Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 102

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Л.Цэндсүрэн,

иргэний хариуцагч Б.Отгонбат,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэ-Очирын өмгөөлөгч Б.Дашдорж,

шүүгдэгч Ж.Эрдэнийн өмгөөлөгч Ц.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Артан овогт Жаргалсайханы Эрдэнэд холбогдох эрүүгийн 201626030914 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Польш улсын Варшав хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү, аудитын нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж 1-р байр 30 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Артан овогт Жаргалсайханы Эрдэнэ /РД:ХЖ79060771/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ж.Эрдэнэ нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Корпорайте зочид буудлын ариун цэврийн өрөөнд бага насны буюу 12 настай Б.Хангай, 11 настай М.Эрдэнэ-Очир, 10 настай О.Төрсайхан нарыг шалтаг шалтгаангүйгээр зодож, 12 настай Б.Хангай, 11 настай М.Эрдэнэ-Очир нарын биед хөнгөн гэмтэл учруулж, олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                                               

1. Иргэний хариуцагч Б.Отгонбатаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

...Миний бие тус Найрамдал төвийн дэд захирлын алба хашдаг. Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн 4 дүгээр ээлжинд 10-16 насны хүүхдүүд хамрагдан амарсан бөгөөд  аймаг, орон нутгийн хүүхдүүдэд чиглэсэн ээлж байсан. Тухайн ээлжийн амрагч хүүхдүүдийн 20 орчим хувь нь Улаанбаатар хотоос амарч байсан. Зусланд амарч байгаа аймаг, орон  нутгийн амрагч хүүхдүүдийг Улаанбаатар хоттой танилцуулах, Улаанбаатар хот дахь хөтөлбөр шинэчлэлийн хүрээнд яг түүн шиг, Корпорайте зочид буудал дахь All or nothing шоу нэвтрүүлэг, авъяаслаг Монголчууд шоуны шалгаруулалт зэргийг үзүүлэхээр төлөвлөсөн байсан. Манай байгууллага хөтөлбөр, арга хэмжээ болон хүүхдүүдийн ээлжийн амралтын үлгэрчилсэн хуваарь, хөтөлбөрийг зуны ээлж эхлэхээс өмнө баталж, энэ талаархи мэдээ мэдээллээ www.nairamdal.mn сайтад нээлттэй байршуулдаг. Амрагч хүүхдүүд болон эцэг, эхчүүд тус төвийн үйл ажиллагаа, төлөвлөгөө сургалтын программтай урьдчилан танилцаад сонголтоо хийн, хүүхдүүдээ амраахаар захиалга өгдөг гэж ойлгож байгаа. Хөтөлбөр шинэчлэлийн хүрээнд Яг түүн шиг, All or nothing шоу нэвтрүүлэг, Авьяаслаг монголчууд шоуны шалгаруулалт үзүүлэх зэрэг арга хэмжээнүүд байсан.

Зуны ээлжийн хөтөлбөрт тусгагдсан учир 2016 оны 06 сарын 28-ны өдөр Корпорайте зочид буудалд болох VTV телевизээс зохион байгуулж байсан шинэ залуу авъяастан тодруулах гала тоглолтын шууд нэвтрүүлэгт амрагч хүүхдүүдийг хамруулсан. Тухайн шоу хөтөлбөрийг 1 ахлах удирдагч, 18 багш, 450 хүүхэд үзсэн. Нэг бүлгийг 2 багш 45 хүүхэд авдаг. Хоёр багш нь хүүхдүүдээ суудалдаа суулгаад хоёр талд нь шахаж суусан боловч тухайн телевиз үзэгчээ дүүрэн болгож, камерт харагдуулах үүднээс сууж байсан байрыг нь манайхнаас үл шалтгаалан сольж суулгасан байсан. Энэ нь 5 минут орчим болсон юм болов уу гэж би үзэж байгаа. Тухайлбал телевизийн найруулагч, зохион байгуулагч нар нь арай өнгөлөг хувцастайг нь урд суулгая гэх мэтчилэн суулгасан байдаг. Тэр хэсэгхэн хугацаанд хүүхдүүд багшийн хараа хяналтаас гарсан байх үед ийм асуудал болсон байсан. Найрамдал зуслангийн багш нарыг 100% анхаарал алдагдсан гэж үзэхгүй, гэхдээ нэгэнт ийм зүйл болсон учраас хараа хяналт алдагдсан гэж үзэж болно. Багш, хүмүүжүүлэгч нарт нь сахилгын арга хэмжээ авсан.

Тухайн хөтөлбөр арга хэмжээ нь хүүхдүүд болон эцэг эхэд таалагдаж байгаа эсэхийг өмнө ч, сүүлд ч эцэг эх, хүүхдүүдээс асууж байсан. Гадаад дууг дагаж дуулдаг шоу байсан. Орчин үеийн хүүхдүүдийн одууд гэж ярьдаг Рэппер Жи гэх мэтчилэн одууд оролцож байсан. Концерт дундуур хүүхдүүдийг авч гарсан учраас концерт дутуу үзүүлсэн гэсэн асуудал гарч дахиж үзүүлсэн. Иймээс хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт таараагүй гэж үзэхгүй байна.

Шоу арга хэмжээний үеэр тухайн хохирогч 4 хүүхдээс өөр асуудалд орсон хүүхэд байхгүй. Манай байгууллагаас гадна өөр 4 байгууллага ирнэ гэж урьчилан мэдэгдсэн учир  эмх замбараагүй байдал үүсэх, хүүхдүүд утас зэрэг эд зүйлээ алдахаас сэрэмжилж Найрамдал зусландаа бүх эд зүйлээ үлдээгээрэй гэсэн анхааруулга өгч байсан. Түүнээс эцэг, эхдээ арга хэмжээний талаар хэлж болохгүй гэсэн зүйл байхгүй. Манай байгууллагаас хамгаалалтын бүхий л арга хэмжээг авч Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтэстэй хамтран ажилласан. Тухайн үед энэ хэрэг явдал болсны дараа Цэлмэг багшийн багшлах эрхийг нь түдгэлзүүлж, дахин сургалтанд хамрагдаж дагалдах багшаар ажиллуулах, ахлах удирдагч болон тухайн ээлжинд ажиллаж байсан бүх хүмүүст хариуцлагын арга хэмжээ авсан.

Энэ хэрэг явдал бид бүхэнд маш их сургамж боллоо. Прокурорын байгууллагаас санал ирүүлсэний дагуу манай байгууллага 7 сараас хойш ээлжийн амралтын хуваарийг урьдчилан эцэг, эхчүүдэд танилцуулж, сургуулиуд руу явуулж ажиллаж байгаа. Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэстэй хамтран ажиллаж байгаа. Мөн Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан нь 2016 оныг дуустал зуслангаас гадагш хүүхдүүдийг авч явах арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Хөтөлбөр үйл ажиллагааг эцэг, эхчүүд болон захиалагч байгууллагад урьдчилан танилцуулах ажлыг зохион байгуулж байгаа.

Энэ хэргийн хохирогч хүүхдүүдийн хамаарч байсан хоёр бүлэг нь англи хэлний тусгай сургалттай, тусгай байгууллагаар дамжиж орж ирсэн, захиалгатай, манай байгууллага дээр үйл ажиллагаа явуулж байсан, өөр тусдаа хөтөлбөртэй ээлжийн амрагч хүүхдүүд байсан бөгөөд Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн үдээс хойш хөтөлбөрт оролцох явцдаа манай хөтөлбөрт хамрагдсанаас биш шууд утгаараа манай байгууллагын үндсэн ээлжийн амрагч хүүхдүүд биш юм. Гадаад хэлний тусгай төлбөртэй Шинэ-Эрин, Шинэ-Эхлэл сургуулиудын сурагчид байсан.

Гэсэн хэдий ч  манай байгууллагын зүгээс хамтран ажилладаг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын тушаалаар тусгай комисс байгуулан насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэ-Очироос бусад хохирогч хүүхдүүдийг миний бие өөрөө дагуулж яван, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж, гарсан бүх зардлыг нь зуслангийн захиргаа хариуцан гаргасан.

Насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэ-Очирын эцэг, эхтэй удаа дараа холбогдох гэж оролдсон. Ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлэх талаар санал гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэ-Очирын хууль ёсны төлөөлөгчийн гаргасан Найрамдал зусланд амрах эрхийн бичгийн үнийг нэхэмжилсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хохирогчийн өмгөөлөгчөөр дамжуулан төлбөрийн мөнгийг нь бүрэн төлсөн. Мөн бусад хохирогч хүүхдүүдэд Найрамдал зуслангийн зуны ээлжинд амрах эрхийн бичиг өгсөн байгаа. гэсэн мэдүүлэг,  

 

   Эрүүгийн 201626030914 дугаартай хэргээс:

 

1. Насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би Найрамдал зусланд 06 сарын 24-нөөс 7 сарын 01-ний хоорондох ээлжинд амрахаар явсан юм. Найрамдалд очоод амраж байхад амарснаас хойш 4 дэх хоногт зуслангийн багш нар өнөөдөр хот явна гээд манай зуслангийн хүүхдүүдийн утсыг нь унтраалгаад зуслан дээр үлдээлгээд автобусанд суулгаад 16 цагийн үед хот руу орж ирсэн юм. Манай зуслангийн бараг 500 орчим хүүхэд байсан. Тэгээд Корпорайте зочид буудалд ирээд шоу тоглолт үзээд 2 цаг орчим болж байхад миний шээс хүрээд байхаар нь Хангай гээд найзын хамт 00-ын өрөө орсон. Ариун цэврийн өрөөнд бие засчихаад гараад ирсэн чинь манай бүлгийн 2 хүүхэд ариун цэврийн өрөөнд нэг нь уйлаад явган суучихсан, нөгөө хүүхэд нь хажууд нь аргадаад зогсож байсан. Тэгэхээр нь Хангай бид хоёр очоод яасан, юу болсон гэсэн чинь нөгөө хүүхэд нөгөө хүүхдийг танихгүй хүүхэд харанхуйд аймхай руу цохьчихлоо гэсэн. Тэгэхээр нь Хангай бид хоёр эцэг, эхийгээ дуудсан юм уу гэж асуухад дуудсан, одоо ирж байгаа гэсэн. Тэгсэн чинь араас хаалга хүчтэй савж онгойлгож байгаа дуу ард гарахаар нь эргээд харах гэтэл араас нэг ах орж ирээд миний нүүрний гол хэсэгт атгасан гарынхаа дотор талаар нэг удаа цохиод авсан. Тэгсэн чинь би хойшоо унахдаа ард талын хана мөргөөд газар унасан. Би газар уначихаад, нүүрээ дараад доошоо хараад хэвтсэн.

Тэгтэл дахиад хүн цохиж байгаа юм шиг чимээ 4-5 удаа гарсан. Би нүүрээ дараад доошоо харсан байсан болохоор юу цохиод байгааг нь хараагүй. Нүдээ нээх гэсэн чинь нүд өвдөөд нээж болохгүй байсан. Тэгсэн ариун цэврийн өрөөнд байсан бас нэг ах чи яагаад хүүхэд зодоод байгаа юм, чаддаг юм бол надтай зодолд гэсэн чинь нөгөө намайг цохисон ах юм дуугарахгүй чимээгүй болчихсон. Тэр үед хамраас гарсан цусаа угаасан юм. Удалгүй зуслангийн багш нар орж ирээд, би хамгаалагчийн утсаар аавыгаа дуудсан юм. Тэгээд удалгүй цагдаа дээр ирсэн.

Гэтэл намайг цохисон тэр ах ариун цэврийн өрөөнд уйлж байсан хүүхдийн аав нь байсан. Би гомдолтой байна, хуулийн дагуу дээрх этгээдэд болон Найрамдал зусланд арга хэмжээ авч өгнө үү. Баримтаар гарсан зардлыг нэхэмжилнэ. Одоо миний бие зүгээр байгаа. ...Цэлмэг багш тухайн өдөр та нараас илүү мөнгө авсан байна, тэр мөнгөөр чинь та нарт шоу үзүүлнэ гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хэргийн 44-45х/,

 

2. Насанд хүрээгүй хохирогч Б.Хангайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би Найрамдал зусланд 06 сарын 24-нөөс эхлэн амрахаар явсан юм. Тэгээд манай зуслангаас 300 гаруй хүүхдийг Корпорайте зочид буудалд болсон шоу тоглолтыг үзүүлэхээр авчирсан. Тэгээд би тоглолт үзээд сууж байгаад найз Эрдэнэ-Очирын хамт ариун цэврийн өрөө лүү орсон юм. Тэгсэн чинь манай зуслангийн өрөөний хүүхэд болох Тамирлан гээд хүүхэд уйлчихсан байсан. Хажууд нь бас манай өрөөнд хамт байдаг Төрсайхан гээд хүүхэд аргадаад байж байсан. Эрдэнэ-Очир бид хоёр Тамирланг яасан, юу болсон, зүгээр үү гээд аргадаад байж байтал гаднаас нэг ах орж ирээд эхлээд Эрдэнэ-Очирыг баруун гараараа хамар болон 2 нүднийх нь гол хавьцаа нэг удаа цохих шиг болсон.

Тэгээд гараараа угсруулаад гарынхаа араар миний хамар луу нэг удаа цохисон чинь Эрдэнэ-Очир, бид хоёрын хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Тэгтэл араас нь Корпорайтийн хамгаалагч орж ирээд хоорондоо хэрэлдэж маргалдаад байсан. Тэр 00-ын өрөөнд байсан хүн бид хоёрыг цохисон хүнтэй чи ингэж жаахан хүүхдүүдийг зодож байхаар надтай зодолдчих гээд байсан. Бид хоёрыг цохисон хүнийг Тамирлангийн аав гэдгийг сүүлд  нь мэдсэн.

Тамирланг 16-17 насны нэг хүүхэд зодсон гэж ярьсан. Яагаад цохисон гэдгийг нь  мэдээгүй. Орж ирээд л шууд цохиод авсан. Сүүлд хүмүүсээс сонсоход Тамирланг хүн зодсон гэж хэлсэн. Тамирланг ямар хүүхэд зодсоныг хараагүй, бие засах гээд ороход Тамирлан уйлчихсан хажууд нь Төрсайхан зогсож байсан юм. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Дараа нь Төрсайханы толгойны ард хэсэгт хавдчихсан юм шиг байсан. Би тэрийг нь цагдаа дээр ирсэн байхдаа гараараа тэмтэрч үзсэн. Тэр хүн намайг нэг удаа миний хамар руу гарынхаа ар хэсгээр цохисон. Харин Эрдэнэ-Очирыг нүүр хэсэгт гараа атгаж байгаад дотор талаар нь цохиод, намайг ар талаар нь цохисон юм. Эрдэнэ-Очир бид хоёрыг цохихдоо бид хоёрын голд зогсож байгаад цохисон. Би гомдолтой байна, хуульд заасны дагуу арга хэмжээ авч өгнө үү. Одоо бие гайгүй, заримдаа толгой өвдөөд байгаа... гэсэн мэдүүлэг /хэргийн 47х/,   

 

3. Насанд хүрээгүй хохирогч О.Төрсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тэр үед надтай хамт Найрамдал зусланд амарч байсан Тамирлан гээд хүүхэд хамт суусан. Концерт үзэж сууж байгаад хажуудаа байсан Тамирлан руу харсан чинь байхгүй байхаар нь гайхаад түүнийг хайгаад концертын заалнаас гараад 00-н өрөө рүү орсон юм. Намайг 00-н өрөөнд ороход Тамирлан уйлчихсан ээж, аавруугаа залгаад намайг энд хүүхэд зодчихлоо, хурдан ирээрэй ээжээ, ааваа би гэртээ харимаар байна гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би Тамирланг миний найз битгий уйл гээд аргадаад зогсож байтал араас Найрамдалд цуг амарч байсан Эрдэнэ-Очир, Хангай гээд хоёр хүүхэд орж ирсэн. Тэр хоёр орж ирээд бид гурав Тамирланг аргадаад сууж байтал араас нэг ах орж ирснээ хөөш гэнгүүтээ манай найзыг их хурдан, гараараа цохих шиг болсноо намайг гараараа цээж рүү түлхсэн.  

Тэгээд би арагшаа болоод цонх мөргөөд урагшаа савалтандаа цонхны рамын төмрийг мөргөсөн. Хангай, Эрдэнэ-Очир хоёрын хамраас нь цус гарчихсан шалан дээр дусаад байсан. Харин миний толгой их өвдөөд байсан. Хүйтэн усаар шавшаад байсан чинь гайгүй болоогүй. Тэгтэл удалгүй хүмүүс орж ирсэн. Би тухайн үед яг юу болсон гэдгийг одоо сайн санахгүй байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү, гомдолтой байна... гэсэн мэдүүлэг /хэргийн 51х/,

 

4. Насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэ-Очирын хууль ёсны төлөөлөгч С.Анужингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 6 сарын 28-ны өдөр бид нар гэртээ байсан юм. Гэтэл тэр орой 19 цагийн үед манай хүү танихгүй утаснаас над руу залгаад ээж VTV сувгийг тавиад үз бид нар тэнд байна гэхээр нь тэр сувгийг нь тавиад үзтэл шууд нэвтрүүлэг гарч байсан. Тэгэхээр нь над руу залгасан утас руу нь эргэж утасдаад юу болж байгаа юм, хаана байгаа юм шууд нэвтрүүлэг байна шүү дээ гэхэд Улаанбаатар хотод байна, Шоу тоглолт үзэж байна, одоо ярьж болохгүй байна, орой өөрийнхөө утсаар яръя гээд салгасан.

Тэр VTV сувгаар гарч байгаа шоу тоглолтыг нь үргэлжлүүлж үзэхэд Корпорайте зочид буудалд болж байгаа бага насны хүүхэд үзэх боломжгүй, үзэх шаардлагагүй, хагас нүцгэн хувцасласан залуучууд англиар дуулсан нэвтрүүлэг байсан. Ямар нэртэй нэвтрүүлэг байсан гэдгийг нь мэдээгүй. Ингэж хүүхдээ хотод ирсэн байгааг нь мэдсэн. Тэгээд лавлахаас Найрамдал зуслангийн утсыг лавлаад зуслан руу залгаад ямар учиртай, эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр энэ хүүхдүүд хотод ирээд шоу үзэж байгаа талаар асуухад манайх цаанаасаа зохион байгуулалттай 300 хүүхэд 10 бүлэг, 10 автобус, хариуцсан багш нартайгаа хот руу шоу үзүүлэхээр хүүхдүүдээ явуулсан гэж хэлсэн. Яагаад эцэг, эхийн зөвшөөрөлгүй явуулж байгаа юм бэ гэхэд тэрийг би мэдэхгүй байна, мэдэх хүн нь алга байна гэж хэлсэн.

Тэгээд байж байтал орой 22:00 цагийн үед манай нөхрийн утас руу танихгүй дугаар залгахаар нь авахад манай хүү тийм зүйл хэлсэн. Тэгэхээр нь байгаа газар нь очоод аав нь дотогшоо орсон. Корпорайте зочид буудлын гадаа 10 гаруй автобус зогсчихсон, шоу тараад хүүхдүүд бүлэг бүлгээрээ гарч ирж жагсаад автобусандаа сууж байсан. Тэгтэл 23:00 цаг өнгөрч байхад манай хүү аавтайгаа, мөн 2 хүүхдийн хамт, ...гурвуулаа уйлчихсан, манай хүү нэг тал руугаа гилжийсэн, нүүр нь 3 газраас цус гарсан, хувцас нь цус болчихсон, хамар нь хавдчихсан байдалтай гарч ирсэн. Тэгэхээр нь хүүхдээ тайвшруулаад Цагдаагийн газар ирсэн.

Манай хүү Эрдэнэ-Очирын эмчилгээний зардалд 500.000-600.000 орчим мянган төгрөгийн зардал гарсан байх. Мөн Найрамдал зусланд эцэг, эхийн зөвшөөрөлгүй, хотод авч ирж хүүхдийн хүмүүжил, боловсролд нөлөөгүй шоуг нууцаар үзүүлсэн, хүүхэд зодуулах нөхцөл байдал бүрдүүлсэн, насанд хүрээгүй хүүхдийг зодож танхайрсан явдалд гомдолтой, хуулийн хариуцлага хүлээлгэх. Мөн манай хүүхдийг зодсон хүн болон түүний эхнэр хэд, хэдэн удаа утсаар залгаад гомдлоо татаж аваачээ, чамд ч хохиролтой, надад ч хохиролтой гэж дарамталсан. Бидний утсыг хэнээс авсан гэдэг нь мэдэгдэхгүй, байцаагчаас авсан эсэх нь мэдэгдэхгүй, хүүхдийн эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Хамрын таславч нь мурийсан, одоо насанд хүрээгүй болохоор засаж янзалж болохгүй, насанд хүрсэн хойно нь тэгшилнэ гэсэн. Тэрний зардал хэд гарахыг мэдэхгүй байна. Тэрийг ч бас нэхэмжилнэ. Найрамдал зуслангаас хүүхдийн амралтын 200.000 төгрөгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хэргийн 59х/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 сарын 01-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9150 тоот актад:

...1. Эрдэнэ-Очирын биед тархи доргилт, дагзны хуйх, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, баруун хацрын зулгаралт, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт /хэргийн 30х/,

 

6. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Эрдэнэ-Очирын биед учирсан гэмтэл нь хүүхдийн нүүр нь талбай жижиг, цохиж байгаа том хүний гарын талбай том бол 1 удаагийн цохилтоор үүсэх боломжтой гэмтэл. Үзүүлэгч Эрдэнэ-Очир нь 11 настай байсан учир мөн баруун талд учирсан гэмтлүүд нь зулгаралтууд байсан ба 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой... гэсэн мэдүүлэг /хэргийн 31х/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 6 сарын 30-ны өдрийн 9155 тоот актад:

...1. Хангай-н биед тархи доргилт, зүүн хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтлийн ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт /хэргийн 34х/,

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 7 сарын 01-ний өдрийн 9246 тоот актад:

...1. О.Төрсайхан-н биед гэмтэл тогтоогдсонгүй... гэсэн дүгнэлт /хэргийн 41х/,

 

9. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 14-16х/,

 

10. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 17-19х/,

 

11. Насанд хүрээгүй хохирогч нарын нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар баримтууд  /хэргийн 20-25х/,  

 

12. Найрамдал зуслангийн 2016 оны зуны дөрөвдүгээр ээлжийн үлгэрчилсэн сүлжээ төлөвлөгөө /хэргийн 89-95х/,

 

13. Эрүүгийн 201626031305 дугаартай хэргийг тусгаарласан 2016 оны 09 сарын 28-ны өдрийн 07 дугаартай прокурорын тогтоол /хэргийн 117х/, 

 

14. Шүүгдэгч Ж.Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

...Тэр өдөр эхнэрийн хамт хоолонд ороод байж байтал манай эхнэрийн утас руу хүүхэд 20:00 цаг өнгөрч байхад залгаад, яриа нь ойлгогдохгүй уйлчихсан байхаар нь юу болсон талаар асуухад гэрийн урд талын шилэн байшингийн эрэгтэй 00-н өрөөнд байна. Гарахаасаа айгаад байна, хүүхэд зодоод байна гэсэн. Эхнэр,бид хоёр хүүхдээ Найрамдал зусланд байгаа гэж бодож байсан болохоор яагаад тэнд байгааг асуухад энд концерт үзэж байна гэж хэлсэн. Ямар хүүхэд зодсон юм бэ гэж асуухад том хүүхэд гэхээр нь хэдэн настай гэж асуухад 14-15-тай байх гэсэн.

Тэгэхээр нь эхнэр, бид хоёр гараад гэрийнхээ урд талын Корпорайте зочид буудалд очоод хаалгач, хамгаалагч нараас нь хаана нь концерт болж байгаа талаар асууж лавлаад хайсаар байгаад 3 давхрын концертын хүлээн авах танхимд гарч ирээд хамгаалагчаас 00-н өрөө хаана вэ гэж асуухад 00-н өрөөг зааж өгсөн. 00-н өрөө рүү ойртоод хаалганы завсраар нь харахад манай хүүхэд цонх налчихсан, нүдээ арчиж байгаа харагдсан. Тэгэхээр нь Тамирлан тэр байна шүү дээ гэж жаахан тайвшираад алхтал манай хүүхэд 00-н өрөөн дотроо урд зүг рүү ухас хийгээд алга болсон. Араас нь 2-3 хүүхэд яг манай хүүхдийн араас ухас хийгээд явж харагдсан. Тэгэхээр нь би утсаар ярьснаас хойш одоо болтол манай хүүхдийг зодсоор байгаа юм байна гэж сандраад араас нь 00-н өрөө рүү гүйгээд орсон чинь манай хүүхэд буланд хагас суучихсан нүүрээ дарсан байдалтай байсан. Харин наана нь 3 хүүхэд тойроод зогсчихсон, манай хүүхдийг буланд шахаад зодож байгаа юм шиг харагдахаар нь яг үйлдэл дээр нь орж ирлээ гэж ойлгосон.

Тэгээд хамгийн урд талын захад зогсож байсан том биетэй 2 хүүхдийг нөгөө утсаар яриад зодоод байна гэсэн 14-15-тай том хүүхэд юм байх гэж бодоод хөөш чи яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гээд сүүлд нь нэрийг нь мэдсэн Хангал гээд хүүхдийг араас нь баруун талын шанаа руу нь гараараа алгадсан. Тэгтэл хажууд нь зогсож байсан хүүхэд болох Эрдэнэ-Очир гэх хүүхэд нь над руу эргээд харахаар нь би зүүн талын хацар руу нь гараараа алгадсан чинь арагшаа болсон. Тэгээд нөгөө захад зогсож байсан Төрсайхан гээд хүүхэд над руу харахад нь зүүн гараа далайгаад нэг алгадах гэсэн чинь арай л жаахан хүүхэд шиг харагдахаар нь больчихсон. Тэгтэл Төрсайхан намайг цохих гэж байна гэж арагшаа бултахдаа ардаа байсан хана бага зэрэг мөргөчих шиг болсон. Гэтэл манай хүү Тамирлан эд нар намайг зодоогүй юм аа, манай найзууд байгаа юм гэж хэлсэн.

Тэгээд би гайхаад хэсэг балмагдаж зогсож байтал нөгөө хүүхдүүд над руу гайхаж харж байснаа бүгдээрээ уйлцгаагаад, би сандраад эхэлсэн. Би ахыгаа уучлаарай андуурсан байна гэж зөндөө хэлсэн. Гэтэл хажуу талын 00-н өрөөнд байсан залуучууд гарч ирээд та, яагаад хүүхдүүд зодоод байгаа юм бэ гэж над руу дайраад байхаар нь би ингээд андуурчихлаа гэж тайлбарлаад, удалгүй бүлгийн багш нар, хамгаалагч нар орж ирээд бөөн шуугиан болсон. Би тухайн үед тэдгээр хүмүүст юу болсон талаар тайлбарлаад Найрамдал зуслангийн багш нар хүүхдүүдийн эцэг, эх рүү нь залгаад, цагдаа дуудаад хүлээж байсан. 20-30 минутын дараа Эрдэнэ-Очирын аав нь гэх Мөнхбаяр гэдэг хүн гаднаас орж ирээд миний хүүг хэн нь зодсон юм бэ гээд нилээн ууртайгаар асуухаар нь би хүүхдийг чинь цохисон юм аа гээд урагшаа алхахад, над руу гараараа далайснаа миний мөр хэсэг рүү цохисон. Тэгэхэд нь би за ёстой уучлаарай гээд андуурсан талаараа тайлбарлах гэхэд намайг тоохгүй, Найрамдал зуслангийн багш нар луу энэ хүүхдүүд энд юу хийж байгаа юм гээд асуугаад, намайг сонсохгүй байсан. Намайг сонсохгүй, намайг харахаараа чамайг ална аа гээд байсан.

Тэгээд бид нар бөөнөөрөө Цагдаагийн газар ирээд, тэр Мөнхбаяр гэх хүнээс уучлалт гуйгаад тайлбарлаж хэлэх гэсэн боловч намайг сонсохгүй л байсан. Миний хийсэн үйлдэл дээрх хүүхдүүдийг танхайрч, зодно гэж бодоогүй, өөрийнхөө хүүхдийг зодож байгаа хүүхдүүд байна гэж андуураад нэг, нэг удаа цохисон. Тэрэндээ маш их харамсаж байгаа. Тэдгээр хүүхдүүдийн ар гэрийнхэн нь миний уучлалтыг хүлээн авахгүй, маш их хэмжээний мөнгө нэхээд байгаа... гэсэн мэдүүлэг /хэргийн 71-72х, 74х/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Н.Энхбаяр, Б.Ану нарын мэдүүлэг /хэргийн 53х, 64х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 75-76х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 77х/, Сүхбаатар дүүргийн 6-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 78х/, боловсролын гэрчилгээ баримтуудыг /хэргийн 79-82х/  тус тус шинжлэн судаллаа.  

 

Шүүгдэгч Ж.Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг тус шүүх 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн хүлээн авч, 2016 оны 10 сарын 18-ны өдөр яллагдагчийн шүүхэд шилжүүлэн, яллах дүгнэлтийн хувийг Ж.Эрдэнэд гардуулан өгч, улмаар 2016 оны 10 сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2016 оны 10 сарын 18-ны өдөр мэдэгдэж, тэрээр гарын үсэг зурж хүлээн авсан, товлогдсон шүүх хуралдаанд шүүгдэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 сарын 26-ны өдрийн 221 дугаартай  захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч Ж.Эрдэнийг шүүх хуралдаанд албадан ирүүлэхийг Цагдаагийн байгууллагад үүрэг болгон шийдвэрлэсэн хэдий ч шүүгдэгч Ж.Эрдэнэ нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ОМ-297 дугаартай аялалын онгоцоор Улаанбаатар-Гонконг чиглэлд Буянт-Ухаа боомтоор Монгол улсын хилээр гарсан тухай ЦЕГ-ын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын нэгдүгээр газраас 2016 оны 11 сарын 03-ны өдрийн 23е/1267 дугаартай албан бичгийг Гадаадын иргэн, харьяатын газрын 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 5/2166 тоот албан бичиг, шалган нэвтрүүлэх газрын лавлагаа баримтын хамт тус шүүхэд ирүүлж, улмаар шүүгчийн захирамжид заасан ажиллагааг гүйцэтгэх боломжгүй тухайгаа илэрхийлсэн байна.  

Энэ хэргийн шүүгдэгч Ж.Эрдэнэ Монгол улсын хилийн гадна байгаа нь нэгэнт тогтоогдсон ба Шүүгдэгч нь Монгол Улсын хилийн гадна байгаа бөгөөд шүүхэд хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн бол хэргийг түүний байхгүйд хэлэлцэж болно гэх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 240 дүгээр зүйлийн 240.2 дахь хэсэгт заасан журмын дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь энэ хэргийн бодит үнэнийг тогтооход саад болохоор нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүх, шүүгдэгчийн эзгүйд холбогдох хэргийг хянан хэлэлцсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Энэ хэргийн хувьд мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь хуульд заасан арга хэрэгсэл, үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх тэдгээр баримтуудыг  хууль ёсны, үнэн зөвд тооцон эрх зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.    

 

Шүүгдэгч Ж.Эрдэнэ нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Корпорайте зочид буудлын ариун цэврийн өрөөнд бага насны буюу 12 настай Б.Хангай, 11 настай М.Эрдэнэ-Очир, 10 настай О.Төрсайхан нарыг шалтаг шалтгаангүйгээр зодож, 12 настай Б.Хангай, 11 настай М.Эрдэнэ-Очир нарын биед хөнгөн гэмтэл учруулж, олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан нь насанд хүрээгүй хохирогч М.Эрдэн-Очир, Б.Хангай, О.Төрсайхан нарын мэдүүлэг /хэргийн 44-45х, 47х, 51х/, насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэ-Очирын хууль ёсны төлөөлөгч С.Анужингийн мэдүүлэг /хэргийн 59х/, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /хэргийн 31х/, гэрч Э.Цэлмэг, Д.Энхээ, Л.Лхагвадэмбэрэл, Г.Түвшинбаяр нарын мэдүүлэг /хэргийн 52х, 60-63х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 9150, 9155, 9246 тоот дүгнэлтүүд /хэргийн 17-19х, 30х, 34х/, шүүгдэгч Ж.Эрдэний мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, иргэний хариуцагч Б.Отгонбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.  

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон байна.  

 

 Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн бусад гэмт хэргээс ялгахад гэмт этгээдийн гэм буруугийн сэдэлт, зорилго зэрэг субъектив талын шинж, түүнчлэн хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, үр дагавар, нөхцөл байдлыг зөв тогтоох нь чухал ач холбогдолтой байдгаас гадна уг үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байдаг бол хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцож төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж, үйлдлээ өөрөө хянаж, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоодог зэрэг онцлогтой.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч эмчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон иргэний хариуцагчийн мэдүүлэг зэргээс шүүгдэгч Ж.Эрдэнэ нь 2016 оны 06 сарын 28-ны орой 20:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Корпорайте зочид буудлын ариун цэврийн өрөөнд бусдад зодуулсан хэмээн уйлж суусан бага насны Б.Тамирланг аргадан тайвшруулж байсан бага насны хүүхдүүд болох М.Эрдэнэ-Очир, Б.Хангай, О.Төрсайхан нарыг алгадах, түлхэх зэргээр зодож, бие эрхтэнд нь хүч хэрэглэн халдсаны улмаас М.Эрдэнэ-Очир, Б.Хангай нарын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүүхдийн эсрэг ичгүүр сонжуургүй, балмад авирласан, бага насны хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин тэдний амгалан тайван байдлыг алдагдуулсан, хүүхдийн өмнө хүлээх үүрэг болон нийгэмд тогтсон ёс журам, хэм хэмжээг илтэд бүдүүлгээр зөрчсөн үйлдлийн шинж байдал, арга, хэлбэрээр догшин авирлаж танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

Түүнчлэн шүүгдэгч болон насанд хүрээгүй хохирогч нарын хооронд хувийн сэдэлт бүхий таарамжгүй харилцаа байсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, шүүгдэгчийн насанд хүрээгүй хүүхэд Б.Тамирлан нь бусдад зодуулсан гэж утсаар ярьсан, зодож дээрэлхэж байгаа хүүхдүүд нь юм байна гэж ойлгож андуурсан гэх шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тухайн гэмт хэргийг хувийн сэдэлтээр үйлдэгдсэн, хүний  амь, бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

 Иймд шүүгдэгч Ж.Эрдэнийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн мөн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

 Тухайн нөхцөлд Найрамдал зуслангийн зуны 4-р ээлжинд амарч байсан амрагч хүүхдүүдийг VTV телевизээс зохион байгуулсан шоу арга хэмжээнд үзэгчээр оролцуулах  үедээ харгалзан хянаж явсан багш, бүлгийн удирдагч нар нь нэгдсэн хяналт тавих, амрагч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хараа хяналтандаа байлгах зэрэг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэн ажиллаж чадаагүй байдал нь амрагч хүүхдүүд гэмт халдлагад өртөх шалтгаан нөхцөл болсныг тэмдэглэх нь зүйтэй. 

 

 Шүүх, шүүгдэгч Ж.Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ анхнаасаа үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн, гэм буруугаа ойлгон ухамсарласан зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд түүний үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Энэ хэргийн хохирогч О.Төрсайхан, Б.Хангай, М.Эрдэнэ-Очир нар болон тэдний хууль ёсны төлөөлөгч  нараас хохирогч хүүхдүүдийн эмчилгээнд тодорхой хэмжээний зардал гарсан гэж мэдүүлж байсан хэдий ч энэ талаар баримт гаргаж нэхэмжилсэн зүйлгүй, эмчилгээний зардлын талаарх нотлох баримтыг хэрэгт болон шүүхэд гаргаж өгөөгүй, насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэ-Очирын хууль ёсны төлөөлөгч С.Анужин нь иргэний хариуцагчид холбогдуулан Найрамдал төвд амрах эрхийн бичгийн үнэ 194.500 төгрөг буцаан гаргуулах шаардлага гаргасныг иргэний хариуцагч нь хүлээн зөвшөөрч, хохирогчийн өмгөөлөгчөөр дамжуулан төлбөрийг гүйцэтгэсэн тухай баримтыг шүүх хуралдаанд гаргасан тул шүүгдэгч Ж.Эрдэнэ, иргэний хариуцагч Найрамдал төвөөс эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж  шүүх дүгнэв.  

 

 Энэ хэрэгт Ж.Эрдэнэ цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчтэй холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг болон Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт шүүгдэгчийн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэн Монгол улсын хилээр гадагш  нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авхуулах-аар  2016 оны 11 сарын 01-ны өдрийн 2/199 дугаартай албан тоотоор албан бичиг хүргүүлсэнийг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.   

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Артан овогт Жаргалсайханы Эрдэнийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Ж.Эрдэнийг  03 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ж.Эрдэнэд оногдуулсан 03 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, Ж.Эрдэнийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас гаргуулах баримт бүхий хохирол, төлбөргүй болохыг тус тус дурьдаж, насанд хүрээгүй хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар нь шаардлагатай гэж үзвэл эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тус  тус тайлбарласугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан Ж.Эрдэнэд хилийн хориг тавьсаныг тэмдэглэн, түүний эдлэх ялыг ялтан Монгол улсын хилээр нэвтэрч, саатуулагдсан үеэс нь эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

 

 7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Ж.Эрдэнэд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       С.БАЗАРХАНД