Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 02261

 

           

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 15 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02261                             Улаанбаатар хот   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч:\Б

            Хариуцагч: Д холбогдох,

            Гэм хорын хохиролд 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Батчулуун, нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн орчимд хувийн эзэмшлийн гүний худгийн стандарт шаардлага хангаагүй, шалбарсан цахилгаан утас байсан нь төмөр хийцэд хүрч, их биелсэн байсанд миний эзэмшлийн үнээ явж байгаад алхамын хүчдэлд өртөж үхсэн нь тогтоогдсон. Би саалийн залуу үнээгээ 1,200,000 төгрөгөөр үнэлж байгаа, үнээ өдөрт 10 л сүү өгдөг байсан, 600,000 төгрөгийг сүүгээ алдсан тул нийт 1,800,000 төгрөгийг Д гаргуулна” гэв.

 

            Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Би уг худгийн эзэн биш, манай хүргэн Г эзэмшигч нь юм. УБЦТС-ийн Хан-Уул ХҮТ-ийн цахилгааны инженер нь акт тогтоохдоо ямар ч багажаар хэмжилт хийгээгүй, протокол хөтлөөгүй байж 4 айлын хэрэглэгчээс манайхыг сонгон буруутгаж байна. Уул нь тэжээл авч байгаа цахилгааны шит нь ус чигний хамгаалалттай, газардсан тохиолдолд салгах дифференциал автомат тавигдсан байх ёстой боловч сүлжээнийхэн өөрсдийн бурууг бусдад нялзааж байна. Эрчим хүчний хуулинд аюулгүй цахилгааны тэжээлээр хангана гэж байдаг. ЦТС нь стандарт шаардлага хангаагүй самбар, автомат суурилуулж хэрэглэгчдийг хохироож байна. Үхэр тогонд цохиулах өдөр маш их хүчтэй устай, цахилгаантай бороо орж үер болсон нь самбарт ус ихээр орж газардах нөхцлийг үүсгэсэн, онцгой байдлынх хүртэл ирсэн. Энэ мэт үнэн бодит байдлыг нарийн шалгаж хохирогчийн гомдлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б нь хариуцагч Д холбогдуулан гэм хорын хохиролд 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хариуцагчийн буруугаас үнээ үхсэн тул хохирлоо гаргуулна гэж тайлбарлав.

 

            Хариуцагч нь уг худгийн эзэн биш, акт тогтоохдоо багажаар хэмжилт хийгээгүй, протокол хөтлөөгүй байж өөрсдөө буруутай, их хүчтэй устай бороо орж үер болсон нь осол гарах нөхцлийг үүсгэсэн гэж маргасан байна.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаандгүй буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

            Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн үйлдэл хууль бус байх, гэм буруутай талаар эрх бүхий этгээдийн шийдвэр байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх буюу тухайн заалтад тавигдах урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

 

            Хэрэгт авагдсан УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 хороо, 7 хэсэг, 7-2-3 тоотын гадна гарсан ослын талаар тэмдэглэл үйлдэж, “хувийн гүний худаг ажиллуулдаг айлын оруулга утас стандарт шаардлага хангаагүй, шалбарсан байсан нь төмөр хийцэд хүрч их бичелсэнд үхэр алхмын хүчдэлд өртсөн” гэж, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 02-07-103/957 тоот дүгнэлтээр “гүний худгийн цахилгаан хангамж нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.8 дахь хэсэгт заасныг хангахгүй” гэж дүгнэсэн байна.

 

            Дээрх дүгнэлтүүдэд шалбарсан оруулга утастай айлын эзэн Д гэж, гүний худгийн шитнээс холбогдсон тэжээлийн утсыг салгажД  нь амины орон сууцнаасаа түр тэжээлээр холбосон, цахилгаан хангамжийн тэжээлийг зориулалтын бус, залгаас ихтэй утсаар төмөр хийц дээр татсан гэж тэмдэглэжээ.

 

            Хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх үүрэгтэй гэж, 30.1.8-д өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй гэж заасан ба хариуцагч нь энэхүү зохицуулалтад заасан үүргээ зөрчсөн буруутай байна.   

 

            Иймд хариуцагч нь хууль зөрчсөн, түүний гэм бурууг эрх бүхий этгээд тогтоосон, нэхэмжлэгчийн 6 настай бор зүсмийн үнээ нь үхсэн, учруулсан гэм хороо хариуцагч арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497.1-д зааснаар гэм хорын хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэхээр зохицуулжээ.

 

            Хэдийгээр хариуцагч нь өөрийгөө нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд биш гэж маргаж, өмнөх шүүх хуралдаан дээр үүнтэй холбоотой баримтыг өгнө гэж шүүх хуралдааныг хойшлуулсан боловч  ирүүлээгүй, ослын акт тогтоохдоо багажаар хэмжилт хийгээгүй, протокол хөтлөөгүй гэж маргасан ч гомдол гаргасан талаархи баримтгүй, үер болсноос осол гарсан гэдгээ нотлохгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буйгаа өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлимйн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх бөгөөд тухайн тохиолдолд хариуцагч нь өөрийн гэм буруугүйг баримтаар нотлохгүй байх  тул Б учирсан гэм хорын хохирлыг Д хариуцах үндэслэлтэй.

 

            Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ.

 

            Нэхэмжлэгч нь үхсэн үнээгээ 1,200,000 төгрөгөөр, алдсан сүүний хохирлыг 600,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилснийг хариуцагч үгүйсгэж маргаагүй тул хариуцагч нь гэм хорыг хохиролд 1,800,000 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон хэмжээгээр бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 43,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

            Хариуцагч нь энэ өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчээс эзгүйд нь хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.

 

            Тус шүүхийн Тамгын газраас иргэдийн төлөөлөгч Ц томилж, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр  иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүй, түүний эзгүйд шүүх хуралдаан явуулсан болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Д / гэм хорын хохиролд 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, Б олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 43,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                        ШҮҮГЧИД                                                              Ж.СЭМЖИД    

 

                                                                                                          Б.МӨНХБАЯР