Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/629

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ, шүүгдэгч М.Н-, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л овогт М-ийн Н-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2210000000893 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шангрилла молл их дэлгүүрт худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 4, урьд:

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 943 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Л овогт М-ийн Н,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Н- нь 2022 оны 06 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах “П-” амралтын газарт согтуугаар иргэн Д.М-тай маргалдан, түүнийг буйдан дээр түлхэж унагаан нүүрэн хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нүүрний баруун ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, баруун дээд зовхи, баруун зовхины гадна булан, баруун хацарт шарх, хоёр зовхи, баруун хацар, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч М.Н-: “...Тухайн өдөр би амарч байсан учраас Галбадрах гээд найзтайгаа уулзъя гэхэд ахтайгаа байна гэхээр нь үсчний газар байхад очиж уулзсан. Тэгээд бид хоол идэж байхад Билгүүнээ гээд ах нь салхинд гаръя, хүнтэй уулзъя гэсэн. Хэнтэй уулзах гэж байгааг нь мэдээгүй. Яармагийн тийшээ миний мэдэхгүй амралтын газар очиход тэнд эмэгтэй хүмүүс байсан. Тухайн хүмүүс нь надаас эгч хүмүүс байсан. Амралтын газар очоод хөзөр тоглосон, би хөзөр тоглож мэдэхгүй болохоор гадаа тоглоомын талбайд сагс тоглож байгаад орой ирэхэд тэд нар архи согтууруулах ундаа ууж байсан, би суугаад хамт уусан. Тэгэхэд эсрэг талын байшингаас 15-16 орчим эрэгтэй хүмүүс архи бариад хамт сууя гээд хүрээд ирсэн. Тэгээд хэсэг сууж байхад найз Галбадрах Билгүүнээ гээд ахтайгаа хамт байшин руу ороод би ганцаараа үлдээд араас нь орсон. Тухайн эмэгтэйчүүд ууж байгаад нөгөө хүмүүсийн байшин руу нь орсон, тэгээд эргээд шөнө орж ирсэн. Шөнө орж ирээд юм шидээд агсан тавиад хоорондоо муудалцсан. Бид нарын байшин хоёр давхар байшин байсан ба доод давхар руу агсан тавиад байсан эрэгтэй, нэг найзтайгаа буусан. Тэгэхэд нөгөө байшингаас эрэгтэй хүмүүс орж ирээд дуудаад байсан. Би өглөө эрт ажилтай, эрт явах байсан учраас гарчих, тэгэх үү гэж хэлээд хаалга хаах гэхэд намайг цохих шиг болсон. Тэгээд харахад над руу лаазтай пиво шидсэн байсан. Тэгээд яагаад пиво шидэж байгаа юм гэхэд өөдөөс шууд цохиод, ширээн дээр байсан юм шидсэн, хажууд нэг найз нь байсан. Би дээд давхар руу гарч найзыгаа дуудъя гэхээр миний араас юм шидэх юм шиг санагдаад байсан. Миний уур нэлээд хүрсэн, тэгээд алгадах шиг болоод цохихоор нь найзыгаа сэрээгээд доор агсан тавиад байна гэж хэлсэн. Бууж ирэхэд хохирогчоос цус гарсан байсан. Тэгээд цагдаа дуудна гэхээр нь уучлаарай гээд уучлалт гуйсан, тэгээд цагдаагаараа явна гэж хэлсэн. Би маргааш нь утас руу нь залгахад утсаа аваагүй, дараа нь надаас 5.000.000 төгрөг нэхэхээр нь тийм их мөнгө байхгүй учир өгч чадахгүй, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хохирол төлбөрийг төлнө гэж хэлсэн. Наадмын үед мөнгө өгөх гээд залгасан утсаа аваагүй, чат бичихэд хариу өгөөгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Д.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Би Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо, П- амралтын газар 2022 оны 06 дугаар сарын 28-ны шөнө ...гадаа ууж байгаад түрээсэлж авсан байшин руу ороход нэг давхарт ямар ч хүмүүс байгаагүй, хоёр давхарт гарахад намайг цохисон залуу болох Н- шалан дээр хэвтэж байхаар нь би босооч ээ гэж хэлээд Энхтуяа болон түүнтэй хамт хэвтэж байсан залууд нэгнийгээ яагаад газар хэвтүүлсэн юм бэ гээд хэлчхээд 1 давхар pyy буухад Энхтуяа, Н- хоёр араас бууж ирсэн. Н- нь хүрч ирээд намайг унтуулж амраасангүй гэж хэлээд надтай хэрүүл хийгээд намайг цохих гээд байхаар нь би зүгээр байгаач гэж хэлсэн, тэгээд баруун гараараа миний цээж хэсэгт түлхэхэд би буйдан дээр унасан, дээрээс цохих гэхээр нь би хөл рүү нь хоёр хөлөөрөө өшиглөсөн. Зүүн гараа атгаж байгаад миний баруун хацар хэсэгт  нэг удаа цохисон удалгүй баруун хацар хэсгээс цус гараад эхэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн ...” /хавтас хэргийн 10-12 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Д.Галбадрах мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ “...Билгүүнээ ах, Н- бид гурав байшингийн 2 давхарт гараад суусан. Билгүүнээ ах утсаараа тоглож байгаад унтаад өгсөн. Би хажуу талын орон дээр унтсан. Нэг мэдсэн сэрээрэй гээд Н- намайг болон Билгүүнээ ахыг дуудахаар нь доошоо буухад нөгөө хоёроо бодвол арай өндөр эмэгтэй нь баруун талын хацраа гараараа дарчихсан, Билгүүнээ ахад хандан танай дүү чинь намайг цохичихлоо гэж хэлсэн, удалгүй цагдаа хүрч ирээд золдуулсан эмэгтэй, Н- хоёрыг аваад явсан...” /хавтас хэргийн 17 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч М.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ...амралтын газарт Билгүүн ах, найз Галбадрах, Билгүүн ахын найзууд гэх гурван эмэгтэйн хамт очиж амарч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ...М- нь орж ирээд ээ пиздануудаа сэрээч, бос гэж орилоод Анужинг босооч гээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Энхмааг М- дагуулаад бид хоёр нэг давхарт унтлаа гээд Чука юм яриад хэрэлдээд чимээ их гаргаад байхаар нь би буугаад харахад манай эсрэг талын байшинд амарч байгаа хүмүүсийн нэг залуу байсан, би тухайн залууд хандан бид нар амармаар байна, одоо явчих гэж хэлээд байшингаас гарахаар нь би хаалга хаахаар явахад Анужин М- нар хоёр хоорондоо хэрэлдээд байсан, би хаалга хаагаад эргээд хартал баруун талын шанаа хэсэг рүү юмаар цохих шиг болохоор нь харахад пивоны лааз газар унасан байхаар нь би яаж байгаа юм бэ гээд М- дээр очиход М- намайг яадаг юм гээд зүүн гараараа миний баруун талын шанаа хэсэгт алгадаад дахиж цохих гээд дайраад байхаар нь би хоёр гарыг нь бариад буйдан дээр түлхэж унагаагаад үйлдлийг нь хориглоод зогсож байхад миний эмзэг эрхтэн рүү өвдөглөхөөр нь миний уур хүрээд зүүн гараа атгаж байгаад М-ы зүүн талын хацар хэсэгт нь нэг удаа цохисон, тэгэхэд нүүрээ дараад буйдан дээр хэвтэхээр нь би дээшээ гарч Галбадрах, Билгүүн хоёрыг дуудаж М- чинь агсам тавиад намайг аллаа гэж хэлээд дагуулаад доош буухад М- ариун цэврийн өрөөний толинд нүүрээ харчихсан зогсож байсан, тэгснээ М- намайг чи миний нүүрийг ийм болголоо, цагдаа дуудна гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа хүрч ирээд М- бид хоёрыг цагдаа руу аваад явсан...” /хавтас хэргийн 34-35 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №9352 дугаартай дүгнэлтэд: “...1. Д.М-ы биед баруун ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, баруун дээд зовхи, баруун зовхины гадна булан, баруун хацарт шарх, хоёр зовхи, баруун хацар, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх шарх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” /хавтас 21-22 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

-  Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 3 дахь тал/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 4-7 дахь тал/,

- Шүүгдэгч М.Н-ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 55 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтас хэргийн 56 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтас хэргийн 57 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 37 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 41-49 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч М.Н- нь 2022 оны 06 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах “П-” амралтын газарт согтуугаар иргэн Д.М-тай маргалдаж, улмаар түүнийг буйдан дээр түлхэж унагаад нүүрэнд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, баруун дээд зовхи, баруун зовхины гадна булан, баруун хацарт шарх, хоёр зовхи, баруун хацар, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.М-ы “...Би амралтын газар 2022 оны 06 дугаар сарын 28-ны шөнө ...гадаа ууж байгаад түрээсэлж авсан байшин руу ороход нэг давхарт ямар ч хүн байгаагүй, хоёр давхарт гарахад намайг цохисон залуу болох Н- шалан дээр хэвтэж байсан, би босооч ээ гэж хэлээд Энхтуяа болон түүнтэй хамт хэвтэж байсан залууд нэгнийгээ яагаад газар хэвтүүлсэн юм бэ гэж хэлээд 1 давхар pyy буухад Энхтуяа, Н- хоёр араас бууж ирсэн. Н- нь хүрч ирээд намайг унтуулж амраасангүй гээд надтай хэрүүл хийгээд намайг цохих гээд байхаар нь би зүгээр байгаач гэж хэлсэн, тэгээд баруун гараараа миний цээж хэсэгт түлхэхэд би буйдан дээр унасан, дээрээс цохих гэхээр нь би хөл рүү нь хоёр хөлөөрөө өшиглөсөн. Зүүн гараа атгаж байгаад миний баруун хацар хэсэгт  нэг удаа цохисон, удалгүй баруун хацар хэсгээс цус гараад эхэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн ...” /хавтас хэргийн 10-12 дахь тал/ гэсэн, гэрч Д.Галбадрахын “...Билгүүнээ ах, Н- бид гурав байшингийн 2 давхарт суусан, Билгүүнээ ах утсаараа тоглож байгаад унтчихсан. Би хажуугийн орон дээр нь унтчихсан. Нэг мэдсэн Н- сэрээрэй гээд Билгүүнээ ах бид хоёрыг дуудаад бид гурав нэг давхар руу доош буухад нөгөө өндөр эмэгтэй нь баруун талын хацраа гараараа дарчихсан байсан, тэгээд Билгүүнээ ахад танай дүү чинь намайг цохичихлоо гэж хэлсэн, удалгүй цагдаа хүрч ирээд золдуулсан эмэгтэй, Н- хоёрыг аваад явсан...” /хавтас хэргийн 17 дахь тал/ гэсэн, шүүгдэгч М.Н-ийн “...2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ...М- нь орж ирээд ээ ...сэрээч, бос гэж орилоод Анужинг босооч гээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Энхмааг М- дагуулаад бид хоёр нэг давхарт унтлаа гэхэд М- юм яриад хэрэлдээд чимээ их гаргаад байхаар нь би буугаад харахад манай эсрэг талын байшинд амарч байгаа хүмүүсийн нэг залуу байсан. Би тухайн залууд хандан бид нар амармаар байна одоо явчих гэж хэлээд байшингаас гарахаар нь би хаалга хаахаар явахад Анужин М- нар хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Би хаалга хаагаад эргээд харахад миний баруун талын шанаа хэсэгт юмаар цохих шиг болохоор нь харахад пивоны лааз газар унасан, би яаж байгаа юм бэ гээд М- дээр очиход М- намайг яадаг юм гээд зүүн гараараа миний баруун талын шанаа хэсэгт алгадаад дахиж цохих гээд дайраад байхаар нь би хоёр гарыг нь барьж аваад буйдан дээр түлхэж унагаагаад үйлдлийг нь хориглоод зогсож байхад миний эмзэг эрхтэн рүү өвдөглөхөөр нь миний уур хүрээд зүүн гараа атгаж байгаад М-ы зүүн талын хацар хэсэгт нь нэг удаа цохисон, тэгэхэд нүүрээ дараад буйдан дээр хэвтчихсэн. ...М- ариун цэврийн өрөөний толинд нүүрээ харчихсан зогсож байснаа намайг чи миний нүүрийг ийм болголоо, цагдаа дуудна гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн...” /хавтас хэргийн 34-35 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №9352 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Д.М-ы биед баруун ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, баруун дээд зовхи, баруун зовхины гадна булан, баруун хацарт шарх, хоёр зовхи, баруун хацар, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас 21-22 дэх тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Д.М-ы эрүүл мэндэд учирсан “...биед баруун ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, баруун дээд зовхи, баруун зовхины гадна булан, баруун хацарт шарх, хоёр зовхи, баруун хацар, зүүн гуянд цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч М.Н-ийн түүний нүүр рүү цохисон идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Н-ийн хохирогч Д.М-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч М.Н- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-ы биед баруун ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, баруун дээд зовхи, баруун зовхины гадна булан, баруун хацарт шарх, хоёр зовхи, баруун хацар, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч хэрэгт болон шүүхэд энэ талаар баримт гаргаж  ирүүлээгүй тул хохирогч Д.М- гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2210000000893 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Н-эд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л овогт М-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ийн Н-ийг 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Н-эд оногдуулсан 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210000000893 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Н-эд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,  хохирогч Д.М- гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Н-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР