Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1132

 

 

 

 

 

 

 

     2022          09            16                                      2022/ШЦТ/1132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Д.Ц.........аа нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 01431 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шарга овогт Д.........бын Ц.........аа, Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1974 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц.........аа нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч С.Б.............нг архи уулаа гэх шалтгаанаар маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь цохиж баруун нүдний алимны доргилт, баруун нүдний салстын доорх цус харвалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Д.Ц.........аа нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч С.Б.............нг архи уулаа гэх шалтгаанаар маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь цохиж баруун нүдний алимны доргилт, баруун нүдний салстын доорх цус харвалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

-Хохирогч С.Б.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 22-ны өглөө 8 цагийн үед гэртээ Сонгинохайрхан дүүргийн ..................... байж байгаад хадам эгч өмнө надад Монгол архи авчирч өгсөн юм. Тэгээд тэр Монгол архиа уугаад байж байтал манай хамтран амьдрагч Ц.........аа намайг битгий архи уугаад бай гээд над руу уурлаад миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод авсан. Тэгсэн чинь миний баруун талын нүд юм харахгүй болохоор нь би цагаад хандсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

-“...2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр миний биед гэмтэл учирсны дараагаас ямар нэгэн эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11588 дугаартай дүгнэлтэд: “...Хэсэг газрын үзлэгт:...Баруун нүдний алиманд салстын доор тархмал улаан ягаан өнгийн цус хуралттай, салст хавагнасан.

“Сондра” нүдний эмнэлгийн 2022.08.22-ны үзлэгт: Баруун нүдний хараа 6/60 зүүн нүдний хараа 6/20 шилээр засахад хэвийн. Баруун нүдний даралт 10, зүүн нүдний даралт 8mmHg. Өнөөдөр өглөө цохиулж гэмтсэн. Салстын доорх цус харвалт. Онош: Баруун нүдний битүү гэмтэл...ДҮГНЭЛТ

1.С.Б.............н-н биед баруун нүдний алимны доргилт, баруун нүдний салстын доорх цус харвалт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Д.Ц.........аагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ..................... гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч С.Б.............нг архи уулаа гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж баруун алим доргилт, баруун нүдний салстын доорх цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн...ойлгож мэдэж байгаа...” гэж (хавтаст хэргийн 65-66 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Ц.........аа нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11588 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Ц.........аа нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “архи уулаа гэх шалтгааны” улмаас хохирогч С.Б.............нгийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Д.Ц.........аа нь хохирогч Д.Б.............нгийн биед баруун нүдний алимны доргилт, баруун нүдний салстын доорх цус харвалт бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Ц.........ааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч С.Б.............н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Ц.........ааг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Д.Ц.........ааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Д.Ц.........аа нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.Ц.........аа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч болон хохирогч нарын хэргийн хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 71, 72 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 76 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 75 дахь тал),

 

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 41-45 дахь тал), аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 51-53 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 46-50 дахь тал),  

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 21, 22 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 23 дахь тал) эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 29 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 25 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 24 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Ц.........аа, хохирогч С.Б.............н нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц.........ааг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний мэдүүлэг “ХААН” банкны депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Харин гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч С.Б.............нгийн зүй бус үйлдэл буюу ахуйн хүрээнд архидан согтуурсан болон шүүгдэгчийн мэдүүлснээр ар гэрээ ганцаараа тэжээн тэтгэдэг, хүүхдүүдийнхээ сургалтыг төлбөрийг төлдөг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжийн торгох ялаас шүүгдэгчийг чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 00283 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Шүүгдэгч Шарга овогт Д.........бын Ц.........ааг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц.........ааг 450 (дөрвөн зуун тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ц.........ааг 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ