| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2015/02210/И |
| Дугаар | 02121 |
| Огноо | 2018-09-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 02121
2018 оны 9 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2018/02121 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэг М банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 6,035,178,590 /зургаан тэрбум гучин таван сая нэг зуун далан найман мянга таван зуун ер/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О М, хариуцагчийн төлөөлөгч Д, хариуцагчийн өмгөөлөгч Б, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С” ХХК нь 2007 оны 3 сарын 13-ны өдөр А банктай 06070034 тоот зээлийн гэрээ байгуулж, 3 тэрбум төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2009.03.13-ны өдөр дууссан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. А банкны удирдлагатай холбоотой эрүүгийн хэрэг үүссэн 2008.12.10-ны өдрөөс хойш УМБГ-т удаа дараа иргэний нэхэмжлэл гаргаж байсан ч хариуцагч зээлийн төлбөрөө барагдуулаагүй. 2012.08.20-ны өдөр иргэний нэхэмжлэлийг шинэчлэн хүргүүлсэн, Баянзүрх дүүргийн шүүхэд эрүүгийн хэрэгтэй холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргаж байсан. Уг эрүүгийн хэргийн талаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2013.01.10-ны өдрийн 34 дугаар Шийтгэх тогтоол, Нийслэлийн шүүхийн 2013.04.17-ны өдрийн 287 дугаар Магадлал, Улсын дээд Шүүхийн 2013.07.03-ны өдрийн хуралдааны 330 дугаар Тогтоолд А банк ХК дахь банкны эрх хүлээн авагчаас С” ХХК-тай холбоотой зээлийн төлбөрийг жич нэхэмжлэх эрхтэй гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 451.1 дэх заалт, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 бүлэг, 06070034 тоот Зээлийн гэрээний 5.2.2 дахь заалтыг үндэслэн С” ХХК-ийн үндсэн зээлийн өр 2,999,603,794.05 төгрөг, үндсэн хүү болон хугацаа хэтрүүлсэн хүүгийн өр 2009.12.24-ний өдөр хүртэл 71,508,435.98 төгрөг, нийт 3,071,112,230.03 төгрөг байна. Зээлийн гэрээний үүргийг баталгаажуулж 06070034 тоот Барьцааны гэрээ байгуулан Ү-2206000905 улсын бүртгэлийн дугаартай ХУД, 3 хороонд байрлах 3358 м2 талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилга, Хан-Уул дүүрэгт байрлах 4384 м2 талбайтай, 0142733 тоот гэрчилгээтэй газар эзэмших эрх, С ХХК-ийн өмчлөлийн 13 нэр төрлийн 374 ширхэг автомашин болон сэлбэг хэрэгслийг барьцаалсан.
2. “М ХХК нь 2007 оны 3 сарын 14-ний өдөр А банктай 06070035 тоот Зээлийн гэрээ, С ХХК-тай Батлан даалтын гэрээг байгуулан 2,831,224,660 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 0.4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2009.03.14-ний өдөр дууссан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. А банкны удирдлагатай холбоотой дээр дурдсан эрүүгийн хэргийн 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол, магадлалаар М ” ХХК-иас 2,964,019,360 төгрөгийг А банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу Баянзүрх дүүргийн шүүхээс 2013.11.06-ны 351 тоот Гүйцэтгэх хуудас бичигдсэн ба НШГА-аас М ” ХХК татан буугдсан учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 2014.02.24-ний өдрийн 97 дугаар Тогтоолд дурдаж, УБЕГ-ын албан бичгийг хавсаргаж банкинд ирүүлсэн. Иргэний хуулийн 453.1 дэх заалт, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3 дахь заалт, зээлийн 06070035 тоот гэрээний 2.5 дахь заалт, Батлан даалтын гэрээг үндэслэн М” ХХК-ийн үндсэн зээлийн өр 2,831,075,857.21 төгрөг, гэрээт болон хэтэрсэн хугацааны хүү 2008.12.10 өдөр хүртэл 132,943,503 төгрөг, нийт 2,964,019,360.21 төгрөгийг С” ХХК-иас нэхэмжилж байна. “М” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг баталгаажуулж 06070035 тоот Барьцааны гэрээ байгуулан, С” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206000905 улсын дугаарт бүртгэлтэй, ХУД, 3 хороонд байрлах 3358 м2 талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилг М” ХХК-ийн өмчлөлийн 5ш трактор, 1,750,000,000 төгрөгийн үнэлгэтэй сэлбэг хэрэгслийг барьцаалсан. 2008.11.30-ны өдөр “М ХХК нь 06070035 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй бол С ХХК хариуцан төлөх тухай 06070035 тоот Батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасны дагуу батлан даагч “С” ХХК-ийн хөрөнгөөс тэргүүн ээлжинд албадан дуудлага худалдаанд оруулж зээлийг барагдуулах, хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд батлан даагчийн бусад хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтэй байна. Иймд зээлийн төлбөр болон нотариатын үйлчилгээний хөлс 47,000 төгрөг, нийт 6,035,178,590.24 төгрөгийг “Сити такси” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оны 3 сарын 01-ний өдрийн зээл хүссэн баримт биш гэж нотлох баримт гаргаж өгсөн гэж байна. 2008 оны 02 сарын 28-ны өдөр шийдвэр гарснаас хойш 3 өдөр байна. Чулуунбаатар гэж байгаад Доржготовыг ТУЗ хэзээ томилоод ажлаа хэзээ ав гэсэн. 2008 оны 3 сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай гэсэн ТУЗ-н шийдвэр гарч, дараа нь энэ өдрөөс дахин томилогдоод явсан гэж ярьсан. 2007 оны 3 сарын 01-ний өдрөөс гүйцэтгэх захирлын ажилд томилсон бол яагаад гүйцэтгэх захирлын ажлыг аваагүй Чулуунбаатар гэж хүн гарын үсэг зурсан юм бэ. Мобиком руу 3 сарын 01-ний өдөр бичиг явуулсан нь Чулуунбаатар гэж нотлох баримтаа хариуцагч өгсөн ч Чулуунбаатар өөрөө эрхгүй байж гүйцэтгэх захирал гэж гарын үсэг зураад, тамга дараад байгаа нь хуурамч байх магадлалтай. 3 сарын 05-ны өдөр ажлаа хүлээж авсан байж болно гэхдээ гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн хэрнээ 3 дугаар сарын 01, 02-ны өдөр гарын үсэг зурсныг ойлгохгүй байна. Хариуцагчийн нөхөж зуруулсан гэдгийг нотлох баримт байхгүй. Чулуунбаатар ажлаа өгөөд гарын үсэг зурах эрхгүй байж хүсэлт явуулж болдог юм уу. 3 сарын 01-ний өдөр Доржготов гэж хүн өөрөө байсан. 2 бичиг давхцаж байна. Нэхэмжлэгчээс өгсөн 3 сарын 01-ний өдрийн бичиг Доржготов гүйцэтгэх захирлын гарын үсэг, тамга тэмдэг мөн гэсэн. Доржготовыг 2007 оны 02 сарын 27-ны өдөр томилсон байхад албан бичиг дээр Чулуунбаатар гэж хүний гарын үсэг зурсан нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус гэж тул гарын үсэг зурсан учраас зээл хүссэн гэдэг нь нотлогдож байна гэв.
Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол банкны 2 шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. “С” ХХК нь 2007 оны 3 сарын 13-ны өдөр тухайн үеийн Анод банкнаас зээл авах талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд тухайн өдөр авсан гэх 3 тэрбум төгрөгийн зээлийг манай компани авч ашиглаагүй. Зээлийн гэрээний “зээлийн зориулалт” гэсэн хэсэгт тээвэр, агуулахын аж ахуй, холбооны зориулалтаар зээл авсан гэж тэмдэглэсэн байна. Гэтэл Анод банкны тухайн үеийн удирдлагууд өөрсдөө зээл гаргахын тулд манай компанийг ашигласан, өөр бусад хуулийн этгээдүүдийн гадаад, дотоод зээлийн төлбөрийг хаах болон өмнөх зээлийг хаахын тулд дээрх зээлийг гаргаж “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал надаар зээлийн гэрээнд нөхөж гарын үсэг зуруулсан. Учир нь миний бие 2007 оны 03 сарын 05-ны өдрөөс эхлэн энэ компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллахаар болж ажлаа авч байсан бөгөөд ажилтайгаа танилцаж амжаагүй байхдаа банкнаас 8 хоногийн дараа 3 тэрбум төгрөгийн зээл аваад явж байна гэхэд бодит байдалд хэр нийцэхийг анхаарахыг хүсэж байна. Бодит байдал дээр Анод банкны эрх бүхий албан тушаалтан нар 2007 оны 4 сарын 16-ны үед намайг дуудаж Монгол банкнаас шалгалт ирээд байна “та энэ гэрээ болон төлбөрийн даалгаварт гарын үсэг зураадах” гэсний дагуу гарын үсгээ гэрээ байгуулснаас хойш 1 сарын дараа зурж байсан. Нэхэмжлэгчээс шүүхэд тухайн үед манай байгууллагын дансанд 3 тэрбум төгрөг шилжүүлж байсан баримт хавсаргасан байна. Гэтэл энэ мөнгө 2007 оны 3 сарын 13-ны өдрийн өглөөний 09 цаг 28 минутад мөнгөгүй данс орж ирсэн байдаг. Манай данснаас доллар болон гарч байсан төлбөрийн даалгавар хэрэгт авагдсан. Зээлийн гэрээ 2007 оны 03 сарын 13-ны өдрөөр хийгдсэн бол өглөө 09 цагт ажил эхлэхэд нь зээлийн хорооны шийдвэр гарч /2007 оны 03 сарын 13-ны өдөр зээлийн хорооны гарсан талаарх баримт хэрэгт байгаа/ хэзээ нь гэрээ байгуулж, тухайн зээлийн мөнгө манай дансанд орж ирээд миний бие гүйлгээ хийж энэ бүх ажил 28 минутад амжсан гэхэд итгэхгүй л боловуу. Өөрөөр хэлбэл энэ бүх нөхцөл байдал нь тухайн зээлийн гэрээ болон зээл олгох тухай хорооны шийдвэр, төлбөрийн даалгавар зэрэг нь сүүлд нөхөж үйлдэгдсэн баримт гэдгийг нотолж байна. 2007 оны 03 сарын 13-ны өдөр манай компани Анод банкнаас зээл аваагүй, тухайн үед зээл авах шаардлага байгаагүй. Дээрх зээлийн төлбөрт Анод банкнаас шилжүүлсэн гэх 3 тэрбум төгрөг чухам юунд шилжсэн гэдгийг тухайн үед би мэдээгүй ба шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу Анод банкны архиваас гаргуулсан баримтаар дээрх мөнгийг өмнөх зээл хаасан, бусад аж ахуйн нэгжийн дотоод болон гадаад төлбөрт шилжүүлснийг мэдсэн. “С” ХХК нь Анод банкинд 2003 оноос хойш дотоод төлбөрт 7,910,241,837 төгрөг төлсөн. Энэ баримтаа өмнөх 2015 оны 02 сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг буцаасан 4355 тоот захирамжтай хэрэгт гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл 2007 оны 03 сарын 13-ны өдрийн байдлаар манай компани “Анод” банкинд ямар нэг зээлийн үлдэгдэл төлбөр байхгүй байсан. Хэрэгт баримтаар дээрх 3 тэрбум төгрөгөөс 1,164,000,000 төгрөгийг манай өмнөх зээлийг хаасан, 791,536,796 төгрөгийг гадаад төлбөрт шилжүүлсэн, 366,433,404 төгрөгийг хүүнд тооцож авсан, 549,878,000 төгрөгийг Автобус 2 компанийн зээлийн үлдэгдэл төлбөрт шилжүүлсэн, 86,050,000 төгрөгийг иргэн А.Сүхбаатарын зээлийн төлбөрт шилжүүлсэн гэх мэтчилэн банкны эрх бүхий албан тушаалтан нар манай компанийн дансанд данс эзэмшигчийн зөвшөөрөлгүй мөнгө шилжүүлж тухайн мөнгийг өөрсдөө дур мэдэн бусдын зээлийн төлбөр хааж байсан хууль бус үйл ажиллагааг явуулж ирсэн байна. Манай компанийн Анод банк дахь төгрөгийн болон ам долларын харилцах данснаас хийж байсан гүйлгээг шалгасан шинжээч Г.Алтансүхийн дүгнэлтэд С” ХХК-ийн данснаас 2006 оны 02 сарын 17-ны өдөр “Хуйндэй стар монголия” ХХК-ийн гадаад төлбөрт 383,501,59 ам доллар, 2007 оны 3 сарын 14-ний өдөр 107,709,16 төгрөг шилжүүлж байсан тухай дурдсан. Анод банк нь манай компанийн нэрээр зээл гаргаж 2004 оны 05 сарын 31-ний өдөр 646,995 ам доллар, 2006 оны 02 сарын 27-ны өдөр 1,141,193 ам доллар, 2007 оны 03 сарын 14-ний өдөр 680,014 ам долларыг гадаад төлбөрт шилжүүлж байсан гүйлгээний баримт нь манай компанийн санхүүгийн баримтад байдаг. Гэтэл Анод банк манай компанид ирүүлсэн албан тоотдоо гүйлгээ хийгээгүй гэсэн хариу ирүүлсэн, банкны эдийн засагч нар нь ийм гүйлгээ хийгдэж байсан талаарх баримт гаргаж өгдөг. Энэ бүхэн нь С” ХХК-ийн өмнөх зээлийн өрийг хаасан гэх 2007 оны 3 сарын 14-ний өдрийн 1,164,000,000 төгрөг нь өмнө манай компаний нэрээр аж ахуйн нэгжийн өрийг хааж байсан мөнгөө дарахын тулд шилжүүлсэн үйлдэл гэж үзэж байна.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 сарын 18-ны өдрийн 661/863/х шийдвэрээр Иргэний хуулийн 57.1 дэх хэсэгт зааснаар Анод банк, С ХХК-ийн хооронд 2008 оны 11 сарын 30-ны өдөр байгуулагдсан Монсити ХХК-ийн батлан даалтын гэрээ болон “С” ХХК-ийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн. Анод банкны удирдлагуудтай эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолд дээрх батлан даалтын асуудлыг хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэсэн тул “М ХХК болон Анод банкны хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудлыг манай компани хариуцахгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оны 3 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу манайд олгосон гэж яриад байгаа 3.035.178.590 төгрөгийг “С” ХХК нь авсан зээлийн асуудал биш. Анод банк нь С” ХХК-ийн эрх бүхий хүмүүсийн зөвшөөрөл төлбөрийн даалгавар, төлбөрийн баримт ямар нэг гарын үсэг тамга тэмдэггүйгээр тухайн компанийн данснаас дур мэдэн зээл хийж буцаагаад бусдад төлөх үүргээ гүйцэтгэж байсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. 3 тэрбум төгрөгийг 2007 оны 3 сарын 13-ны өдрийн 17 цаг 53 минутад С” ХХК-ийн данс руу шилжүүлээд буцаагаад зарлага болгоод тухайн өдөр 2.327.386.950 төгрөгөөр нийт 1.996.900 ам долларыг 1 долларыг 1.165 төгрөгийн ханшаар бодож 2005 оны 3 сарын 13-ны өдөр үндсэн зээл рүү 1 сая доллар, хүүнд 316.805 төгрөг, нийт 1.316.805 ам долларыг хийсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр гадаад төлбөр тооцоо гэсэн хэсэг дээр байгаа үндэсний төв архивт хадгалагдаж байгаа Анод банкны баримтыг шалгаж үзэхэд 2005 оны 3 сарын 14-ний өдөр 598.33 ам долларын гүйлгээг гадаад акредитив төлбөрт, 401.967 ам долларыг 2 хувааж шилжүүлсэн гэж, гадаад төлбөр тооцоо руу ямар мөнгө шилжүүлээд байгаа нь тодорхой биш, “С ХХК нь ямар нэг гадаад улсын байгууллагад өр төлбөртэй гэсэн баримт байхгүй гэдгийг дүгнэлтэд дурдсан. Анод банк “С” ХХК-ийн нэр дээр 1 сая ам долларын зээл гаргуулаад 2 хувааж гадаадаас авсан хөрөнгө оруулалт руугаа шилжүүлсэн. 680 доллар буюу 791.536.797 төгрөгийг гадаад актив гэж шилжүүлээд нийт 2.327.386.950 төгрөгийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөл төлбөрийн даалгавар хүсэлт тамга, тэмдэг гарын үсэггүйгээр банкны эрх бүхий албан тушаалтнууд дур мэдээд шилжүүлсэн. 791.536.797 төгрөгийг 2 хуваан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль зөрчөөд зээлийг гаргаж хариуцагчийн данс руу хийсэн. Тухайн үед “С ХХК тээвэр агуулахын аж ахуйн зориулалтаар 3 тэрбум авах шаардлага байгаагүй, зээл хүсэж байгаагүй. Нэхэмжлэгч өмнөх хуралдаанд зээл хүссэн хүсэлтийг гаргаж өгсөн. Гэтэл 2007 оны 3 сарын 01-ний өдөр Доржготов гүйцэтгэх захирлын ажлаа хүлээж аваагүй, энэ үед гүйцэтгэх захирлаар Чулуунбаатар гэж хүн ажиллаж байсан. “М ХХК-иас сүүлд нь нөхөж хийлгэсэн. Хариуцагч өмнө нь шүүхэд өгсөн тайлбартаа зээл гарснаас хойш 1 сарын дараа буюу 2007 оны 4 сарын 16-ны өдөр Анод банкны захирал нь Доржготовыг дуудан, Танай компанийн нэр дээр 3 тэрбум төгрөгийн зээл гаргасан. Монгол банкнаас шалгалт ирэх гэж байгаа учраас зээл хүссэн өргөдлөө өг, энэ баримт дээр гарын үсэг зур гэж хэлээд гарын үсэг зуруулсан, зээлийн гэрээ гарах үед ямар нэг барьцааны гэрээ хийгдээгүй байсан. 2008 оны сүүлээр Анод банкинд шалгалт хийгээд ирэхээр тухайн үед албан тушаалаа хүлээлгэж өгсөн Сүхбаатараар гарын үсэг зуруулж 2008 оны 11 сард барьцааны гэрээг нөхөж хийлгэсэн. Эд хөрөнгүүдийг 1 жилийн дараа гэрээ хийж барьцаалсан. 2007 оны 3 сарын 13-ны өдөр тухайн зээлийг хариуцагч зарцуулаагүй. Анод банк бусдад үүргээ гүйцэтгэхийн тулд “Сити такси” ХХК-ийн нэр дээр зээл гаргуулсан, өмнө нь ийм байдлаар явж байсан. 670 сая төгрөгийн өмнөх зээлийн хүүнд нь 20.000.000 төгрөг хийсэн. “С” ХХК-ийн зөвшөөрөлгүй нийт 2005 оны 3 сарын 14-ний өдрөөс 2007 оны 3 сарын 14-ний хооронд 8 удаагийн гүйлгээгээр 3.369.303 доллар буюу 4.038.570.869 төгрөгийг шилжүүлсэн. Өмнө нь авч байсан зээлүүдийн он сарыг хөөхөөр 2005, 2006 онды гадагш шилжигдсэн. Тухайн үед банкнаас зээл аваад өөрсдийнхөө дотоод үйл ажиллагаанд зарцуулаагүй. Авсан зээлүүд дээр хүү төлөлтүүд компанийн гүйлгээгээр хийгээгүй дандаа “С ХХК-ийн дансанд байгаа мөнгөнөөс банкны ажилчид өөрсдийнхөө гаргасан зээлээ энэ компанийн орлогоос гүйлгээг хийж байсан, төлбөр төлөөд зээл аваад байгаа компани өөрөө гүйлгээ хийх зөвшөөрөл өгөөгүй, хүсэлтээ гаргаагүй нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. ДИХАШ-ы 2 дугаар шүүхийн 661 тоот шийдвэрээр Анод банк “С ХХК-ийн хооронд 2008 оны 11 сарын 30-ны өдөр байгуулагдсан “М” ХХК-ийн зээлийг батлан даасан батлан даалтын гэрээ болон барьцааны гэрээнүүдийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцсон. “Монсити” ХХК-ийн авсан зээлийг хариуцаж төлөх баталгааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон учраас “С” ХХК хариуцахгүй.
“М ХХК-ийн батлан даасан 2008 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулагдах үетэй “С” ХХК-ийн 3 тэрбум төгрөг дээр барьцааны гэрээ хийж байсан үе давхацдаг гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
М банк нь зээлийн гэрээний үүрэгт 3,071,112,230.03 төгрөг, Батлан даалтын гэрээний дагуу С” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 2,964,019,360.21 төгрөг, нийт 6,035,178,590 төгрөгийг М” ХХК-иас гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
1. 2007 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 06070034 дугаар Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,071,112,230.03 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, банкнаас зээл авах талаар хүсэлт гаргаж байгаагүй, зээлийн гэрээнд дараа нь нөхөж гарын үсэг зуруулсан, 3 тэрбум төгрөгийн зээлийг манайх авч ашиглаагүй, Анод банкны удирдлагууд манай зөвшөөрөлгүй, өөрсдөө зээл гаргахын тулд манай компанийг ашиглан, өөр бусад хуулийн этгээдүүдийн гадаад, дотоод зээлийн төлбөрийг хаах болон өмнөх зээлийг хаасан гэж маргасан байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахаар 2007 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 06070034 дугаар Зээлийн гэрээ, төлбөрийн даалгавар зэрэг нотлох баримтуудыг гаргажээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний дагуу банк нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгийг тохирсон бол хүүгийн хамт төлөх үүрэгтэй юм.
Дээрх зохицуулалтын хүрээнд зохигчдын хоорондын 2007 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсэх нөхцөл нь банк зээлийн хөрөнгийг хариуцагчид бодитой шилжүүлсэн, хариуцагч нь уг мөнгийг өөрөө захиран зарцуулсан байхыг шаардана.
Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс зээлийн хөрөнгөтэй холбоотой санхүүгийн баримт бичигт шинжилгээ хийлгэж, “Ас арвай аудит” ХХК-ийг шинжээчээр томилж, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 29 дүгээр дүгнэлтийг ирүүлжээ.
Шинжээч нь 2007 оны 3 сарын 13-ны өдрийн17 цаг 53 минут 35 секундэд Анод банк дахь С ХХК-ийн харилцах дансанд 3 тэрбум төгрөг орж, уг данснаас 06040030 тоот зээлийн хүүнд 20,000,000 төгрөг, 06040030 тоот зээл төлөлтөд 549,878,000 төгрөг, 06060067 тоот зээл төлөлтөд 3,977,343 төгрөг, 06060079 тоот зээлийн хүүнд 12,707,707 төгрөг, 06060079 зээл төлөлтөд 86,050,000 төгрөг, 2,327,386,950 төгрөгийг 1,165.5 ханшаар 1,996,900 ам доллар худалдан авч, 06050024 тоот зээлийн хүү төлөлтөд 316,805.33 ам доллар буюу 368,761,404 төгрөг, 06050024 тоот зээлийн төлөлтөд 1,000,000 ам доллар буюу 1,164,000,000 төгрөг, валют худалдан авсны алдагдалд 2,995,629 төгрөг, 2007 оны 3 сарын 14-нд гадаад гуйвуулгын шимтгэл /80 ам доллар/ 93,120 төгрөг, гадаад гуйвуулгад /680,014.43 ам доллар/ 791,536,797 төгрөгийн гадаад төлбөрт гүйлгээний утгатайгаар, С ХХК-ийн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй, төлбөрийн даалгаваргүй, гарын үсэг, тамга тэмдэггүй хийгдсэн гэж дүгнэсэн байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн Анод банк дахь “С” ХХК-ийн .... 0673 дугаар дансны хуулгаар Анод банк нь 2007 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн17 цаг 53 минут 35 секундэд “С ХХК-ийн харилцах дансанд 3,000,000,000 төгрөгийг хийж, мөн өдрийн 18 цаг 11 минут 33 секундээс 18 цаг 26 минут 09 секундын хугацаанд дээрх шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гүйлгээнүүдийг хийсэн байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаар Шийтгэх тогтоолоор Д.Доржготов нь банкнаас өөрийн хүсэл зоригийн дагуу зээл хүсээгүй, банкнаас гаргасан зээлийг бодитой байдлаар хүлээн аваагүй, өөрсдийн аж ахуйн нэгжийн тамга, гарын үсгээ банкнаас бүрдүүлсэн материалууд дээр банкны эрх бүхий ажилтнуудын хүсэлтээр зурж баталгаажуулсан гэж дүгнэжээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр банкнаас зээл авах талаар хүсэлт гаргаж байгаагүй, зээлийн гэрээнд дараа нь нөхөж гарын үсэг зуруулсан, 3 тэрбум төгрөгийн зээлийг авч ашиглаагүй гэх хариуцагчийн тайлбар нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн татгалзлыг нэхэмжлэгч нь баримтаар няцааж чадахгүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь зээл хүсч байсан гэж 2007 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01/77 албан тоотыг үндэслэн тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн ирүүлсэн баримтад Мобиком руу явуулсан мөн он, сар, өдөр, огноотой 01/77 дугаар албан бичиг байгаа, захирал байсан Чулуунбаатар эрхгүй атлаа гарын үсэг зурсан гэх ч тухайн албан бичиг нь компанийн гар утасны эзэмшлийг шилжүүлэх талаар байх тул хариуцагчийн нөхөж албан бичиг бүрдүүлсэн гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Иймд “Анод” банкны эрх хүлээн авагчаас нэхэмжлэгчийн эрхийг нь шилжүүлж авсан М банк нь хариуцагчаас 2007 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрх үүсээгүй байх тул хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2. 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 06070035 дугаар Батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,964,019,360.21 гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 06070035 дугаар Батлан даалтын гэрээний дагуу “Монсити” ХХК нь татан буугдсан үндэслэлээр 2,964,019,360.21 төгрөгийг “Сити такси” ХХК-иас гаргуулна гэж тайлбарлав.
Хариуцагч нь батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон, эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолд батлан даалтын асуудлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул М ХХК болон Анод банкны хоорондын зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудлыг хариуцахгүй гэж маргалаа.
Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээхээр зохицуулжээ.
Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Анод банк, “С ХХК-ийн хооронд 2008 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан “Монсити” ХХК-ийн зээлийн батлан даалтын гэрээ болон “С” ХХК-ийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 661/863/х шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Ийнхүү хүчин төгөлдөр бусад тооцогдсон хэлцэл нь бүр анхнаасаа эхлэн хүчин төгөлдөр бус байх бөгөөд “Монсити” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг “С” ХХК нь хариуцах үүрэг хүлээхгүй буюу нэхэмжлэгч нь батлан даалтын гэрээний дагуу шаардах эрхгүй тул 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 06070035 дугаар Батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,964,019,360.21 гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасны дагуу тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан С ХХК-иас гэрээний үүрэгт 6,035,178,590 /зургаан тэрбум гучин таван сая нэг зуун далан найман мянга таван зуун ер/ төгрөг гаргуулахыг хүссэн М банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ