Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 789

 

 

 

 

 

 

 

2019           8              01                                            2019/ДШМ/789                                                

 

Э.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Оюунчулуун, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           

            прокурор Д.Хурц,  

            шүүгдэгч Э.Н,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 413 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Нын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1910002200318 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С овгийн Э- Н, Завхан аймагт 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа орчуулагчийн ажил эрхэлдэг гэх, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Туул гол гудамжны 89А байрны 15 тоот хаягт оршин суух бүртгэлтэй,  урьд ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

 

Э.Н нь 2019 оны 1 дүгээр сарын 13-ны шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 89А байрны 15 тоот гэртээ болон орцонд Т.Ггийн нүүрийг нь маажиж, гарыг нь хөших зэргээр зодож, эрүүл мэндэд “зүүн сарвууны 4-р шивнүүр ясны хугарал, хоёр хацарт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Э.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Ныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600  нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Нд мэдэгдэж, шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбайртаа: “... Хохирогч Гэрэлмаа нь 2019 оны 1 дүгээр сарын 12-ны шөнө гэртээ амарч байхад хаалга үүд хүчтэй нүдэж амгалан тайван байдлыг алдагдуулсан тул аргагүйн эрхэнд хаалгаа онгойлгож өгөхөд “нөхрөө авч явна” гээд гэрт орж ирээд гэнэт над руу дайрч давшилж хараалын үгээр доромжилж, нүүрийг маань самардаж зууралдсан. Тухайн үед би балмагдаж, мөн бага насны хүүгээ айх вий гээд гэрээсээ түлхээд гаргасан.  Гаргасны дараа гэрийн хаалга маш хүчтэй цохиж орилж хашгирсан. Энэ үед тухайн гэмтлийг өөртөө учруулсан байх магадлалтай. Хохирогч анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Тухайн өдөр маш их уур бухимдалтай явж байсан. Наранцацралын гэрийн хаалгыг хүчтэй нүдэж байх явцдаа гараа гэмтээсэн байж магадгүй” гэсэн. Иймд энэ хүнд санаатайгаар гэмтэл учруулаагүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү ...” гэв.

 

            Прокурор Д.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Э.Нд холбогдох эрүүгийн хэргийг түүний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Шүүгдэгч Э.Н нь 2019 оны 1 дүгээр сарын 13-ны шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 89А байрны 15 тоот гэртээ болон орцонд Т.Ггийн нүүрийг нь маажиж, гарыг нь хөших зэргээр зодож, эрүүл мэндэд “зүүн сарвууны 4-р шивнүүр ясны хугарал, хоёр хацарт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэрт нь ороод гутлаа тайлаад дээшээ харахад Э.Н нүүрийг нь маажиж, зугтахад араас нь хөөж орцонд гараас нь барьж аваад хөшиж даран гэмтээсэн талаар хохирогч Т.Ггийн өгсөн мэдүүлэг /хх 9-21/,

Шөнийн 02 цагийн үед хүмүүс хашгирч орилоод, хэрэлдээд байхаар нь хаалгаар шагайж харахад хөрш айлын эмэгтэй нь үл таних эмэгтэйтэй маргалдаад, ноцолдож байсан талаар гэрч С.Норжмаагийн өгсөн мэдүүлэг /хх 29/,

“... 15 тоот айл руу хамт орохоор 1 цаг гаруй хаалгыг нь нүдээд онгойлгоогүй. Буцаад нөгөө эмэгтэйг /Гэрэлмаа/ гэрт нь хүргэж өгөхөөр явж байтал утас нь дуугарч ярьснаа буцаад явна гэсэн. Тэр эмэгтэй “ганцаараа орно, чи хүлээж бай” гэж хэлээд орсон. 5 минут ч болоогүй гүйж гарч ирэхдээ нүүрээ маажуулаад цус болчихсон, хөл нүцгэн миний автомашины урдуур гүйж орж ирээд суусан ...” гэсэн гэрч Н.Эрдэнэсайханы мэдүүлэг /хх 32-34/,

Эхнэр Т.Ггаас шөнө яах гэж ирснийг нь асуухад “Э.Н чиний утаснаас залгаад чамайг ирж ав” гэхээр нь такси бариад очиход нүүр маажиж, хуруу хөшсөн гэж хэлсэн талаар гэрч В.Баянмөнхийн өгсөн мэдүүлэг /хх 36/,

Шинжээч эмч Ц.Ганболд мөрдөн байцаалтад өгсөн “... Зүүн гарын 4 дүгээр шивнүүр ясны хугарал өөрөө ямар нэгэн зүйлд цохиход үүсэхгүй...” /хх 45/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ... Гарын хурууны байрлал, бөх бат байдлын хувьд чигчий хуруу хугарах нь элбэг. Гараа чигээрээ цохиход төвийж гарсан дунд хурууны шивнүүр яс хугардаг. Ямар нэгэн зүйлийг гарын хажуу хэсгээр цохиход 4 дүгээр шивнүүр яс хугарах боломжгүй.  Харин чигчий хуруу гэмтдэг... хөшигдөх, мушгигдах үйлчлэлээр үүсч болно ...” гэсэн мэдүүлгүүд /хх 179/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шинжилгээний 1341 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 40/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Ныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

 

Хохирогч Т.Ггийн “... Э.Н нүүрийг нь маажиж, гарыг нь хөшиж дараад гэмтээсэн ...” гэсэн мэдүүлэг нь гарын ядам хурууны шивнүүр ясны хугарал гэмтлийг цохих, нүдэх үйлдлээр өөртөө учруулах боломжгүй гэдгийг шинжээч эмч мэргэжлийн талаас тодорхой тайлбарласан мэдүүлэг болон тухайн үед хохирогч нүүрээ маажуулсан байдалтай, хөл нүцгэн явсныг гэрчилсэн таксины жолооч Н.Эрдэнэсайханы мэдүүлгээр давхар нотлогдож байх тул Э.Ныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болжээ.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн шүүгдэгч Э.Нын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 413 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.МЯГМАРЖАВ

 

                         ШҮҮГЧИД                                                        Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                                  М.ПҮРЭВСҮРЭН