Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/664

 

 

 

 

 

 

 

 

  2022          8          12                                      2022/ШЦТ/664

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, 

улсын яллагч Ж.Баянжаргал,

шүүгдэгч Э.З,

өсвөр насны шүүгдэгч Э.С, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Энхбаяр,

өсвөр насын шүүгдэгч А.О, түүний хууль ёсны төлөөлөгч О.Даваадорж, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.З, Э.С, А.О нарт холбогдох эрүүгийн 2211 00942 1308 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2003 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.З, регистрын дугаар,

2. Монгол Улсын иргэн, 2004 оны 8 дугаар сарын 25-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ах, эгч нарын хамт ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, А.О, регистрын дугаар,

3. Монгол Улсын иргэн, 2004 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Эс Эс Эм Ти ХХК-д барилгын мужаан ажилтай, ам бүл 3, ээж эгч нарын хамт ...  тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.С, регистрын дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.З, өсвөр насны шүүгдэгч Э.С, А.О нар нь бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 4 дүгээр гудамжид иргэн А.Мтай тодорхойгүй шалтгаанаар маргалдаж А.Мын эрүүл мэндэд “...гараараа хоолойг боох, цохих, газар унагааж хөлөөрөө өшиглөх зэргээр тархи дА.От, хамар ясны хугарал, зулайн хуйх, зүүн хоншоорт няцарсан шарх, баруун хацар, шанаа, хүзүү, баруун мөр, зүүн дал, нуруу цээж, зүүн тохой, баруун шуу, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.З нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.О нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.С нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.Оын хууль ёсны төлөөлөгч О.Даваадорж нь “...Манай хүү Баянзүрх дүүргийн дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт ах, эгч нарын хамт ногоо тарьж байгаа тул зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа тэр хүртэлх тогтоож өгнө үү, миний бие үүнд хяналт тавьж байх болно...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч А.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-11 дэх тал/,

- Гэрч Э.Төрмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

- Гэрч Б.Наранзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээч эмч Г.Галиндэвийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 7725 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

- Шинжээч эмч Г.Галиндэвийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,

- Шүүгдэгч Э.З, өсвөр насны шүүгдэгч А.О, Э.С нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58, 69, 76 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60, 71, 78 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 147-148 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 149-151 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.З, өсвөр насны шүүгдэгч Э.С, А.О нар нь бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 4 дүгээр гудамжид иргэн А.Мтай тодорхойгүй шалтгаанаар маргалдаж А.Мын эрүүл мэндэд “...гараараа хоолойг боох, цохих, газар унагааж хөлөөрөө өшиглөх зэргээр тархи дА.От, хамар ясны хугарал, зулайн хуйх, зүүн хоншоорт няцарсан шарх, баруун хацар, шанаа, хүзүү, баруун мөр, зүүн дал, нуруу цээж.зүүн тохой, баруун шуу, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Э.З, өсвөр насны шүүгдэгч Э.С, А.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Э.З, өсвөр насны шүүгдэгч Э.С, А.О нар нь бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 4 дүгээр гудамжид иргэн А.Мтай тодорхойгүй шалтгаанаар маргалдаж А.Мын эрүүл мэндэд “...гараараа хоолойг боох, цохих, газар унагааж хөлөөрөө өшиглөх зэргээр тархи дА.От, хамар ясны хугарал, зулайн хуйх, зүүн хоншоорт няцарсан шарх, баруун хацар, шанаа, хүзүү, баруун мөр, зүүн дал, нуруу цээж.зүүн тохой, баруун шуу, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч А.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Төрмөнх найзынх руугаа орохоор машинаас буугаад Бондоолой бид хоёр машинд үлдсэн. Бондоолой надтай муудалцаж байгаад найзууд руугаа яриад байгаа газраа зааж өгөөд дуудсан. Удалгүй Бондоолойгийн найзууд болох Соохой, А.О, Э.С болон нэг үл таних залуугийн хамт хүрч ирээд намайг хавсарч унагаагаад миний толгой, нүүр, хамар хэсэг рүү хөл болон гараараа олон удаа цохиод миний хамраас цус гараад толгойны ар талын дагз хэсэг хагараад цус гарсан. Би Бондоолой болон түүний найзууд болох А.О, Э.С болон нэг үл таних залууд зодуулаад байж байхад манай найз Төрмөнх болон манай найз Наранзул хоёр над дээр хүрч ирээд намайг салгаад нөгөө хүүхдүүд зугтаад яваад өгсөн. Эмчид үзүүлтэл толгойны ар талын дагз хэсэгт 1 удаа хагарсан байна гээд 1-2 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-11 дэх тал/,

- Гэрч Э.Төрмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би бие засахаар яваад машин дотор А.М, Э.З хоёр үлдсэн юм. Би Наранзулын гэр рүү ороод 20 минутын дараа гараад ирэхэд Э.З болон А.М 2 хоорондоо бие биеэ барилцаад авчихсан муудалцаад зогсож байсан, цаад талд нь манай гудамжинд байдаг зүс мэдэх хүүхдүүд болох Санчир, Э.С, Даваажаргал, А.О нар зогсож байсан. Тэгээд Э.С гэх хүүхэд нь манай найзын ар талд нь зогсож байгаад хүзүү хэсгээр нь боогоод газарт унагаах үед А.О, Э.З хоёр нь манай найз дээр явж очоод толгой, цээж хэсэг рүү нь хөлөөрөө болон гараараа олон удаа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

- Гэрч Б.Наранзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Төрмөнх манай гэрээс гарсны дараа манай гэрийн гадаа хүмүүс муудалцаад орилоод байхаар нь би гэрээсээ гараад хартал худгийн хажуу талд А.Мын толгой хэсгээс цус гарчихсан байсан ба Э.С А.Мын ар талаас нь хүзүү хэсгээр нь боогоод газарт унагаасан юм. Гэтэл хажууд нь байсан Э.З, А.О хоёр Э.Сийн хамтаар А.Мыг газарт уначихсан байхад нь цээж болон толгой хэсэг рүү хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээч эмч Г.Галиндэвийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 7725 дугаартай: “...А.Мын биед тархи дА.От, хамар ясны хугарал, зулайн хуйх, зүүн хоншоорт няцарсан шарх, баруун хацар, шанаа, хүзүү, баруун мөр, зүүн дал, нуруу, цээж,зүүн тохой, баруун шуу, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

- Шинжээч эмч Г.Галиндэвийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Миний гаргасан дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдээс биед тархи, дА.От, хамар ясны хугарал, зулайн хуйх, зүүн хоншоорт няцарсан шарх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх шинэ гэмтлүүд байна. Мөн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих болон цохигдох үед үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.З, өсвөр насны шүүгдэгч Э.С, А.О нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.З, өсвөр насны шүүгдэгч Э.С, А.О нар нь А.Мтай тодорхойгүй шалтгаанаар маргалдаж гараараа хоолойг боох, цохих, газар унагааж хөлөөрөө өшиглөх зэргээр тархи дА.От, хамар ясны хугарал, зулайн хуйх, зүүн хоншоорт няцарсан шарх, баруун хацар, шанаа, хүзүү, баруун мөр, зүүн дал, нуруу цээж.зүүн тохой, баруун шуу, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч А.Мын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Э.З, өсвөр насны шүүгдэгч Э.С, А.О нарын идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

            Хохирогч А.М нь “...Миний бие хохирлын мөнгө 540,000 төгрөгийг хүлээн авч баримтаар нэхэмжилсэн хохирол бүрэн төлөгдсөн тул надад цаашид гаргах гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 142 дахь тал/, шүүгдэгч нар нь Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан 262,000 төгрөгийг төрийн сангийн дансанд төлсөн /хавтаст хэргийг 145 дахь тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Э.З, өсвөр насны шүүгдэгч А.О, Э.С нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд өсвөр насны шүүгдэгч Э.Сийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эх болох Т.Жаргалбаярыг тогтоосон боловч шүүх хуралдаанд түүний эцэг Д.Энхбаяр нь “...Даваажаргал овогтой Энхбаяр миний бие Э.Сийн төрсөн эцэг мөн болно. Э.Сийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эх болох Т.Жаргалбаярыг тогтоосон боловч ковид-19 халдварт өвчин туссан тул Д.Энхбаяр намайг Э.Сийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож өгнө үү...” гэх хүсэлт ирүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эхийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, мөн зүйлийн 3 дэх хэсэгт “Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Э.Сийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эцэг Д.Энхбаярыг тогтоож, шүүх хуралдаанд оролцуулсныг дурдах нь зүйтэй.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.З, өсвөр насны шүүгдэгч Э.С, А.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Э.З, өсвөр насны шүүгдэгч Э.С, А.О нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч Э.З, өсвөр насны шүүгдэгч Э.С, А.О нарт 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж шийдвэрлэх үндэслэлтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.С, А.О нарт оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, тус бүр 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.З, өсвөр насны шүүгдэгч Э.С, А.О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зад, өсвөр насны шүүгдэгч Э.С, А.О нарыг тус бүр 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.С, А.О нарт оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, зорчих эрх хязгаарлах ялыг 1 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зад оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хүндэтгэн үзэх шалтгаанаар эмнэлэг, цагдаагийн газраас тусламж, үйлчилгээ авахаас бусдаар эрх бүхий байгууллагын хяналтад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, өсвөр насны шүүгдэгч А.Оыг шүүхээс тогтоосон зорчих эрх хязгаарлах ялыг хүндэтгэн үзэх шалтгаанаар эмнэлэг, цагдаагийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авахаас бусдаар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр хүртэлх чиглэлд, өсвөр насны шүүгдэгч Э.Сийг шүүхээс тогтоосон зорчих эрх хязгаарлах ялыг хүндэтгэн үзэх шалтгаанаар эмнэлэг, цагдаагийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авахаас бусдаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүртэл чиглэлд зорчихоор тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Зад, өсвөр насны шүүгдэгч Э.С, А.О нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээх албадлагын арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

7. Зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шүүгдэгч Э.Зад, өсвөр насны шүүгдэгч Э.С, А.О нарт зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ