Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 01

 

Г.О-ы нэхэмжлэлтэй
   иргэний хэргийн тухай      

          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
          Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 136/ШШ2017/00408 дугаар шийдвэртэй,
          Нэхэмжлэгч: Оны нэхэмжлэлтэй,
         С.О-ийн хууль бусаар цагдан хоригдсоноос үүссэн хохиролд 45336000 төгрөг, өмгөөллийн үйлчилгээ авсаны хөлс 3000000 төгрөг, нийт 48336000 төгрөгийг төрөөс гаргуулах тухай иргэний хэргийг,
Прокурор Ө.Мийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, Б.Батчимэг, прокурор Ө.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов.
                                            

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү С.О-ийг 2008 оны 07 дугаар сараас эхлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.8, 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар сэжигтэн, яллагдагчаар татаж, гэм буруутай гэж үзэж сэтгэл санааны хүнд дарамтанд оруулан, 2008 оны 07 дугаар сарын  04-ний өдрөөс 2009 оны  07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 370 хоног цагдан хорьж, дээрх Эрүүгийн хуулийн зүйл ангиудад холбогдуулан шалгаж байгаад 2009 онд аймгийн Прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгон хянан шийдвэрлэсэн хэдий ч дахин хүү С.О-ийг маань аймгийн Цагдаа, Прокурорын байгууллагын зүгээс гэм буруутайд тооцохыг хичээж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 28 хоног, нийт 398 хоног цагдан хорьж, дахин сэтгэл санаа, бие махбодын дарамт шаналалд оруулж хүндээр дарамтлан, доромжилсон байсан. Ингэж доромжлохдоо Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэргийн мөрдөн байцаагч, ахмад Б.Эрдэнэбат “Чи хэргээ хүлээ, чи хүн алсан, чи өөрөө шоронд банди болно, ээж чинь шуурганд үхнэ, аав чинь эмнэлэгт үхнэ, ах чинь ажилгүй болно гэж урьдчилан судалж, иш үндэслэлтэйгээр дарамтлан сэтгэл санааны гүн дарамтанд оруулан эрүүдэн шүүж, Урьдчилан хорих байранд цагдан хорьсон болно. /Тухайн үед нэхэмжлэгч Г.О миний бие хөдөө мал маллаж, манай нөхөр Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ах С.Пүрэвхүү нь Даланжаргалан сумын Засаг даргаар ажиллаж байсан./ Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаар цагаатгах тогтоолоор хүү С.От сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.8, 126 дугаар зүйлийн 126.3-т заасныг тус тус хэрэгсэхгүй болгож, хүү С.Оийг цагаатгасан. Харин миний хүү С.О нь 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өвчний улмаас нас барсан. Иймд төрөөс хүү С.О нь 2008.07.04-наас 2009.07.09-ний өдөр хүртэл цагдан хоригдсоны нөхөн төлбөр 39960000 төгрөг, 2015.12.03-наас 2015.12.31-ний өдөрх хүртэл 28 хоног цагдан хоригдсоны нөхөн төлбөр 5376000 төгрөг, 2008.07 сараас 2016.04.11-ний өдрийг дуустал өмгөөлөгч Б.Батчимэг, Э.Сайханаа нартай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ авсаны хөлсөнд өмгөөлөгч нарт төлсөн 3000000 төгрөгийн өмгөөллийн хөлс, нийт 48336000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
          Прокурор Ө.Мөнхнавч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Одбаяр 2008 онд Улаанаа нас барсан гэх хэрэгт 2008.06.29-ний өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, уг хэрэгтээ 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдөр С.Оийг сэжигтнээр татаж, 2009.07.09-ний өдөр хүртэл, мөн 2015.12.03-2015.12.31-ний өдөр хүртэл цагдан хорьсон нь эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Гэвч иргэн Г.О гэх хүн тухайн хүнийг төлөөлөх эрхтэй хүн мөн үү, эсхүл үгүй юу, өв залгамжлах эрхтэй хүн мөн гэдэгт асуудал яригдана. Хэрэв хууль ёсны өв залгамжлагч мөн гэж үзэх юм бол түүнд шаардах эрх байгаа юу, үгүй юу гэдэг асуудал мөн яригдана. Иргэний хуулийн 505 дугаар зүйл, 515 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өвлүүлэгчийн эд хөрөнгийн эрх өвлөгдөнө гэж заасан байдаг. Ингэснээр эдийн бус хохирол шаардах эрх нь нас барсан этгээдийн өв залгамжлагчид шилжихгүй байхаар хуульчилсан байдаг. Нөгөөтэйгөөр үнэхээр өв залгамжлах эрхтэй этгээд байна гэж үзэх юм бол Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу энэ хүн өвлөх эрхийн гэрчилгээ авах ёстой байсан. Тухайн хүн нь нас барсан этгээдийн хуульд заасан өвлөгч мөн гэдгийг нотолсон нотлох  баримт  хэрэгт  авагдаагүй  учраас  иргэн С.О-ийн  гэм хорын хохирол буюу цагдан хоригдсоны төлбөр 45336000 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэсгүй байна. С.О-ийг хэрэгт шалгагдаж байх үед буюу 2008-2015 онуудад өмгөөлөгч Э.Сайханаа, Б.Батчимэг нар хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан байцаалтуудаар харагддаг ч шүүгдэгч болон яллагдагчтай байгуулсан өмгөөллийн ажиллагаа хийх тухай гэрээ байдаггүй. Гэрээ байхгүй учраас тухайн үед хэдэн төгрөгийн хөлстэй болон хэдэн төгрөгөөр өмгөөлөл үзүүлж байсан нь эргэлзээтэй болоод байна. Төлбөр төлсөн баримт ч байхгүй учраас өмгөөллийн хөлс өнөөдөр тэдэн төгрөг байсан гэх байдлаар нотлох баримт бүрдүүлэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр өмгөөллийн хөлс 3000000 төгрөгийн нэхэмжлэлийг мөн хангах үндэслэлгүй байна. Төрийг төлөөлж оролцож байгаагийн хувьд Прокурорын зүгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна гэжээ.
            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас 48336000 төгрөгийг гаргуулан Г.Од олгож,
        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж,
         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,  
         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
          Прокурор Ө.Мөнхнавч давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын нөөц сангаас 48336000 төгрөг гаргуулан Г.О-д олгохоор шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нөхөн төлөх эд хөрөнгийн хохирлыг заагаад өгчихсөн байгаа.  Гэтэл С.О нь тухайн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан ба улсаас ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж авч байгаад зогсоогдсон тохиолдол гараагүй, эд хөрөнгөөс нь шүүхийн шийдвэрээр хураасан зүйлгүй бөгөөд тухайн хэрэгт сэжигтнээр болон яллагдагчаар цагдан хорьсон гэх асуудал нь эдийн бус хохиролд тооцогдохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заажээ.
Мөн Улсын дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаартай “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах тухай Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолоор энэ төрлийн харилцааг зохицуулсан байдаг.
Дээрх тогтоолын 21 дэх хэсэгт “хуулийн 396 дугаар зүйлийн 396.7-д “Иргэн нас барсан тохиолдолд эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх эрх нь түүний өв залгамжлагчид шилжинэ” гэдэг нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан өв залгамжлагчид, түүнчлэн зөвхөн эд хөрөнгийн хохирол шаардах эрхэд тус тус хамааралтай болно. Мөн зүйл хэсэгт заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь зөвхөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх бүхий этгээдэд шилжинэ. Харин эдийн бус хохирол шаардах эрх нас барсан этгээдийн өв залгамжлагчид шилжихгүй бөгөөд тэрээр зөвхөн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д заасан хэмжээнд шаардлага гаргах эрхтэй ба энэ тохиолдолд мөн зүйлийн 21.8-д зааснаар учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэхийг шаардах эрхгүй”... гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт “...Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө...” гэж заасан ба эдийн бус хохирол шаардах эрх нь нас барсан этгээдийн өв залгамжлагчид шилжихгүй байхаар хуульчилсан ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 136/ШШ2017/00408 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Г.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.О-ийн мөрдөнд байсан хугацааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нэхэмжилсэн байгаа. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1, 1.6, 45.4, 45.6 дахь заалтуудыг баримтлаад түүнийг ажил хөдөлмөр эрхлээгүй гэж дүгнэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хохирлыг нөхөн тооцсон шийдвэр гаргасан байгаа. Үүнийг эдийн бус хохирол гэж прокурорын зүгээс үзээд байгаа юм байна. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд нас барсан этгээдийн нэр, нэр төр, алдар хүндийг гутаасан, эсхүл түүний хувийн нууцтай холбоотой мэдээг энэ хуулийн 520 дугаар зүйлд заасан өвлөгчийн зөвшөөрөлгүйгээр олон нийтэд тараасан бол энэ зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэсэн заалт байгаа. Энэ заалтыг барьсан талаар тайлбарлаагүй ба хуулийн гаргалгааг нь гаргаагүй байдаг. Өнөөдрийг хүртэл нэр хүнд, алдар нэртэй холбоотой асуудал яригдсан зүйл байдаггүй. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэсэн заалтын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах буюу хүчингүй болгуулах үндэслэл байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэсэн заалтын дагуу  гэм хорын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.


ХЯНАВАЛ:

       Нэхэмжлэгч Г.О нь хүү С.О-ийн хууль бусаар 398 хоног цагдан хоригдсоны төлбөр болон хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсаны төлбөрт гарсан зардал болох нийт 48336000 төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж,  төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор Ө.Мөнхнавч эдийн бус хохирол шаардах эрх нь нас барсан этгээдийн өв залгамжлагчид шилжихгүй гэж маргажээ.

       Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 48336000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч Г.О-д олгохоор шийдвэрлэснийг прокурор Ө.Мөнхнавч эс зөвшөөрч шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдсан гомдол гаргасан байна.  
        
         Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч С.О-ийн хууль бусаар 398 хоног цагдан хоригдсоны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүйгээс алдсан орлогыг гаргуулахдаа 1 өдрийн орлогыг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон нь үндэслэл бүхий болж чадаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

         С.О нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж, нийт 398 хоног цагдан хоригдсон, улмаар Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 23 тоот цагаатгах тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар буюу нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан /хх-4-16/, тэрээр 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын эмнэлэгт нас барсан /хх-79/ болох нь тус тус тогтоогджээ.
    
Нэгэнт С.О-т холбогдох хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгож, цагаатгасанаар түүнийг хууль бусаар цагдан хоригдсон гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1, 1.2, 2, 2.1-д тус тус зааснаар хохирол нөхөн төлүүлэх эрх үүссэний гадна тухайн хүнд учирсан хохирлыг мөрдөгч эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгахаар зохицуулсан байна.

          Анхан шатны шүүх С.О нь нас барсан тул нэхэмжлэлийг түүний төрсөн эх Г.О гаргасан нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 7-д нийцсэн буюу Г.О нь нас барагчийн хууль ёсны өв залгамжлагч тул эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Учир нь нэхэмжлэгч Г.О нь С.О-ийн төрсөн эх болох нь С.О-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-77/-аар, мөн тэрээр гэрлээгүй байсан нь гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-76/-аар тус тус тогтоогдсон ба Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.О нь С.О-ийн хууль ёсны нэгдүгээр өв залгамжлагч болох тул Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх юм.

    Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан С.О-ийн шүүхэд мэдүүлэх эрхийг түүний хууль ёсны өв залгамжлагч буюу төрсөн эх Г.О хэрэгжүүлсэн нь дээрх хуулийн агуулга зарчим зөрчигдөөгүй болно.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3, 45.4, 45.5-д тус тус зааснаас үзэхэд эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг эд хөрөнгийн хохирол, сэтгэл санааны хохирол, хуулийн этгээдэд учирсан хохирол шаардах эрхийг хуулиар тус тус тогтоосон байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар тухайн хүн нас барсан тохиолдолд эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх эрх түүний өв залгамжлагчид шилжихээр нарийвчлан зохицуулсан гэж үзэхээр байна.

Улмаар нэхэмжлэгч Г.О нь нэхэмжлэлийн үндэслэлээ хүү С.Оийн хууль бусаар цагдан хоригдсоноос учирсан хохирол буюу С.О-ийн цагдан хоригдсон хугацааны хөдөлмөрийн орлого гэж тодорхойлж нэхэмжлэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1, 1.1, 1.6-д заасныг үндэслэж эд хөрөнгийн хохирол шаардсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар түүнд хүү С.Оийн эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх эрх шилжсэн гэж үзнэ.

Тодруулбал хууль бусаар цагдан хоригдсоны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүйн орлого нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1, 1.1-д зааснаар эд хөрөнгийн хохиролд хамаарахаар хуульд зохицуулсан тул нэхэмжлэгч Г.О-ыг эдийн бус хохирол шаардсан гэж үзэх нөхцөл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнг тооцохдоо 1 өдрийн хөдөлмөрийн хөлс, орлогыг  1 сарын хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь дээрх тооцооллоо Эрүүгийн хуулийн /2002 оны/ 59 дүгээр зүйлийн 59.3-т үндэслэсэн гэж тайлбарласан байх боловч энэ нь цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан тохиолдолд цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж торгох ялаас хасч тооцох зохицуулалт тул тухайн маргаанд хамааралтай жишиг болгох зохицуулалт болохгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Гэхдээ С.О нь 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 370 хоног, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 28 хоног нийт 398 хоног цагдан хоригдсон, тэрээр эцэг, эхийн хамт хувийн мал аж ахуй эрхэлж байсан, мөн хувиараа модон эдлэл болон чулуугаар хөөрөг хийж амьжиргаагаа залгуулж, улмаар тогтсон цалин хөлс, орлогогүй байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдсон /хх-4-16, 40-55, 69-70/ ба энэ хугацааны хөдөлмөрийн орлогыг 1 цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гаргуулах нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2 болон хуулийг төсөөтэй хэрэглэх зарчмыг баримталбал Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасантай нийцэх юм.

Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэг цагт 642 төгрөг 85 мөнгө, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурлын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө байхаар тогтоосныг үндэслэн С.О-ийн цагдан хоригдсон 1 хоногийг 24 цаг ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхээ хязгаарлуулсан гэж үзвэл:

1.    2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 370 хоногт нийт 5708508 төгрөг /24цаг х 1цагийн 642,85төгрөг = 1 хоногт 15428,4 төгрөг, 370 хоногт х 15428,4=5708508төгрөг/,
2.    2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 28 хоногт нийт 767995,2 төгрөг /24цаг х 1цагт 1142,85төгрөг = 1 хоногт 27428,4төгрөг, 28хоногт х 27428,4төгрөг =767995,2 төгрөг/,
3.    Нийт 6476503,2 төгрөгийг /5708508 төгрөг +767995,2 төгрөг/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3  дугаар зүйлийн 1, 1.1-д заасны дагуу хөдөлмөрийн бусад орлогод тооцож гаргуулах үндэслэлтэй.
Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг хүртэл байхаар хуульчилсан байх боловч С.О нь эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас эрхээ хязгаарлуулж тасралтгүй 370 хоног, мөн хэсэг хугацааны дараа тасралтгүй 28 хоног, нийт 398 хоног эрхээ хязгаарлуулж хууль бусаар цагдан хоригдсон тул түүний ажил хөдөлмөрийн орлогыг 1 бүтэн өдрөөр буюу 24 цагаар тооцож гаргуулах нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирол нөхөн төлөх эрхийг хангах зарчимд нийцнэ гэж үзэв.

Мөн Өмгөөлөгч Э.Сайханаа, Б.Батчимэг нар нь С.О-т хууль зүйн туслалцаа үзүүлж, түүний өмгөөлөгчөөр ажилласан, тэдэнд нийт 3000000 төгрөгийн хөлс төлсөн болох нь С.О-ийг байцаасан тэмдэглэлүүд /хх-56-73/ болон Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 23 тоот цагаатгах тогтоол /хх-04/, хууль зүйн туслалцаа үзүүлсэн тухай тасалбар /хх-25-28/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул  анхан шатны шүүх хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсөнд 3000000 /гурван сая/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3  дугаар зүйлийн 1, 1.6-д нийцжээ.

Иймд Прокурор Ө.Мөнхнавчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, харин дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
        1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 136/ШШ2017/00408 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...48336000 ... “ гэснийг “9476503” гэж, “...олгосугай...” гэснийг “олгож” гэж өөрчилж, “олгож” гэсний дараа “нэхэмжлэлээс үлдэх 38859497 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Ө.Мөнхнавчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар прокурор нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  
        3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       
          4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ
                                ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ
                                                                                  Х.БАЙГАЛМАА