| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 186/2022/0633/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/675 |
| Огноо | 2022-08-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/675
2022 8 18 2022/ШЦТ/675
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Б.Баярчимэг /томилолтоор/,
шүүгдэгч З.М нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Мд холбогдох эрүүгийн 2211000001285 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ... тоотод оршин суудаг, урьд
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 543 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 241 дүгээр зүйлийн 1, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 126 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 60,000 төгрөгөөр торгох,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 956 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 919 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдсэн,
З.М, регистрын дугаар.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо сурагч 32-359 тоотод Т.Дтай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт няцарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.М нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Т.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр би 5-н шард гэртээ байсан ба 8 дугаар ангийн найз Уранчимэг гэх эмэгтэй фейсбүүк чатаар залгаад уулзах уу чи манайд хүрээд ирээч хаана байгаа юм бэ гэсэн учраас би өдөр 15 цагийн үед Уранчимэгтэй уулзахаар гэрээсээ гараад баруун 4-н замын автобусны буудал дээр намайг буучих гэхээр нь буусан юм. Б.Уранчимэг намайг нэг эрэгтэй найзтайгаа машинтай ирж тоссон ба тэр найзыг нь З.М гэж дуудаж байсан тэгээд бид гурав Уранчимэгийн гэр болох Чингэлтэйд байх гэрийн хаягийг нь сайн мэдэхгүй байна очиж хоол цай идэж уугаад Маргад- Эрдэнэ гэх найз нь 2,5 литрийн багтаамжтай пиво авч өгөөд Уранчимэг бид хоёр тэр пивоноос нь 2-3 аягыг уусан орой 19 цагийн үед бид гурав гэрээс гараад 17-гийн ойролцоо караокед орж дуулж сууж байгаад шөнө 00 цагийн үед Уранчимэгийн нөхөр Мөнхсүх гэх залуу ирээд бид дөрөв ууцгааж байгаад 04 цагийн үед караокеноос гарч буцаад Уранчимэгийн гэрт очсон юм. Тэгээд би гал тогооны өрөөн дотор суугаад бэлэн гоймон идээд сууж байтал Уранчимэгийн найз З.М согтуурхаад амандаа үглээд байхаар нь чи эмэгтэй хүмүүстэй ууж байж үглээд байх юм гэсэн чинь З.М босож ирээд зүүн хөмсөгрүү гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Уранчимэг чи манай найзыг цохьчихлоо гээд 102 дугаар луу дуудлага өгсөн удаагүй цагдаа ирсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,
- Гэрч Э.Мөнхсүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 6-ны өглөө 09 цагийн үед яармагын нүхтийн мод амд “Хур” нэртэй харуул хамгаалалтын албанд би 24 цагийн үүрэг гүйцэтгэх гээд очиж ажилж байгаад 2022 оны 6 дугаар сарын 7-ны шөнө 04 цагийн үед эхнэр Уранчимэг надруу яриад найзуудтайгаа уулзаад караокедож байна гэхээр нь би замаараа 17-гийн буудлын эсрэг талд байрлах "Бадруун” нэртэй караоке орсон чинь эхнэр Уранчимэг, түүний эмэгтэй найз Н.Т.Д, манай найз З.М нар уугаад сууж байсан ба ширээ хоосон байсан. Тэгээд найз З.М 0,5 литрийн ерөө нэртэй архи захиалаад бөөнөөрөө ууцгаагаад караокеноос удаагүй гарсан. Тэгээд манай гэр болох Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо сурагч 32-359 тоотод бид нар ирээд гал тогооны өрөөнд хоол халаагаад идээд сууж байсан. Тэгсэн чинь найз Маргад- Эрдэнэ манай эхнэрийн найз Т.Дыг учиргүй янхан гээд байхаар нь өөдөөс чи над шиг янхан харсан юм уу гэсэн чинь З.М баруун гараараа Т.Дын зүүн хөмсөг орчим 2 удаа гараа зангидаж байгаад цохисон чинь хөмсөгнөөс нь цус гараад эхэлсэн. Тэр үед манай эхнэр Уранчимэг уурлаад чи манай найзыг яаж байгаа юм гээд 102 дугаар луу дуудлага өгсөн удаагүй цагдаа ирээд найз Маргад-Эрдэнийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 8295 дугаартай: “...Н.Т.Дын биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
- Яллагдагч З.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Мөнхсүхийн гал тогооны өрөөнд сууж байхдаа Т.Дтай маргалдаад нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дахь тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 24-26 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас З.Мийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо сурагч 32-359 тоотод Т.Дтай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт няцарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч З.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо сурагч 32-359 тоотод Т.Дтай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт няцарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
- Хохирогч Т.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр би 5-н шард гэртээ байсан ба 8 дугаар ангийн найз Уранчимэг гэх эмэгтэй фейсбүүк чатаар залгаад уулзах уу чи манайд хүрээд ирээч хаана байгаа юм бэ гэсэн учраас би өдөр 15 цагийн үед Уранчимэгтэй уулзахаар гэрээсээ гараад баруун 4-н замын автобусны буудал дээр намайг буучих гэхээр нь буусан юм. Б.Уранчимэг намайг нэг эрэгтэй найзтайгаа машинтай ирж тоссон ба тэр найзыг нь Маргад- Эрдэнэ гэж дуудаж байсан тэгээд бид гурав Уранчимэгийн гэр болох Чингэлтэйд байх гэрийн хаягийг нь сайн мэдэхгүй байна очиж хоол цай идэж уугаад З.М гэх найз нь 2,5 литрийн багтаамжтай пиво авч өгөөд Уранчимэг бид хоёр тэр пивоноос нь 2-3 аягыг уусан орой 19 цагийн үед бид гурав гэрээс гараад 17-гийн ойролцоо караокед орж дуулж сууж байгаад шөнө 00 цагийн үед Уранчимэгийн нөхөр Мөнхсүх гэх залуу ирээд бид дөрөв ууцгааж байгаад 04 цагийн үед караокеноос гарч буцаад Уранчимэгийн гэрт очсон юм. Тэгээд би гал тогооны өрөөн дотор суугаад бэлэн гоймон идээд сууж байтал Уранчимэгийн найз З.М согтуурхаад амандаа үглээд байхаар нь чи эмэгтэй хүмүүстэй ууж байж үглээд байх юм гэсэн чинь З.М босож ирээд зүүн хөмсөгрүү гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Уранчимэг чи манай найзыг цохьчихлоо гээд 102 дугаар луу дуудлага өгсөн удаагүй цагдаа ирсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,
- Гэрч Э.Мөнхсүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 6-ны өглөө 09 цагийн үед яармагын нүхтийн мод амд “Хур” нэртэй харуул хамгаалалтын албанд би 24 цагийн үүрэг гүйцэтгэх гээд очиж ажилж байгаад 2022 оны 6 дугаар сарын 7-ны шөнө 04 цагийн үед эхнэр Уранчимэг надруу яриад найзуудтайгаа уулзаад караокедож байна гэхээр нь би замаараа 17-гийн буудлын эсрэг талд байрлах "Бадруун” нэртэй караоке орсон чинь эхнэр Уранчимэг, түүний эмэгтэй найз Н.Т.Д, манай найз З.М нар уугаад сууж байсан ба ширээ хоосон байсан. Тэгээд найз З.М 0,5 литрийн ерөө нэртэй архи захиалаад бөөнөөрөө ууцгаагаад караокеноос удаагүй гарсан. Тэгээд манай гэр болох Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо сурагч 32-359 тоотод ирээд бид нар ирээд гал тогооны өрөөнд хоол халаагаад идээд сууж байсан. Тэгсэн чинь найз Маргад- Эрдэнэ манай эхнэрийн найз Т.Дыг учиргүй янхан гээд байхаар нь өөдөөс чи над шиг янхан харсан юм уу гэсэн чинь З.М баруун гараараа Т.Дын зүүн хөмсөг орчим 2 удаа гараа зангидаж байгаад цохисон чинь хөмсөгнөөс нь цус гараад эхэлсэн. Тэр үед манай эхнэр Уранчимэг уурлаад чи манай найзыг яаж байгаа юм гээд 102 дугаар луу дуудлага өгсөн удаагүй цагдаа ирээд найз Маргад-Эрдэнийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 8295 дугаартай: “...Н.Т.Дын биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
- Яллагдагч З.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Мөнхсүхийн гал тогооны өрөөнд сууж байхдаа Т.Дтай маргалдаад нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч З.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.М нь Т.Дтай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт няцарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Т.Дын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч З.Мийн идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Хохирогч Т.Д нь “...Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хавтаст хэргийн 6, 102 дахь тал/, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролд 150,000 төгрөг төлсөн зэрэг баримтуудаар шүүгдэгч З.М нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч З.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хохирогчид эмчилгээний зардалд 150,000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч З.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас биелүүлээгүй үлдсэн 2,625,000 төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн биелүүлэх торгуулийн ялыг 3,075,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.М нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/919 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялын эдлээгүй үлдсэн 2,625,000 төгрөгийн торгох ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450,000 төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн биелүүлэх торгох ялыг 3,075,000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мд оногдуулсан 3,075,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Мд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ