Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1120

 

 

 

 

 

 

 

     2022          09            13                                      2022/ШЦТ/1120

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Э.Оргилбат,

шүүгдэгч Г.Я...........аа нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0245 81390 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Баржин овогт Г...........хын Я...........аа, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Заамар суманд 1983 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цаг уурч мэргэжилтэй, ......................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Я...........аа нь иргэн Л.Я.................ржтой маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь 1 удаа цохиж, нүүрэн тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын нуруу, хоёр хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Г.Я...........аа нь 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ................. тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Л.Я.................ржтой маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь 1 удаа цохиж, нүүрэн тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын нуруу, хоёр хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

-СХДЦГ ЦХ-3 Шуурхай удирдлагын тасгийн PCNG12442565 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн....95836985 Дуудлага хүлээн авсан...2022.07.13, 21:58:06 минут...Дуудлагын утга...хажуу айлын Я...........аа гэх эмэгтэйд зодуулчихлаа гэх...” дуудлагын хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал)

 

-Хохирогч Л.Я.................ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн ................. тоот хашаанд амьдардаг юм. Манай хажууд буюу 54-6 тоотод Б.................н гэх айлынх байдаг юм. Б.................ных хашааны хаалга байхгүй тул манай хашаагаар орж гардаг юм. Б.................н гэртээ байхгүй байгаа бөгөөд цагаан сараас хойш Я...........аа гэх эмэгтэйг гэртээ амьдруулж байгаа юм. Би Я...........аа гэх эмэгтэйг орж гарахдаа хаалгаа дэлгээд явчихдаг тул хаалгаа хааж бай гэдэг шаардлага тавьдаг боловч үгэнд ордоггүй юм. 2022 оны 7 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед Я...........аа ажлаасаа ирж байхад нь би хашаандаа мод услаад зогсож байсан ба Я...........ааг хашааны хаалгаар орж ирэхэд би “Хаалгаа хааж бай” гэж хэлсэн чинь үгийн зөрүүгүй газраас тоосго аваад миний толгойн дагз хэсэг рүү цохиход нь би урагшаа газарт унасан чинь Я...........аа миний хамар руу хөлөөрөө өшиглөхөд миний хамраас цус гарсан ба би Я...........ааг “гэртээ ор тайвшир” гэхэд үгэнд орохгүй намайг “Турсага минь ална шүү” гэж хэлээд гэр рүүгээ орохоор нь би цагдаад дуудлага өгсөн...одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

-Гэрч Д.Д.......аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 13-ы орой 20 цагийн үед би ээжийндээ байж байсан чинь манай нөхөр Я.................рж араас хамраас нь цус гарсан ирэхээр нь юу болсон юм гэсэн чинь Я.................рж “би Я...........аад зодуулчихлаа гэж хэлсэн тэгэхээр нь би “юунаас болсон” гэсэн чинь Я.................рж цагдаа дуудна гээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

-Гэрч Ч.Ц.......рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Г.Я...........аагийн ээж Х...............н гэдэг хүн Төв аймгийн Заамар сумаас хотод ирээд Г.Я...........аагийн хажуу айлын хүн болох Л.Я.................ржийн эхнэр Д.......аа, Г.Я...........аагийн байгаа айлын эзэн Б.................н нарыг дагуулаад манай гэрт гурвуулаа орж ирсэн юм. Тэгээд би цай унд хийж өгөөд ярьж хөөрөөд сууж байтал Г.Я...........аа ажлаа тараад манайд орж ирсэн. Тэгээд Г.Я...........аа манай хажуу айлын хөгшин Я.................рж хаалга, үүдээ хаасангүй, орой шөнө ирлээ гээд өчигдөр Я.................ржтой маргалдсан ба Я.................рж Я...........аа руу тогоо авч шидээд мөр рүү цохисон гэж хэлээд бид нарт баруун мөрөө үзүүлсэн чинь баруун мөр нь хөхөрсөн байсан ба би тухай үед зургийг нь гар утсаараа дарж байсан боловч зураг нь утаснаас устсан байхгүй болсон байна...Г.Я...........аа нь одоо ганцаараа Б.................н гэх айлын хашаа байшинд амьдардаг ганц бие хүн байгаа юм. Г.Я...........аа нь хотод цаг уурт ажилладаг гэж байсан. Г.Я...........аа нь гэдэс нь нэлээн том болсон жирэмсэн ба одоо барагцаагаар 5, 6 сартай байх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал)

-Гэрч Д.Х...............дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Я...........аагаас асуусан чинь энэ хөгшин өвгөн чинь ажлаас ирэхэд гэрт хүртэл оруулахгүй дарамтлаад тогоо шидэхээр нь би цүнхээрээ тэр өвгөнийг цохичихсон гэж хэлж байсан ба Я...........аагийн зүүн талын мөр нь цус хураад улаан болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10018 дугаартай дүгнэлтэд: “...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн дээд зовхинд тархмал, хармын нуруу, баруун, зүүн хацрын дотор хэсгийн хамарсан тархмал 7.5х5.0см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, хамрын нуруугаар тэмтрэхэд эмзэглэлтэй.

ГССҮТ-н 2022.07.16-ны толгойн КТГ-н шинжилгээнд: ...хамар ясны хугаралтай...ДҮГНЭЛТ

1. Л.Я.................рж-н биед хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын нуруу, хоёр хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Г.Я...........аагийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би орой 21 оны цаг өнгөрч байхад ажлаа тараад гэртээ ирсэн чинь миний ордог Б.................н эгчийн хашааны хаалга нь дотроосоо цоожтой байсан бөгөөд Я.................ржийн орж гардаг хашааны хаалгыг нь дотроосоо цоожтой байсан бөгөөд Я.................ржийн орж гардаг хашааны хаалгыг онгойлгоод хашаанд орсон чинь Я.................рж хашаандаа төмөр эвдэрхий цахилгаан тогоо барьсан мод услаад зогсож байхаар нь Я.................рж хөгшинд хандаж та одоо яахаараа хүн бүтэн сарын турш доромжлоод зүгээр явуулахгүй байгаа юм бэ би танд ямар гэм хийсэн юм гэж хэлсэн чинь Я.................рж чи балай минь эндээс зайл гэж хэлээд гартаа барьж мод усалж байсан эвдэрхий цахилгаан тогоог нэг сэнжнээс нь барьж тогоог савж миний зүүн мөрөнд цохихоор нь “та яахаараа хүн цохидог юм гэж хэлээд би ажилдаа авч явсан хуванцар хоолны халуун саваар зөрүүлээд нүүр рүү нь савсан чинь Я.................ржийн хамраас цус гарсан. Тэгээд би дахиад нөгөө гарт барьж байсан цүнхээрээ цохих гээд далайсан чинь Я.................рж гэдрэг ухраад арагшаа савж унахаар нь би шууд гэр рүүгээ орсон... Би бусдын эрүүл мэндэд хохирол учруулж болохгүй гэдгийг мэднэ. Гэхдээ бүрэн сарын хугацаанд Я.................рж намайг үгээр идэж доромжлоод байсан би дотроо бодоод яваад байсан болохоор тэр өдөр уур хүрээд хэлсэн чинь ойлголцохгүй байсан Я.................рж өөрөө эхэлж намайг цохисон болохоор би зөрүүлээд Я.................ржийг цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Я...........аа нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10018 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Г.Я...........аа нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас хувийн таарамжгүй харилцаан үүсгэн хохирогч Я.................ржийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Г.Я...........аа нь хоолны тавгаар хохирогч Я.................ржийн нүүрэн тус газар цохиж хамар ясны хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Я...........ааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Я.................рж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Я...........ааг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Г.Я...........ааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Г.Я...........аа нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.Я...........аа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч болон хохирогч нарын хэргийн хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 76, 77 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 78 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 79 дэх тал),

 Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 61, 62 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал), Г.Я...........аа нь жирэмсэн болохыг тодорхойлсон тодорхойлолт (хавтаст хэргийн 64 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Я...........аа, хохирогч Я.................рж нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Г.Яж.....ааг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний мэдүүлэг “ХААН” банкны депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Г.Я...........аад торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0245 81390 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баржин овогт Г...........хын Я...........ааг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Я...........ааг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Я...........аад оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Я...........аа нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.МӨНХЗУЛ