Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1068

 

 

 

 

 

 

 

 2022                 8             30                                       2022/ШЦТ/1068

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогч Ц.З..............р,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б...........нд,

иргэний нэхэмжлэгч Б.Д..............н,

шүүгдэгч Б.С...........л, түүний өмгөөлөгч Х.Даваахүү (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 0058) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2203 0014 20225 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Зээрднүүд овогт Бат-Өлзийн С...........л, Монгол Улсын иргэн, С.......хбаатар аймгийн Баруун-Урт суманд 1975 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ..............................................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Б.С...........л нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатараас Дархан-Уул чиглэлд Toyota Ist маркийн ........ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа эсрэг хөдөлгөөнөөс чигээрээ зорчиж явсан Б.Д..............н жолоочтой Toyota Lexus RX-450 маркийн ........ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн, улмаар Т.Б............н жолоочтой Toyota Prius 20 маркийн ........ улсын дугаартай автомашин нь Б.Д..............н жолоочтой Lexus RX-450 маркийн ........ улсын дугаартай автомашины араас мөргөсний улмаас зорчигч Ц.Н........нгийн амь нас хохирсон, зорчигч Ц.З..............рийн эрүүл мэндэд хүндэвтэр, Н.С.......х, Х.Н.............н, З.А............у, З.И............н нарын эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол Lexus RX-450 маркийн ........ улсын дугаартай автомашины эзэмшигч Б.Д..............нд шууд зардлын дүнгээр 24.679.000 төгрөг, нийт 27.039.000 төгрөгийн Toyota Prius 20 маркийн ........ улсын дугаартай автомашины эзэмшигч Э.Мөнхцэцэгт шууд зардлын дүнгээр 3.878.000 төгрөгийн нийт 4.898.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.С...........л нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн орчим Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд АН-3 чиглэлийн замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй “Toyota Ist” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, зорчигч буюу өөрийн 3 настай охин Ц.Н........нийг хамт явж байжээ. Ийнхүү явж байгаад тэрээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Дурсгалын цэцэрлэгт” хүрээлэнгийн орчим зүүрмэглэж эсрэг урсгал руу орсны улмаас хойноос урагш чиглэлтэй явсан “Lexus RX-450” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд хэсгийг өөрийн тээврийн хэрэгслийн баруун  урд хэсгээр мөргөж ертөнцийн зүгээр авто замын баруун талын хажуугийн хөвөө рүү шидэгдсэн. Мөргөгдөж зогссон “Lexus RX-450” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас Т.Б............н жолоочтой Toyota Prius 20 маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх зам тээврийн ослын улмаас “Toyota Ist” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зорчигч Ц.Н........нийг амь нас хохирч, “Lexus RX-450” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч иргэний нэхэмжлэгч Б.Д..............нд  27.039.000 төгрөгийн шууд хохирол, 2.322.170 төгрөгийн хор уршиг,  тээврийн хэрэгслийн зорчигч Ц.З..............рийн эрүүл мэндэд хүндэвтэр, З.А............у, З.И............н нарын эрүүл мэндэд хөнгөн, Toyota Prius 20 маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч иргэний нэхэмжлэгч Т.Б............нд 4.898.000 төгрөгийн шууд хохирол, тээврийн хэрэгслийн зорчигч Н.С.......х, Х.Н.............н нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тус тус учирчээ.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Замын цагдаагийн газар, ТЦА, МШГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын РСMС11450453 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн: 95526919, ...Дуудлага хүлээн авсан: 2022-03-13 16:41:45, ...Дуудлагын утга: ........ улсын дугаартай Тоёота ист , тээврийн хэрэгслийн жолооч нь ........ улсын дугаартай Лексус РХ 450, ........ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөчихсөн байна...” гэх баримт (хавтаст хэргийн 04 дэх тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Осол хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн замд үйлдэгдсэн байв. Уг зорчих хэсгийн өргөн 7.1 метр асфальт, шулуун тэгш нойтон, үзэгдэх орчин чөлөөтэй, цастай эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зураасгүй эгнээний тоо 2, явган хүний замгүй. Хэргийн газар ирэхэд эмтэл “Toyota Ist” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж ........, ........ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөсөн. Жолооч Б.С...........л жолооны сандал дээрээ хэвтсэн зорчигч ...У.Н........н болон бусад жолооч, зорчигч нар хувийн машинаар Гэмтэл Согог Судлалын үндэсний төв рүү явсан байсан. У.Н........н нь замдаа нас барсан учир Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээнд хүлээлгэн өгөв. А цэг буюуToyota Ist” маркийн ........ улсын дугаартай автомашин Lexus RX-450 маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг анх мөргөсөн цэгийн зорчих хэсэг дээр үүссэн шороон мөр, тосны мөрөөр үндэслэж зорчих хэсэг дээр байрлуулав. Б цэг дээр 2 дахь мөргөлт буюу Toyota Prius ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Lexus RX-450 маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг араас мөргөсөн эвдрэлийн улмаас зорчих хэсэг дээр унасан буферийн хамрыг үндэслэж байрлуулав. А цэгээс Б цэг хүртэл 5.3м, А цэгээс Toyota Ist маркийн машин хүртэл 6.7м, А цэгээс жижиг машин хүртэл 6.1м, Б цэгээс Lexus RX маркийн машин хүртэл 1.0м, Toyota Ist маркийн машинаас Toyota Prius маркийн автомашин хүртэл 1.3м, баруун хөвөөний өргөн 1.6м, зурвас газар 0.9м, зүүн хөвөө 2.0м, өргөн байлаа. Toyota Prius маркийн машины зүүн урд хойд дугуйнаас урагшаа хүртэл 5.7х5.8м, Lexus RX маркийн машины зүүн урд хойд дугуйнаас шугам хүртэл 5.0х4.5м Toyota Ist маркийн баруун урд хойд дугуйнаас Lexus RX машины баруун дугуй хүртэл 3.1x2.4м байв. В цэг буюу үл хөдлөх цэгээр А хэлбэрийн бетон УШ 12.35.19 дугаартай ирж авч шулуун тэгш өнцгөөр хэмжихэд А цэгээс В цэг хүртэл 26.6х 13.6м байв. Тээврийн хэрэгслүүдийг ачигчаар ТС-6 байрлуулав. Жолооч нарийг драгер багжаар үлээлгэхэд 0.00% байсан. Ойр орчим хяналтын камергүй эзэнгүй хээр тал байв..” гэх баримт (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

- Иргэний нэхэмжлэгч Б.Д..............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 13:00 цагийн үед манай нөхөр, 3 хүүхдийн хамт өөрийн эзэмшлийн Toyota Lexus-450 маркийн ........ улсын дугаартай автомашиныг жолоодон Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд гарсан. Тэгээд 16:00 цаг өнгөрч байхад 361-р гарам руу уруудаад ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн харалдаа замаар явж байхад эсрэг урсгалд 5-6 машин явж байгаа нь харагдсан. Тэгтэл тэр машинууд дундаас хар өнгийн суудлын автомашин гэнэт миний урсгал руу маш хурдтай ташуулдаж орж ирээд миний машины баруун урд хэсгийг мөргөөд замын баруун тийшээ орсон. Осол болох үйл явц 1-2 секундийн зайтай л болсон. Эсрэг урсгалаас машин гараад ирлээ гэж хараад хүүе гэх завдалгүй мөргөлдсөн. Би ослын дараа шокт ороод юу болсныг мэдэхгүй хэсэг сууж байхад хажуугаар явж байсан машины залуу намайг татаж юм асуусан гэсэн. Би тэр үед юу болсныг мэдэхгүй сүүлд манай нөхөр намайг дуудаж зүгээр рүү гэж хэлэхэд нь сэргээд зүгээрээ гэж хэлээд машинаас буухдаа хүүхдүүд зүгээр рүү гэж асуухад танихгүй 2 залуу намайг машин суу танай хүүхдүүд энд сууж байна гэж хэлэхээр нь орж суугаад хөдөлсөн. Тэр үед манай нөхөр хүү хоёр машиндаа үлдсэн. Тэгээд замдаа явж байхад миний машинтай мөргөлдсөн, хар машинд сууж явсан бага насны хүүхэд ухаангүй байсан. Нэг залуу,  өөр нэг залуутай хамт хоёулаа ээлжилж зүрхний масайж хийгээд энэ хооронд байнга түргэн рүү залгаж шаардсан боловч түргэн ирээгүй тэр чигээрээ явсаар Сонгинохайрхан дүүргийн 21-р хороололд байрлах шинэ эмнэлэгт нөгөө хүүхдийг хүлээлгэж өгсөн боловч ямар ч найдваргүй байна гэж хэлж байсан. Миний биед болон манай бага охин Есүйн биед хугарал гэмтэл байхгүй, том охин А............угийн хамрын мөгөөрс яс хугарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

- Хохирогч Ц.З..............рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 13-ний өдөр эхнэр хүүхдийн хамт Дархан-уул аймгаас 13:00 цагийн үед Улаанбаатар хот руу чиглэлд гарсан. Тухайн үед манай эхнэр машинаа жолоодож би жолоочийн хажуу талын урд суудалд арын суудалд 3-н хүүхдээ суулгаад явсан ба 16:00 цаг өнгөрч байхад 361–н гарам руу ертөнцийн зүгээс хойноос урагшаа чиглэлд уруу замаар явж байхад өөдөөс 5-6 машин дараалалтай байдалтай цуваад ирж яваа харагдсан. Бид нарын урд автомашин байгаагүй. Тэгээд цуваад ирж яваа машинуудын эхний хэсэг машин зөрөөд өнгөрөх үед 3 дахь машин нь гэнэт эсрэг урсгал руу ороод бид нарын өөдөөс чиглээд ирэх үед юм ч хэлж амжаагүй мөргөлдөөд осол болсон. Тэр машин их ойрхон зайд гэнэт урд ороод ирсэн болохоор зугтаах зайлах ямар ч боломж байгаагүй. Ослын дараа цээж рүү хатгаж өвдөөд амьсгалахад төвөгтэй байсан. Би хүү И............ний хамт үлдэж эхнэр 2 хүүхдээ замын машинаар гэмтлийн эмнэлэг рүү явуулж замын цагдаа нар ирсний дараа гэмтлийн эмнэлэг рүү араас нь очиж үзүүлэхэд ясны хугарал гэмтэл байхгүй байна гэсэн боловч шүүх эмнэлэгт үзүүлэхэд ...өвчүү яс хугарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),

- Гэрч Т.Б............ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумаас 15:00 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот орохоор Toyota Prius 20 маркийн ........ улсын дугаартай автомашиныг жолоодон хадам ээж Н.............н, хадам эгч С.......х болон 3 хүүхэдтэй явсан. Тэгээд 61-н гарам руу дөхөөд Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн харалдаа явж байхдаа урд явсан саарал өнгийн Toyota Lexus маркийн автомашин ойрхон явж байсан. Тэгтэл урд машин тас хийх чимээ гараад миний урд явсан машины урдаас машин мөргөөд би урдаа явсан машинаа мөргөөд зогссон байсан. Тухайн үед машин сууж явсан хүмүүсээс манай хадам ээжийн зүүн талын хөмсөг язарч оёдол тавиулсан, хажууд сууж явсан С.......х эгчийн хэвлий хавиар хөхөрсөн хэд хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Өмнө шалгаж байсан байцаагчид автомашины хохирлын үнэлгээ хийлгэж өгсөн, машины эвдрэлийн үнэлгээгээр 4.898.000 төгрөгийн хохирол гарсан байгаа. Миний урд явсан автомашины өөдөөс машин урсгал сөрж орж ирээд мөргөсөн байсан. Би араас нь явж байсан болохоор тэр машиныг урсгал сөрөөд явж байсныг хараагүй. Миний урд явсан машины тоормосны гэрэл асаагүй гэнэт л осол болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал),

- Гэрч Г.Ор...........гилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 13-ны ...өдөр ...эхнэрийн нэр дээр байдаг 51-14 УБЧ улсын дугаартай цагаан өнгийн Toyota Alphard маркийн автомашинтай ...аглаг бүтээлийн хийд ороод буцаад хот руу ...15 цагийн орчим ...явсан. Ингээд Аглаг бүтээлийн хийдээс гараад наашаа буюу хот руу чиглээд Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд дээрээсээ доош уруудаж явахад хамгийн эхэнд усан цэнхэр өнгийн “RX-450” түүний хойноос саарал өнгийн Toyota Prius 20, түүний хойд талд цагаан өнгийн Toyota Prius-30 маркийн автомашин ...араас нь би машинаа жолоодоод явж байсан. Тэр үед хамгийн урд талын машинаас 2 дахь машин 2-3 машины хэмжээтэй зайтай их л ойрхон явж байсан ба аминдаа л гүйцэж түрүүлэх гээд л тулаад яваад байх шиг байсан... Харин би 3 дахь буюу Toyota Prius 30 маркийн автомашинаас барагцаагаар 200-300 орчим метрийн зайд жаахан зайтай явж байсан... Тэгтэл эсрэг урсгалд явсан машинуудын ...хамгийн хойд талд явж байсан хар өнгийн Toyota Ist маркийн машин шууд урсгал сөрж орж ирээд нөгөө хамгийн урд явж байсан усан цэнхэр өнгийн “RX-450” машины халз урд талаас нь очиж мөргөөд өөрөө далангийн хажууд тал руу бөгс хэсгээрээ эргээд зогссон. Харин 2 дахь буюу Toyota Prius-20 маркийн машин нь усан цэнхэр өнгийн “RX-450” машины хойноос очоод мөргөөд зогссон. …Ингээд би машинаа зогсоод ...эхлээд усан цэнхэр өнгийн “RX-450” маркийн автомашин руу очсон. Тэр үед машины халз урдаас мөргөсөн машин их эвдрэлтэй байсан ба машины жолооч хаалгыг татаж онгойлгосон чинь жолооны хүрд нь зүүн талд байсан ба суудал дээр 40 гаран насны эмэгтэй ухаангүй шахуу байсан, хажууд талын зорчигчийн суудал дээр эрэгтэй, хойд талын суудал дээр ...3 хүүхэд байсан. Тэр үед жолооч эмэгтэй болон эрэгтэй 2 хүн суудал бүсээ зүүсэн байсан ба нүүр ам хэсэгт ямар нэгэн цус болсон зүйл байхгүй байсан. Харин хойно нь байсан хүүхдүүдийн хамар, амнаас цус гарсан байсан. Тэгэхлээр нь би ухаантай байсан нөхрөөс нь асуугаад 3 хүүхдийг нь ээлж дараалан машинаас буулгасан. Эргээд гүйгээд очсон эхнэр нь өөрөө машинаасаа бууж ирсэн. Тэр үед хойд талын 2 дахь машинаас олон хүн бууж ирцгээж байсан. Тэгээд би Toyota Ist машин руу яваад очсон ба машины жолооны хүрд баруун талдаа, жолооч нь эмэгтэй, ухаангүй суудлын даруулга бүс зүүгээгүй, ослын дэр нь задарсан байсан. Би тэр үед машин руу шагайж харахад өөр хүн надад эхлээд харагдаагүй. Тэгэхээр нь би машины нөгөө талаас нь машинд өөр хүн байгаа эсэхийг харах гээд очиход зорчигчийн суудлын урд руу нэг жаахан хүүхэд уначихсан ухаангүй байхаар нь өргөөд суудал дээр суулгасан. Хүүхэд нь хүүхдийн зориулалтын суудал дээр суучихсан нүүр ам нь хөхрөөд царай нь жаахан цайсан байсан. ...Toyota Ist машинд байсан хүүхдийг манай хамт ажилдаг хүн өвөр дээрээ тэврээд суучихсан бие хааг нь илээд л яваад байсан ба 22 ын товчоогоор орохын наахан талд надад хүүхдийн зүрх зогсчихлоо гэж хэлсэн. Тэгээд шууд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын хүүхдийн эмнэлэг дээр ирээд хүүхдийг шууд оруулж өгсөн эмч нар авч үлдээд туслах гээд үзээд л байсан бид нар харин гадаа байсан гэтэл удалгүй бид нарыг дуудсан яваад орсон чинь хүүхэд өнгөрчихлөө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дахь тал),

 

- Гэрч Х.Н.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумаас хүргэн Б............ны автомашинтай Улаанбаатар хот руу явсан. Тэгээд ..361-р гарам руу уруудах замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явж байхад гэнэтхэн л түс тас хийгээд урдуур хар өнгийн зүйл замын хажуу руу орох шиг л болсон юунаас болоод яагаад зам тээврийн осол болсныг огт мэдээгүй. Ослын үед би урагшаа болохдоо хажуу багана мөргөөд зүүн хөмсөг сэтрээд цус гарчихсан байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан одоо биеийн байдал хэвийн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дэх тал),

 

- Гэрч Н.С.......хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ...дүү Н.............н, зээ охин Амбасэлмаа, хүргэн Б............н түүний хоёр хүүхдийн хамт Б............ны автомашинаар Улаанбаатар хот руу явсан. ...хот руу ...явж байхад урдаас урсгал сөрөөд хар өнгийн машин ирж байгааг харсан ба урд явсан машины урдаас мөргөөд манай машин урдаа явсан машины араас мөргөж зогссон. Тухайн үед би жолоочийн эсрэг талын урд суудалд сууж явсан болохоор хамгаалах бүсний ормоор хөхөрсөн өөр ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй ээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дахь тал),

- Гэрч С.Ам.............маа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүргэн ах Б............ны автомашинд жолоочийн арын суудалд суугаад ...замдаа унтаад явж байхад гэнэт машин хүчтэй юм мөргөх чимээ гарч урд суудлаа мөргөж сэрээд хаалга онгойлгох гэхэд онгойхгүй манай машин машины араас мөргөчихсөн хар өнгийн суудлын автомашины замын баруун талд гараад зогсчихсон урд хэсэг нь эвдрэлтэй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал).

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дугаар сарын 01-ний өдрийн Цогцост хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 892 дугаар дүгнэлт

Цогцсын гадна үзлэгт: Цогцсын урт 92.0 см. Жин 13.0 кг, Толгойн орой хэсэгт 37.0 см хар өнгийн өтөн үстэй. Биеийн хэлбэр зөв...Духны цох хэсэгт 1.2х1.0 см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай. Биеийн бусад хэсгээр өөр ил харагдах гэмтэлгүй.

 Дотор эрхтний шинжилгээ: Толгойн хуйхны дотор гадаргуу духанд 7.0х2.5 см хар хүрэн өнгийн цус хуралттай, бусад хэсгээр цайвар ягаан гэмтэлгүй. Баруун, зүүн чамархайн булчинд өөрчлөлтгүй. Гавлын орой, суурь яс бүтэн, гэмтэлгүй. Тархины хатуу хальс бүтэн, хямсаанд баригдана, чинэрээгүй, хатуу хальсны дээр, доор эмгэг хуримтлалгүй. Зүүн чамархайн суурь хэсгийн хатуу хальсны дор тархины эд рүү түрж ургасан боргоцой төст зууван дугуй хэлбэртэй 2х1.5х1.5см цайвар шаргал өнгийн нэг төрлийн зөөлөн тогтоцтой нялцгай голомттой. Тархи 1150.0 гр. 19.0х17.0x9.0см, биелэг, хоёр тал бөмбөлөг тэгш хэмтэй, ховил гүехэн, далан намссан, эд хутганд наалдамхай, орой хэсгийн судаснууд цус дүүрэлттэй, суурийн судаснууд өөрчлөлтгүй, виллисийн цагаригийн тараагуур судасны салаалалт зөв, хана нимгэн, аалзан хальс нимгэн, хажуугийн болон 3, 4-р ховдол хоосон, чөлөөтэй, эд биелэг, эдийн зааг тод, багана ба уртавтар тархинд өөрчлөлтгүй. Бага тархи 10.0х8.0х3.5см, улбагар, хоёр тал бөмбөлөг хэм тэгш, аалзан хальс нимгэн, голомтот эмгэг өөрчлөлт: Баруун чамархайн дэлбэнд 6.0х3.0 см нимгэн, бага тархины орой хэсэгт 5х1.5 см аалзан хальсан дор зузаан угааж, хусахад арилахгүй хар хүрэн өнгийн цус харвалттай. Бусад хэсгээр тархины эдэд голомтот эмгэг өөрчлөлтгүй...хоёр уушгины угийн холбоос дагасан бага хэмжээний хар хүрэн өнгийн цус хуралттай….дэлбэн хооронд болон ар гадаргуугийн гялтан хальсанд олон тооны улаан ягаан өнгийн цэгчилсэн цус харвалттай, зүслэгийн талбай цусархаг, шахахад зүслэгийн талбайгаас цайвар шаргал өнгийн шингэн урсан гарна, голомтот эмгэг өөрчлөлтгүй...баруун бөөрний өөхлөгт тархмал хар хүрэн өнгийн цус хуралттай. ...Зүрх 60.0 гр, 7.0x6.0x4.0см, биелэг, хэлбэр дусал, өмнөд болон ар гадаргуугийн гялтан хальсанд цөөн тооны улаан ягаан өнгийн цэгчилсэн цус харвалттай, баруун, зүүн тосгуур ховдлын хөндийд шингэн цустай…гэжээ.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1. Авто осол: Гавал тархи, хэвлийн битүү гэмтэл: Их тархины баруун чамархай, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Дэлүүний урагдал, дэлүүний үүдэвч орчмын бага хэмжээний цусан хураа (3.0 грамм), Баруун бөөрний хальс, өөхлөлт цус хуралт. Голт, хоёр уушгины угийн холбоос дагасан цус хуралт

2. Амьсгалын дээд зам мөгөөрсөн, гуурсан хоолой, уушгин дахь гадны биет (ходоодны агууламж) Уушги, зүрхний гялтан хальсан дахь цэгчилсэн цу харвалт, Дотор эрхтнүүдийн цус дүүрэлт. Цусны шингэн төлөв байдал.

3. Дух, духны хуйхны дотор гадаргууд цус хуралт. Зүүн чамрхайн суурь хэсгийн хатуу хальсны хоргүй хавдар (Менингиома)...ДҮГНЭЛТ

1. Талийгаач Ц.Н........ний цогцост их тархины баруун чамархай, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, дэлүүний урагдтал, дэлүүний үүдэвч орчмын бага хэмжээний цусан хураа (3.0 грамм), баруун бөөрний хальс, өөхлөлт цус хуралт, голт, хоёр уушгины угийн холбоос дагасан цус хуралт, дух духны хуйхны дотор гадаргууд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Зүүн чамархайн суурь хэсгийн хатуу хальсны хоргүй хавдар өвчтэй байсан нь нас барахад нөлөөлөөгүй байна.

4.Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас амьсгалын замд гаднын биет (ходоодны агууламж)-аар бөглөрсний улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ.

5. 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 21 цаг 30 минутын цогцост үзлэг хийх үед нас бараад 4-5 цаг орчим болсон байжээ.

6. Нэгдүгээр бүлгийн харьяаллын цустай байна.

7. Ходоодонд дүүрэн цайвар шаргал өнгийн хагас өтгөн, шингэн холилдсон хоолны үлдэгдэл бүхий агууламжтай байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 153-157 дахь тал)

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4279 дугаартай дүгнэлт

Хэсэг газрын үзлэгт: “...Цээжний баруун дээд хэсгээр 9.5х6.0см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Цээжний дунд хэсгээр тэмтрэлтээр эмзэглэлтэй.

2022.03.14-ний Лазер мед эмнэлгийн цээжний хөндийн КТГ шинжилгээнд: Өвчүү ясны их бие хэсгээр зөрөөгүй хугаралтай, хавирга, эгэм, дал, сээрний нугалмуудад хугарал гэмтлийн өөрчлөлтгүй...зүрх голтын эрхтнүүдийн байрлал хэлбэр хэмжээ хэвийн, өрцний байрлал хэвийн, гадаргуу жигд...ДҮГНЭЛТ

1. Ц.З..............рийн биед өвчүү ясны хугарал, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 149-150 дахь тал),

 

 - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4270, 4271, 4276, 4278 дугаартай дүгнэлтүүдэд: “...Н.С.......хийн биед цээж, хэвлийд цус хуралт,... Х.Н.............нгийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал,...  З.А............угийн биед хамар ясны хугарал, хамрын үзүүр, дээд уруул, зүүн шуунд зулгаралт, зүүн шуунд цус хуралт,... З.И............ний биед баруун чихний дэлбэнд няцарсан шарх, хүзүү, цээж, баруун, зүүн өвдгөнд цус хуралт... гэмтэл тогтоогдлоо. 2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт (хавтаст хэргийн 108-109, 121-122, 139-140, 142-143 дахь тал),

 

- “Хас Үнэлгээ” ХХК-ний Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 618 дугаартай тайланд: “...Toyota Lexus RX-450 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ...55.500.000 төгрөг, Үйлдвэрлэсэн он 2010...орж ирсэн он: 2021-нд ...Эзэмшигчийн нэр Б.Д..............н...тээврийн хэрэгсэлд шууд зардал...24.679.000 төгрөг, шууд бус зардал...160.000 төгрөг...нийт 27.039.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 99-100 дахь тал),

 

-Хас Үнэлгээ ХХК-ний 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн автомашины техникийн үнэлгээний тайланд: “...Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ...13.000.000 төгрөг, Үйлдвэрлэсэн он 2008...орж ирсэн он: 2018 -нд, ...Эзэмшигчийн нэр Э.Мөнхцэцэг...тээврийн хэрэгсэлд шууд зардал...3,878.000 төгрөг, шууд бус зардал...100.000 төгрөг...нийт 4.898,000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 92-93 дахь тал),

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б...........нд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр намайг С.......хбаатар аймаг Баруун-урт суманд гэртээ байхад ...17:00 цагийн үед миний охин Содболор над руу залгаад ‘эгч С...........л хүүхэдтэйгээ Дархан-Уул аймаг руу явж байгаад замдаа осолд ороод охин Н........н нь нас барсан байна гэж хэлэхээр нь маргааш өглөө нь 06:00 цагийн шугамын унаанд суугаад өдөр 14:00 цагийн үед Улаанбаатар хотод ирээд шууд гэмтлийн эмнэлэгт очиход манай дүү нар ирчихсэн охин С...........л хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн үед Н........нг нас барсан гэдгийг хэлээгүй намайг хүлээгээд байсан байна лээ би охинтойгоо уулзахдаа хэлсэн...Миний зүгээс энэ ослоос болж зээ охиноо алдсандаа маш их харамсаж байна. Оршуулгын болон бусад байдлаар нэхэмжлэх зардал баримт байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

 

- Шүүгдэгч Б.С...........лийн мөрдөн байцаалтад өгсөн: “....Хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулж байгаа. Цаашид хохирлыг бүрэн төлж барагдуулна. Би ийм зам тээврийн осол гаргасандаа маш их харамсаж байна. Миний буруутай үйлдлийн улмаас ийм асуудал болсон болохоор цаашид бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 181 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.С...........л нь болгоомжгүйгээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэснийг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа зүүрмэглэсний улмаас эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй замд урсгал сөрж, тухайн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцож байсан Б.Д..............ний жолоодон явсан тээврийн хэрэгслийн урд хэсгийг мөргөж зорчигч Ц.З..............рийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан, өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигчийн амь нас хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.С...........л замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь хохирогч Ц.З..............рт хүндэвтэр гэмтэл учруулан, Ц.Н........ний амь нас хохироосон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. Энэхүү нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

1.5. Хохирол, хор уршиг

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас Ц.Н........ний амь нас хохирч, Ц.З..............рийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, иргэний нэхэмжлэгч Б.Д..............н нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг оношилгоод оруулахад 120.000 төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн үнэлгээ гаргуулахад 1.000.000 төгрөг,  тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээнд 121.500 төгрөг, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байсны төлбөрт 300.000 төгрөг, өөрийн болон нөхөр Ц.З..............р, хүүхэд З.Есүй, З.А............у, З.И............н нарт гэмтэл учирсан эсэх талаар тодорхойлуулахаар компьютер томографын шинжилгээнд 600.000 төгрөг, хүндэвтэр болон хөнгөн гэмтэл авсан гэр бүлийн гишүүдийн эм тарианы зардалд 174.670 төгрөг буюу нийт 2.316.170 төгрөг зарцуулж (хавтаст хэргийн 52-36 дахь тал), Toyota Lexus RX 450 маркийн 90-24УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 27.039.000 төгрөгийн эвдрэл гэмтэл (хавтаст хэргийн 99-105), иргэний нэхэмжлэгч Т.Б............н нь Э.Мөнхцэцэгийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг оношилгоод оруулахад 90.500 төгрөг (хавтаст хэргийн 96 дэх тал), тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн үнэлгээ гаргуулахад 238.000 төгрөг (хавтаст хэргийн 91 дэх тал) зарцуулж, Toyota Prius NHW 20 маркийн 90-........ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 4.898.000 төгрөгийн эвдрэл гэмтэл (хавтаст хэргийн 92-95) тус тус учирчээ.

 

Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч Б.Д..............нд 29.355.170 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Т.Б............нд 5.226.500 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна. 

Үүнээс “Тэнгэр” даатгалын жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын сангаас даатгалын нөхөн төлбөрт Б.Д..............нд 2.500.000 төгрөг, Б.Б............нд 2.500.000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Б.С...........л нь хохирогч Ц.З..............р, иргэний нэхэмжлэгч Б.Д..............н нарт 10.861.170 төгрөгийг төлж барагдуулжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа ...учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан байна.

 

Иймд шүүгдэгч Б.С...........лээс иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлоос үлдэх хохирол болох 18.726.500 төгрөгийг 1 жил 6 сарын хугацаанд гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Д..............нд 16.000.000 төгрөг, Б.Б............нд 2.726.500 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна. Тодруулбал шүүгдэгч Б.С...........л нь иргэний нэхэмжлэгч Б.Д..............нд учирсан хохирол, хор уршгийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулах талаар оролцогч нар харилцан тохиролцсон байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...иргэний нэхэмжлэгч Б.Б............н нь Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.14 дэх хэсэгт заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.”-ыг зөрчсөн тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд заасны дагуу гэм хорын хэмжээг багасгаж өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Тодруулбал Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь шүүгдэгч Б.С...........лийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буй болсон тул гэм хорын хэмжээг багасгах боломжгүй. Нөгөөтээгүүр иргэний нэхэмжлэгч Б.Б............ны хэтэрхий болгоомжгүй үйлдэл тухайн зам тээврийн гэмт хэрэг гарахад нөлөөлгүй буюу хүндэвтэр гэмтэл, хүний амь нас хохироход хүргээгүй болно.  

 

Мөн энэ гэмт хэргийн улмаас Ц.Н........ний амь нас хохирч түүний хууль ёсны төлөөлөгчөөр эмэг эх буюу шүүгдэгчийн эх Д.Б...........нд тогтоогдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдолгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.С...........л нь Дархан-Уул аймгийн Дархан сумын “Од” цогцолбор сургуульд бага боловсролын багшаар ажилладаг, сарын дундаж цалин хөлс нь 1.005.130 төгрөг болохыг тус сургуулийн захирал тодорхойлсон (хавтаст хэргийн 250 дахь тал), тэрээр Дархан-Уул аймагт 700м2 газар,  56м2 байшингийн хамт өмчилдөг  (хавтаст хэргийн 248, 249 дэх тал) болохоо нотолж хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.С...........лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг...”

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэргэлцэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.С...........л нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн 170 дахь талд авагдсан баримтаар тогтоогдохын зэрэгцээ, тэрээр хохирол хор уршгийн зарим хэсгийг төлсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, иргэний нэхэмжлэгч Б.Д..............н нь түүний төлсөн хохирол хор уршгийн талаар мэтгэлцээгүй болно.

Тиймээс дээрх баримтад үндэслэн шүүгдэгч Б.С...........лийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...бусад туслалцаа үзүүлсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангасанд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. болно.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 167, 169 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 218, 220 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 219 дэх тал), зэрэг нотлох баримтуудаар тогтоов.

 

Иймд шүүгдэгч Б.С...........лд шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн зарим хэсгийг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзахын сацуу, тэрээр багш ажилтай, түүний гэр бүлийн гишүүд Улаанбаатар, С.......хбаатар аймагт амьдардаг зэрэг нөхцөл байдлыг үндэслэн улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг өөрчлөн түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Тодруулбал шүүгдэгч Б.С...........л нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас тухайн гэмт хэрэг гарч, өөрийн хүүхдийн амь насыг хохироосон тул Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулах шаардлагагүй гэж үзэн  зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс сонгож оногдуулав.

 

Түүнчлэн шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбогдуулан эрүүгийн хариуцлагын зорилго болох хохирлыг нөхөн төлүүлэх үүднээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хохирол төлөгдөж дуусах хүртэл буюу 1 жил 6 сарын хугацаанд авах нь зүйтэй гэж үзэв.

 

Харин шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг... хүлээлгэх...” –р тогтоов.

Шүүгдэгч Б.С...........л нь Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй...”, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүхээс хүлээлгэн үүргийг биелүүлээгүй...” бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулах нь зүйтэй байна. 

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2203 0014 20225 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч Б.С...........л нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын 223424 дугаартай жолоочийн үнэмлэхтэй болох нь жолоочийн лавлагаа, мэдээллээр тогтоогдож байгаа тул энэ талаар Дархан-Уул аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зээрднүүд овогт Бат-Өлзийн С...........лийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С...........лийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С...........лд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.С...........лд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг хохирол төлөгдөж дуусах хүртэл хугацаагаар хүлээлгэсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С...........л нь зорчих эрхийг хязгаарлах ял болон шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С...........л оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч Б.С...........л нь жолоодох эрхийн 223424 дугаартай жолоочийн үнэмлэх ашиглаж байсан боловч дээрх үнэмлэх хэрэгт ирээгүйг тэмдэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулсан талаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С...........лээс  1  (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаанд 18.726.500 (арван найман сая долоон зуун хорин зургаан мянга таван зуун) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Д..............нд 16.000.000 (арван зургаан сая) төгрөг, Б.Б............нд 2.726.500 (хоёр сая долоон зуун хорин зургаан мянга таван зуун) төгрөг тус тус олгосугай.

 

9. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч Ц.З..............р, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б...........нд нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй

 

11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ