Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
Хэргийн индекс | 187/2022/0641/Э |
Дугаар | 2022/ШЦТ/615 |
Огноо | 2022-09-12 |
Зүйл хэсэг | 20.7.1., |
Улсын яллагч | М.Энхбаатар |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/615
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч М.Энхбаатар, шүүгдэгч Д.М-, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х- овогт Дын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202002790193 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын харилцааны мэргэжилтэй, “Worley” XXK-нд төслийн талбайн гэрээний администратороор ажилладаг, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х- овогт Дын М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М- нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Академи-2 хотхоны 36/1 тоот байрны 2202 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын /delta 9 tetrahydrocanninol/ агууламжтай тос мэт зүйл, мөн үзүүр тос мэт зүйлээр бохирлогдсон гуурс зэрэг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.М-: “..2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр найзуудтайгаа уулзаад шоудсан, тэгээд 1 дүгээр сургуулийн урд байрлах паб-ын гаднаас тухайн эд зүйлийг олсон, олсон эд зүйлийг халаасандаа хийгээд гэртээ хариад ганцаараа хэрэглэсэн. Тэгээд хэрэглэхдээ ашигласан цаасыг нь хаялгүй үлдээгээд унтсан. Маргааш өглөө нь ажилтай тул ажилдаа явсан, тэгээд намайг саатуулсан, өөрийнхөө буруу зүйл хийсэн гэдгийг ухамсарлаж байна...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Шинжээч Б.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан шилэн гуурс мэт зүйлийн үзүүр хэсэгт, 2 гэж дугаарласан тугалган цаас тус бүрд нүдэнд харагдах шаргал өнгийн тосорхог бодис байсан, энэ нь шинжээчийн дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлтэд тод харагдана. Уг бодисын жинг нарийвчлан тогтоохын тулд шилэн гуурс болон тугалган цааснаас салгаж авах шаардлагатай, гэтэл бодис нь тосорхог учраас ямар нэгэн багажаар хусаж авахад шилэн гуурс, тугалган цаас болон хусагч багажид тодорхой хэмжээгээр наалдаж үлдэнэ. Ийм учраас бодисын жинг нарийвчлан тогтоох боломжгүй...” /хавтас хэргийн 55-56 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Д.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 27-ны орой шөнө Л паб-ын гаднаас явган хүний зам дээрээс тугалган цаастай зүйл олж аваад харахад тугалган цаас дотор тос шиг зууралдсан зүйл байсныг авч халаасандаа хийгээд гэртээ хариад маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нөгөө тугалган цаастай ойл мэт зүйлээсээ бага зэргийг тугалган цаасан дээр тавьж доороос нь асаагуураар халааж ууршсан утааг гэрт байсан ундааны шилэн гуурсаар сорж хэрэглэсэн, үлдсэнийг нь 00-н өрөөндөө орхиод унтсан. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажилдаа яваад ажил дээр байж байхад цагдаа нар ирж миний бие болон гэрт үзлэг, нэгжлэг хийсэн, тэгэхэд 00-н өрөөнд байсан тугалган цаас, шилэн соруулыг хурааж авсан...” /хавтас хэргийн 61-62 дэх тал/ гэсэн мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №2532 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан шилэн гуурс мэт зүйлийн үзүүр хэсэгт байх шаргал өнгөтэй тос мэт зүйл, 2 гэж дугаарласан тугалган цаасанд боодолтой шаргал өнгөтэй тос мэт зүйл тус бүр шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан шилэн гуурс мэт зүйлийн үзүүр хэсэгт байх шаргал өнгөтэй тос мэт зүйл, 2 гэж дугаарласан тугалган цаасанд боодолтой шаргал өнгөтэй тос мэт зүйл тус бүрээс Дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн Дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.
3.4. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан шилэн гуурс мэт зүйлийн үзүүр хэсэгт байх шаргал өнгөтэй тос мэт зүйл, 2 гэж дугаарласан тугалган цаасанд боодолтой шаргал өнгөтэй тос мэт зүйл тус бүр нь тосорхог, наалдамхай учир жинг нарийвчлан тогтоох боломжгүй байна ...” /хавтас хэргийн 45-47 дахь тал/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №2531 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн Д.М- ХБ85030979, 26.04.2022” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн Д.М- ХБ000000, 26.04.2022” гэж хаягласан шээснээс “тетрагидроканнабинол” /tetrahydrocannabinol/ илэрч байна.
3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцэд багтдаг болно...” /хавтас хэргийн 51-53 дахь тал/ гэсэн,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №624 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.М- нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Д.М- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Д.М- нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна.
3. Д.М- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Д.М- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /хавтас хэргийн 83-84 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 11-17 дахь тал/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 18-21 дэх тал/,
- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 22-24 дэх тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 28-29 дэх тал/,
- Шүүгдэгч Д.М-гийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Б.Манансан, Д.Мөнхтэгш нарын мэдүүлэг /хавтас хэргийн 37-38, 41-42 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 66 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 67 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтас хэргийн 68 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтас хэргийн 69-71 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 72 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтас хэргийн 73 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтас хэргийн 74 дэх тал/, ажлын газрын тодорхойлолт /хавтас хэргийн 75 дахь тал/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хавтас хэргийн 76 дахь тал/, бакалаврын дипломын хуулбар /хавтас хэргийн 78 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Д.М- нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, өөрийн амьдарч байсан Академи-2 хотхоны 36/1 тоот байрны 2202 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын /delta 9 tetrahydrocanninol/ агууламжтай тос мэт зүйл, мөн үзүүр тос мэт зүйлээр бохирлогдсон гуурс зэрэг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шинжээч Б.Ц-ын “...Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан шилэн гуурс мэт зүйлийн үзүүр хэсэгт, 2 гэж дугаарласан тугалган цаас тус бүрд нүдэнд харагдах шаргал өнгийн тосорхог бодис байсан, энэ нь шинжээчийн дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлтэд тод харагдана. Уг бодисын жинг нарийвчлан тогтоохын тулд шилэн гуурс болон тугалган цааснаас салгаж авах шаардлагатай гэтэл бодис нь тосорхог учраас ямар нэгэн багажаар хусаж авахад шилэн гуурс, тугалган цаас болон хусагч багажид тодорхой хэмжээгээр наалдаж үлдэнэ. Ийм учраас бодисын жинг нарийвчлан тогтоох боломжгүй...” /хавтас хэргийн 55-56 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Д.М-гийн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 27-ны орой шөнө Л паб-ын гаднаас явган хүний зам дээрээс тугалган цаастай зүйл олж аваад хартал тугалган цаас дотор тос шиг зууралдсан зүйл байсныг авч халаасандаа хийгээд гэртээ хариад маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нөгөө тугалган цаастай ойл мэт зүйлээсээ бага зэргийг тугалган цаасан дээр тавьж доороос нь асаагуураар халааж ууршсан утааг гэрт байсан ундааны шилэн гуурсаар сорж хэрэглэсэн, үлдсэнийг нь 00 өрөөндөө орхиод унтсан. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажилдаа яваад ажил дээр байж байхад цагдаа нар ирж миний бие болон гэрт үзлэг, нэгжлэг хийсэн, тэгэхэд 00-н өрөөнд байсан тугалган цаас, шилэн соруулыг хурааж авсан...” /хавтас хэргийн 61-62 дэх тал/ гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2022 оны №2532 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан шилэн гуурс мэт зүйлийн үзүүр хэсэгт байх шаргал өнгөтэй тос мэт зүйл, 2 гэж дугаарласан тугалган цаасанд боодолтой шаргал өнгөтэй тос мэт зүйл тус бүр шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан шилэн гуурс мэт зүйлийн үзүүр хэсэгт байх шаргал өнгөтэй тос мэт зүйл, 2 гэж дугаарласан тугалган цаасанд боодолтой шаргал өнгөтэй тос мэт зүйл тус бүрээс Дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн Дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан шилэн гуурс мэт зүйлийн үзүүр хэсэгт байх шаргал өнгөтэй тос мэт зүйл, 2 гэж дугаарласан тугалган цаасанд боодолтой шаргал өнгөтэй тос мэт зүйл тус бүр нь тосорхог, наалдамхай учир жинг нарийвчлан тогтоох боломжгүй байна ...” /хавтас хэргийн 45-47 дахь тал/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2022 оны №2531 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн Д.М- ХБ0000000, 26.04.2022” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн Д.М- ХБ00000000, 26.04.2022” гэж хаягласан шээснээс “тетрагидроканнабинол” /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно...” /хавтас хэргийн 51-53 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны №624 дугаартай /хавтас хэргийн 83-84 дэх тал/ дүгнэлт, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 11-17 дахь тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 18-21 дэх тал/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 22-24 дэх тал/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 28-29 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
2. Шүүгдэгч Д.М- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгч Д.М-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал зэргийг харгалзан Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, ялын хугацаанд түүний оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэв.
Эрүүгийн 2202002790193 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 дугаартай үзүүр хэсэг нь шар өнгийн тос мэт зүйл бохирлогдсон шилэн гуурс, №2 дугаартай шар өнгийн тос мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд хүнийг гэм буруугүйд тооцох гэдгийг тодорхой зааж өгсөн, Д.М-г мансууруулах бодисыг хадгалсан гэж огт үзэхгүй байна. Тухайн төрлийн бодисыг хэрэглээд цаасаа хаяагүй байснаараа хадгалсан болж таарах уу, жинлэх боломжгүй гэдгийг шинжээч эмч мэдүүлгээрээ хэлсэн. ...Шинжээч эмч жинлэх боломжгүй гэдгийг хэлсэн байгаа учраас хадгалсан гэж үзэхгүй байгаа тул цагаатгах байр суурьтай байна. Д.М- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр хүүхдээсээ тусдаа амьдардаг боловч бага насны хүүхэдтэй, эхнэртэйгээ гэр бүлийн баталгаагаа салгаагүй байгаа, эхнэр нь гадаад улсад амьдардаг, иймд Д.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Хэрэгт авагдсан шинжээч Б.Ц-ын мэдүүлэгт “...Уг бодисын жинг нарийвчлан тогтоохын тулд шилэн гуурс болон тугалган цааснаас салгаж авах шаардлагатай, гэтэл бодис нь тосорхог учраас ямар нэгэн багажаар хусаж авахад шилэн гуурс, тугалган цаас болон хусагч багажид тодорхой хэмжээгээр наалдаж үлдэнэ. Ийм учраас бодисын жинг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэсэн мэдүүлэг, нэгжлэг хийхэд гэрээс хураагдсан гуурс, тугалган цаас, тэдгээр дээр наалдсан байгаа тос мэт зүйл, үүнийг шинжилсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №2532 дугаар дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан шилэн гуурс мэт зүйлийн үзүүр хэсэгт байх шаргал өнгөтэй тос мэт зүйл, 2 гэж дугаарласан тугалган цаасанд боодолтой шаргал өнгөтэй тос мэт зүйл тус бүр шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан шилэн гуурс мэт зүйлийн үзүүр хэсэгт байх шаргал өнгөтэй тос мэт зүйл, 2 гэж дугаарласан тугалган цаасанд боодолтой шаргал өнгөтэй тос мэт зүйл тус бүрээс “дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.
Шинжилгээнд илэрсэн “дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Д.М-гийн “Л” паб гэх газрын гаднаас олоод гэртээ авчраад хэрэглэсэн /өөрийн мэдүүлгээр/ гэсэн мэдүүлэг, тугалган цаасанд боодолтой шаргал өнгөтэй тос мэт зүйл, шилэн гуурсан дээр тодорхой хэмжээгээр байсан /гэрээс хураагдсан/, шүүгдэгчийн “ХБ00000000, 26.04.2022” гэж хаягласан шээснээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг “дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн зэргээс дүгнэхэд тугалган цаас болон шилэн гуурсанд наалдсан байгаа нь хадгалаагүй гэж үзэх боломжгүй, тухайн наалдсан бодисоос дээж авч, шинжилгээ хийсэн, тухайн бодисыг ямар хэмжээтэй байсныг жинлэх боломжгүй байгаа зэрэг нь шүүгдэгчийг тухайн бодисыг “хадгалаагүй” гэж үндэслэлгүйн дээр тухайн гэмт хэргийг шинжийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х- овогт Д-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х- овогт Д-ын М-г 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.М-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-г Улаанбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 2202002790193 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар №1 дугаартай үзүүр хэсэг нь шар өнгийн тос мэт зүйл бохирлогдсон шилэн гуурс /соруул/, №2 дугаартай шар өнгийн тос /ойл/ мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
7. Эрүүгийн 2202002790193 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 дугаартай үзүүр хэсэг нь шар өнгийн тос мэт зүйл бохирлогдсон шилэн гуурс, №2 дугаартай шар өнгийн тос мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдаж,
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР