Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1131

 

 

 

 

 

 

 

     2022          09            16                                      2022/ШЦТ/1131

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Б.Энэрэл,

хохирогч С.Н..............г,

шүүгдэгч Д.Т.................т нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 01365 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хар Дархад овогт Д...............нгийн Т.................т, Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Баянзүрхийн 3 дугаар багийн Тоом гэх газарт 1989 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 5-146 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар РВ89032211.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Т.................т нь хохирогч С.Н..............гийн нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн завжинд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Д.Т.................т нь 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “эхнэр дээрэлхлээ” гэх шалтгаанаар хохирогч С.Н..............гийн нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн завжинд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

-Хохирогч С.Н..............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сард 22 цагийн үед Булган аймгийн Сайхан сумаас өөрийн эзэмшлийн ........ улсын дугаартай Sonata-6 маркийн машинтайгаа Улаанбаатар хот руу орохоор гарсан юм. Ингээд 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 7 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо хуучин 22-ын товчооны ойролцоо МТК 22 төв гэсэн техник зардаг газрын ойролцоо явж байгаад хөдөлгөөнд оролцож байсан цагаан өнгийн ........ Corolla маркийн эмэгтэй жолоочтой машинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргасан юм...хоёр залуу надад дээр ирээд миний машиныг заагаад энэ машиныг хэн барьж явсан юм бэ гэж асуухаар нь би тухайн миний машин байгаа юм би барьж байсан гэж хэлсэн чинь тухайн хоёр залуугийн намхан нь намайг шууд баруун шанаа руу хоёр удаа хүчтэй цохисон тэгсэн чинь манай Нарантуул тухайн залууг салгасан чинь чи цагдаатай чинь ална гэж орилоод байсан. Тэгэхээр би 102 дугаар руу залгаж дуудсан...Т.................т гэх залуу миний зүүн жавжинд хоёр удаа гараараа цохиж  гэмтэл учруулсан. Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн төлбөрийн баримт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

-Гэрч Ц.О........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн .... улсын дугаартай авто машинтайгаа явж байхад миний машины араас хар өнгийн 8865 улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн. Тэгсэн чинь намайг чиний буруугаас больж би чиний машиныг мөргөсөн гэж хэлээд над руу дайраад байхаар нь би айгаад нөхөр Т.................т руу залгаад дуудсан юм. Ингээд замын цагдаагийн хүмүүс ирээд хэмжилтээ хийгээд осол гаргасан хоёр машиныг журмын хашаанд хийхээр болсон юм. Тэгээд цагдаа явсны дараа манай нөхөр Т.................т ирээд чи яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм гэж хэлээд тухайн залууг зүүн хацар руу нь хоёр удаа алагдсан...манай нөхөр Д.Т.................т нь хувиараа хүн зөөврийн автобустай хөдөө орон нутгийн чиглэлд явдаг юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10981 дугаартай дүгнэлтэд: “...Хэсэг газрын үзлэгт:...Зүүн хацрын дотор салстад 0.5х0.5см 3 ширхэг улаан хүрэн цайвар өнгийн, ирмэг тэгш бус шархтай. Зүүн дээд 5-р шүд ёзоор төдий болсон, хорхойтсон, 6-р шүд хуучин үгүй, буйл мөлгөр. Биед өөр ил харагдах гэмтэлгүй...ДҮГНЭЛТ

1.С.Н..............гийн биед зүүн завжинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алагдуулахгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Д.Т.................тын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэж (хавтаст хэргийн 43-44 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Т.................т нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10981 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч П.Т.................т нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “эхнэр дарамталлаа” гэх шалтгааны улмаас хохирогч С.Н..............гийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Д.Т.................т нь хохирогч С.Н..............гийн  биед зүүн завжинд язарсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч С.Н..............гийн буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Т.................тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч С.Н..............г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 260.000 төгрөгийн баримт гаргаж өгснийг шүүгдэгч Д.Т.................т нь төлж барагдуулсан байх тул түүний энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 Харин хохирогч С.Н..............г нь шүүгдэгч Д.Т.................тад алагдуулснаас үүдэлтэй Зүүн дээд 5-р шүд гэмтэл учруулсан гэх боловч 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 10981 дугаартай шинжээчийн дүгнэлтээр...Зүүн дээд 5-р шүд ёзоор төдий болсон, хорхойтсон гэх тул шүүгдэгч Д.Т.................тын цохилтын үүднээс шүд унасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Д.Т.................тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Д.Т.................т нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.Т.................т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хэргийн хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 50 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 51 дэх тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 52 дахь тал),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 31, 32 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 29 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 20 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 27 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 30 дахь тал), Аж Мянган ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 37 дахь тал)  зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Т.................т нь хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т.................тыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал болон тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний мэдүүлэг “ХААН” банкны депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.Т.................тад торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 01365 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хар Дархад овогт Д...............нгийн Т.................тыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т.................тыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т.................тад оногдуулсан торгох ялыг ........... (...............) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т.................т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.МӨНХЗУЛ