Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/694

 

 

 

 

 

 

 

 2022           09           14                                       2022/ШЦТ/691

 

 

 

                                                                                                                            

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Х.Ү- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас О овогт Х-ын Ү-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205018231949 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, IT инженер мэргэжилтэй, Алтан бумба санхүүгийн нэгдэлд маркетингийн менежер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүрэг ... дугаар хороо ... дугаар хороолол ... дүгээр байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овогт Х-ын Ү-.

 

Шүүгдэгч Х.Ү- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Шинэ Алтай хотхоны 209 тоотод байхдаа “надтай түрээсийн байранд 2 сар хамт байхдаа ямар ч мөнгө өгөөгүй” гэсэн шалтгаанаар Д.Билгүүнтэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь хөлөөрөө өвдөглөж, гараараа олон удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ү- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Д.Билгүүний “ ... Би 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шөнө гэрээсээ 19 цагийн үед гараад найз болох Ү-ын гэр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ Алтай хотхоны 209 тоотод ямар нэгэн архи согтууруулах хэрэглээгүй очсон. Тэгээд ороод пиво уухаар болж CU дэлгүүрээс лаазтай 0,5 литрийн хэмжээтэй 10 ширхэг пиво аваад Ү-тай хамт 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 02 цаг хүртэл ууж хэрэглэсэн. Тэгээд 02 цагийн үед гэрээс нь гарахаар болж UB palace-ын Coco бааранд ороод тэндээсээ үл таних гурван эмэгтэй хүнтэй танилцаж улмаар тэд хэдийг дагуулж Ү-ын гэрт очсон. Замаараа лаазтай 10 гаруй пивыг мөн дэлгүүрээс авч орсон. Тэгээд ороод уугаад хамт байсан хэд нилээдгүй согтсон байсан. Тэр үед би бие засах өрөө рүү Ү-ыг дагаад ороход ямар нэгэн шалтгаан хэлэлгүйгээр намайг цохиж зодсон юм. Тэгээд би хүн зоддог гэсэн өгүүлэмжтэй зүйл яриад байхаар нь би цагдаагийн байгууллагад хандахаар болсон юм. Би дүгнэлттэй уншиж танилцлаа. Үүнтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний бие үүссэн дээд, доод уруулын шарх гэмтлийг миний толгойг гараараа барьж доошоо дараад баруун өвдгөөрөө 5-6 удаа өшиглөсөн. Баруун зовхины гадна булан зүүн хацарт цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтлийг баруун зүүн гараараа ээлжилж нүүр хэсэгт 20-30 минутын хугацаанд цохисон. Би нүүрээ хоёр гараараа хамгаалаад бие засах өрөөнд хэвтэж байсан. Цохиулаад манарсан байсан. Тэгээд би одоо больё, яг намайг аллаа гэсэн чинь ерөөсөө тоохгүй байгаад байсан. Тэгээд арай гэж болиулаад гэрээс нь гараад явсан.

... Намайг цохиж зодож байхыг харсан хүн байхгүй. Яагаад гэхээр бие засах өрөөнд орохдоо Ү- дотор талаас нь түгжсэн байсан. Тэгээд арай гэж гарахад гэрт нь байсан үл таних хамт байсан гурван эмэгтэй юу болсон юм бэ гэж асуусан. Яг бол хараагүй. Би хэдэн төгрөгийн хохирол учирсан эсэхийг мэдэхгүй байна. Баримтаа гаргаж өгнө. Би гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дахь тал/

 

Гэрч Б.Дөлгөөний “... Удалгүй том өрөөнд сууж байхад бие засах өрөөнд юм унаж байгаа чимээ сонсогдохоор нь бие засах өрөөний хаалгыг нээхэд Билгүүний нүүр цус болчихсон зөрөөд гараад явчихсан. Ийм зүйл болсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6973 дугаартай:

“1. Д.Билгүүний биед дээд, доод уруулд шарх, баруун зовхины гадна булан, зүүн хацарт цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 20-21 дэх тал/

 

Х.Ү-ын яллагдагчаар өгсөн “ ... Би 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Алтай хотхонд гэртээ Билгүүнтэй хамт архи ууж байхдаа түрээсийн төлбөр дээрээс болж маргалдаж согтуудаа уурандаа алгадаж, цохисон юмаа. ... Би хохирлыг нь төлж барагдуулах болно. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34 дэх тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Шинэ Алтай хотхоны 209 тоотод шүүгдэгч Х.Ү-, хохирогч Д.Билгүүн нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар шүүгдэгч Х.Ү- нь  Д.Билгүүний нүүрэн тус газар нь хөлөөрөө өвдөглөж, гараараа олон удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь дээд, доод уруулд шарх, баруун зовхины гадна булан, зүүн хацарт цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

          Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Х.Ү- нь Д.Билгүүний Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Х.Ү-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хавтас хэрэгт хохирогч Д.Билгүүний Очир релакс эмнэлэгт эмчлүүлсэн “... 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл эмчилгээнд явсан нь үнэн болно. Эмчилгээнд: бүтэн биеийн бариа засал /толгой, нуруунд доргилт болон гэмтэл авсан/ ... ” гэсэн тодорхойлолтыг санхүүгийн 755,000 төгрөгийн баримт /хэргийн 25-26 дахь тал/ ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6973 дугаартай дүгнэлтэд “... 1. Д.Билгүүний биед дээд, доод уруулд шарх, баруун зовхины гадна булан, зүүн хацарт цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...” гэжээ.

Гэтэл хохирогч Д.Билгүүний нүүрэн тус газар гэмтэл учирсан байхад “бүтэн биений бариа, засал” эмчилгээ хийлгэсэн нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй ямар холбоотой болох нь тодорхойгүй тул түүний  “бүтэн биеийн бариа, засал, үзлэг” хийлгэхэд зарцуулсан нийт 755,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцох боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Билгүүний эрүүл мэндэд тархи доргилт, болон нурууны гэмтэл тогтоогдоогүй тул түүний эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан 755,000 төгрөгийн зардлыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Хохирогч нь дээрх зардал нь гэмтэлтэй холбоотой гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, Х.Ү- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Х-ын Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Ү-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Ү-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Ү- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, Х.Ү- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Д.Билгүүн нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Ү-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ