Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/690

 

ё

 

 

 

 

 

 

 2022           09           13                                       2022/ШЦТ/690

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Бээхэр овогт Д-ын Ж-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205022161961 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймаг Баянчандмань суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Э ХХК-д засварын инженер ажилтай, Чингэлтэй дүүрэг ... дугаар хороо Булгийн ... дүгээр гудамж .. тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг ...  дугаар хороо ... дугаар байр ...  тоотод түр оршин суух, Бээхэр овогт Д-ын Ж-.

 

Шүүгдэгч Д.Ж- нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Э-т ХХК-ны ажлын байранд иргэн Х.Сүхбаттай “согтуу ирсэн” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар цохиж зодон түүний биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж- мэдүүлэхдээ: “2022 оны 6 дугаар сарын 22-ны өглөө ажилдаа 7 цагт очсон. Манай ажилчин засварчин Сүхбат архи уусан байсан. Ажил дээр хонож архи уусан юм уу гэж хэлчхээд өрөө лүүгээ орсон. Өрөөндөө ажлаа хийгээд байж байсан чинь араас орж ирэхдээ ажил хийж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи нэмээд уучихсан юм уу, өглөө арай гайгүй байсан биз дээ гэж хэлсэн.

Тэгээд би явж амар, чөлөөтэй гэж тооцно гэж хэлэхэд баярлалаа гэж хэлээд гараад явсан. 09 цаг өнгөрч байхад ерөнхий инженертэй муудалцаж манай өрөөнд ар араасаа орж ирсэн. Би өрөөнөөс ажилчдадаа ажлыг нь хуваарилж өгөх гээд гарсан. Миний араас Сүхбат, ерөнхий инженер хоёр гарсан. Би граш дундуур алхаад ажилчдын өрөө рүү явж байхад Сүхбат араас ирээд надтай зууралдсан. Би Сүхбатыг яв гээд бид хоёр маргалдсан. Гэтэл миний малгайг унагаагаад намайг шанаадсан. Би дараа нь хэвлий хэсэгт нь өшиглөөд унахаар нь дээрээс нь цохисон. Манай ажилчид бид хоёрыг салгасан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Сүхбат мэдүүлэхдээ: “Би ажил дээрээ өглөө 05 цагийн үед очсон. Манай инженер ажил үүрэг хуваарилсан. Тухайн ажлыг би хийчихсэн байсан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул чөлөө авна гэж өрөөнд нь орсон. Гарахдаа ерөнхий инженертэй муудалцсан. Би ерөнхий инженерт ажил дээрээ хоцорч ирсэн талаар нь хэлсэн. Үүнээс маргаан үүссэн. Энэ тухай инженертээ хэлсэн. Ам зөрөөд маргалдаж байгаад ухаан балартаад юу болж байгааг санахгүй байсан. Хамрын мурийлтаа эмчлүүлэх хүсэлтэй байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Х.Сүхбатын “... Би 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн нутаг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э-т ХХК-ны хашаанд байрлах ажил дээрээ тухайн өдөр 05 цаг өнгөрч байхад очсон юм.

Би өмнөх өдөр нь найзуудтайгаа уулзаад архи уусан учраас надаас архи үнэртэж байсан юм. Тэгээд байж байтал 07 цаг 30 минутын үед засварын инженер Ж- нь над дээр ирээд хийж байгаа ажлыг минь хий гээд олон үг яриад чимээгүй болохгүй байхаар нь би хийж байна гээд хариулсан чинь чимээгүй өрөө рүүгээ яваад орсон.

Тухайн өдөр манай инженер болон ажилчид бүгд өглөө эрт 05 цаг 30 минутад ирэх байсан ч манай инженер ирээгүй болохоор нь би өрөө рүү дагаж ороод та нарыг шалгадаг хүн байдаг юмуу гэсэн чинь намайг өрөөнөөсөө хөөгөөд чи энэ газар намайг шалгуулчихаарай гээд байхаар нь бид нарыг хоцрохоор цалин хасаад, та нарыг хоцрохоор хэн шаардлага тавьдаг юм гэхэд намайг гар гээд өрөөнөөс түлхсэн.

Тэгэхээр нь би эсэргүүцээд түлхсэн чинь намайг өрөөнөөс чирж гаргасан ба би тухайн үед малгайг нь газар унагаасан чинь гараараа миний нүүр хэсэг рүү удаа дараа цохиод нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд ажил эхэлж байсан цаг байсан болохоор ажилчид ирж салгасан юм.

Тухайн үед миний хамар хөндүүрлэж өвдөөд, амьсгалахад хүндрэлтэй, гадна талдаа шалбарч толгой их өвдөж байсан. Би тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлсэн бөгөөд өөр ямар нэгэн эмнэлэгт үзүүлж зураг авхуулж эмчилгээ хийлгэсэн асуудал байхгүй.

... Намайг цохиж байх үед Цолмонбаатар, Гэндэнжамц, Хэрлэн, Хэрлэнбаатар нар бид хоёрын дундуур орж салгасан.

... Би хамраа үзүүлж эмчилгээний төлбөрийг нь нэхэмжилнэ. Харин хэдэн төгрөг болохыг нь дараа хэлнэ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9000 дугаартай:

“1. Х.Сүхбатын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 20-21 дэх тал/

 

Д.Ж-ийн яллагдагчаар өгсөн “ ... 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн өглөө ажил дээрээ ажлынхаа залуу Сүхбатад ажлын байран дээрээ согтуу байсан байсан болохоор шаардлага тавьж, чи архи уусан байна, зүгээр гэртээ харьж амар гэж хэлтэл тэгье гээд эхлээд гараад явсан. Төд удалгүй буцаж орж ирэн манай ерөнхий инженер Гантулгатай миний өрөөнд орж ирээд хоорондоо муудалцсан. Би нөгөө хоёрыг салгасан. Тэгээд би Сүхбатыг гэр лүү нь явуулах гэхэд агсам тавиад байсан. Тэгэхээр нь би өрөөнөөсөө гараад ажилчдынхаа өрөө рүү явж байтал араас хүрч ирээд надтай зууралдаад миний малгайг унагаагаад миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Би зөрүүлээд гэдэс хэсэг рүү өшиглөтөл Сүхбат уначихаар нь би дээрээс нь нэмээд нүүр хэсэг рүү нь 2 удаа цохисон. Тэгээд ажлынхан маань салгасан.

Би уг гэмт хэргийг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-33 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Д.Ж- нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Э-т ХХК-ны ажлын байранд иргэн Х.Сүхбаттай “согтуу ирсэн” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар цохиж зодон түүний биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ.

          Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.Ж- нь Х.Сүхбатын Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Ж-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Х.Сүхбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9000 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хэргийг мөрдөн шалгах явцад хохирогч Х.Сүхбатын эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан Супернова эмнэлгийн үзлэг, үйлчилгээний 130,000 төгрөгийн баримт /хэргийн 25 дахь тал/ авагдсан байх бөгөөд шүүгдэгчээс 150,000 төгрөгийг хохирогч Х.Сүхбатад хүлээлгэн өгсөн талаар шүүгдэгч болон хохирогч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүгдэгч Д.Ж-оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Харин хохирогч Х.Сүхбат нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлтыг эмчлүүлэхтэй холбогдсон зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Ж-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Ж-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргаан үүсгэсэн зүй бус үйдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн,150,000 төгрөгийн хор уршгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Ж- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бээхэр овогт Д-ын Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ж-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ж- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Ж- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Ж- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Х.Сүхбат нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ж-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ