| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 101/2018/03747/И |
| Дугаар | 02082 |
| Огноо | 2018-09-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 02082
2018 оны 9 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2018/02082 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б,
Хариуцаг- С
хүүхдийн асрамж өөрчлүүлэх, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагч С, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 5 сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2018/01752 дугаар шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж, охин Ш аавынх нь асрамжинд үлдээж, би охиндоо сар бүр тэтгэлэг өгч байхаар тогтоолгож шийдвэрлүүлсэн. Би анх Содоод гэрлэлтээ цуцлуулах талаар хэлэхэд С: “Хэрвээ чи надаас гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа бол өөрөө яв, харин бага охиноо би авч үлдэнэ, чамаас салбал би охингүйгээр амьдарч чадахгүй охиноо сайн харж асарна” гэсэн. Бид ярилцаад би том охиноо, Сбага охиноо авч үлдэхээр тохиролцсон. Учир нь Снэг гэрт хамт амьдарч байхдаа надад л ширүүн авир гаргаж байснаас охиндоо бол амь байдаг, охиноо харж асарч, хайрлаж, халамжпахдаа сайн, маш хайртай байдаг учир би түүнийг охиноос нь холдуулж зүрхлээгүй, тэр байдлаараа охиноо асарч халамжлаад амьраад байж чадна гэж бодсон. Гэвч С нь Шарын голын алтны уурхайд 21 хоног ажиллаад, 7 хоног амардаг ээлжийн ажилтай тул би С“чи ээлжийн ажилтай хүүхдээ харахад хэцүү биш үү, ажилтай үедээ яаж харж, асрах юм бэ, төрсөн цагаас манай ээж асардаг байсан юм чинь ээжтэй байлгасан нь дээр биш үү” гэж удаа дараа хэлж асууж байсан. С “тэр хамаагүй, би охиноо танай ээжтэй оайлгахгүй. би өөрөө харж хандана гэж охиноо надаас авсан. Бид гэрлэлтээ цуцлуулаад, Сманайхаас 2018 оны 6 сарын 05-ны өдөр хувцас хунар, эд зүйлсээ аваад бүр мөсөн явсан. Би том охиноо аваад, 6 сарын 20-ны өдөр Япон улс руу ажиллаж амьдрах төлөвлөгөөтэй явсан ч С араас байнга дарамталж фэйсбүүк чатаар “би ажилтай үедээ охиноо өөрийнхөө зав ээж дээр аваачиж өгдөг, манай аав ээж дээр анхнаасаа өсөөгүй болохоор дасахгүй хэцүү байна, чи ирж охиноо аваад яв одоо ирэхдээ охиноо нэг мөсөн Япон руу авч явахаар бичиг баримтыг нь наанаасаа бэлдэж ирээрэй, би ажилтай үедээ харж хандаж чадахгүй байна, охин чамайг санаад, уйлаад бэтгэрээд, манайхантай байж чадахгүй юм байна гэхээр нь “би охиноо авъя, харин би шүүхээр бүрмөсөн асрамжийг нь өөр дээрээ тогтоолгож авна, тэгэхгүй бол чиний энэ дарамт, хэрүүл маргаан угаасаа тасрахгүй хэцүү баина” гэсэн. Гэтэл С “чамд шүүхийн шийдвэрээр өгөхгүй, чи зүгээр л авч явж өөр дээрээ байлга, энд харж асрах хүнгүй хэцүү, өмнөх шүүхийн шийдвэр байж байг, харин чамд би сар бүр 1.000.000 төгрөг амьжиргаанд чинь өгнө” гэж утсаар ярьж дарамтлах болсон. С ярьж, бичиж байгааг сонсоод, миний охин өмнө нь хамт байгаагүй, жилд ганц удаа золгохоос өөр ямар ч харилцаагүй байсан хадам аав ээж дээр байгаа нь ээж, эмээгээ санаж бэтгэрээд, сэтгэлзүйн хувьд хүнд байдалтай байна гэж ойлгосон. С гэрлэлт цуцлуулахаас өмнө хүүхдээ хүмүүжүүлж чадна гэж амлаж байсан ч бодит байдал дээр хүүхдээ асарч халамжлах үүргийг биечлэн гүйцэтгэх боломжгүй байна. Охин төрсөн цагаас хойш надаас холдож байгаагүй, миний ээж бид 2-ын асаргаанд байсан. С аав ээж миний охиныг харж асарч байгаагүй тул надад тэднийг буруутгахгүй, тэд охиныг минь харж асарч байгаагүй болохоор арга учраа олохгүй хэцүү байгаа учир хүүхэд дассан газраа байсан нь илүү жаргалтай амьдрана гэж бодож байна. С ажил ихтэй, хөдөө орон нутгаар олон хоногоор явдаг учраас охиноо биечлэн харж асрах боломжгүй, чадахгүй тул би охиноо өөрийн асрамждаа авах хүсэлттэй байна. Охин минь ээжийгээ санаад хэцүү байна гэхээр би хуулийн дагуу өөрийн асрамжид авахаар шүүхэд хандахын тулд Японд том охины сургууль амрах хугацаанд Монголд 8 сарын 01-нд ирсэн, 8 сарын 13-наас охин хичээлдээ орох тул өөрийгөө төлөөлүүлж, өөр хүнд итгэмжлэл үлдээхээс өөр арга байсангүй. Энэ маргаан шийдвэрлэгдээд, охины асаргааг өөр дээрээ шийдүүлбэл би ирж, охиноо аваад, бүр мөсөн явна. Надад 2 охиноо асаргаандаа байлгахад хэцүү зүйлгүй, харин ч хүүхдүүдтэйгээ хамт жаргалтай сайхан амьдарна. Тиймээс миний охины сэтгэлзүйн болон С ажил албаны цаг завгүй, хүүхдээ өөрөө асрамждаа байлгаж, биечлэн асрах үүргээ биелүүлэх боломжгүй зэрэг байдлуудыг харгалзан үзнэ үү. Хэрэв охиноо би өөр дээрээ авахгүй, хайхрахгүй үлдээвэл бэтгэрч, сэтгэлзүйн хүнд байдал нь охины минь зан төлөвт муугаар нөлөөлж, амгалан тайван, орчинд өсөх эрх нь ноцтой зэрчигдөхвий гэж эмээж байгаа тул охины асрамжийг тогтоож, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ээлжийн ажилтайгаас аав, ээж дээрээ охиноо үлдээж, ахй хангамжийг нь хангадаг. Охин маань 3 нас 8 сартай, ээжийгээ санаад байхаар нь ээжид нь охиноо авахыг санал гаргасан. Би хуульд зааснаар охиндоо тэтгэлэг төлөхөөр шийдвэрлүүлмээр байна. Гэхдээ сар бүр хэлсэн мөнгөө өгнө. Охин эгч, эх 2-тойгоо Японд байна, ээж нь ирж авна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б нь хариуцагч С холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэх, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч маргахгүй байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/01752 дугаар шийдвэрээр С, Б нарын гэрлэлтийг цуцалж, охин Ш эцгийн асрамжид үлдээж, охинд сар бүр тэтгэлэг тогтоож, эхээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
Гэвч бага насны охин эхийгээс санаж, өмнө нь хамт байгаагүй өвөө, эмээгийн орчинд дасахгүй байгаа, асрамжлах үүрэгтэй эцэг нь өөрийн ажил байдлын улмаас биеэр асрамжлах боломжгүй талаар тайлбарлаж байгаа зохигчийн тайлбарыг хүлээн авч, 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн Ш асрамжийг эх Б шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй гэж заасан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар С.Ш 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг С тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар О.Б нь У.С эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 50,350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн Ш эх Б /РД:00000000/ асрамжид шилжүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Ш сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг С тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 50,350 төгрөг гаргуулан орлогод оруулугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ