Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2024/0414

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газрын даргын албан тушаалд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилохыг даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0177 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Хариуцагчийн өмгөөлөгч М.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0905/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулж “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газрын даргын албан тушаалд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0177 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах гомдолдоо:

“...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Б.Б нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, гомдлын хариуг мэдэгдсэнээс хойш Захиргааны ерөнхий хуулийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан хугацааг хэтрүүлж шүүхэд хандсан” гэсэн үндэслэлээр хариу тайлбар, нотлох баримтыг хүргүүлэн шүүх хуралдаанд мэтгэлцсэн боловч шүүхээс энэхүү тайлбар, няцаалтад огт дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулснаараа Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Мөн Б.Б нь “Намайг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын ахлах шинжээчийн албан тушаалд түр томилсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Х-т мэдэгдсэн. 3 удаа уулзаж Төрийн албаны зөвлөлийн албан бичгийн хэрэгжүүлж ажиллах талаар хүсэхэд ямар 1 шийдвэр гаргаагүй болно” гэсэн нэхэмжлэлийн шаардлагад бичсэнийг, ямар өргөдөл хүсэлт гаргасныг тодруулах гэрчийн мэдүүлэг, тайлбар авах ажиллагаа хийгээгүй дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хууль ёсны дагуу цуглуулаагүйГ зөвхөн нэг талыг баримталж шийдвэрлэсэн болно.

Б.Б-ийн урьд нь ажиллаж байсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг нотлох баримтаар цуглуулаагүй, үнэлээгүй, шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн. Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын даргын албан тушаалын тодорхойлолт батлагдсаны дараа тус 2 албан тушаал, албан тушаалын тодорхойлолтод харьцуулж албан тушаалууд нь ямар чиг үүрэгтэй, ямар ангилал зэрэглэлд хамаарах, ямар мэргэжил, мэргэшил, тусгай шаардлага тавьсанд дүгнэлт өгөлгүй Б.Бийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын даргын албан тушаалд томилохыг даалгахаар шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөн.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах”, 23 дугаар зүйлийн 23.2.2-т “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил түүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх”, 27 дугаар зүйлийн 27.1.1-т “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс томилно”, Төрийн албаны зөвлөлийн тогтоол 2023 оны төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай” 25 дугаар тогтоолыг зөрчсөн гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3 дахь хэсэг нь татан буугдаагүй төрийн байгууллага хооронд төрийн албан хаагчийн шилжүүлэх харилцааг зохицуулсан бол 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт нь татан буугдсан төрийн байгууллагын албан хаагчдын нэмэлт нийгмийн баталгааг хангах зорилгоор өөр ажил, албан тушаалаар хангах асуудлыг зохицуулсан хоорондоо хамааралгүй хуулийн зүйл, хэсэг, заалтууд юм. Гэтэл Шүүхийн шийдвэрийн үндэслэл, тогтоох хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар” гэж 2 өөр харилцааг зохицуулсан хэсэг, зүйлийг хамтад нь хэрэглэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай 6 дугаар зүйлийн 6.2-т “Агентлагийг дараах үндэслэлээр татан буулгана”, 6.2.1-т “тухайн агентлагаас хэрэгжүүлж байсан чиг үүрэг, үйлчилгээ нь төрийн чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээнд хамаарахгүй болсон” Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 23 дугаар зүйлд Төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгахад Иргэний хууль болон бусад хуульд заасан үндэслэл, журмыг баримтална, Иргэний хуулийн 32 дугаар зүйлд “Хуулийн этгээдийг татан буулгах” зэрэг зүйл, хэсэг, заалтаар татан буугдсан нь илэрхий үйл баримт баримт тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих” заалтаар Б.Бийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын ахлах шинжээчийн албан тушаалд түр томилсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй. Гэтэл дээрх үйл баримтыг буруу үнэлж, шүүх Төрийн албаны тухай хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0177 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.1-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.  

          2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...тухайн хоёр албан тушаалууд нь ямар чиг үүрэгтэй, ямар ангилал зэрэглэлд хамаарах, ямар мэргэжил, мэргэшил, тусгай шаардлага тавьсанд дүгнэлт өгөөгүй, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар хоёр өөр харилцааг зохицуулсан зүйл заалтыг хамт хэрэглэсэн” гэж маргасан.

          3.  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/** дугаар “Б.Бийг албан тушаалд томилох тухай” тушаалаар Б.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.

          4. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр “Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлэх талаар авах арга хэмжээ авах” тогтоол гаргасан байна.

          5. Улмаар Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ХЭГ/**** дугаар  албан бичгээр “...Засгийн газрын *** дүгээр тогтоолоор танай яамны зохион зохион байгуулалтын бүтцэд мэргэжлийн хяналтын чиг үүргийг хариуцах “Салбарын хяналтын газар”-ыг байгуулсан. ...Хавсралтад заасан төрийн албан хаагчдын эрхэлж байсан ажил, чиг үүргийн дагуу эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр зохих албан тушаалд томилох арга хэмжээг зохион байгуулахыг хүсье” гээд албан бичгийн нэгдүгээр хавсралт 1-д “Б.Б Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга, салбарын ерөнхий байцаагч ТЗ-11-5 ангилал, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 10, зэрэг дэв 18 хувь” гэж тусгасан байна.  

          5. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/*** дугаар “Б.Б-ийг төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албаны тушаалд түр томилох тухай” тушаалаар “...Батхүүгийн Батзоригийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тус яамны Салбарын хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын ахлах шинжээчийн албан тушаалын ТЗ-4 ангилалд түр томилсон” шийдвэр гаргажээ.

          6. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох.”-оор заасан.

          7. Анхан шатны шүүх “...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар Б.Б-ийг тус яамны Салбарын хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын ахлах шинжээчийн албан тушаалд түр томилж, ТЗ-4 ангилалд хамруулснаар Б.Б-ийн урьд эрхэлж байсан эрхэлсэн түшмэлийн зэрэг дэв, албан тушаалын ангилал, зэрэглэл буурсан... Засгийн газрын 2019 оны *** дугаар тогтоолоор батлагдсан албан тушаалын ангилал зэрэглэлээр ТЗ-11 ангилал нь эрхэлсэн түшмэлд хамаарч байгаа бол Засгийн газрын 2022 оны *** дугаар тогтоолоор батлагдсан ангилал, зэрэглэлээр ТЗ-4 ангилал ахлах түшмэлийн зэрэг дэвд хамаарч байна” хэмээн үндэслэлтэй дүгнэжээ.  

          8. Засгийн газрын тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулган Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд Салбарын хяналтын газрыг байгуулсан байхад Б.Б-ийг төрийн албаны ангилал, зэрэглэл бууруулж маргаан бүхий Б/*** дугаар тушаалыг гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасантай нийцээгүй байна.

          9. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болохоор зохицуулсан бөгөөд энэ тохиолдолд төрийн нэг байгууллага татан буугдсан тул энэхүү харилцаанд хэрэглэгдэхгүй.

          Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар зөв дүгнэсэн байх боловч хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0177 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3...” гэснийг хасаж өөрчлөн, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА