Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/657

 

 

 

 

 

 

 

 

  2022          8           8                                        2022/ШЦТ/657

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, 

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  С.Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2211 00769 1300 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай,

урьд 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 220 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, ялыг биелүүлсэн,

         2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 278 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж, ялыг биелүүлсэн,

С.Г, регистрын дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг UB 17 нэртэй зочид буудлын 305 тоот өрөөнд амарч байхдаа тус өрөөнд хамт байсан Г.Нгийн эзэмшлийн А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,079,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Г.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 28-ны шөнийн 23 цагийн орчимд талбайн урд байрлах шөнийн цэнгээний газарт найзуудтайгаа ороод үйлчлүүлж байгаад тэндээсээ найзуудын хамт гараад, манай найзууд буудалд үлдсэн. Би харих гэж байгаад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30+ нэртэй шөнийн цэнгээний газар ганцаараа ороод 4 шил Сэнгүр пиво аваад үйлчлүүлж байсан. Тэгсэн үл таних 2 эмэгтэй ирээд хамт бүжиглэж байгаад танилцсан бөгөөд удалгүй бар хаагаад тэр 2 эмэгтэй болон зүс таних эрэгтэйн хамтаар UB-17 нэртэй зочид буудалд ороод тусдаа хоёр өрөө авсан. Би бэлнээр 80,000 төгрөг төлсөн. Мөн буудалд орохдоо би өөрийн бичиг баримтаар орсон ба тэр 3 бичиг баримтаа огт бүртгүүлээгүй. Би буудлын 305 тоот өрөөнд ороод өмдөө тайлаад гар утсаа дээр нь тавьсан байсан ба нэг мэдсэн би нам унтсан байсан. Өглөө 8 цагийн үед сэрсэн нөгөө эмэгтэй байхгүй байсан ба гар утсаа үзэхэд алга болсон байсан. Үүдний хүнээс асуухад 2 эмэгтэй хамт өглөө 6 цагийн орчимд гарсан ба эрэгтэй нь 7 цагийн орчимд гарсан гэсэн...’’ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

- Гэрч С.Нандин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай нөхөр С.Г нь 2022 оны 5 сарын эхээр Samsung A52 загварын гар утас авчирсан юм. Тэгээд би өөрийн 89051865 дугаарыг хийж ашигласан. Мөн нөхөр С.Г нь өөрийн эзэмшлийн 88751865 дугаарыг хийж ашигласан юм. Хаанаас авчирсан талаараа надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

- Яллагдагч С.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би бусдын эзэмшлийн гар утсыг хууль бусаар авснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байгаа тул хохирлыг бүрэн барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 72 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хавтаст хэргийн 83 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 84 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас С.Гг 2022 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Нгийн эзэмшлийн  гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1,079,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул С.Гд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч С.Г нь 2022 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Нгийн эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,079,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Г.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 28-ны шөнийн 23 цагийн орчимд талбайн урд байрлах шөнийн цэнгээний газарт найзуудтайгаа ороод үйлчлүүлж байгаад тэндээсээ найзуудын хамт гараад, манай найзууд буудалд үлдсэн.Би харих гэж байгаад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30+ нэртэй шөнийн цэнгээний газар ганцаараа ороод 4 шил Сэнгүр пиво аваад үйлчлүүлж байсан,Тэгсэн үл таних 2 эмэгтэй  ирээд хамт бүжиглэж байгаад танилцсан бөгөөд удалгүй бар хаагаад тэр 2 эмэгтэй болон зүс таних эрэгтэйн хамтаар UB-17 нэртэй зочид буудалд ороод тусдаа.хоёр өрөө авсан. Би бэлнээр 80,000 төгрөг төлсөн.Мөн буудалд орохдоо би өөрийн бичиг баримтаар орсон ба тэр 3 бичиг баримтаа огт бүртгүүлээгүй. Би буудлын 305 тоот өрөөнд ороод өмдөө тайлаад гар утсаа дээр нь тавьсан байсан ба нэг мэдсэн би нам унтсан байсан.Өглөө 8 цагийн үед сэрсэн нөгөө эмэгтэй байхгүй байсан ба гар утсаа үзэхэд алга болсон байсан.Үүдний ресепшингээс асуухад 2 эмэгтэй хамт өглөө 6 цагийн орчимд гарсан ба эрэгтэй нь 7 цагийн орчимд гарсан гэсэн...’’ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

- Гэрч С.Нандин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай нөхөр С.Г нь 2022 оны 5 сарын эхээр Samsung A52 загварын гар утас авчирсан юм. Тэгээд би өөрийн 89051865 дугаарыг хийж ашигласан. Мөн нөхөр С.Г нь өөрийн эзэмшлийн 88751865 дугаарыг хийж ашигласан юм. Хаанаас авчирсан талаараа надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

- Яллагдагч С.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би бусдын эзэмшлийн гар утсыг хууль бусаар авснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байгаа тул хохирлыг бүрэн барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Гг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч байгаа шунахай сэдэлттэй үйлдлийг хэлдэг. Шүүгдэгч С.Г нь буудлын өрөөнд хамт амарч байсан Г.Нг унтаж байхад нь гар утсыг нь нууцаар авч  хохирогчид 1,079,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүхэн хангажээ.  

            Хохирогч Г.Н нь “...Ганзориг овогтой Г.Н миний бие алдсан А52 маркын гар утсаа эргүүлэн олж авлаа. Өөр ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дэх тал/ гэх тул шүүгдэгч С.Гг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хохирогчид гар утсыг нь буцаан өгснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Гг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гг 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гд оногдуулсан 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялаа биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ