Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0462/Э |
Дугаар | 2022/ШЦТ/676 |
Огноо | 2022-05-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/676
2022 05 25 2022/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч О.Эрхэмбаяр,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны дугаар сарын ** дүгээр сарын **-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 5 дугаар гудамж 159б тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаанд тэнсэн харгалзсан, Ц овогт Бийн Б, РД : ***,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хөтөл ** тоотод зүс таних Г.Аыг эхнэрээ “дээрэлхэлээ” гэх шалтгааны улмаас маргалдан боож, хавирч унаган, эрүүл мэндэд нь дээд уруулын няцарсан шарх, зөөлөн эдийн хүзүүний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хөтөл ** тоотод зүс таних Г.Аыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- гомдол мэдээлэл хүлээн авсан...иргэн Г.А нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Хөтөл ** тоотод 2021 оны 02 дугаар сарын 11-ний орой зодуулсан гэх...” тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
- хохирогч Г.Аын...2022 оны 02 дугаар сарын 11-ний орой хамтран амьдрагч Стэй хамт тэдний гэрт байхад гаднаас Б гэх ах нэг үл таних залуутай 1 шил архи барчихсан орж ирсэн, бид нар архийг нь хувааж уучихаад байж байтал С, Б, үл таних ах тэр 3 гэрээс гарчихаад ирье гээд гараад явсан...Удахлаар нь би гэрээсээ гарч Сайнбаярын гэрт очсон чинь тэд, Сайнбаяр, өөр нэг үл таних ах нар согтуу архи уугаад байж байсан. Тэр үед Б ах нилээн согтуу, чи яах гэж ирсэн, хэн дуудсан юм, зайл гээд агсам тавиад монгол гэрийн үүд хэсэгт намайг боож аваад тавихгүй сэгсчээд байсан...Тухайн үед баруун гар талд байсан гал тогооны тавилганы булан хэсгийг дээд уруул хэсгээрээ цохисон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар дугаар тал/,
- гэрч Н.Б-гийн...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр манай гэрт Сув-Эрдэнэ, Б ах хоёр ирээд С нь Б ахад хандан А дээрэлхээд байгаа гээд яриад байсан. Тэр үед А удалгүй манай гэрт орж ирсэн, Б ах А-од хандан “чи эхнэрээ байнга яах гэж зодож байдаг юм бэ” гээд уурласан чинь С уйлаад унасан. Тэр үед Б ах Аыг гэрийн үүдний баруун хэсэгт боогоод, сэгсчээд, хавираад хар ширээний хажууд А унаад босоод ирсэн, би салгасан...Удалгүй А-ын эгч цагдаа дагуулаад ороод ирсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар дугаар тал/,
- шинжээчийн дүгнэлт...Г.А-ын биед дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,
- шинжээч Ж.Ганцэнгэлийн мэдүүлэг, /хавтаст хэргийн 25 дугаар тал/,
- шүүгдэгч Б.Бгийн...тухайн үед С нартай хамт архи уугаад тэднийхээс гараад Стэй хамт Бгийн гэр лүү очоод, тэнд 1 шил архи уугаад сууж байтал А, С рүү залгаад хаана байгаа юм гэж асуугаад Бгийн гэрт ороод ирэхээр нь би Аыг заамдаж аваад “чи эхнэрээ битгий дээрэлхэж бай“ гэж хэлээд, боож байгаад хавирч унагасан, Б салгаад А гараад явсан удалгүй, А 2 эгчтэйгээ хамт цагдаа дагуулаад ороод ирсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-44/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.
2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогчийн хувьд хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй /хх-60, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчийг уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч урьд 2008 онд гэмт хэрэг үйлдсэн байх ба тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-38, 57-59/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-48-51/ судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч 2022.04.29-ны өдрөөс 2022.05.25-ны өдрийн байдлаар нийт 26 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялаас хасаж тооцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Б.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 26 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, нийт 390.000 төгрөгийг оногдуулсан торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялыг хэмжээг 60.000 төгрөгөөр тогтоосугай.
6. Шүүгдэгч нь хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Цагдан хоригдож буй шүүгдэгч Б.Бг нэн даруй сулласугай.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.