Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
Хэргийн индекс | 188/2022/1105/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1102 |
Огноо | 2022-09-08 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Т.Мижиддорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1102
2022 09 08 2022/ШЦТ/1102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч Э.Б..................н нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 01247 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Амгалан овогт Э.................яагийн Б..................н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жүр үр” ХХК-ний үйлдвэрийн ажилтан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт .............................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б..................н нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч П.Х...............лтай хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, орноос чирч унагаан, нүүрэн тус газарт алгадаж, хоолойг боож, хэвлийн тус газарт өшиглөн зодож, хөл рүү дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйнд зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Э.Б..................н нь 2022 оны 7 дугаар сарын 02-ноос 3-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ............... гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч П.Х...............лтай хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, орноос чирч унагаан, нүүрэн тус газарт алгадаж, хоолойг боож, хэвлийн тус газарт өшиглөн зодож, хөл рүү дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйнд зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
-СХДЦГ ЦХ-1 Шуурхай удирдлагын тасгийн PCNG12367488 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн....80473389 Дуудлага хүлээн авсан...2022.07.03, 10:43:43 минут...Дуудлагын утга...Манай найзыг найз залуу нь аймаар зодчихжээ гэх...” дуудлагын хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал)
-Хохирогч П.Х...............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хамтран амьдрагч Б..................н болон хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ............... 2021 оны 6 дугаар сараас хойш амьдарч байгаа юм. Нөхөр бид хоёр анх 2017 онд хүүхэдтэй болоод хамтран амьдрагч байгаад 2019 онд салаад 2021 оны 1 сард буцаж нийлсэн юм...Манай хойд хашааны найз А...............аа саяхан төрсөн болохоор эргэж гэрт нь орсон юм. Тэгээд найзындаа юм ярьж сууж байгаад 00 цаг өнгөрөөж гэртээ орсон чинь манай нөхөр Б..................н хэрүүл өдөөд жоохон маргалдаад тэгэхээр нь би Баяраад хандан чи наад хараалаа боль ажлынхан чинь хараал хэлдэг болохоор болохоор чи хараал хэлээд байдаг юм уу ажлынхаа стрессыг гадаа үлдээгээд гэртээ орж ирж бай гээд үл ялих зүйлээс болоод маргалдаж байгаад орондоо ороод унтах гээд хэвтэхэд манай нөхөр цаашаа хараад хэвтчихээр нь би наашаа хар гээд нуруу руу нь түлхсэн тэгсэн чинь манай нөхөр Б..................н чи муу намайг цохилоо, гэртээ оройтож орж ирчихээд чи муу давраад байгаарай гээд босож ирээд намайг шууд хөлнөөс чирээд орноос унагаасан тэгснээ миний 2 гарыг бариад цаашаа түлхээд миний зүүн талын нүүр рүү аймар их алгадсан. Тэгэхээр нь би чи яагаад байгаа юм давраад байгаач гэсэн чинь ер нь яадаг юм гэснээ хуучны юмнуудаа яриад ингэсэн, тэгсэн гээд баахан юм яриад маргалдсан намайг янхан гээд аймаар хараагаад байсан. Тэгснээ миний хоолойноос боогоод нүүр, толгой руу цохисон. Тэгээд биенээс бариад савлаад газар унагаагаад чирсан. Тэгээд би жирэмсэн, чи боль гэхэд хүүхэд чиньь надад хамаагүй гээд хэвлий хэсэг рүү өшиглөсөн, миний хувцсыг гадаа гаргаж шидээд байсан...Манай хамтран амьдрагч Б..................н миний зүүн талын нүүр рүү маш олон удаа 10 гаран удаа гараараа алгадсан, хэвлий хэсэг рүү 4-5 удаа хөлөөрөө өшиглөсөн, газар унагааж чирсэн, хоолой боосон, хэл рүү 2-3 удаа хөлөөрөө дэвссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),
-Гэрч Ч.А...............аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х...............л би зодуулчихлаа хүнд битгий хэлээрэй гэхээр нь би хэнд вэ гэж асуутал Баяраад зодуулсан, гэдэс рүү дэвсээд хүүхэд хамаагүй гээд хэрэлдсэнээс болоод зодууллаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9466 дугаартай дүгнэлтэд: “...Хэсэг газрын үзлэгт:...Зүүн хацарт зэрэгцээ байрласан 6.0х0.5см, 2.0х5.0см, 2.0х0.5см улаан өнгийн зүүн бугалганы гадна дээд хэсэгт 8.0х4.0см тохойд 1.0х1.0см, зүүн гуяны дотор 6.0х4.0см хөх өнгийн цус хурсан. Зүүн өвдөгөнд 1.01х1.0см баруун 4.0х4.0см хэвлийн баруун талд 2.0х1.3см хөх өнгийн цус хурсан...ДҮГНЭЛТ
1.П.Х...............лд зүүн хацар, бугалага, тохой гуя, хоёр өвдөг, хэвлийн баруунд цус хуралт тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов.
4.Дээрх гэмтэл нь хоногийн өмнө үүссэн байна.
5.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Э.Б..................ны мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “... Х...............л миний нуруу руу алгадахаар нь би тэнэг юм уу гэж уурлаад орноос түлхэж унагаасан чинь Х...............л босож ирээд өөдөөс дайраад бид 2 муудалцаад хэрүүл болсон. Х...............л чи ажлынхаа эмэгтэйчүүдийг хүргэж өгдөг гээд хараалын үг хэлээд байхаар нь би уурандаа Х...............лын нүүр нь алгадсан, тэгээд бид 2 бас маргалдаад байж байтал Х...............л гэрийн гадаа гарч утсаар ярьж орж ирээд гэрийн цоож авч шидсэн чинь манай хүү сэрээд уйлсан тэгэхээр нь би бүр уурлаад Х...............лыг алгадаад түлхэж унагаасан...” гэж (хавтаст хэргийн 57-58 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Б..................н нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9466 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Э.Б..................н, хохирогч П.Х...............л нар нь эхнэр, нөхөр болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон тэдний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Э.Б..................н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хардалт, хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч П.Х...............лын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Э.Б..................н нь хохирогч П.Х...............лын зүүн хацар, бугалга, тохой гуя, хоёр өвдөг, хэвлийн баруунд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч П.Х...............лын буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Б..................ныг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч П.Х...............л нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Б..................ныг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Э.Б..................ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч Э.Б..................н нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Х.Ганзориг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч болон хохирогч нарын хэргийн хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 61, 62 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 64 дэх тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 66 дахь тал),
Сонгинохайрхан дүүргийн 3 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 45-47 дахь тал)
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 31 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 29 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 36 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Б..................н, хохирогч П.Х...............л нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б..................ныг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний мэдүүлэг “ХААН” банкны депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэхь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Э.Б..................нд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0000 01247 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Амгалан овогт Э.................яагийн Б..................ныг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б..................ныг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б..................нд оногдуулсан торгох ялыг ........... (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б..................н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ