харсан байрлалтай байсан ба биеийн ерөнхий байдлыг харахад царай хөхөрсөн, дээшээ харсан байдалтай үзлэг хийхэд хүүхэн хараа 2 талдаа жигд өргөссөн, гэрлийн урвалгүй, зовхи нь нээлттэй, гүрээт судас, цавьны судас, том судаснууд тэмтрэгдэхгүй, захад пульс байхгүй /судасны цохилт байхгүй/, зүрхний цохилт байхгүй, амьсгал байхгүй, бүх бие хөрсөн байсан. Тэнд нэг цагдаа байсан. Тэр цагдаад тухайн үзлэг хийсэн талаараа хэлээд нас барсан байна шүү гэдгийг нь хэлж өгсөн.

          Тухайн үед нэгдсэн эмнэлгээс Д.Оргилцэцэг өөрийнхөө 88919500 гэсэн дугаараас дуудлага ирлээ гэж надад хэлэхэд 00 цаг 25 цаг болж байсан. Харин жолооч 00 цаг 48 минутад манай гэрт ирсэн. Тэгээд бид хоёр шууд 15 км орчим яваад 01 цагт хэргийн газарт очсон. Би тухайн цогцост үзлэг хийгээд дуусаад тэнд байсан цагдаад нас барсан байна гэж хэлчхээд цаг харахад 01 цаг 07 минут болж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 128-129 дэх тал/

 

          Гэрч Ц.Цоггэрэлийн “... 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө 00 цаг 23 минутад сувилагч Д.Оргилцэцэг яаралтай дуудлага ирлээ гэж өөрийн 88919500 тоот утсаараа над руу мэдэгдсэн. Тухайн цаг хугацаанд би гэртээ унтаж байсан. Д.Оргилцэцэг манай гэр рүү тухайн өдөр гарч байсан жолооч Очирпүрэвийг явуулсан. Би эмнэлэг дээр ирээд яаралтай тусламж дээрээс дамнуурга, нурууны чиг тус тус аваад гарааш дотроос Уаз Фургон 62-34 ӨВА улсын дугаартай автомашинаа асаагаад Сод монгол шатахуун түгээх станц орж бензин авч Мөнхзул эмчийн гэрийн гадаа очих үед цаг 00 цаг 47 минут болж байсан. Мөнхзул эмч гэрээсээ гарч ирээд бид 2 хамт дуудлага ирсэн гэх газар болох Баянголын ам руу салдаг гарцны ойролцоо 01 цаг 00 минутад очих үед замын хажууд урдаасаа хойшоо явж байгаа чиглэлтэй 2 ширхэг том оврын автобус зам чөлөөлөөд зогссон байдалтай цагдаагийн тусгай гэрэл дохиотой жижиг цагаан тэрэг осолд орсон гэх хүний ертөнцийн зүгээр зүүн урд талд нь, цагаан өнгийн жижиг оврын жийп цагдаагийн автомашины урд талд нь хойшоо харсан чиглэлтэй замаа чөлөөлөөд зогсож байсан. Би автомашинтайгаа осолд орсон гэх хүний ертөнцийн зүгээр урд талд нь 5 метр орчим зайтай очиж зогссон. Мөнхзул эмч автомашинаас буугаад осолд орсон гэх хүнд үзлэг хийсэн. Намайг хамгаалалт авч байсан цагдаа ухар гэсэн тэгээд би арагшаа ухарч зам дээр буцаж эргэн эсрэг урсгал руу орж замаа чөлөөлж зогссон. Удалгүй сумын төвөөс тусгай гэрэл дохиотой цагдаагийн автомашин ирсэн. Эмч автомашин дотор орж ирэхдээ хүн нь нас барсан гэж хэлж байсан. Мөнхзаяа эмч бид 2 хэргийн газраас “Х” сумын төв рүү 01 цаг 35 минутад хөдөлж нэгдсэн эмнэлэг дээр 01 цаг 50 минутад ирсэн.

          Тухайн үед нэгдсэн эмнэлгээс Д.Оргилцэцэг өөрийнхөө 88919500 гэсэн дугаараас дуудлага ирлээ гэж надад хэлэх үед 00 цаг 23 минут болж байсан. Харин Мөнхзул эмчийг гэрээс нь авах гэж очих үед 00 цаг 48 минут болж байсан. Хэргийн газар очих үед 01 цаг 00 минут болж байсан. Тэгэхээр дуудлага хүлээн аваад 37 минутын дараа хэргийн газарт очсон. Автомашинд дайруулсан гэх хүн толгой нь ертөнцийн зүгээр баруун урагш харсан байдалтай дээшээ хараад хэвтэж байсан. Баруун гар нь хажуу тийшээ алдалсан байдалтай харагдаж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 133-134 дэх тал/

 

          Гэрч Г.Эрдэнэбатын “... Би 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд Архангай аймгийн Тариат сумын харьяат Уртнасанбаатар гэх хүний хамт Уртнасанбаатарын худалдаж авсан 06-49 УБП улсын дугаартай автомашинаар Улаанбаатар хотоос Архангай аймгийн Тариат сум руу гарсан. ... “Ө” аймгийн “Х” сумаас өнгөрөөд явж байхад зам дээр осол гарсан байсан. Цагаан өнгийн автомашин замын голын зураасны зүүн талд жишүүдүү байрлалтай их гэрэл нь асаатай зогсож байхаар нь би хажуугаар нь гараад чигээрээ явтал замын голын цагаан зураасны зүүн талд зам дээр нэг хүн хэвтэж харагдсан. Тэгээд цааш явж байтал нэлээд яваад замын баруун гар талд замаа шахаад зогссон хар өнгийн жийп ангиллын автомашин зогсож байсан. Бид 2 шууд явж очоод хар автомашины ард очиж зогссон. ...Уртнасанбаатар бид хоёр газар хэвтэж байсан хүн дээр очиж хараагүй. Автомашины гэрэлд амнаас нь уур гараад байгаа харагдаж байсан.

          Уртнасанбаатар бид хоёрыг очих үед ослын газар цагаан болон хар өнгийн автомашин тэгээд зам дээр хэвтэж байгаа хүн л байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 146-150 дахь тал/

 

          Гэрч Г.Уртнасанбаатарын “... 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө би манай сумын Эрдэнэбат гэж хүний хамт Улаанбаатар хотоос Архангай аймгийн Тариат сум орохоор явж байсан. Тэгээд явж байтал “Х” сумаас хойш Ганц модны гуанзнаас арай цаахан талд /Архангай аймгийн талаас тодорхойлж хэлсэн гэх/ зам дээр осол болсон байдалтай байгаатай таарсан. “Х” тал руугаа явах зам дээр жишүүдүү байрлалтай цагаан өнгийн жижгэвтэр жийп маягийн загвартай автомашин байсан. Тэр автомашиныг өнгөрөөд явах үед зам дээр нэг хүн хэвтэж байсан. Тэр хүний хажуугаар гарах үед ойр хавьд нь хүн байсан эсэхийг анзаараагүй. Тэгээд цааш явтал зам дээр хар өнгийн жийп ангиллын автомашин бас зогсож байсан. Газар хэвтэж байсан хүнээс 60-80 метр орчимд зайтай газар тэр хар өнгийн автомашин зогсож байсан. Тэгээд Эрдэнэбат бид хоёр тэр хар автомашины ард талд ойрхон очиж зогссон. Тэгээд Эрдэнэбат бид хоёр автомашинаасаа буусан. Тэгээд байж байтал нөгөө газар хэвтэж байсан хүний тэр хавиас хоёр ахимаг насны эрэгтэй хүмүүс нөгөө хар өнгийн жийп автомашины чигтээ ирж явсан. Тэгээд нэг харахад жийп автомашинаас хүн буусан юм болов уу 5-6 хүн болчихсон байсан. Тэр хоёр ахаас Эрдэнэбат яасан юу болсон гэж асуухад юм хэлээгүй гэсэн. Эрдэнэбат бид хоёр тэр ослын газарт 10 орчим минут болоод хөдөлсөн. Тэр хооронд газар хэвтэж байгаа хүнийг автомашины гэрэлд харахад амнаас нь бололтой уур гараад байсан. Тэрийг нь харчхаад Эрдэнэбат бид хоёр ямар ч байсан амьд байгаа юм байна гэж ярилцаж байсан. Тэр осол хэргийн газар байх хугацаанд Эрдэнэбат л хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүнээс юу болсон талаар асуухад юм дугараагүй гэсэн. Өөр хүмүүстэй уулзаж ярилцсан зүйл бол байхгүй. Эрдэнэбат бид хоёр 06-49 УБП улсын дугаартай автомашинтай явсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 153-154 дэх тал/

 

          Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /2 дахь хавтаст хэргийн 1-3 дахь тал/

         

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Мурагүлийн “... Амь насаа алдсан Х.Берекбол нь миний нөхөр бөгөөд бид хоёр гэр бүл болоод 1 жил 6 сар гаран болж байна. Талийгаач бид хоёр 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Миний хувьд хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйлгүй. Миний хувьд маш их гомдолтой байна. Миний нөхөр Х.Берекболын оршуулгын зардал нийт 12,820,739 төгрөгийн хохирол учраад байгааг гэм буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 34 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 172-173 дахь тал/

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Загирагийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Талийгаач Х.Берекбол нь миний төрсөн хүү байгаа юм. Миний хувьд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би маш их гомдолтой байна, амийг амиар авмаар байна. Талийгаач маань биднийг ганц тэжээж байсан хүн. Бидэнд үнэхээр хэцүү байна. Миний хүү архи уудаггүй, хэрвээ архи уусан байсан бол миний хүүгийн ам руу архи хүчээр цутгасан байх гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 39 дэх тал/

 

          Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №641 дугаартай:

          “...1. Талийгаач Х.Берекболын цогцост баруун дунд чөмөгний бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралт, бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, хэвлий, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хуруу, баруун өгзөгт шарх, баруун гуя, өвдөг шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

          Дээрх гэмтлээс баруун дунд чөмөгний бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги элэгний саран холбоос, өрцний цус хуралт, баруун гуя, өвдөг, шилбэний цус хуралт нь автомашинд мөргөгдөх үед, тухайлбал хүний босоо байрлалд биеийн араас буюу баруун гуяны хэсэгт ойролцоогоор 69 см өндөр бампертай машинаар мөргөсөн үед үүснэ.

          Бүсэлхий баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, хэвлийн хэсгийн зулгаралт, баруун өгзөгний шарх нь автомашинд дайрагдах үед, тухайлбал хүний хэвтээ байрлалд доош харж хэвтсэн үед нь бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны хэсгээр автомашины дугуй гарсан нөхцөлд үүснэ.

          Харин баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, баруун, зүүн өвдөгний зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хурууны шарх нь ямар ч байрлалд, авто машинд мөргөгдөх, дайрагдах аль ч үед үүсэж болно.

          2. Х.Берекболын цогцост бусадтай амь тэмцэлдсэн ноцолдсон гэхээр гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүснэ.

          3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

          5. Талийгаач нь баруун дунд чөмөгний бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралт, бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ.

          6. Талийгаачийн хэвлийн хэсэг дэх зулгаралт нь автомашины дугуйгаар үүсгэгдсэн байна. Уг зулгаралтаар автомашины төрөл зориулалтыг тогтоох боломжгүй.

          7. Талийгаач нь эхлээд автомашинд мөргөгдөөд дараа нь дайрагдсан байна. ...” гэсэн дүгнэлт. /2 дахь хавтаст хэргийн 63-65 дахь тал/

 

          Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №343 дугаартай:

          “...1. Талийгаач Х.Берекболын цогцост баруун дунд чөмөгний бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралт, бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, хэвлий, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хуруу, баруун өгзөгт шарх, баруун гуя, өвдөг шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          Дээрх гэмтлээс баруун дунд чөмөгний бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги элэгний саран холбоос, өрцний цус хуралт, баруун гуя, өвдөг, шилбэний цус хуралт нь автомашинд мөргөгдөх үед, тухайлбал хүний босоо байрлалд биеийн араас буюу баруун гуяны хэсэгт ойролцоогоор 69 см өндөр бампертай машинаар мөргөсөн үед үүснэ.

          Бүсэлхий баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, хэвлийн хэсгийн зулгаралт, баруун өгзөгний шарх нь автомашинд дайрагдах үед, тухайлбал хүний хэвтээ байрлалд доош харж хэвтсэн үед нь бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны хэсгээр автомашины дугуй гарсан нөхцөлд үүснэ.

          Харин баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, баруун, зүүн өвдөгний зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хурууны шарх нь ямар ч байрлалд, автомашинд мөргөгдөх, дайрагдах аль ч үед үүсэж болно. ...” гэсэн дүгнэлт. /2 дахь хавтаст хэргийн 72 дэх тал/

 

          Шинжээч Ч.Эрдэмболорын “... Амь хохирогч Х.Берекболын цогцост үүссэн дээрх гэмтлүүд нь мөргөгдөх, дайрагдах гэсэн хоёр хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байгаа. Мөргөгдөж улмаар дайрагдсаны улмаас дээрх гэмтлүүд үүсгэгдсэн. Хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Хохирогчийн биед учирсан бүх гэмтлүүд амьд байх үед нь үүсгэгдсэн байсан. Хохирогч мөргөгдөх, дайрагдах хоёр хүчний аль алиных нь үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлийн улмаас шоконд орж нас барсан. Хохирогч босоо байрлалтай байхдаа автомашинд мөргүүлж, улмаар дайрагдсан. Хохирогчийн баруун чөмгөнд үүссэн хугарал гэмтэл нь зөвхөн автомашинд мөргөгдсөн үед үүсдэг гэмтэл. Дунд чөмгийн хэсгээр автомашинд дайрагдсан бол аарцгийн хэсэгт үүссэн хугаралтай ижил төрлийн хугарал үүсэх байсан. Бамбер хугарал нь автомашинд мөргүүлсэн үед үүсдэг онцлог хугарал бөгөөд уг хугарлыг хохирогчийн хөлийн өсгийнөөс дээш хэмжихэд 69 см байсан ба тухайн өндөртэй ойролцоо хэмжээтэй өндөр бампертай машин мөргөсөн байх боломжтой. Уг хугарал нь хүч үйлчилсэн хэсгээр хугардаг онцлогтой. Явж байгаа болон зогсож байгаа автомашинаас унах үед хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь үүсэхгүй. ...” гэсэн мэдүүлэг./2 дахь хавтаст хэргийн 74-75 дахь тал/

 

          Автотээврийн Үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженер М.Энхбатын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 3 дугаартай “.. .3. ... Урд гуперын зүүн булангийн товойсон хэсэг нь /газраас/ 70 см, баруун урд булангийн товойсон хэсэг нь /газраас/ 69 см, баруун булангийн товойсон хэсэг нь /газраас/ 66 см байна.

          4. ... Урд гуперын зүүн булангийн товойсон хэсэг нь /газраас/ 81 см, баруун урд булангийн товойсон хэсэг нь /газраас/ 82 см, хойд гуперын зүүн булангийн товойсон хэсэг нь /газраас/ 83 см, баруун булангийн товойсон хэсэг нь /газраас/ 84 см байна ...” гэсэн дүгнэлт. /2 дахь хавтаст хэргийн 89-90 дэх тал/

 

          Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1540 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 195-197 дахь тал/

 

          Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 1542 дугаартай шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн Б.М- 38 эр гэсэн хаягтай цусанд 1,6 промилли спиртийн зүйл илрэв.

          2. Цусанд 1,6 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /2 дахь хавтаст хэргийн 212-213 дахь тал/

 

          Техникийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 216 дугаартай:

          “... 1. ХХ-ХХ УБҮ улсын дугаартай Nissan Patrol маркийн автомашины жолооч Занширын Ж- нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. 1-р хариултаар хариулагдсан.

3. ХХ-ХХ УНЦ улсын дугаартай Subaru Forester маркийн машины жолооч Баянцагааны М- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/-д “... согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн.” үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг зөрчсөн байна.

Мөн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад:

2 дугаар хавтасны 64, 65 дахь хуудас ШШҮХ-ийн шинжээч нарын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 641 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт “1. ... баруун дунд чөмөгний Бампер хугарал, дотор эрхтний доргилт, ... , шилбэний цус хуралт нь автомашинд мөргөгдөх үед, тухайлбал хүний босоо байрлалд биеийн араас буюу баруун гуяны хэсэгт ойролцоогоор 69 см өндөр бампертай машинаар мөргөсөн үед үүснэ.”, “7. Талийгаач эхлээд автомашинд мөргөгдөөд дараа нь дайрагдсан байна.” гэх шинжээч нарын дүгнэлт,

Мөн 2 дугаар хавтасны 74, 75 дахь хуудас Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дугааргүй тэмдэглэлд “хариулт: Хохирогч босоо байрлалтай байхдаа машинд мөргүүлж, улмаар дайрагдсан. Хохирогчийн баруун дунд чөмгөнд үүссэн хугарал гэмтэл нь зөвхөн машинд мөргөгдсөн үед үүсдэг гэмтэл. Дунд чөмөгний хэсгээр машинд дайрагдсан бол аарцагны хэсэгт үүссэн хугаралтай ижил төрлийн хугарал үүсэх байсан.’’, “хариулт: Бампер хугарал нь автомашинд мөргүүлсэн үед үүсдэг онцлог хугарал бөгөөд уг хугарлыг хохирогчийн хөлийн өсгийнөөс дээш хэмжихэд 69 см байсан ба тухайн өндөртэй ойролцоо хэмжээтэй өндөр бампертай машин мөргөсөн байх боломжтой. Уг хугарал нь хүч үйлчилсэн хэсгээр хугардаг онцлогтой.” гэж хариулсан шинжээч эмчийн мэдүүлэг,

Мөн 2 дугаар хавтасны 90 дэх хуудас АТҮТ-ийн Архангай аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженер М.Энхбатын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт “3. ХХ-ХХУНЦ улсын дугаартай Subaru Forester маркийн автомашины урд гуперын зүүн булангийн товойсон хэсэг нь газраас /гараашийн бетонон шал/ 70 см байна.” гэсэн оношлогч инженерийн дүгнэлт,

1 дүгээр хавтасны 42 дугаар хуудас №58, №59 дугаартай зургуудад харуулсан №9 дугаартай тоогоор тэмдэглэсэн хүрэн улаан өнгийн зүйл нь тус 1-р хавтасны 204 дэх хуудасны ар тал “Асфальтан зам дээрх толбоноос бэхжүүлэн авсан гэх хөвөн бамбараас илэрсэн эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Х.Берекболын гэх цусны ДНХ- ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт,

Мөн 1 дүгээр хавтасны 18 дахь хуудас №28, №29 дугаартай зургуудад харуулсан зүүн урд талын хаалганы дээд хэсэгт болон зүүн урд талын салхины шилний хэсэгт тус тус байх цус мэт хүрэн улаан өнгийн зүйлс, мөн тухайн 18 дахь хуудасны ар талд №30 дугаартай зурагт “ХХ-ХХ УНЦ улсын дугаартай автомашины баруун урд талын гуперыг харуулав.” гэсэн урд гуперт үйлчилсэн хүчний улмаас үүсэж болох гажилт зэргийн хоорондын хамаарал, зүй тогтлоос амь хохирогч хүнийг ХХ-ХХ УБҮ улсын дугаартай Ниссэн патрол маркийн машины жолооч Занширын Ж- нь дайрахаас өмнөх зам тээврийн ослын үе шатыг сэргээн дүрслэх боломжтой юм. Учир нь амь хохирогчийн биед учирсан гэмтлийн байдал нь ХХ-ХХ УНЦ улсын дугаартай Subaru Forester маркийн автомашинд үүссэн гэмтэл, урд гуперын өндрийн хэмжээ /хугарлын хэмжээ нь осол болох үед амь хохирогч гуталтай хүн байсныг тооцох, зогсож байгаад хөдөлж байгаа автомашины урд гупер өргөгддөг, мөн тээврийн хэрэгсэлд байх жолооч, зорчигчийн жин зэрэг нь автомашины өндөрт нөлөөлдөг/, зүүн урд шил, хаалга хэсэгт байсан цус мэт хүрэн улаан өнгийн зүйлс, Б цэгээс баруун зүгт байх №9 дугаартай тоогоор тэмдэглэсэн хүрэн улаан өнгийн зүйлийн ул мөр зэрэг нь амь хохирогч замын хажууд түр зогсолт хийж байсан ХХ-ХХ УНЦ улсын дугаартай Subaru Forester маркийн автомашины жолооч Баянцагааны М- нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1.-т зааснаар “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэснийг зөрчиж амь хохирогчийг зүүн урд талаараа мөргөсөн байх үндэслэлтэй байна.

4. 2-р хариултаар хариулагдсан.

5. Амь хохирогч Х.Берекбол нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

6. 5-р хариултаар хариулагдсан. ...” гэсэн дүгнэлт. /2 дахь хавтаст хэргийн 247-249 дэх тал/

 

          Шинжээч Э.Энхболдын “... Би шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа хавтаст хэргийн материалтай өөрөө танилцаж уншиж судалж байгаад шинжээчийн дүгнэлт гаргасан. Ингэж дүгнэлт гаргахдаа 1 хавтаст хэргийн 18 дугаар хуудасны ард байх 30 дугаар зураг гэж дүгнэлтэд дурдсан. Subaru Forester маркийн автомашины гуперын зүүн урд хэсгээр амь хохирогчийг мөргөх үед гуперын зүүн хэсэг хүчний үйлчлэлээр дотогшоо шахагдана энэ үйлчлэлийн улмаас автомашины гуперын баруун урд хэсэг урагшаа /гадагш/ тэмүүлэлтэйгээр хөшигдөнө. Энэ хөшилтийн улмаас гуперын баруун хэсэг гадагшаагаа салж, гупер автомашины бэхэлгээнээс мултардаг. Энэ нь 1 дүгээр хавтас хэргийн 18 дугаар хуудасны ард талд №30 дугаар зураг дээр харуулсан байна.

          Автомашины баруун урд гуперт үүссэн гэмтлийг шинэ хуучин гэдгийг тогтоох боломжгүй байна. Гэхдээ хавтаст хэргийн материалтай танилцаж байхад 1 дүгээр хавтасны 70 дугаар хуудсанд ХХ-ХХ УНЦ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлийн уг хуудасны ард “...урд бамбайн баруун талд үзүүр хэсэг хүртэл 1,5 см хэмжээтэй ангайж салсан гэмтэлтэй” гэж дурдсан байна. Энэ үзлэгийг хийхэд жолооч Б.М- нь байлцсан байсан бөгөөд үзлэг хийх үед автомашинд үүссэн гэмтлүүдийг хэзээ ямар цаг хугацаанд үүссэн гэдгээ тэмдэглүүлэх, өөрөөр бичиж тэмдэглэх боломжтой байсан. Физикийн хуулиар зогсож байсан автомашин богино зайд огцом хурд авч тухайн тээврийн хэрэгслээс бага жин масс бүхий хөдөлгөөнгүй биетийг мөргөх үед автомашины мөргөсөн хэсгийн эд анги хагарч бутрахгүй байх боломжтой. Учир нь хөдөлгөөнгүй биетийн мөргөгдсөн хэсэг нь уян хатан, зөөлөн /гадуур хувцас, хүний биеийн мах, өөх зэрэг/ эд нь автомашинд үүсэж болох эвдрэл гэмтлийн хүчийг өөртөө шингээж тэр хүч нь өөрт нь хатуу биет болох ясанд гэмтэл учруулсан байх үндэслэлтэй. Энэ гэмтлийг үүсэх үе шатын талаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтэд мөргөлтийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж тайлбарлаж байсантай тохирох юм.

          Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай онолоор автомашины хурд 20 км цагийн хурдтай явж байхад хүн мөргөж хүний биед гэмтэл учруулахад хүн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах магадлал 20% хувь байдаг. Энэ хурд нь ихэссээр 80% км цагийн хурдтай явж байх үедээ явган зорчигчийг мөргөх үед амь насаа алдах эрсдэл 80%-аас дээш болдог. Тиймээс замын хөдөлгөөний дүрэмд хороолол дотор автомашин 20 км/цагийн хурдаас дээш хурд хэтрүүлэхийг хориглодог юм. Тэгэхээр Subaru Forester маркийн /уралдааны зориулалттай/ хөдөлгүүрийн багтаамж, хурд авалт нь бусад энгийн суудлын автомашинтай харьцуулахад илүү техникийн үзүүлэлттэй үйлдвэрлэгдсэн байдаг тул 20 км цагийн хурдыг 2-3 секундэд авах боломжтой юм. Хамгийн багадаа 20 км/цагаас дээш хурдтайгаар яваа тээврийн хэрэгсэл хүний биед хүнд гэмтэл учруулах боломжтой юм. Хэрэг болсны дараа хэргийн газрын анхны үзлэгийн баг хэргийн газрын үзлэгийг хийхдээ миний дүгнэлтэд дурдсан асуудлуудыг тодорхой болгосон бол тухайн зам тээврийн ослын талаар дүгнэлт гаргахад илүү ойлгомжтой, дөхөм байх байсан болов уу гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 245-248 дахь тал/

 

          Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын техникийн үзлэгийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5 тоот:

          1. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Ө” аймгийн Цагдаагийн газрын “Х” сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст очиж нэмэлт шинжилгээг хийж дүгнэлт гаргаж байна.

          Холбогдогч талуудын саналыг авч авто гараашийг голлуулан тээврийн хэрэгслүүдийг дэс дараалуулан байрлуулж осол болоход тээврийн хэрэгслүүдэд явж байсан дугуйнуудыг тавьж хэмжилтийг хийлээ.

Хэмжилтээр ХХ-ХХ УНЦ Subaru Forester маркийн тээврийн хэрэгслийн урд гуперын зүүн булангийн товойсон хэсэг нь газраас 65см, баруун урд булангийн товойсон хэсэг нь 63 см, хойд гуперийн зүүн булангийн товойсон хэсэг нь газраас 70см, баруун булангийн товойсон хэсэг нь газраас 68 см байна.

ХХ-ХХ УБҮ Nissan Patrol маркийн автомашины урд гуперийн зүүн булангийн товойсон хэсэг нь газраас 82см, баруун урд булангийн товойсон хэсэг нь газраас 82см, хойд гуперийн зүүн булангийн товойсон хэсэг нь газраас 84 см, баруун булангийн товойсон хэсэг нь газраас 84,5 см байна.

2. Автомашины гараашийн бетонон шалыг энгийн нүдээр харахад эгш байсан ба харин тэгш бус тавьж үзэхэд зарим хэсэгтээ 0,5 см-ээс 1 см орчим налуу байсан болно.

3. ХХ-ХХ УНЦ улсын дугаартай Subaru Forester маркийн тээврийн хэрэгслийн баруун урд гүперт үүссэн гэх гажил нь тээврийн хэрэгсэл нь гадны биет мөргөж шүргэхэд үүсэж болно. Харин шинэ болон хуучин эсэхийг тогтоох боломжгүй гэх дүгнэлт. /4 дэх хавтаст хэргийн 191-192 дахь тал/

 

Техникийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт шинжилгээ хийсэн 216/1 тоот:

1. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн баримтуудтай танилцлаа. ХХ-ХХ УНЦ улсын дугаартай Subaru Forester маркийн машины жолооч Баянцагааны М- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/-д “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн.” үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг зөрчсөн байна.

Мөн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад:

2 дугаар хавтасны 64, 65 дахь хуудас ШШҮХ-ийн шинжээч нарын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 641 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт “1.... баруун дунд чөмөгний Бампер хугарал, дотор эрхтний доргилт, ... , шилбэний цус хуралт нь автомашинд мөргөгдөх үед, тухайлбал хүний босоо байрлалд биеийн араас буюу баруун гуяны хэсэгт ойролцоогоор 69 см өндөр бампертай машинаар мөргөсөн үед үүснэ.”, “7. Талийгаач эхлээд автомашинд мөргөгдөөд дараа нь дайрагдсан байна.” гэх шинжээч нарын дүгнэлт,

Мөн 2 дугаар хавтасны 74, 75 дахь хуудас Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дугааргүй тэмдэглэлд “хариулт: Хохирогч босоо байрлалтай байхдаа машинд мөргүүлж, улмаар дайрагдсан. Хохирогчийн баруун дунд чөмгөнд үүссэн хугарал гэмтэл нь зөвхөн машинд мөргөгдсөн үед үүсдэг гэмтэл. Дунд чөмөгний хэсгээр машинд дайрагдсан бол аарцагны хэсэгт үүссэн хугаралтай ижил төрлийн хугарал үүсэх байсан.”, “хариулт: Бампер хугарал нь автомашинд мөргүүлсэн үед үүсдэг онцлог хугарал бөгөөд уг хугарлыг хохирогчийн хөлийн өсгийнөөс дээш хэмжихэд 69 см байсан ба тухайн өндөртэй ойролцоо хэмжээтэй өндөр бампертай машин мөргөсөн байх боломжтой. Уг хугарал нь хүч үйлчилсэн хэсгээр хугардаг онцлогтой.” гэж хариулсан шинжээч эмчийн мэдүүлэг,

Мөн 2 дугаар хавтасны 90 дэх хуудас АТҮТ-ийн Архангай аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженер М.Энхбатын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт “3. ХХ-ХХУНЦ улсын дугаартай Subaru Forester маркийн автомашины урд гуперын зүүн булангийн товойсон хэсэг нь газраас /гражийн бетонон шал/ 70 см байна.” гэсэн оношлогч инженерийн дүгнэлт; 4 дүгээр хавтаст хэргийн 160 дахь хуудас Архангай аймаг дахь салбар техникийн хяналт үзлэгийн инженер М.Энхбатын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №5 дугаартай дүгнэлт хэсэгт “”1. ... Хэмжилтээр ХХ-ХХ УНЦ Subaru Forester маркийн тээврийн хэрэгслийн урд гүперийн зүүн булангийн товойсон хэсэг нь /газраас/ 65 см, мөн тус хавтаст хэргийн 161 дэх хуудас “2. Автомашины гражийн бетонон шалыг энгийн нүдээр харахад тэгш байсан ба харин тэгш бус тавьж үзэхэд зарим хэсэгтээ 0,5 мм-с 1 см орчим налуу байсан болно.”, мөн тус хуудасны хариулт

“3.... Subaru Forester маркийн тээврийн хэрэгслийн баруун урд гуперт үүссэн гэх гажилт нь тээврийн хэрэгсэл нь гадны биет мөргөх шүргэхэд үүсч болно.” гэх хариултууд,

1 дүгээр хавтасны 42 дугаар хуудас №58, №59 дугаартай зурагнуудад харуулсан №9 дугаартай тоогоор тэмдэглэсэн хүрэн улаан өнгийн зүйл нь тус 1-р хавтасны 204 дэх хуудасны ар тал “Асфальтан зам дээрх толбоноос бэхжүүлэн авсан гэх хөвөн бамбараас илэрсэн эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Х.Берекболын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт,

Мөн 1 дүгээр хавтасны 18 дахь хуудас №28, №29 дугаартай зурагнуудад харуулсан зүүн урд талын хаалганы дээд хэсэгт болон зүүн урд талын салхины шилний хэсэгт тус тус байх цус мэт хүрэн улаан өнгийн зүйлс, мөн тухайн 18 дахь хуудасны ар талд №30 дугаартай зурагт “ХХ-ХХ УНЦ улсын дугаартай автомашины баруун урд таль - гуперыг харуулав.” гэсэн урд гуперт үйлчилсэн хүчний улмаас үүсч болох гажилт зэргийн хоорондын хамаарал, зүй тогтлоос амь хохирогч хүнийг ХХ-ХХ УБҮ улсын дугаартай Nissan Patrol маркийн автомашины жолооч Занширын Ж- нь дайрахаас өмнөх зам тээврийн ослын үе шатыг сэргээн дүрслэх боломжтой юм. Учир нь амь хохирогчийн биед учирсан гэмтлийн байдал нь ХХ-ХХ УНЦ улсын дугаартай Subaru Forester маркийн автомашинд үүссэн гэмтэл, урд гуперийн өндрийн хэмжээ /хугарлын хэмжээ нь осол болох үед амь хохирогч гуталтай хүн байсныг тооцох, зогсож байгаад хөдөлж байгаа автомашины урд гупер өргөгддөг, мөн тээврийн хэрэгсэлд байх жолооч, зорчигчийн жин зэрэг нь автомашины өндөрт нөлөөлдөг/, зүүн урд шил, хаалга хэсэгт байсан цус мэт хүрэн улаан өнгийн зүйлс, Б цэгээс баруун зүгт байх №9 дугаартай тоогоор тэмдэглэсэн хүрэн улаан өнгийн зүйлийн ул мөр, мөн 4 дэх хавтаст хэргийн 170 дахь хуудаст авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн а/х Н.Шинэбаатарын үйлдсэн зам тээврийн ослын газар дээр хийсэн нөхөн үзлэгийн хэмжилтийн бүдүүвч “А - ХХ-ХХ УНЦ улсын дугаартай автомашин явган зорчигчийн баруун хөлийг мөргөсөн байх үндэслэлтэй цэг” зэрэг нотлох баримтуудын хоорондын хамаарлыг тооцож үзэхэд амь хохирогч замын хажууд түр зогсолт хийж байсан ХХ-ХХ УНЦ улсын дугаартай Subaru Forester маркийн автомашины жолооч Баянцагааны М- нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1,-т зааснаар ‘Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана.” гэснийг зөрчиж амь хохирогчийг зүүн урд талаараа мөргөсөн байх үндэслэлтэй байна.

2. ХХ-ХХ УБҮ улсын дугаартай Nissan Patrol маркийн машины жолооч Занширын Ж- нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Явган зорчигч болох амь хохирогч Х.Берекбол нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4. Өөр нөхцөл байдал илрээгүй болно” гэсэн дүгнэлт./4 дэх хавтаст хэргийн 214-216 дахь тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №413 дугаартай:

“... 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 641 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт, шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 343 дугаартай хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна. ...” гэсэн дүгнэлт. /7 дахь хавтаст хэргийн 12-21 дэх тал/

 

Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “...Талийгаач Х.Берекболыг босоо байрлалд байхад нь тээврийн хэрэгслээр өргөх үед “бампер” хугарал үүснэ. Мөргөгдөөд асфальтан зам дээр унахад дээрх гэмтлүүд үүсэх боломжтой. Шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 343 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн дүгнэлтэд дурдсан хүний босоо байрлалд биеийн араас буюу баруун гуяны хэсэгт ойролцоогоор 69 см өндөр бампертай машинаар мөргөсөн үед үүснэ гэсэн нь үндэслэлтэй гэж ойлгож болно. Талийгаач Х.Берекболын биед үүссэн гэмтлүүд нь цаг хугацаа дарааллын хувьд эхлээд машинаар мөргөгдөх үед бампер хугарал, асфальтан зам дээр унах үед баруун дунд чөмгийн бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальс нь доорх тархмал цус хуралт, уушги элгэний саран холбоос, өрцний цус хуралт, баруун гуя, өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл үүснэ. Талийгаач Берекболын биед үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсэн боломжтой. Цаг хугацааны хувьд гэмтлүүдийг 5 минутын дараа, 30 минутын дараа үүссэн гэж тогтоох боломжгүй. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь 2 тусдаа хүчин зүйлээс үүссэн бөгөөд автомашинаар мөргөгдөх үед бампер хугарал, асфальтан зам дээр унах үед баруун дунд чөмгийн бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальс нь доорх тархмал цус хуралт, уушги элгэний саран холбоос, өрцний цус хуралт, баруун гуя, өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл үүснэ.

Дараа нь хэвтэж байхад нь бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, хэвлийн хэсгийн зулгаралт, баруун өгзөгний шарх нь автомашинд дайрагдах үед үүснэ. Хохирогчийг мөргөгдөх, дайрагдах хүчний үйлчлэлээр нас барсан гэж ойлгож болно. Талийгаач босоо байрлалд байхад үүссэн гэмтэл, асфальтан зам дээр унахад үүссэн гэмтэл, хэвтэж байхад нь дайрагдах явцад үүссэн гэмтэл зэргээс хохирогчийг гэмтлийн шокийн улмаас нас барсан гэж ойлгож болно. Шинжээчийн дүгнэлтийн 2,3 дахь хэсгийг ойлгохдоо талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь эхлээд босоо байрлалд дараа нь газарт унахад, дараа нь дайрагдах үед үүсгэгдэнэ гэж ойлгож болно. Тэгэхээр талийгаачийг босоо байрлалд байхад нь эхлээд нэг автомашин мөргөсөн. Дараа нь талийгаачийг дайрахад гэмтлүүд үүсгэгдэж болно. Энэ агуулгаар нь дүгнэлтийн 2, 3 дахь хэсгийг шинжээчдийн баг бичсэн байна. Харин талийгаачийг эхлээд ямар автомашинд мөргөгдсөн, дараа нь ямар автомашинаар дайрсан эсэхийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтооно. ...” гэсэн мэдүүлэг. /7 дахь хавтаст хэргийн 24-27 дахь тал/

 

Техникийн шинжээчийн 2021оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/09 дугаартай:

“...2. ...ХХ-ХХ УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө, зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

3. ... ХХ-ХХ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З.Ж- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. ...” гэсэн дүгнэлт. /7 дахь хавтаст хэргийн 107-108 дахь тал/

 

Шинжээч Д.Нямдоржийн “... 1. 2019 оны 02 дугаар сарын 24- нөөс 25-ны өдөр шилжих шөнө гарсан зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд ХХ-ХХ УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормос мөр байхгүй тул тухайн үед ямар хурдтай явсныг тодорхойлох боломжгүй юм.

2. ХХ-ХХ УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ослын улмаас үүссэн байж болзошгүй гэмтэл гажилт нь 1 дэх хавтаст хэргийн 70-75 дахь талд байсан.

3. Дээр дурдагдсан гэмтэл, гажилт нь ямар хэмжээний хүчээр, ямар хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.

4. Хүний дунд чөмгийн бампер хугарал нь тухайн хугарал үүссэн газарт ойролцоо өндөртэй тээврийн хэрэгслийн гуперээр мөргөх үед үүсдэг гэмтэл гэж шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт, мэдүүлэгт дурдсан байсан. Харин хэдэн км цагийн хурдаар мөргөсөн эсэхэд тоормосны мөр байхгүй тул хурдыг тогтоох боломжгүй.

... 6. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/09 дугаартай дүгнэлтэд, энэ мэдүүлгийн үндэслэлийг тайлбарласан хэсэгт тодорхой байгаа.

7. ХХ-ХХ УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зогсолт хийсэн гэх газрыг 2019 оны 2 дугаар сарын 24-өөс 25-ны өдөр шилжих шөнө гарсан зам тээврийн ослын хэргийн үзлэгийн тэмдэглэлд тусгаагүй, тоормосны мөр байхгүй учир хэдэн км цагийн хурд авсан эсэхийг тогтоох боломжгүй.

8. Архангай аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженер М.Энхбатын 3 дугаартай дүгнэлтэд хэмжилтээр ХХ-ХХ УНЦ улсын гараашийн бетонон тэгшилгээтэй гадаргуу дээр хэмжилтийг хийлээ. Урд гуперийн зүүн булангийн товойсон хэсэг нь газраас 70 см, баруун урд булангийн товойсон хэсэгт нь газраас 69 см, хойд гуперийн зүүн булангийн товойсон хэсэг нь газраас 67 см, баруун булангийн товойсон хэсэг нь газраас 66 см байна гэж дурдсан байсан. Талийгаачийн дунд чөмгийн бампер хугарлын хэмжээ нь 69 см байсан бөгөөд өмсөж явсан гутлын өсгийн өндрийн /ойролцоогоор 1-1,5 см/ хэмжээг оролцуулан тогтоовол ойролцоогоор 70 см болно.

9. Архангай аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженер М.Энхбатын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5 дугаартай дүгнэлтэд Nissan Patrol маркийн тээврийн хэрэгслийн урд гуперийн зүүн булангийн товойсон хэсэг нь газраас 82 см, баруун урд булангийн товойсон хэсэг нь газраас 82 см байсан учир ХХ-ХХ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр талийгаачийн дунд чөмгийн бампер хугарал үүсгэгдэх боломжгүй юм.

10. Ямар нэгэн тээврийн хэрэгсэл хурдтай хөдлөхөд тээврийн хэрэгслийн урд хэсэг өндийж, хойд хэсэгт суулт өгдөг. Тээврийн хэсэгсэл тоормослон зогсоход тээврийн хэрэгслийн урд хэсэг суулт өгч, хойд хэсэгт пуршийн тэлэлт явагдаж өндийдөг. Гэхдээ уг зам тээврийн ослын үед ямар хурдтай явсан болон ямар хэмжээний ачаатай явсан талаар тогтоогоогүй.

11. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэгт талийгаачийг ХХ-ХХ УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эсрэг урсгалаар зам хөндлөн орж ирж байгаагаар тэмдэглэгдээгүй байсан.

12. 2019 оны 2 дугаар сарын 24-өөс 25-ны өдөр шилжих шөнө гарсан зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд А цэгийг тодорхойлсон ба 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэгт А цэг зөрүүтэй байгаагүй.

Шинжээчдийн баг хавтаст хэргийн материалтай танилцаад ХХ-ХХ УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М- Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.1-т заасан жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө, зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол, үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэн дүгнэлт гаргасан. ...” гэсэн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 111-118 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Б.М- нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Х.Берекбол, Б.Наранболд нарын хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Subaru Forester маркийн ХХ-ХХ УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Архангай аймгаас “Ө” аймгийн “Х” сумын чиглэлийн авто замд жолоодож явахдаа 00 цаг 10 минутын орчимд “Ө” аймгийн “Х” сумын “Н” багийн нутаг дэвсгэрт байх “Уугант” гэх газарт түр зогсож, хөдөлгөөнийг эхлүүлэх үедээ Х.Берекболыг мөргөн унагааж, үүний дараа шүүгдэгч З.Ж- нь Nissan Patrol маркийн ХХ-ХХ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Х.Берекболыг дайрсаны улмаас түүний амь нас нь хохирчээ.

          Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

          Тухайлбал, хохирогчийн биед учирсан гэмтлүүдийн талаар шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “ ... Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь 2 тусдаа хүчин зүйлээс үүссэн бөгөөд автомашинаар мөргөгдөх үед бампер хугарал, асфальтан зам дээр унах үед баруун дунд чөмгийн бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальс нь доорх тархмал цус хуралт, уушги элгэний саран холбоос, өрцний цус хуралт, баруун гуя, өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл үүснэ. Дараа нь хэвтэж байхад нь бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, хэвлийн хэсгийн зулгаралт, баруун өгзөгний шарх нь автомашинд дайрагдах үед үүснэ. Хохирогчийг мөргөгдөх, дайрагдах хүчний үйлчлэлээр нас барсан гэж ойлгож болно” гэсэн /7 дахь хавтаст хэргийн 24-27 дахь тал/ мэдүүлгээр шүүгдэгч Б.М-, З.Ж-ын нар автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирчээ.

 

          1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

          1.4  Эрх зүйн дүгнэлт

          Шүүгдэгч Б.М-, З.Ж- нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон ба гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэв.

          Харин өмгөөлөгч Ц.Амараас “ Шүүгдэгч Б.М-, Б.Ж- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дах хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй тул 60 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэж санал гаргасан ба хэрэгт “Хүнийг алах” гэмт хэргийн шинж тогтоогдоогүй, зөвхөн “шүүгдэгч, хохирогч нар хэрэг гарахын өмнө маргалдаж байсан” гэсэн гэрчийн мэдүүлгээр хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх боломжгүй тул өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

         

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 12,820,739 төгрөгийг нэхэмжилжээ. /3 дахь хавтаст хэргийн 116-171 дэх тал/

          Хэрэгт шүүгдэгч Б.М-, З.Ж- нар тус бүр 6.410.369 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлж барагдуулсан баримт /5 дахь хавтаст хэргийн 91-92 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

          2.1. Талуудын санал, дүгнэлт.

          Улсын яллагчаас шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 8 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч З.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд өмгөөлөгч нараас тусгайлан санал гаргаагүй болно.

 

          2.2. Эрүүгийн хариуцлага

          Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

          Хууль тогтоогчоос согтуугаар үйлдсэн ослоос үүдэн гарах хохирлын хэмжээ илүү хор уршигтай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн тохиолдолд хүндрүүлэхээр заасан ба мөн хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон бол онц хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэх бөгөөд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлт нь нийгмийн шударга ёсны шаардлагад бүрэн нийцэж чадахгүй.

          Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.М-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг тухайн, зүйл, хэсэг, заалтад заасан онц хүндрүүлэх нөхцөл байдалтай адилтган эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд үл нийцнэ.

          Иймд шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч З.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар З.Ж-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тус тус шийдвэрлэлээ.

          Ийнхүү шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.М-, З.Ж- нар нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан зарим гэмт хэрэг, хүнд эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хасах зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломж бий болжээ.

          Өөрөөр хэлбэл, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, шүүгдэгч З.Ж-т оногдуулсан хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасаж ял эдэлсэнд тооцох нь зүйтэй.

          Шүүх Б.М-ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэв.

 

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

          2.3. Бусад асуудал

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 412 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч З.Ж-ын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 202 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн куртик, малгайтай хар өнгийн цамц, цагаан өнгийн фудволк, хар өнгийн өмд, Nike гэсэн бичиглэлтэй саарал өнгийн өмд, хар саарал өнгийн дотоож, хар өнгийн хос гутал, хар өнгийн оймс, Esse тамхины хайрцаг 1 ширхэг зэргийг устгаж, З.Ж-ын ВСD ангиллын жолоочийн 70387 дугаартай үнэмлэх, Б.М-ийн В ангиллын жолоочийн 766620 дугаартай үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Nissan Patrol маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуй, Nissan Patrol маркийн ХХ-ХХ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 00378417 дугаарын гэрчилгээ зэргийг З.Ж-т, Subaru Forester маркийн ХХ-ХХ УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02068213 дугаарын гэрчилгээ, Subaru Forester маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй зэргийг Э.Идэрт тус тус буцаан олгож, хэргийг хадгалах хугацаа дуустал компакт диск 4 ширхгийг хэрэгт хавсаргав.

 

          Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

         

          1. Шүүгдэгч Г овогт Б-ны М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд,

          Шүүгдэгч Х овогт З-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар Б.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар З.Ж-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, З.Ж-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасаж ял эдэлсэнд тооцсугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.М-ийн цагдан хоригдсон 412 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.М-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, З.Ж- авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс, З.Ж-т оногдуулсан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс тус тус тооцсугай.

 

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, З.Ж- 202 хоног цагдан хоригдсон, Б.М-, З.Ж- нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн куртик, малгайтай хар өнгийн цамц, цагаан өнгийн фудволк, хар өнгийн өмд, Nike гэсэн бичиглэлтэй саарал өнгийн өмд, хар саарал өнгийн дотоож, хар өнгийн хос гутал, хар өнгийн оймс, Esse тамхины хайрцаг 1 ширхэг зэргийг устгаж,

З.Ж-ын ВСD ангиллын жолоочийн 70387 дугаартай үнэмлэх, Б.М-ийн В ангиллын жолоочийн 766620 дугаартай үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

Nissan Patrol маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуй, Nissan Patrol маркийн ХХ-ХХ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 00378417 дугаарын гэрчилгээ зэргийг З.Ж-т,

Subaru Forester маркийн ХХ-ХХ УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02068213 дугаарын гэрчилгээ, Subaru Forester маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй зэргийг Э.Идэрт тус тус буцаан олгож, хэргийг хадгалах хугацаа дуустал компакт диск 4 ширхгийг хэрэгт хавсаргасугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, З.Ж-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.АЛТАНХУЯГ