| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/0769/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1077 |
| Огноо | 2022-09-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2022 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1077
2022 09 02 2022/ШЦТ/1077
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Б.Чинзориг,
иргэний хариуцагч С.О...............л
шүүгдэгч М.М...............л, түүний өмгөөлөгч Х.Даваахүү (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 0058), П.Алтанчимэг (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 0185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2203 0005 50207 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Хиад боржигин овогт М..............ны М...............л, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 1999 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, 23 настай, дээд боловсролтой, .............................
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч М.М...............л нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны замд “Toyota Allion” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 12.3 дахь заалт “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Э.........лдыг дайрч түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Улмаар мөн дүрмийн 3.5 дахь заалт зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага ажилтанд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, гэсэн заалтуудыг зөрчин хэргийн газрыг зориуд орхин зугтаасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоогдсон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Хохирогч Ц.Э.........лд нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн орчим найз П.М.........лтай Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Цамбагарав худалдааны төвийн орчим байрлах “Оранж” кафе пабад уулзан тэндээ 1 шил 0.75 граммын “Хараа” архи хувааж уун 21 цагийн орчим гэртээ харихаар салцгаасан байна. Ийнхүү Ц.Э.........лд нь хүнд зэргийн согтолттой Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо Хайрханы 13 дугаар гудамжны 88 тоот гэртээ харихаар тээврийн хэрэгсэлд сууж яваад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүн салааны “Улаан дэлгүүр” гэх газар буугаад эсрэг хөдөлгөөнтэй тусгаарлах зурвасгүй замын зорчих хэсгийн голд тээврийн хэрэгсэлд ар талаасаа мөргүүлж, биедээ баруун талын сүүжний дэлбээ, ууц сүүжний үе дайрсан зөрүүтэй бяцарсан нийлмэл хугарал, баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирга, зүүн 3, 4-р хавирганы хугарал, баруун уушгины дээд, доод дэлбэнгийн няцрал, баруун дээд, доод 2-р шүдний сулрал, эмтрэл, духанд шарх, хацар, ташаа, нуруу, сарвуунд зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл авсан нөхцөл байдал тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан нөхцөл байдал тогтоогдсон болно. Тухайлбал
- Гэрч П.М.........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Э.........лд автобус унаа зогсохоос өмнө харилаа гэж хэлээд салж явсан. Тэгээд намайг гэртээ байж байхад 00 цагийн үед Ц.Э.........лдын эхнэр над руу залгаад Ц.Э.........лд яасан бол гэртээ ирээгүй байна гэхээр нь 21 цагийн үед гэртээ харина гээд салаад явсан гэж хэлсэн. Тэрнээс хойш 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эхнэр нь нар руу залгаад урд шөнө гэртээ харих гэж яваад машинд мөргүүлчихсэн гэмтлийн эмнэлэгт байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал),
- ТЦА, Мөрдөн шалгах газар, ТЦА, МШГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын РСNA10875727 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн: 80118447, ...Дуудлага хүлээн авсан: 2022.01.02 23:07:11, ...Дуудлагын утга: ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл хүн мөргөсөн байна...” гэх баримт (хавтаст хэргийн 3 дахь тал),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Зам тээврийн осол хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны замын ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлийн замд үйлдэгдсэн... Ослын газрын зам орчны байдал нь асфальт, шулуун тэгш, халтиргаатай, суурины доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй боловч бүдэг, цаг агаарын нөхцөл байдал тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй тусгаарлах зурвасгүй, 2 эгнээтэй, явган хүний замтай, хашлагатай хайсгүй байлаа. ...ослын газарт байсан Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагч нараар осол үйлдэгдсэн цэгийг заалгаж, зам дээр үүссэн цус мэт хүрэн өнгийн шингэн зүйл гоожиж хөлдсөн хэсгийг үндэслэн осол үйлдэгдсэн “А” цэгийг тогтоож, үл хөдлөх “В” цэгээр замын зүүн талд зам дагуу байрлах 23-2 тоот хашааг тогтоов...” гэх баримт (хавтаст хэргийн 06-07 дахь тал),
- Гэрч Г.Г..............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эсрэг урсгалтай 2 эгнээтэй замын гол хэсэгт замын голд замаа дагасан байрлалтай хар бараан зүйл харагдахаар нь дөхөж очоод зогсоод харахад 40-45 орчим настай эрэгтэй хүн доошоо харсан байрлалтай толгойны хэсгээс цус гарсан байдалтай ухаангүй хэвтэж ...байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал),
- Хохирогч Ц.Э.........лдын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны...22 цагийн үед...Саппорогийн автобусны буудал дээр автобус хүлээгээд ирэхгүй болохоор нь алхсаар Драгон төвийн баруун талын хуучин автобусны буудал дээрээс зүүн салаа улаан дэлгүүр хүртэл явна гэхээр нь Toyota Prius 20 маркийн автомашинд сууж 2000 төгрөг өгсөн.... автобусны буудал дээр буугаад утсаараа хүүхэд рүүгээ залгаад аав нь Улаан дэлгүүр дээр буучихлаа одоо очлоо гэж хэлээд куртикнийхээ малгайг өмсөөд замын ертөнцийн зүгээр баруун талаар буугаад зогсож байхад тус хийх чимээ гараад саваад ойчиж байгаа юм шиг мэдрэмж төрөөд хэсэг хугацаанд юм санахгүй байж байгаад сэргэхэд зам дээр хэвтэж байсан... Би Улаан дэлгүүрийн буудал дээр буугаад удаагүй зам хөндлөн баруун тийшээ гараад явж байснаа санаж байгаа. Харин явган хүний замаар эсвэл автомашины замаар явж байсан эсэхээ санахгүй байна. Тэгээд алхаад явж байхад удаагүй л машинаар мөргүүлсэн. Миний баруун талын хөл ташаа орчим мөргөсөн байх гэж бодож байна. Миний гэмтлээс тийм байх гэж бодсон... ямар машин мөргөснийг нь хараагүй ээ харин жолооч залуу нь бололтой 20 орчим насны залуу хальт машины гэрэлд харагдсан тэр залуу дахиад харвал танихгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 558 дугаартай дүгнэлтэд: “...1. 2. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Э.........лд 1/3 гэж хаягласан цусанд 2,8 промилли спирт илэрсэн. Цусан дахь 2.8 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 63-64 дэх тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 304 дүгээр дүгнэлтэд: “...1. Шинжилгээнд ирүүлсэн куртикэнд 22х12мм, 33х15мм, 30х29мм, комбинезонд 5мм, 8мм, 12мм хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн куртик, комбинезонд үүссэн дээрх гэмтлүүд нь хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчилсний улмаас үүссэн шинэ халцралдуут байна... 3. Шинжилгээнд ирүүлсэн комбинезоны ар талд 32.5х13см хэмжээтэй талбайд тээврийн хэрэгслийн дугуйн мөр үүссэн байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 81-82, 83-86 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1393 дугаар дүгнэлт: “... 1. Ц.Э.........лдын биед баруун талын сүүжний дэлбээ, ууц сүүжний үе дайрсан зөрөөтэй бяцарсан нийлмэл хугарал, баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирга, зүүн 3, 4-р хавирганы хугарал, баруун уушгины дээд, доод дэлбэнгийн няцрал, баруун дээд, доод 2-р шүд сулрал, эмтрэл, духанд шарх, хацар, ташаа, нуруу, сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68-69 дэх тал) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт дүрслэгдэж байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдэгджээ.
Харин улсын яллагчаас шүүгдэгч М.М...............лыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулахаар
- ТЦА, Мөрдөн шалгах газар, ТЦА, МШГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын РСNA10875727 дугаар хуудаст: “...Дуудлагын утга: ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл хүн мөргөсөн байна...” гэх баримт (хавтаст хэргийн 3 дахь тал),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Осол гаргасан М.М...............лын хэлсэн “би ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлээр явж байгаад энд зам дээр хүн хэвтэж байсныг мэдээгүй зүүн талын дугуйгаараа дайраад гарсан гэж “А” цэг байрлуулсан хэсгийг заасныг үзлэгийн тэмдэглэлээр тусгав. ...ослын газарт байсан Toyota Allion маркийн ......... улсын дугаартай автомашины гадаа хэсэгт үзлэгийн явуулахад урд буферийн зүүн урд их гэрлийн доод хэсэгт будаг ховхорч цуурсан, зүүн урд доор хэсэгт дотогшоо хумигдсан хагарсан байх ба жолооч уг эвдрэлийг зааж “автомашины энэ хэсгээр мөргөсөн” гэснийг тэмдэглэв...” гэх баримт (хавтаст хэргийн 06-07 дахь тал),
- Хохирогч Ц.Э.........лдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэсэг хугацаанд юм санахгүй байж байгаад сэргэхэд зам дээр хэвтэж байсан. 20 хүрээгүй гэмээр шар царайтай залуу би хүн мөргөчихлөө гээд хэлээд байсан нь санагдаж байсан. ...жолооч залуу нь бололтой 20 орчим насны залуу хальт машины гэрэлд харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
- Гэрч Г.Г..............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт ачит-114 чиглэлд 24 цагийн машинт эргүүлийн үүрэг гүйцэтгээд дуудлага хүлээн авч хаягаар нь оччихоод дараагийн дуудлага руугаа Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо Зүүн салааны микроны эцсийн буудлаас ертөнцийн зүгээр урагшаа чиглэлд явж байхад эсрэг урсгалтай 2 эгнээтэй замын гол хэсэгт замын голд замаа дагасан байрлалтай хар бараан зүйл харагдсан. Дөхөж очоод зогсоод харахад 40-45 орчим настай эрэгтэй хүн доошоо харсан байрлалтай толгойны хэсгээс цус гарсан байдалтай ухаангүй хэвтэж байхаар нь зам тээврийн осолд орсон хүн байна гэж бодоод өөрийн 8011...47 дугаарын утаснаас 102 руу залгаж дуудлага өгчхөөд хэргийн газрыг хамгаалаад зогсож байсан. Тэгтэл удаагүй 5-10 минутын дараа 15-16 орчим насны хоёр, эрэгтэй хүүхэд гүйж ирээд наад хүнийг чинь саарал өнгийн суудлын Allion маркийн автомашин мөргөчхөөд ертөнцийн зүгээр хойшоогоо зугтаагаад явчихлаа улсын дугаар нь 92-88 гээд арын серийн харж чадаагүй гэж хэлээд зогсож байхад ертөнцийн зүгээр хойноос саарал өнгийн ......... улсын дугаартай Toyota Allion маркийн суудлын автомашин миний машины ард ирээд зогсохоор нь очих гэхэд тэр хоёр хүүхэд машиныг хараад наад машин чинь мөн байна гэж хэлэхээр нь тэр машин руу очиход 20-25 орчим насны залуу ганцаараа явж байсан. Би түүнд чи яагаад осол гаргачхаад ослын газраас хөдөлсөн юм бэ гэж асуухад би айсандаа хөдлөөд явсан гэж надад хэлэхээр нь чи энэ хүнийг машиныхаа аль хэсгээр мөргөсөн юм бэ гэхэд зүүн талын урд буферийн доод хэсгээр мөргөсөн гэж хэлэхээр нь заасан хэсгийг нь харахад урд буферийн зүүн урд доод хэсэг дотогшоо хумигдаж эвдэрсэн байсан. Тэгэхээр нь тэр залуугийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх зэргийг аваад байж байхад удаагүй замын цагдаа ирэхээр нь бичиг баримтыг хүлээлгэн өгч болсон асуудлын талаар товч мэдээллийг хэлээд цааш дараагийн дуудлагадаа явсан... Би тухайн үед хоёр хүүхдийн регистр, утасны дугаарыг таблет дээрээ тэмдэглэж авсан боловч багтаамжаас болоод устсан байна. Одоо тэр хоёр хүүхдийн талаар ямар нэг мэдээлэл алга. Гэхдээ сүүлд ирсэн замын цагдаад тэр хоёр хүүхдийг хүлээлгэж өгөөд энэ хоёр хүүхэд ослыг харсан гээд захиж хэлээд үлдээсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал)
- Гэрч Б.Т...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагт Цамба-15 чиглэлд автомашинтай үүрэг гүйцэтгэж ажилласан...Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн авто эргүүлийн автомашин ирчихсэн машинд мөргүүлсэн хүнийг түргэний автомашинаар гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан... ослын газарт байгаагүй ба осол гарсан гэх газарт саарал өнгийн суудлын автомашин зогсож байсан. Ослын газар байсан цагдаа наад машин чинь осол гаргачхаад ослын газраас яваад буцаад ирсэн гэж хэлчхээд дуудлага гарчихлаа гээд явах үед жижүүрийн бүрэлдэхүүн ирж би дараагийн дуудлагадаа явсан. Би осол гарсан гэх автомашины жолооч 20 орчим насны залуутай уулзаж ярилцахад би шуудайтай хог гэж бодсон, тэгээд дайрч явчхаад юу байсан юм бол гэж бодоод буцаад ирэхэд хүн байсан байна гэж хэлсэн. Тухайн үед намайг автомашины эргэн тойрон явж шалгахад машины зүүн урд буферийн доод хэсэгт хагараад дотогшоо хумигдчихсан байсан...Намайг яваад очиход Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн автомашины хажууд хоёр хүүхэд зогсож байсан тэр хүүхдүүдийг цагдаа нар өөр асуудлаар шалгаж байгаа юм байх гэж бодсон. Тухайн үед надад ослыг харсан хүүхдүүд гэж хүлээлгэж өгөөгүй, би ослын газар очиж ойр орчмыг харуулсан гэрэл зураг аваад зогсож байхад эргүүлийн машин хөдлөөд явсан. Би ослын газарт ямар ч хүний талаар мэдээлэл бүртгэж аваагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал)
- Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 999196 дугаартай дүгнэлт
...1. Toyota Allion маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна.
2. Урд оврын гэрэл баруун, зүүн тал асахгүй, улсын дугаарын гэрэл баруун тал асахгүй, урд буфер зүүн доод хэсэгтээ хагарсан, мөн дээд хэсэгтээ будаг нь халцарч, зурагдсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.
3. Уг тээврийн хэрэгслийн зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 7500 cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 4300 cd, байгаа нь осол гарахад нөлөөлөх боломжтой.
4. Дээрх урд буфер зүүн доод хэсэгтээ хагарсан эвдрэл нь тухайн ослын үед үүссэн шинэ эвдрэл гэмтэл байна. Урд оврын гэрэл баруун, зүүн тал асахгүй, улсын дугаарын гэрэл баруун тал асахгүй, эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна.
5. Уг тээврийн хэрэгсэл нь энгийн шингэн дамжуулгатай цахилгаан ABS тоормосны системтэй. Тоормосны системийн ажиллагаа хэвийн, стандартын шаардлага хангаж байна.
6. Тоормосны систем нь хийн, хий-шингэн дамжуулгатай, ABS бол дээрх тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд дээрх тоормосны мөр зам дээр үүснэ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 73-76 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 304, 1393 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 81-82, 83-86, 68-69 дэх тал), шинжээч эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлэг (хавтаст хэргийн 141-142 дахь тал), Техникийн шинжээчийн 2022 оны 03/09 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 137-138 дахь тал), мөрдөгчийн 2022 оны 318 дугаар магадалгаа (хавтаст хэргийн 133-134 дэх тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
1.3.Эрх зүйн дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгч М.М...............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар дээрх нотлох баримтыг шинжлэн судлах боловч тухайн нотлох баримтаар түүнийг гэм буруутайд тооцох боломжгүй гэж үзэв.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа ...энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж тодорхой заажээ. Тодруулбал эрүүгийн 2203 0005 50207 дугаар хэрэгт;
1. 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл үйлдэж, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлыг хавтаст хэргийн 6-9 дэх талд тус тус бэхжүүлсэн байх боловч тухайн баримтат мэдээлэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон, байлцсан хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна.”-ыг зөрчсөн.
Нөгөө талаар хэргийн хохирогч гэх Ц.Э.........лд нь тухайн цаг хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвд түргэн тусламжийн машинаар хүргэгдэж очсон байхад түүгээр хэзээ хаана ямар байдлаар хэмжилтийн бүдүүвчид гарын үсэг зуруулсан нь ойлгомжгүй.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд заасан хэргийн газрын үзлэг хийх мөрдөн шалгах ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй буюу тухайн зам тээврийн осол болсон гэх нөхцөл байдлыг харсан үзсэн байж болзошгүй хүний баримт бичгийг шалгалгүй орхигдуулсан.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мөрдөгч нь “...нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар ...цуглуулна.” гэж, Эрүүгийн эрх зүйн онолд гэрч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй бол тэр нь нотлох баримт болж чадахгүй. Өөрөөр хэлбэл гэрч нь хэргийн талаарх баримт сэлтээ хэнээс, хаана, хэдий үед ямар арга замаар мэдэж авснаа мөрдөн шалгах ажиллагаанд зааж өгсөн байхыг шаарддаг. Гэтэл мөрдөгч нь гэрч Г.Г..............г, Б.Т...............р нарын мэдүүлгийн эх сурвалжийг магадлах ажиллагаа явуулаагүй, гэрч нар нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй, хэрэгт ач холбогдолтой байж болзошгүй гэрч нарын баримт бичгийг хэргийн газрын үзлэг хийхдээ шалгаагүй орхигдуулсан нь зэрэг нөхцөл байдал нь гэрчийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй болгосон.
Тодруулбал гэрч Г.Г..............г “...15-16 орчим насны хоёр, эрэгтэй хүүхэд гүйж ирсэн... Би тухайн үед хоёр хүүхдийн регистр, утасны дугаарыг таблет дээрээ тэмдэглэж авсан боловч багтаамжаас болоод устсан байна. Одоо тэр хоёр хүүхдийн талаар ямар нэг мэдээлэл алга. Гэхдээ сүүлд ирсэн замын цагдаад тэр хоёр хүүхдийг хүлээлгэж өгөөд энэ хоёр хүүхэд ослыг харсан гээд захиж хэлээд үлдээсэн...” гэж, Гэрч Б.Т...............р “...Намайг яваад очиход Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн автомашины хажууд хоёр хүүхэд зогсож байсан тэр хүүхдүүдийг цагдаа нар өөр асуудлаар шалгаж байгаа юм байх гэж бодсон. Тухайн үед надад ослыг харсан хүүхдүүд гэж хүлээлгэж өгөөгүй, би ослын газар очиж ойр орчмыг харуулсан гэрэл зураг аваад зогсож байхад эргүүлийн машин хөдлөөд явсан. Би ослын газарт ямар ч хүний талаар мэдээлэл бүртгэж аваагүй...” гэж мэдүүлж байжээ.
3. Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 999196 дугаартай дүгнэлт: “...2. ...урд буфер зүүн доод хэсэгтээ хагарсан, мөн дээд хэсэгтээ будаг нь халцарч, зурагдсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. ...3. ...Дээрх урд буфер зүүн доод хэсэгтээ хагарсан эвдрэл нь тухайн ослын үед үүссэн шинэ эвдрэл гэмтэл байна...” гэж (хавтаст хэргийн 76 дахь тал) тусгагдсан байх боловч хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...зүүн урд дугуй дотор хуванцар хүрээ ослын газраас хашлага давж байрлуулахдаа эвдэлснийг үзлэгийн тэмдэглэлд тусгав...” гэжээ. Тодруулбал шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан урд буферийн зүүн доод хэсгийн эвдрэл нь зам тээврийн осол болоход үүссэн үү аль эсхүл осол болсны дараа хашлага давах үед үүссэн үү гэхэд эргэлзээтэй байдлыг бий болгосон, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдсан фото зураг 3-т “А цэг, цус мэт улаан хүрэн зүйл харуулав.” гэснээс өөр зүйлгүй. Мөн хэргийн үйл баримтыг тээврийн хэрэгслийн “...урд буфер ...зүүн дээд хэсэгтээ будаг нь халцарч...” гэснээр тогтоож хохирогчийг дайрч гэж тогтоох боловч тухайн халцарсан гэх будаг нь шинэ, хуучин эсэхийг тогтоогоогүй. Хохирогчийг дайрсан гэж үзэх бол зүүн урд дугуй дотор хуванцар хүрээ ослын газраас хашлага давж байрлуулахдаа эвдэлсэн гэсэнтэй зөрүүтэй.
Нөгөө талаар хэргийн газрын үзлэгийн фото зураг 13-т “тээврийн хэрэгслийн зүүн урд буферт үүссэн будгийн халцарсан хэсэг нь газраас 60 орчим см-ийн өндөрт үүссэн гэж хэмжилт хийжээ. Гэтэл хохирогч нь мэдүүлэгтээ “...ар хэсгээрээ мөргүүлсэн...” гэж, гэрч Ц.Г..............г “...эрэгтэй хүн доошоо харсан байрлалтай толгойны хэсгээс цус гарсан байдалтай ухаангүй хэвтэж байсан..” гэж, шинжээчийн дүгнэлтэд “...хохирогчийн биед духанд шарх, хацарт, сарвуу, ташаа, нуруунд зулгаралт, баруун талын сүүжний дэлбээ... нийлмэл хугарал, баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирга, зүүн 3, 4-р хавирганы хугарал, баруун уушгины дээд, доод дэлбэнгийн няцрал, баруун дээд, доод 2-р шүд сулрал, эмтрэл зэрэг гэмтэл учирсан байна. Өөрөөр хэлбэл Toyota Allion T-240 загварын тээврийн хэрэгслийн стандарт өндрийг үйлдвэрлэгчээс 1470 см гэж тогтоосон байдаг бөгөөд хэрэв тээврийн хэрэгслээр хохирогчийн ар хэсэг буюу газраас орчим 60 см, дунджаар өвдөгний дунд хэсэгт мөргөсөн гэж үзвэл Ньютоны 3 дугаар хуулиар нэг бие нөгөөдөө хүч үзүүлэхэд сүүлийнх нь эхнийхтэй тэнцүү боловч эсрэг чиглэлд ажилладаг буюу урагш түлхэгдэж унах бус дээшээ савах байдлаар хүч үйлчлэх боломжтой билээ.
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 304 дүгээр дүгнэлтэд: “...3. Шинжилгээнд ирүүлсэн комбинезоны ар талд 32.5х13см хэмжээтэй талбайд тээврийн хэрэгслийн дугуйн мөр үүссэн байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 81-82, 83-86 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1393 дугаар дүгнэлт: “... 1. Ц.Э.........лдын биед баруун талын сүүжний дэлбээ, ууц сүүжний үе дайрсан зөрөөтэй бяцарсан нийлмэл хугарал, баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирга, зүүн 3, 4-р хавирганы хугарал, баруун уушгины дээд, доод дэлбэнгийн няцрал, баруун дээд, доод 2-р шүд сулрал, эмтрэл, духанд шарх, хацар, ташаа, нуруу, сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68-69 дэх тал) тус тус авагдаж,
Шинжээч эмч Б.Баяртогтох мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шинжлүүлэгчийн биед үүссэн ихэнх гэмтлүүд нь биеийн баруун хэсгээр учирсан ба хэвтэж байх үед тухайлбал автомашинд дайрагдах үед үүссэн байх боломжтой. Нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл юм. Ганцхан дугуйгаар дайрагдахаас биш эсвэл автомашины бусад эд ангитай хүрэлцэх үед үүссэн байх боломжтой. ...дугуйгаар дайрагдах үед дугуйны шинж чанарыг хадгалсан гэмтэл биед үүсэн тохиолдолд дугуйгаар үүсгэгдсэнийг ялгаж тогтоох боломжтой ба эдгээр шинж тэмдгүүд байхгүй тохиолдолд нарийвчлан тогтоох боломжгүй...” (хавтаст хэргийн 141-142) гэсэн мэдүүлгийг мөн үндэслэн яллах талын нотлох баримтаар судалсан боловч тухайн нотлох баримт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнийг шууд нотлох баримт болохгүй, нөгөө талаар шинжээчийн 2022 оны 676 дугаар дүгнэлтэд тусгагдсан “...шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн гадна болон доод эд ангиудаас цус, биологийн ул мөр илрээгүй...” гэх (хавтаст хэргийн 90-91) баримтаар мөн үгүйсгэгдэнэ.
Дээрх шинжлэн судалсан нотлох баримтыг нэгтгэн дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлээгүй, гэрч нь нотлох баримтын эх сурвалжаа заагаагүй, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдлыг зөв дүгнээгүй, хэрэгт ач холбогдолтой байж болзошгүй гэрч нарыг шалгалгүй орхигдуулсан зэрэг нь тухайн гэмт хэргийг шүүгдэгч М.М...............л үйлдсэн гэх нөхцөл байдлыг үгүйсгэж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг... шүүгдэгч... д ашигтайгаар шийдвэрлэнэ.”, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.М...............лд холбогдох хэргийг эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан, шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгаж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг үндэслэлтэйд тооцов.
1.4. Хохирол, хор уршиг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох.” гэж хуульчилсан байна.
Зам тээврийн ослын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх боловч шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг “...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй...” үндэслэлээр түүнд холбогдох гэмт хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн тул хохирогчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
1.5. Бусад асуудлын талаар
Шүүгдэгчийг цагаатгасантай холбогдуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 230 дугаар яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, эрүүгийн 2203 0005 50207 дугаар хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очих хүртэл хэвээр үргэлжлүүлэв.
Мөн шүүгдэгч М.М...............л нь битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.9, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Хиад боржигин овогт М..............ны М...............лыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 0005 50207 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр, шүүгдэгчийг цагаатгасугай.
2. Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 230 дугаар яллах дүгнэлтийг хүчингүй болгож, эрүүгийн 2203 0005 50207 хэргийг прокурорт буцаасугай.
3. Шүүгдэгч М.М...............л нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тусгасугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М...............л нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Цагаатгах тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.М...............лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ